Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2026 оны аравдугаар сарын 1-ний өдөр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нарын нийт 27 гишүүн өргөн мэдүүлж, 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Гэтэл 2025 онд Усны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол орны усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламж барих үүд хаалгыг нээснээр Үндсэн хуулийн холбогдох заалтыг сулруулж байгааг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл онцлон хэлж байв.
УСНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ САНАЛ ГАРГАСАН БЭ?
2025 оноос өмнө Усны онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихыг хуулиар хориглодог байжээ. Харин 2025 оны долдугаар сарын 9-ний өдөр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д заасан нийтийн зориулалттай дэд бүтцийг хориглолтоос чөлөөлөх шийдвэр гарчээ. Харин одоогийн шинэ хуулийн төслөөр Нийтийн зориулалттай дэд бүтцэд олгосон энэхүү онцгой нөхцөлийг арилгаж, барилга байгууламж барих хоригийг сэргээхээр тусгажээ.
ШИНЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД УСНЫ ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ЮУ БАРИХЫГ ХОРИГЛОХ ВЭ?
- Төрийн үйлчилгээний барилга байгууламж
- Авто зам, төмөр зам
- Дүүжин зам
- Газрын дээр болон доор байрлах замын байгууламж
- Бүх төрлийн инженерийн шугам сүлжээ
Усны тухай хуулийн 22.2-т зааснаар усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд, мөн гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтоодог.
Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт явагдаж, цэвэр усны нөөц хумигдаж буй энэ цаг үед бидний хийх ёстой зайлшгүй зүйл бол усаа хамгаалах билээ. Нийт нутгийн 70 орчим хувь нь цөлжилттэй байгаа энэ үед усны нөөцөө хуулиар хамгаалж, түүнийг хэрэгжүүлэхийг зорих нь улсын иргэн бүрд хамааралтай шийдвэр юм. Хэдий нийтийн зориулалттай барилга, байгууламж байсан ч гэсэн газар шорооны ажил, суурийн цутгалт хийсэн бол тухайн байгальдаа тодорхой хэмжээгээр эрсдэл дагуулна. Тиймээс хууль тогтоогчид нэгдэн, усны нөөцөө хамгаалахаар хуулийн нэмэлт өөрчлөлт санаачилсан нь сайшаалтай. Хэсэг бүлэг бус хүн бүрийн ирээдүйн амьдралд хамаатай энэхүү хуулийг хэзээ батлах бол гэдгийг салбарын мэргэжилтэн болон санаачилсан гишүүд чих тавин хүлээж байна.
