Улсын их хурлын хаврын чуулган нээсэн даваа гараг. /2026.03.16/ Улсын их хурлын гишүүдийн ажилдаа явах өдөр нь Үндсэн хуульд зааснаар эхэллээ л гэсэн үг. Улсын их хурлын гишүүн бол дарга, ноён, онцгой нэгэн биш. Ард түмний элч. Уншив уу. Ард түмний элч буюу иргэдийн саналаар төрийн ордонд очиж, иргэдийн эрхийг хамгаалахын тулд оюун санаагаа зориулна аа гэж тангараг өргөсөн элч. Тэдгээр элч нар төрийн ордонд чуулж, ард түмний амьдралд хэрэгтэй хууль батлах өдрүүд эхэллээ л гэсэн үг. Харамсалтай нь өнөөдөр олон нийтийн амьдрал ахуйд тустай нэг ширхэг яриа өрнөсөнгүй. Өрнөх цоорхой ч олдсонгүй..
Монгол Ардын Намын дарга, Улсын Их Хурлын дарга Н.Учрал хаврын чуулганыг нээж 30 минут завсаргүй үг уншив. Түүний араас төрийн дуу эгшиглэсэн бөгөөд УИХ-ын гишүүд зүрхэн тушаа гараа авч хүндэтгэл үзүүлсэн бол зарим нь мөр, хавирга, гэдсэндээ наасан харагдана. Харин УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр, Ж.Золжаргал, Т.Доржханд, Д.Ганбат, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл нарын гар бэлхүүснээс дээш хөдөлсөнгүй. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 20 гаран минут үг хэлсэн бөгөөд өөрийн өргөн барьж буй ёс зүйн алдаа гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн тухай ярив. Parliament.mn хуудсын лайвыг үзээрэй. Монголын хамаг л мөнгөтэй, байртай, машинтай гэсэн ах эгч нар бөөндөө нэг танхимд сууж харагдана лээ. Дутаж гачигдах зүйлгүй тэд үнэхээр л улсаа хөгжүүлэх чин хүсэлтэй юм байлгүй. Үнэхээр хүсвэл машиндахаар л баг..
Чуулганы нээлт дууссаны дараа төрийн ордонд жинхэнэ утгаараа хаврын хавсарга тавилаа даа. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ажлаа өгнө. Шалтгаанаа ордны коридорт ярихгүй, ярьвал урт юм болно. Ямар ч шахалт байхгүй гэж сандарч тэвдэн хэлэв. Өчнөөн жил өөрийнхөө хамааралтай байруудад тог өгчихөөд одоо зүгээр л ажлаа өгнө гэхэд атаархсандаа шээс гоожих шахсан шүү. Араас нь Боловсролын сайд П.Наранбаяр ажлаа өгнө, өгөхгүй гэж хоёр салаа утгатай зүйл ярив. Нэг бол хариуцлагаа хүлээгээд цааш явна. Эсвэл хувийн шалтгаанаар ажлаа өгнө гээд л. Ядахад нөгөө талаас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан байн байн “Мордохын хазгай” гэж орж ирэх нь гал дээр тос. Сайд бол гэвэл шууд болно, боловсролын салбар хэцүүдлээ ч гэх шиг. Сөнөчихөөд байхад. Өөрөө сайд байгаагүй аятай л зална лээ. Түүний араас УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара “Би ямар ч ёс зүйн алдаа гаргаагүй. Уучлалт гуйхгүй” гэж таарсан бүх хэвлэлдээ яриа өгөв. Сүүлдээ ч нээрээ Нара яасан юм, хүний гэрт хулгай орчихоод байхад зовлон мэдэхгүй юмнууд гэж өмөөрмөөр санагдтал авлаа. Түүний араас УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Номтойбаяр нар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Н.Номтойбаяр Занданшатарын засгийн газар нэртэй болохоос Занданшатарын засгийн газар биш гэнэ үү. Тэгээд хэний засгийн газар монголыг авч яваад байгаа юм бэ. Дондогийн засгийн газар уу. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг мөнгөний баримжаагаа алдсан гэж шүүмжлэв. Үнэн л дээ. Бэр нь мөнгөний баримжаа алдахыг монголын залуучууд бүгдээрээ харсан нь саяхан.
