Италийн тансаг зэрэглэлийн загварын ордон Prada үйлдвэрлэлийн явцад үлдсэн ноос, ноолуурыг дахин ашигласан Re-Cashmere болон Re-Wool цуглуулгаа танилцуулав. Энэхүү санаачилга нь үйлдвэрлэлийн явцад үүсэх материалын хаягдлыг бууруулах, түүхий эдийн ашиглалтыг сайжруулах, загварын салбарт тогтвортой үйлдвэрлэлийн зарчмыг нэвтрүүлэх зорилготой юм.
Re-Cashmere коллекцын бүтээгдэхүүнүүдийг 100 хувь дахин боловсруулсан ноолуураар үйлдвэрлэсэн бол Re-Wool коллекцын материалын найрлагад 50 хувь анхдагч ноос, 40 хувь дахин боловсруулсан ноос, 10 хувь дахин боловсруулсан ноолуур ашиглажээ.
Тус коллекцын бүтээгдэхүүнүүдийг Италийн Тоскана болон Умбрия бүс нутагт үйлдвэрлэж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн гарал үүсэл, нийлүүлэлтийн сүлжээний мэдээллийг хэрэглэгчдэд ил тод хүргэх технологи нэвтрүүлсэн байна. Тодруулбал, бүтээгдэхүүний шошгонд суурилуулсан NFC технологийн тусламжтайгаар хэрэглэгчид түүхий эдийн гарал үүсэл, нийлүүлэгч болон үйлдвэрлэлийн үе шаттай холбоотой мэдээллийг авах боломжтой болжээ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн загварын салбарт үйлдвэрлэлийн хаягдлыг бууруулах, дахин боловсруулсан материалын хэрэглээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний гарал үүслийг ил тод болгох асуудал чухал байр суурь эзлэх болсон. Prada-ийн энэхүү санаачилга нь тансаг зэрэглэлийн хувцас үйлдвэрлэлд шинэ түүхий эд ашиглахаас гадна үйлдвэрлэлийн үлдэгдэл материалыг дахин эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бүтээх боломжтойг харуулж байна.


