image

"Нөхөр минь байгаагүй бол би гоо сайхны мэс засал хийлгэж, влог хөтөлж, артистын ажлаа ч хийж чадахгүй байсан"

Бид энэ удаагийн ярилцагадаа цахим орчинд "Grace Choi" нэрээр уншигчид маань илүү сайн мэдэх Г.Должинсүрэнг урьж оролцууллаа. Тэрээр мэйк ап артист, халамжит эхнэр, хоёр хүүхдийн сайн ээж, влоггэр гэх мэт олон сонирхолтой, завгүй бүсгүй юм.

- Сайн байна уу. Grace-ийн жинхэнэ нэр болон өөрийнхөө талаар манай уншигчдад танилцуулаач?

- Сайн байна уу. Намайг Ганбаатарын Должинсүрэн гэдэг. 1993 оны гуравдугаар сарын 1-нд Увс аймагт төрсөн. Увсад хоёр нас хүртлээ амьдраад, гэр бүлээрээ Дархан хот руу нүүж, тэнд арван жилээ төгссөн. Оюутан болоод Улаанбаатар хотод ганцаараа ирж байлаа. Одоо нөхөр хоёр хүүхдийн хамт Солонгос улсад ажиллаж амьдардаг.

- Өсвөр насандаа хүсэж мөрөөддөг байсан амьдрал  одоо таны амьдралд хэр ойртох вэ?

- Ээж минь намайг 37 насандаа төрүүлсэн, би дээрээ ганцхан ахтай хэнз хүүхэд. Аав ээж минь намайг үнэхээр гоё хайранд эрхлүүлж, хайрлаж өсгөсөн. Тэдний минь хоорондын харилцаа, гэр бүлийн уур амьсгал энгийн аз жаргалтай. Аав ээжийнхээ амьдралаас би суралцаж хүмүүжиж өссөн. Ирээдүйд нөхөртэй болоод өөрийн гэр бүл шиг гоё гэр бүлийг бүтээх юмсан гэж хүсдэг байсан. Тэр хүслээ ч биелүүлсэн гэж боддог. Би хүссэн замналаараа явж байгаа.

No description available.

- Та ямар мэргэжил эзэмшсэн бэ. Одоо ямар ажил эрхэлдэг вэ?

- Би багаасаа л урлагт хайртай хүүхэд байсан. Урлаг, уран сайхан гэхээр л сургуулийнхаа урдаа барьдаг сурагч нь гэхэд хилсдэхгүй. Яг миний өөрийн хийхийг хүсдэг, сурахыг хүсдэг байсан зүйл нүүр будах байсан ч аав минь намайг монгол хэл, уран зохиолын багш болоосой гэж хүсдэг байсан. Миний хайртай ганц охин, багш л болчих, багш гоё мэргэжил гэж дандаа аргадна. Хэдий би өөрөө сонирхол, хүсэлгүй байсан ч аав ээжийгээ гомдоохгүйн тулд багшийн мэргэжлээр баклавр, магистр гээд зургаан жил сурсан. Оюутан байх үедээ нөхөртэйгөө танилцаж, магистртаа жирэмсэн болоод төрж байлаа.

Төрөөд гуравхан сартай байхад ээж минь хорт хавдраар бурхан болж би цаашид багшаараа ажиллах уу, өөрийн хүүсэн зүйлээ оролдоод үзэх үү гэдэгт итгэлгүй байх үедээ нөхөртөө хэлж үзсэн. Нөхөр минь миний хүслийг хамгийн ихээр дэмжиж, намайг зоригжуулсан. “Чи өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө хийгээд үз, хүний мөрөөдлийг биелүүлж амьдарна гэж юу байхав дээ, би чамайг дэмжинэ, оролдоод сураад үз" гэж намайг бүрэн дүүрэн зоригжуулсан. Тиймээс би нялх биетэй байсан ч хамаагүй мэргэжлийн мэйк ап артистаар сурч, Монголд байх хугацаандаа тууштай ажиллаж байсан. Одоо бол би онлайнаар мэйк апийн хичээл орохоос гадна, хувийн влог хийж, Youtube-д байршуулж бас нэмэлт орлого олно. Энд ажилладаг Монголчуудын л адил үйлдвэрт ажиллана. Хоёр хүүхдээ өглөө эрт цэцэрлэгт нь өгчхөөд нөхөр бид хоёр тус тусын ажилдаа явна. Би маш завгүй ажил, амьдралынхаа хажуугаар хийх юмгүй дээ влог хийгээд байдаг биш. Зарим хүмүүс энэ тал дээр буруу ойлголттой нь их бий

