Өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны өдөр Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц (UNCCD)-ийн нэрийн дор, НҮБ-ын стандартаар, хоёр жил тутамд зохион байгуулагддаг дэлхийн хэмжээний арга хэмжээ болох COP17 талуудын бага хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нээлтээ хийлээ.
1992 онд Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн бага хурал буюу “Дэлхийн дээд хэмжээний уулзалт” нь олон улсын байгаль орчны бодлогын чухал эргэлтийн цэг болсон юм. Энэ үеэс дэлхийн улс орнууд байгаль орчны томоохон сорилтуудыг нэг улсын хилээр хязгаарлагдах асуудал бус, хамтын ажиллагаагаар шийдвэрлэх шаардлагатай дэлхий нийтийн асуудал хэмээн авч үзэх болсон.
Улмаар байгаль орчны чиглэлээр өнөөдөр “Риогийн гурван конвенц” хэмээн нэрлэгддэг олон улсын гурван үндсэн конвенц бүрэлдсэн. Үүнд:
- Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (UNFCCC)
- Биологийн олон янз байдлын тухай конвенц (CBD)
- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD)
Дэлхийн улс орнууд уур амьсгал, цөлжилт, биологийн олон янз байдлын асуудлыг тус тусад нь шийдэхээс илүү бодлого, хөрөнгө оруулалт, байгаль хамгаалал болон нөхөн сэргээлтийн арга хэмжээг хооронд нь уялдуулах шаардлагатай гэж үздэг.
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц (UNCCD)
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц (UNCCD) Монгол Улсын хувьд ч энэ уялдаа онцгой ач холбогдолтой. Уур амьсгалын өөрчлөлт, ган, газрын доройтол, бэлчээрийн экосистемийн өөрчлөлт зэрэг асуудал нь зөвхөн байгаль орчны салбарын асуудал бус, усны нөөц, мал аж ахуй, хүнсний аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн амьжиргаатай шууд холбогдоно.
НҮБ-ын гишүүн орнуудыг Африк, Ази-Номхон далай, Латин Америк ба Карибын тэнгис, Зүүн Европ, Баруун Европ ба Бусад гэсэн бүсүүдэд хуваадаг. COP хурлыг бүс бүрт ээлжлэн зохион байгуулах зарчимтай.
2021 онд Монгол Улс СОР17 хурлыг зохион байгуулах хүсэлтийг НҮБ-д тавьж 2022 онд албан ёсны зөвшөөрлийг хүлээн авсан.
Ийнхүү энэ удаагийн хурлыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод (08.17 – 08-28) зохион байгуулж буй манай улс өндөр тугаа мандууллаа.
Манай улсад уг хурлыг зохион байгуулахыг 100 хувь дэмжсэн шалтгаануудыг нэг бол НҮБ-аас 2026 оныг “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил” болгон зарласантай холбоотой. Монгол Улс бол дэлхийн нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйн хамгийн том төлөөлөл мөн.
Харин хамгийн том хүчин зүйл нь Цөлжилттэй тэмцэх хурлыг цөлжилт нүүрлэсэн улс оронд хийж буй явдал юм. Бодит нүүрлээд буй байгаль орчны эл асуудалд манай улс дипломат ажиллагааг сүүлийн жилүүдэд идэвхтэй явуулж, үндэсний хэмжээний хөдөлгөөнийг ч өрнүүлээд байгаа билээ.
Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулагч орны хувьд “Тал хээрийн төлөвлөгөө” хэмээх үндсэн гурван санаачилга бүхий урт хугацааны үйл ажиллагаат боловсруулсан бодлогоо танилцуулах юм. Үүнд:
- Бэлчээрийг нөхөн сэргээх, тогтвортой ашиглахын зэрэгцээ хөрсний эрүүл мэнд, экосистемийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн “бэлчээрийн тэргүүлэх санаачилга”.
- Хуурай гандуу бүс нутагт ус, газрын нэгдсэн менежментийг дэмжиж, ган болон усны хомсдолд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх “ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”.
- Газар төвтэй төлөвлөлт, байгальд суурилсан шийдлүүдийг дэд бүтцийн төлөвлөлт, хөгжлийн бодлогод нэгтгэж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих “байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга”.
Хурлын үеэр шийдвэрлэх цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөл хуралдах ба тэдгээртэй холбоотой шийдвэрийг оролцогч улсууд цаашид дагаж мөрдөн хурлын дараа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм. Мөн тэдгээрээс үүдэх санхүүжилт татан төвлөрүүлэх, бүс нутгийн хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана.