Удалгүй УИХ-ын гишүүн Э.Болормаа “Хилийн хориг бол надад эмзэглээд байх зүйл биш. Юм үзээгүй, төрийн мөнгөөр гадагшаа явахын дон туссан улсуудад бол эмзэглэх зүйл байх. Арав хорин жил гадаадаар явж ажиллаж, сураад эх орондоо зүтгэнэ гээд зориод ирсэн ирсэн хүн надад бол эмзэглэх зүйл байхгүй” гэж ярив. Нээрээ л явж үзээгүй нь яваг дээ ч гэж бодогдох шиг. Хөөрхий, яамны “агаа аниа” нар чинь гадаад томилолтын араас хөлөө хугалдаг юм билээ шт. Даанч том дарга нар нь гүйцэт түрүүлчихдэгболохоос. Төрийн ордны гадаа ахмадууд тэтгэвэр нэмэхийг шаардан жагссаныг ЦЕГ-аас зөвшөөрөлгүй гэж албадан тараав. Ахмадуудаа ачаад байгаа юмуу, хаашаа юм. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “2026 оны улсын төсөвт тэтгэврийг 80,80 мянган төгрөгөөр нэмсэн. Дахиж нэмэх эсэхийг УИХ мэднэ” гэж өөрөөсөө зайлуулав. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны үнэ нэмэгдэх эсэхийг мэдэхгүй. Ираны дайнаас хамаарч бүх орон ийм байгаа гэж мэдэмхийрээд авлаа. Дайн болсон тулдаа гайгүй хариуллаа. Тэрнээс ч асар далий хариулдаг сан. Энэ дундуур Хотын дарга Х.Нямбаатар “1 км замыг 70 тэрбум төгрөгөөр барих Туулын хурдны зам төслийн талаар мэдээлэл өгөөч” гэсэн сэтгүүлчийг “захиалгатай, эзэнтэй. Өөр аргаар амьдар” гэж доромжлов. Араас нь УИХ-ын гишүүн Ц.Сайнзориг хотын даргын доромжилсон сэтгүүлчийн энгэрийн микрофоныг шидэж эвдлэв. Ажлаа хийж яваа эмэгтэй сэтгүүлчийг хоёр эрэгтэй дарга хавсраад “польдчихлоо”.
Өнөөдрийн хамгийн сонирхолтой зүйл нь Монгол Ардын намын дарга Н.Учрал Улсын Их Хурлын даргын суудлаа өгөх хүртэл Ардчилсан нам 100 хувийн ирцээр чуулгандаа суухгүй гэдгээ мэдэгдлээ. Өнөөдөр гэв гэнэт сөрөг хүчин гэдгээ санаж, ер нь яахаараа эрх баригч намын дарга Улсын их хурлыг даргалдаг юм гэж ухаан орсон бололтой. Энэ ухаан нь гараад явчихгүй л байгаасай гэж бодохоор чуулган нь хуралдахгүй бол улсын ажил цалгардах юм бишүү. Цалгардах ажилтай ч биш дээ гэж үү. За мэдэхгүй, мэдэхгүй…
Тусгаар улсын парламентын ээлжит чуулган нээсэн өдөр гэхэд утгаа алдсан хэл амтай, жалга довны цуу шиг сураг дагасан, дор бүрнээ хувиа хичээсэн, аргаа барсан дүр зургийг харлаа. Ерөөсөө амтай бүхэн мэдэгдэл хийж, авиртай бүхэн хэрхэн ярдаглаж чаддагаа харуулав.
Хөгжлийн бодлого, геополитик, эв нэгдэл гээд мэтгэлцэж болох чухал сэдвээ больё оо. Адаглаад иргэдийн ахуй амьдрал, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой нэг ширхэг ч өгүүлбэр байсангүй. Фэйсбүүкээр хэн нэгнийг шоолж, танихгүй хүнтэй сэтгэгдэл хэсэгт хэрэлдэж, сонссон бүхэндээ ямар ч шүүлтүүргүй итгэж, хэн нэгний явуулгад автан бусдын доромжилж суух хооронд манай төр энэ хэмжээнд иржээ. Цаашдаа чуулган хэрхэн өрнөж, бидний амьдардаг нийгэм ямар өнгөтэй болохыг харахыг хүсвэл манай сайтын “GenZ ажиглагч” булантай ойр байгаарай.
ШИНЭ ҮЕИЙН МЭРГЭН УХААН
HUMANZ MEDIA AGENCY