No description available.

Нөхөр минь надаас Чиний мөрөөдөл юу вэ, чи юу хийхийг хүсдэг вэ, чиний хийх дуртай ажил юу вэ гэж дандаа асууна. Би хийхийг хүсдэг зүйлээ хэлэхэд, би чамайг үргэлж дэмжинэ. Би чиний ард чамайг түлхээд л байж байна өөрийн хүссэнээ хий гэж их зоригжуулдаг. Миний мэйк ап сургалтанд суух төлбөрийг минь төлж байсан.  Нөхөр минь миний далавч болсон.

- Нүүр будалт, арьс арчилгаанд охид, бүсгүйчүүдэд хэлээд өгчих юмсан, үүнийг л гол нь мэддэг байгаасай гэсэн зөвлөгөө байдаг уу?

- Миний хувьд нүүрний арьс нэрийн хуудас л гэсэн үг. Манай охидууд нүүр будалтандаа хэт анхаараад арьсаа анзаардаггүй. Ямар ч сайхан гоё будалт байлаа ч арьс муухай бол нэмэргүй.  Арьсний асуудлаа эмчлэхийн оронд зузаан будгаар дарах гэж оролддог. Хэт зузаан суурь тавих эмэгтэй хүмүүсийг үнэхээр муухай харагдуулдаг. Бас дуураймал будаг их хэрэглэдэг. Нүүрэндээ зориулж чанаргүй, хуурамч бүтээгдэхүүн битгий хэрэглээрэй. Арьс л гоё байх юм бол бүх будалт гоё харагдана. Илүү өөртөө итгэх итгэл ч нэмэгддэг юм шүү.

No description available.

- Анх та влог хийж эхлэх болсон шалтгаан тань юу вэ?

- Хэд хэдэн шалтгаан байгаа л даа. Тэр дундаас хамгийн чухал нь би гэр бүлдээ маш гоё дурсамж үлдээхийн тулд влог хийдэг болсон. Бүх л зүйл дурсамж болон үлддэг. Хэдэн жилийн дараа бид энэ бичлэгүүдээ үзэхэд бидний хэрхэн өсөн дэвжиж өөрчлөгдсөн, хүүхдүүд минь хэрхэн том болсон, амьдралын дурсамж, баяр хөөр, гунигтай, сургамжтай мөчүүдээ хадгалж үлдэн дараа нь санаж байх нь сайхан. Нээрээ л энэ үед ийм байсан шүү, миний хүүхдүүд ийм жоохон байжээ гээд л яг л тэр цаг мөчид мэдэрч байсан мэдрэмжээ дахин авна. Бид хэчнээн оюун ухаант хүмүүс ч гэлээ бичлэг дээр хадгалагдаж, үлддэг шиг нэг бүрчлэн санаж чаддаггүй шүү дээ. Миний хоёр охин бичлэгэнд тодорхой хэмжээнд ордог. Бичлэгэнд орсноор тэд минь том болоод өөртөө итгэлтэй, ямар ч хүний өмнө гараад хэлэх үгээ цэгцтэй зөв, итгэлтэй ярьж  чаддаг, бардам, сэргэлэн цовоо болж өсөх болов уу гэж боддог.

No description available.

