Захиалгын байранд давхар гэрээ хийж иргэдийн дунд хохирол үүсгэсэн олон тохиолдол байдаг. Тэгвэл энэ нөхцөл байдлыг таслан зогсоох, урьдчилан шалгах, захиалгын гэрээг урьдчилан бүртгэдэх тогтоол ирэх сарын буюу 2026 оны арванхоёрдугаар сарын 16-аас эхлэн хэрэгжинэ.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг дэлгэрүүлэн тодруулсныг хүргэе.
“Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын 53 дугаар тогтоолын үр дүн эхнээсээ гарч, ирэх сарын 16-наас эхлэн орон сууцны захиалгын гэрээг урьдчилан бүртгэдэг болж байна.
Захиалгын гэрээ хийсэн иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн газар хүсэлт тавиад 2 өдрийн дотор өмнө нь захиалгатай байсан эсэх хариуг авч эсвэл захиалга хийгдсэн гэдгийг мэдэгдэж тэмдэглүүлэх боломжтой болж байгаа юм. Хэрэв давхар захиалгын асуудал илэрбэл ажлын 5 хоногт цагдаагийн байгууллагад мэдэгддэг болж байна.
Өргөдлийн байнгын хороонд орон сууц худалдан авахаар захиалга өгч хохирсон, хууль хяналтын байгууллагад хандсан ч асуудал нь шийдвэрлэгдээгүй он удаан жил явж ирсэн гэсэн мянгаад иргэн 2025 оны арванхоёрдугаар сараас эхлэн хандаж, өргөдөл гомдлоо ирүүлсэн байдаг. Иргэдийн эрх зүйн асуудал, маргаан гомдол шийдвэрлэхэд ямар асуудлууд байгаа, мэргэжлийн холбоодын тайлбар, төрийн байгууллагуудын тайлбар, мэдээллийг сонсохоос гадна хохирсон иргэдээ хүлээн авч, тэдний нөхцөл байдал, чин сэтгэлийн үгийг сонсон чухал байлаа. Иргэдтэйгээ хамгийн ойр байдаг УИХ-ын байнгын хорооны хувьд Өргөдлийн байнгын хорооноос ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцүүлж, УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөх тогтоолыг өнгөрсөн долдугаар сарын 2-нд батлуулсан юм.
Иргэдээс ирсэн гомдлуудын багагүй хувийг эзэлдэг орон сууцыг давхардуулан худалддаг, улсын бүртгэл, өмчлөх эрхийн асуудал дээр эхний байдлаар зохицуулалтууд хийгдэж байна. Орон сууц худалдан авахаар хохирсон иргэдийн гомдлын цаана бүхэл бүтэн айлын амь амьдрал, эдийн засаг, хүн хоорондын харилцаа, аз жаргалтай амьдрах өдрүүд нь алдагдсан байдаг. Энэ асуудлыг даамжруулалгүй эрт шийдэх ёстой байсан ч ийм олон жилийн хугацаанд мянга, мянган хүнийг хохироосон гажуудал явсаар ирсэн нь харамсалтай. Өргөдлийн Байнгын хорооны завгүй ажилласан өдрүүдийн үр дүн эхнээсээ гарч байгаад баяртай байна. Цаашдаа дараагийн алхмууд дээр ч Засгийн газрыг шахаж ажиллах болно”
