Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 эхлээд байна. Дэлхийн улс орнууд ган, газрын доройтолтой тэмцэх дараагийн алхмаа хэлэлцэж буй энэ үед Их Британийн The Guardian сонин хурлын ач холбогдол, өмнө нь амласан олон тэрбум ам.долларын санхүүжилтийг хэрхэн бодит ажил болгох асуудлыг онцолжээ.
The Guardian-ийн байгаль орчны сэтгүүлч Фиона Харви наймдугаар сарын 17-нд нийтэлсэн нийтлэлдээ COP17-г дэлхий даяар хэт халалт, ган, ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж буй нөхцөл байдалтай холбон авч үзсэн байна.
Хойд Америк, Европын зарим хэсэгт ой хээрийн түймэр дэгдэж, Азийн сая сая хүн хэт халалтад өртөж буй энэ үед цөлжилт, газрын доройтол нь зөвхөн байгаль орчны асуудал байхаа хэдийн больжээ. Хөрс доройтож, усны нөөц хомсдохын хэрээр хүнсний үйлдвэрлэл буурч, улмаар хүнсний үнэ, иргэдийн амьжиргаа, улс орнуудын эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэл нэмэгдэж байна.
12 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АМЛАЛТ БОДИТ АЖИЛ БОЛОХ УУ?
COP17-ийн үеэр анхаарлын төвд байгаа асуудлуудын нэг нь өмнөх COP16-ын үеэр дэвшүүлсэн Riyadh Global Drought Resilience Partnership буюу гангийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх дэлхийн түншлэл юм.
Уг санаачилга болон түүнтэй холбоотой санхүүжилтийн хүрээнд 12 тэрбум гаруй ам.доллар босгох амлалт өгсөн бөгөөд энэ хөрөнгийг гангийн эрсдэлд хамгийн эмзэг 74 улсад чиглүүлэхээр төлөвлөжээ.
Энд нэг зүйлийг ялгаж ойлгох шаардлагатай. 12 тэрбум ам.долларыг Улаанбаатарт болж буй COP17-оор шинээр зарлаагүй. Харин өмнөх хурлаар бий болсон санхүүжилтийн амлалтыг бодит төсөл, бодит үр дүн болгох нь энэ удаагийн хурлын өмнө тавигдаж буй гол сорилтуудын нэг юм.
UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадын тайлбарласнаар COP17-ийн зорилтын нэг нь хоёр жилийн өмнө өгсөн олон тэрбум ам.долларын амлалтыг хөгжиж буй орнуудад хэрэгжих боломжтой төсөл болгон хувиргах явдал юм. Өөрөөр хэлбэл, хэдий хэмжээний мөнгө амлах вэ гэдгээс илүүтэй амласан мөнгөө хэрхэн ажил болгох вэ гэдэг асуудал ч мөн бий гэсэн үг..
70 ГАРУЙ УЛС ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БОЛОВСРУУЛЖЭЭ
The Guardian-ийн мэдээлснээр 70 гаруй улс гангийн менежментийн үндэсний төлөвлөгөөгөө боловсруулсан байна. Харин дараагийн алхам нь эдгээр төлөвлөгөөг санхүүжилт татах боломжтой, хэрэгжихүйц төсөл болгон хувиргах явдал.
Тухайлбал, усалгааны системийг шинэчилж усны хэрэглээг илүү үр ашигтай болгох, ган тэсвэрлэх чадвартай таримал тариалах, тариаланчдад зориулсан борооны ус хуримтлуулах байгууламжийг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой.
Энэ утгаараа COP17-ийн хэлэлцээ зөвхөн “гантай хэрхэн тэмцэх вэ” гэсэн ерөнхий асуудлаар хязгаарлагдахгүй. Харин төлөвлөгөөг хэн санхүүжүүлэх, хөрөнгийг ямар механизмаар хүргэх, бодит төсөл болгон хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн дараагийн шатны асуудалд төвлөрч байна.
12 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ИХ МӨНГӨ. ГЭХДЭЭ…
12 тэрбум ам.доллар асар их мөнгө мэт сонсогдоно. Гэвч дэлхийн хэмжээнд үүссэн газрын доройтлыг сэргээхэд шаардлагатай хөрөнгөтэй харьцуулахад энэ нь бага дүн юм. UNCCD-ийн тооцоогоор 2030 он хүртэл газрын доройтлыг зогсоож, эвдэрсэн газрыг сэргээхийн тулд дэлхий даяар ойролцоогоор 2.6 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.
Ийм хэмжээний санхүүжилтийг зөвхөн Засгийн газар болон олон улсын байгууллагууд дангаараа бүрдүүлэх боломж хязгаарлагдмал. Тиймээс газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгийг хэрхэн татах вэ гэдэг асуудал улам чухал болж байна.
The Guardian-ийн нийтлэлд одоогоор амласан 12 тэрбум ам.долларын эх үүсвэр төрийн салбараас бүрдэж байгааг тэмдэглээд, цаашид хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг хөнджээ.