Влог хийж эхлэхдээ гадаад нөхөртэй гэх шалтгаанаар гэр бүлийг минь муу хэлэх вий гэж монголчуудаасаа их эмээж байсан. Ойлгож дэмждэг хүмүүс хэдий их байдаг ч гэлээ, буруу ойлгодог хүмүүс их байдаг. Тэр хүмүүсийн сөрөг сэтгэгдэлүүд, хэл амыг хараад би сэтгэлийн хаттай, чанга хатуужилтай байж чадах болов уу? гэдэгт маш удаан эргэлзээд л байсан. Би ер нь эргэлзсэн, ойлгомжгүй зориглохгүй зүйлс гарвал бүгдийг нь нөхөртэйгөө ярилцдаг. Влог хийх санааг маань ч мөн адил нөхөр минь маш гоёоор дэмжиж, Хүмүүсээс болж хүссэн зүйлээ битгий орхи, чи хүсэж байвал би хүсэж байна, хоёулаа хийе, битгий ай, хүмүүс чамайг юу гэж бодох дээр анхаарлаа хандуулаад л байх юм бол, чи цаашид хэзээ ч хүссэн зүйлээ хийж чадахгүй гэж хэлж байсан. Нөхөр минь зоригжуулж, намайг дэмжснээр л би шууд влогоо эхлүүлж байсан юм. Мөн хоорондоо гэрлээд аз жаргалтай амьдарч буй хосын влогуудийг ч их үздэг байсан минь нөлөөлсөн болов уу гэж бодож байна.

Үндсэн хуулинд хүнийг шашин шүтлэг, арьсны өнгө үзэмжээр нь ялгаварлаж болохгүй гэж заасан байдаг. Хүнийг гадаад, дотоод гэхээс илүү хүн гэдэг байр сууринаас нь хүлээж авч, хайрлаж байгаасай гэж их боддог. 

- Та ажил, гэр бүл, хүүхдүүдийнхээ хажуугаар влог хийхээ хэрхэн амжуулдаг вэ?

- Анх влог хийж эхлэхдээ би хоёр дахь хүүхдээ төрүүлээд гэртэй байдаг байсан болохоор завтай амждаг байсан. Одоо харин ажлын таван өдөр нөхөр бид хоёр хоёулаа ажилтай, өглөө гараад л орой ирдэг. Хааяа би амралтын өдөр ч ажиллах тохиолдол байна. Тиймээс влог оруулах зай минь холдоод манай гэр бүлийн влогийг дагадаг хүмүүс маань жаахан гомдолтой байгаа. Бүтэн сайн өдөр манай гэр бүлийн бүх гишүүд амардаг ганц өдөр. Тэр өдрөө нэг бичлэг ч болтугай оруулчих юмсан гэж их бодно. Үнэхээр болохгүй бол өөрийн орой, өглөөдөө хийдэг арьс арчилгаа, нүүр будалтын бичлэгээ хийгээд шөнө нь сууж янзлаад, өглөө нь оруулдаг.

- Влог хийхийг хүсдэг, хийж эхлэх гэж байгаа хүмүүсд өгөх зөвлөгөө?

- Дээр үед бид тэмдэглэлийн дэвтэр дээр өдрийн тэмдэглэлээ бичиж хадгалдаг байсан. Одоо бид бичлэгээр амьдралынхаа өдөр тутмын, нандин зүйлсээ бичиж оруулж байна гэдэг чинь бидний шинэ үеийн тэмдэглэлийн дэвтэр л гэсэн үг. Влог хийхийг хүссэн хэн ч хийж болно. Хийж эхлэх гэж байгаа хүмүүсдээ хэлэхэд тууштай бөгөөд зоригтой байх хэрэгтэй. Хүмүүс миний бичлэгийг үзээд яаж хүлээж авах бол, ямар сэтгэгдэл үлдээх бол гэж бодохгүйгээр зүгээр өөрийнхөөрөө байх нь илүү амар стрессгүй байна. Влог хийж орлого олъё гэж бодож байвал илүү нарийн аргуудыг суралцаж, байнга судалгаа хийж, сонирхолтой тал дээр нь байнга анхаарч, судалж  байгаарай.  

Хүмүүс чамайг ингэж хувцасла, яриагаа зас, үсээ ингэж зас, энэ чинь ийм тийм байна гэх мэтээр байнга шүүмжилнэ. Чамайг шүүмжилхийн хэрээр өөрийгөө нээрээ би ингээд засчих хэрэгтэй юм болов уу гэж эргэлзээд хэлсэн болгоноор нь өөрчлөөд л байх юм бол өөрийгөө алдана. Зүгээр л өөрийнхөөрөө чөлөөтэй байгаарай. Ингэж байж олон хүнд хүрнэ.

- Сөрөг сэтгэгдэлүүдийг та хэрхэн хүлээж авдаг вэ?

- Би хүн болгонд таалагдах албагүй. Дургүй хүн дургүйгээ илэрхийлж болно. Дөнгөж эхлэлийг нь уншаад, муухай сэтгэгдэл байх юм бол цааш нь уншдаггүй. Эхэндээ гомдож, сэтгэлээр унадаг байсан ч одоо бараг л тоодоггүй. Бидний амьдрал хэтэрхий богинохон. Залуу нас минь ч богинохон, хэд наслахаа мэдэхгүй. Тиймээс жижиг зүйл дээр хэтэрхий төвлөрөөд, хайран цаг хугацаагаа алдах хэтэрхий хэрэггүй гэж боддог. Ямагт өөртөө итгэлтэй, өөдрөг, өөрийнхөөрөө байж, гоё зүйл бодож урагшаагаа тэмүүлж амьдрах хэрэгтэй. Хүмүүсийн сөрөг сэтгэгдлүүдийг тоогоод хямраад, хэрэлдээд байх юм бол би тэднээс ялгаагүй, тэд нарт автаж байна гэсэн үг.

 - Гунигласан үедээ яаж тайтгардаг вэ?

- Би ер нь нээх гуниглаад байдаггүй л дээ. Хааяа ээж аав, эх орноо санаад гуниглах үе гарна. Ер нь гуниглах ч завгүй өнгөрдөг дөө. Яг тийм эморсон үедээ гоё Монгол дуунууд сонсоно, гэрээ цэвэрлэнэ, янз янзын хоол хийнэ, тавилгуудынхаа байрыг солино, нүүрээ будна гэх мэт өөрийгөө хөөрхөн хөгжөөгөөд л байдаг.

-  Влог хийснээр таны амьдралд гарсан эерэг сөрөг нөлөө?

- Миний том охин ичимхий жоохон бүрэг байсан. Бичлэг хийж эхэлснээр маш өөртөө итгэлтэй, камернаас санаа зовохгүй, өөрийгөө маш сайн илэрхийлдэг болсон. Охин хүүхэд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Энэ миний влог хийж эхэлснээр гарсан хамгийн том эерэг өөрчлөлт гэж бодож байна. Сөрөг гээд байх юм бол ер нь байхгүй дээ.

- Анх нөхөртэйгөө танилцсан түүхээ хуваалцаач. Гэр бүл тань яаж хүлээж авж байсан бэ?

- 2011 онд Солонгосын том тавилгын үйлдвэрийн Монгол дахь салбарт манай хүн томилолтоор ирж, Улаанбаатарт ажилласан юм. Бид хоёр 2014 онд анх танилцаж, нөхрөө хараад л надад шууд таалагдсан. Яг л миний сонирхлын эршүүд, булчинлаг, хөрслөг бор залуу байсан. Эхний уулзалтаараа  бид дугаараа солилцож, би өөрөө эхэлж холбоо барьж дотноссон юм. Би Солонгос хэлээр нэг үсэг ч мэдэхгүй, Солонгост очно ч гэж бодож байгаагүй. Гэсэн ч хүн хүнд чин сэтгэлээсээ дурлаад, сэтгэл алдрахаар ямар ч аргаар хамаагүй ярилцаж, ойлголцохыг хүсдэг юм билээ. Тиймдээ ч би Солонгос хэл сурч байсан.