Ясмин Фуадын үзэж буйгаар ус, газар болон хөдөө аж ахуйн түүхий эдээс шууд хамааралтай бизнесүүд энэ асуудлаас ангид үлдэх боломжгүй. Хүнсний үйлдвэрлэлээс эхлээд нэхмэл, хувцасны салбар хүртэл байгалийн нөөцөд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг компаниуд газрын нөхөн сэргээлтийн санхүүжилтэд оролцох үндэслэлтэй юм.
ГАЗРЫГ СЭРГЭЭХ НЬ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БУЙ ХЭРЭГ
The Guardian COP17-ийн ач холбогдлыг тайлбарлахдаа газрын доройтлыг хүнсний аюулгүй байдлаас салгаж ойлгох боломжгүйг онцолжээ. Дэлхийн олон оронд хэт халалт, усны хомсдол газар тариалангийн ургацад нөлөөлж, улмаар хүнсний үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Ясмин Фуад энэ асуудлыг маш энгийн логикоор тайлбарлажээ. Доройтсон газрыг сэргээх тусам хүнс үйлдвэрлэх боломжтой үржил шимт газрын хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс газрын нөхөн сэргээлтэд зарцуулсан хөрөнгийг зөвхөн байгаль хамгааллын зардал гэж харах бус хүнсний аюулгүй байдалд оруулж буй хөрөнгө оруулалт гэж үзэх шаардлагатай юм.
Газрын доройтол, гангийн үр дагавар зөвхөн тухайн асуудал үүссэн улсын иргэдээр хязгаарлагдахгүй.
Нидерландын газрын нөхөн сэргээлтийн Commonland байгууллагын төлөөлөгч Lily Maxwell-Lwin-ийн байр суурийг The Guardian нийтлэлдээ онцолсон байна. Түүний тайлбарласнаар хөгжингүй орнууд эмзэг улс орнуудын газрын нөхөн сэргээлт, гангийн эсрэг арга хэмжээнд хөрөнгө оруулах нь зөвхөн бусдад үзүүлж буй тусламж биш. Учир нь нэг бүс нутгийн газрын доройтол нь өөр улсын хүнсний аюулгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээ болон шилжилт хөдөлгөөнд нөлөөлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, Африк эсвэл Азийн аль нэг улсад газар доройтож, хүнсний үйлдвэрлэл буурах нь тухайн улсаар хязгаарлагдахгүй. Дэлхийн зах зээлээр дамжин хүнсний нийлүүлэлт, үнэ, худалдаа, улмаар бусад улсын иргэдийн амьдралд хүрч болно.
ЦӨЛЖИЛТИЙН COP ЯАГААД ОДОО ИЛҮҮ ЧУХАЛ БОЛЖ БАЙНА ВЭ?
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц буюу UNCCD нь 1992 онд Бразилын Рио-де-Жанейро хотод болсон НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн бага хурлаас улбаатай байгаль орчны гурван том конвенцийн нэг юм. Нөгөө хоёр нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (UNFCCC) болон Биологийн олон янз байдлын тухай конвенц (CBD).
Гэвч өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд цөлжилт, газрын доройтлын асуудал нь уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын асуудалтай харьцуулахад олон улсын анхаарал, санхүүжилт харьцангуй бага авч ирснийг The Guardian тэмдэглэжээ. Харин одоо энэ байдал өөрчлөгдөж эхэлж байна.
2024 онд Саудын Араб COP16-ийг зохион байгуулж, цөлжилт, гангийн асуудалд олон улсын санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Үүний үргэлжлэл болсон олон тэрбум ам.долларын амлалтыг одоо Улаанбаатарт бодит хэрэгжилт рүү шилжүүлэх асуудал яригдаж байна.
Саудын Арабын Байгаль орчны дэд сайд Осама Факихагийн тайлбарласнаар газрын доройтол, ган нь хүнс, усны аюулгүй байдал, биологийн олон янз байдал, уур амьсгалын тэсвэрлэх чадварт нөлөөлөхөөс гадна дэлхийн хүн амын бараг тал хувийн сайн сайхан байдалтай холбоотой асуудал болжээ.
COP17-ИЙН БОДИТ ШАЛГУУР ЮУ ВЭ?
Ингээд харахад Улаанбаатарт болж буй COP17-ийг зөвхөн “цөлжилтийн асуудлаарх олон улсын хурал” гэж ойлгох нь хангалтгүй. Газар доройтох тусам хүнсний үйлдвэрлэл хумигдана. Усны хомсдол нэмэгдэнэ. Ган удаан үргэлжилбэл иргэдийн амьжиргаа, эдийн засаг, шилжилт хөдөлгөөнд нөлөөлнө. Харин эдгээр асуудал эцэстээ нэг улсын хилээс давж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, хүнсний аюулгүй байдалд хүрдэг. Тиймээс COP17-ийн өмнө тавигдаж буй асуулт зөвхөн улс орнууд дахин хэдэн тэрбум ам.доллар амлах вэ гэдэгт биш юм.
Эх сурвалж: The Guardian, 2026 оны наймдугаар сарын 17