Гэр бүл, найз нөхөд, тэр байтугай хамаатнууд минь хүртэл бид хоёрыг эсэргүүцэж байсан. Яагаад гэвэл манайхан, яг Солонгос драма дээр гардаг шиг амьдрал бодоод намайг хайрлаж, хармалсандаа эсэргүүцэж байгаа юм. Нөхөр маань ч тэр болгоныг тоолгүй жилийн хугацаанд манайхны итгэлийг олох гэж, байнга манайхаар орж гарна, гэрийн ажилд тусална. Аав ээжид минь санаа тавина. Сүүлдээ манайхан сайн хүн байна гэдгийг нь ч анзаарч мэдээд биднийг зөвшөөрсөн. Нөхөр минь Монгол ёсоор намайг бэр гуйж, ээжийн минь урлаж өгсөн дээлийг өмсөөд бид хоёр эцгийн гэрээс гарч байсан.

Би таны охиныг тань яг тань шиг хайрлаж, хайраар дутаахгүй, өнөөдрөөс эхлээд миний үүрэг гэж хариуцаж амьдрах болно, та битгий санаа зовоорой гэж аавд минь амлалт өгч байсан. Тэр амлалтандаа ч маш сайн хүрдэг. Хүн ер нь нүдэнд харагдаж буй зүйлдээ л итгэдэг. Яг л нүдэн дээр нь намайг хайрлаж, халамжилж аз жаргалтай байгаа болохоор манай гэр бүл, найзууд бүгд нөхөрт маань бараг надаас илүү сайн байдаг.

- Солонгос Монголчуудын аль нь гадаад эхнэр нөхөр, гэдэг тал дээр илүү нээлттэй эерэг ханддаг вэ?

- Одоо Монгол, Солонгос гэлтгүй аль аль нь харьцангуй нээллттэй хүлээж авдаг болсон. Гэхдээ яг аль нэгийг нь онцлох хэрэгтэй бол солонгосчууд байх.

- Нөхрөө халамжилж, хүндлэх тал дээр таны бодож явдаг бодол?

- Нөхөр бид хоёр, хоёулаа нэг нэгнээ маш хүндэлдэг. Нэгнийхээ хувийн орон зайд хэт халдахгүй байх нь хүндлэл. Гэрт ямар ч жижиг асуудал гарсан бид заавал хамт ярилцдаг. Нэг нь ганцаараа шийдвэр гаргадаггүй. Хосууд нэгнээ хайрлаж хүндэлнэ гэдэг нэгнээ ойлгож, ярилцах юм болов уу. Би эмэгтэй хүн гээд илүү эрх эдлэхгүй, адилхан л ажилладаг болохоор хэн завтай нь хүүхдээ харна, хоолоо хийнэ гэх мэт бүх зүйлийг  харилцан туслалцаж явдаг.

- Гадаад нөхөртэй эмэгтэйчүүд, Монгол цусаа хадгалах гэх мэт ярианд таны эмзэглэдэг, хэлэхийг хүсдэг зүйл юу байдаг вэ?

- Гадаад нөхөртэй бүх эмэгтэйчүүдийн хувьд эмзэглэж явдаг зүйл бол энэ байх. Хүн хаана аз жаргалтай байна тэнд л амьдрах ёстой. Миний гэр бүл элэг бүтэн, ганц амьдрах амьдралдаа би өөрөө сэтгэл хангалуун байх нь чухал. Эрэгтэй хүмүүс гадаад хүнтэй суухаар цус сэлбээд сайн болчихдог, эмэгтэй хүн гадаад хүнтэй суухаар цус бохирдуулсан болдог. Энэ нь жендерийн хувьд эрх тэгш бус санагддаг. Би Монгол улсын иргэн хүн, хүн эх орондоо хайртай. Гэхдээ Монгол хүн болж төрснөөрөө өртэй юм шиг амьдарч болохгүй байх. Эмэгтэй хүн аз жаргалаа бодож амьдрах нь зөв.

- Хүүхдээ хэрхэн нээлттэй өөртөө итгэлтэй болгон өсгөх тал дээр таны баримталдаг зарчим, арга ухаан?

- Хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр нөхөр бид хоёр хоёулаа маш анхаардаг. Жижигхэн зүйл хийсэн ч тэрийг нь маш сайн сонсож, магтаад урамшуулдаг, харилцан ярилцдаг. Багахан магтаалаас хүүхэд цаашаа би чадна гэсэн итгэл нь төрдөг. Хүүхэд чинь буруу зүйл хийгээд үнэнээ хэлээд ирэх үед нь хэзээ ч загнаж болохгүй. Хамтдаа ярилцаж шийдэж, найз шиг нь байж шийдэж өгч байгаарай. Загнавал дараагийн удаа үнэнээ хэлхээ больж айдаг болно. Хэдийгээр хүүхэд ч гэсэн хувийн орон зай хэрэгтэй. Мөн хүүхдээ хүнд төвөг болохгүй, бие хүн болж төлөвшихөд нь анхаардаг. Тоглоом тоголсон ч тоглоомыг нь хамт хураадаг, хувцсаа эвхэхэд нь хамт эвхэж хамтдаа хийгээд байхаар цаашдаа өөрөө биеэ дааж сурдаг.

- Гоо сайхны мэс заслын талаар таны бодол, та өөрөө мэс засал хийлгэснээ хүмүүсд ил зарлах ямар байсан бэ?

- Би өөрийнхөөрөө байж, хүнээс айж эмээх шаардлага байхгүй. Тиймээс удаан бодож байж шийдвэр гаргадаг учир, гаргасан шийдвэртэй харамсдаггүй. Анхнаасаа гоо сайхны мэс засал хийлгэх гэж байгаа, хийлгэнэ гэдгээ дагагчиддаа маш нээлттэй хэлж ярьж байсан. Манай монголчууд хувь хүний сонголтыг их хүндэлдэг болсон юм шиг санагдсан. Бичлэгээ хийж, ярилцаж байхад зууны, 90 хувь нь эерэг сэтгэгдэл үлдээж, урмын үгээр дэмжиж хайралж байсан.

No description available.

Намайг гоо сайхны мэс засал хийлгэлээ, тэрийгээ зараллаа гээд хүмүүс эерэгээр хүлээж авсан юм биш. Өөрийнхөөрөө нээлттэй байж, үнэнээр байсан болохоор эерэг хүлээж авсан гэж боддог. Гоо сайхны мэс заслыг шаардлагатай хүмүүс нь хийлгэх нь зүгээр гэж бодож байна. Цаг үе хөгжсөн, хийдэг болчихсон эрин зуунд бид амьдарч байна шд. Боломж нь байгаад хийлгэхийг хүсвэл, өөрийн хүссэн дүр төрхийг бүтээгээд амьдарч яагаад болохгүй гэж. Хүн бүрийн хийлгэх шалтгаан өөр өөр. Өөрийн гоо сайхнаа тодотгож, улам илүү өөртөө итгэлтэй болохын тулд хийлгэдэг ч хүмүүс олон. Тухайн хүний сонголт л гэж бодож байна.

Гоо сайхны мэс заслыг хийлгэхдээ хамгийн гол нь сайн зөв мэдээлэлтэй, зөв газраа очих нь чухал. Монголд гоо сайхны мэс засал хийлгэсэн охид бүсгүйчүүд байдаг ч, хүмүүсд хэлэхээсээ ичдэг, хүмүүсд шууд хэлж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Тийм болохоор гоо сайхны мэс заслын талаар мэдээлэл их дутмаг хаалттай байдаг байх. Бусад хүний сонголтыг их хүндэтгэх хэрэгтэй.

- Мэс засал хийлгэсний дараах өвдөлт зовиур, сэтгэлзүй хэр байсан бэ?

- Мэс заслын өмнөх орой хэчнээн зоригтой шийдсэн байсан ч больдог юм уу? гэх үнэхээр их айдастай байсан. Яг эмнэлгийн үүдэнд очоод орохдоо ч айгаад л мэс засалдаа орон ортлоо эргэлзээ, айдас байгаад л байдаг юм билээ. Мэс заслаас гарч ирээд, битүү боолттой, хавдартай нүүр тийм дүр төрхөө хараад сэтгэлзүй үнэхээр хүнд байсан. Энэ ингээд тогтчихвий, зүгээр болох болов уу? гоё болох уу, гээд л ямар ч таамаг дэвшүүлэх боломжгүй хэцүү байсан. Сарын дараа өөрийнхөө өөрчлөлтийг толинд хараад тухайн үед би айдсаасаа болоод энэ мэс заслыг хийлгээгүй бол харамсах байждээ гэж бодсон. Өвдөлтийн хувьд ямар ч өвдөлт байгаагүй. Унтаад сэрэхэд л бүх юм дууссан байсан. Эмнэлгээс гарахад өвчин намдаах эм, үрэвслийн эм гэх мэт бичиж өгдөг. Эмэндээ ч юм уу өвчин зовиур байгаагүй. Мэдээж нүүрэндээ хүрэхэд бол бага зэргийн өвчин мэдрэгддэг.

No description available.

- Нөхөр нь гоо сайхны мэс засал хийлгэхийг хэрхэн хүлээн авсан бэ?

- Манай нөхөр миний бүх зүйлийг дэмжиж, ярилцдаг ч гоо сайхны мэс заслын эсрэг байр суурьтай байдаг. Гэсэн хэдий ч ямар шалтгаанаар, яагаад хийлгэмээр байгаа юм гэдгийг маш нухацтай ярилцаж шийдсэн. Миний хамар бага зэргийн мурийлттай, нэг талын хамар минь байнга битүү явдаг байсан. Тиймээс эрүүл мэндийн шалтгаан, давхар гоё хамартай болмоор байгаагаа хэлж ярилцсаны үр дүнд нөхөр маань зөвшөөрч байсан. Харин мэс засалд ороод дараа нь ямар нэгэн байдлаар хүндрэл гарах,  гоё болохгүй муухай болчихвол чи өөрөө хүссэн учир бүрэн хариуцаж, дараа нь надад ууралж гомдохгүй байх хэрэгтэй шүү гэдгийг хэлж ярилцаж шийдсэн. Мэс заслын дараа сарын хугацаанд гам барьсан. Сар ганцаараа унтаж, нөхөр минь хүүхдүүдээ авж унтдаг байсан юм. Учир нь хүүхдүүдээ аваад унтхаар тонгочиж, хөрвөөж байгаад хөндөж магадгүй гэсэн дээ тэр. Гэр орны ажил, хүүхдүүдээ асрах гээд л бүх зүйл дээр нөхөр минь тусалж, ойлгож байж гам барьсан.

No description available.

- Ярилцлагын төгсгөлд танд эмэгтэйчүүдэд хандаж хэлмээр байдаг үг байвал хэлээч?

- Эмэгтэйчүүд надаас яаж өөртөө итгэлтэй байх вэ? гэж асуудаг. Зүгээр л хүн өөрийн хүссэн юмаа хийвэл өөртөө илүү итгэлтэй байдаг юм болов уу. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, өөрийгөө үнэлж чаддаг, хайралдаг байх юм бол өөртөө итгэх итгэл аяндаа гараад ирдэг юм шиг санагддаг. Бусдын амьдралд атаархахгүй, өөр дэмий зүйлд цаг заваа зориулж стрессдэхгүй, амьдрал богинохон шд гэж бодоход л хайран цаг хугацаагаа дэмий зүйлд зориулмааргүй санагддаг.

 

 - Бидэнтэй илэн далангүй нээлттэй ярилцаж, зөвлөгөө туршлагаа хуваалцсанд Баярлалаа.

- Ярилцлагандаа оруулсан та бүгдэд бас баярлалаа. Мөн энэ ярилцлагыг унших бүх хүмүүст сайн сайхныг хүсэж, багахан ч гэсэн мэдлэг мэдээлэл хүргэж, өөртөө итгэх итгэлийг тань нэмсэн бол туйлын баяртай байх болно. 

 

Youtube суваг: https://www.youtube.com/channel/UCH0vCekOHr2RG2mlqXpIY8Q

Инстаграм: Grace___narrr

 

 

 

1 Сэтгэгдэл:

  1. Воов дандаа влогийн үздэг увсых бсан юм уу. Нэг нутаг бжээ. Мундаг эмэгтэй шүү. Би бас хамраа янзлуулах юмсан гэж дандаа боддог

Сэтгэгдэл илгээх

Image 01
19

Б.Нурсауле: Бусдыг дуурайхын тулд биш өөрийгөө хэн бэ гэдгийг олоход цаг гаргаарай

Хүмүүс онц сур, онц сур гээд байдаг даа. Миний бодлоор онц сураад хэрэггүй. Хүүхэд байхдаа хүүхдээрээ, тоглож наадаад, хийхийг хүссэн зүйлээ туршиж үзэх цаг юм шиг санагддаг. Тэгэхээр тик ток хиймээр байвал хий, зураг зурмаар байвал зур. Яг одоо чи хэн нэгэнд хэрэгтэй, хэн нэгэн чамд хэрэгтэй байгаа байх. Яг ийм мөчүүдэд нэгнийгээ ойлгодог байгаасай. Нэгнийгээ хайрлаж, өөрийгөө хайрлаж сураарай гэж үеийнхэндээ хэлье дээ.

Цааш үзэх
Image 01
14

"ОРОН ОРНЫ ДАРСЫГ АМТЛАХААР ТҮҮХ УУГААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ"

Герман улсын “Dusseldoerf” хотод дэлхийн хамгийн том дарсны үзэсгэлэн болдог. Би 10 жилийн зайтай хоёр удаа энэ үзэсгэлэнд оролцсон юм. Энэ жилийн тухайд усан үзмээ өөрсдийн гараар тариалж, дарс гарган авдаг 6700 орчим үйлдвэрлэгч нар цуглаж, гурван өдрийн турш хамдтаа зөвхөн “дарс”-ны тухай ярилцсан. Тэд нэгдүгээрт, тухайн жилийн дарсны трэндийг тодорхойлдог.

Цааш үзэх
Image 12
21

Эмээлийн "гөлөм" урлаач уран гарт бүсгүй Д.Мөнгөн

POSITIVE TALK гар урлаач Д.Мөнгөнийг урьж оролцуулж байна. Залуухан бүсгүй хэрхэн хүнд арьс ширээр гоёмсог бүтээл урладаг нь сонирхолтой. Тэрээр одоогоор гөлөм дагнаж оёдог. Ямар сайхан моринд гангараа нь болох бол гэж бодон, бодон сэтгэлээ зориулж гөлмөө урладаг гэж бахархалтай өгүүлэх түүний дотно ярицлагыг хүргэе.

Цааш үзэх
Image 12
15

"ХҮМҮҮСИЙН ХЭЛ АМ, НҮДНЭЭС АЙЖ ЭНГИЙН ХУВЦАСЛАВАЛ УЙТГАРТАЙ"

Хүмүүсийн хэл ам, өлөн нүднээс айж дуртай хувцсаа өмсөж чадахгүй зөндөө охидууд байгаа. Хүмүүс хаашдаа л энэ шүүмжилдэг, хүний амьдралд оролцдог зангаа болихгүй. Тиймээс тэр хүмүүсээс болж дуртай хувцсаа ч өмсөж чадахгүй байх чинь өөртөө хийж байгаа муу зүйл.

Цааш үзэх