Нэгэн эмэгтэй эсрэг хүйстэнтэйгээ нялуурч, архи ууж, тамхи татаж, дур хүслээ хангаж буй үеийн бичлэгээ цахим орчинд цацжээ. Хамт байгаа хүнээсээ 10 сая төгрөг авсан гэдгээ ч хэлээд амжиж. Энэ бичлэг хэсэгхэн нам жим байсан сошиал орчныг хэдхэн цагийн дотор “амь” оруулав. Монголд биеэ үнэлэлтийг хуульчлаагүй учир энэ үйлдлийг зөв, буруу эсэхийг эцэслэх аргагүй. Хүн өөрийнхөө биеийг хэдэн ч төгрөгөөр үнэлж болно. Хоёр хүний л хоорондын харилцаа. Хэлж буй үг яриа бол тухайн хүний л төлөвшил. Санаанд оромгүй бузар, булай аль ч цаг үед хүнээс л гарч ирсэн. Эмэгтэй юм байж, залуу юм байж гэсэн өнцгөөр буруутгаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Өөрийнхөө сонголтоор, өөрийн дуртай зүйлээ хийгээд явж байгаа насанд хүрсэн хүмүүс. Асуудал нь тэр хоёр хүнд биш, нийтээрээ шүүн тунгааж буй бидэнд байна. Хүүхдүүд үзээд буруу үлгэр дуурайлал авахвий, төрийн албаны дарга нарыг бүгдээрээ ийм садар самуун явдалтай гэж бодохвий, охид буруу аргаар мөнгө олох сэдэлд хөтлөгдөн аюулд өртөхвий гэж сэрэмжлэх хүн өдрийн од шиг. Харин, “Юмны үнэ аргагүй өсчээ, тийм халтар хүүхэн 10 сая хүрсэн гэхээр. Яг 10 сая төгрөг хэрэгтэй байхад гай болчих юм аа. Хайран 10 сая төгрөг. Энэ хүүхэн 10 сая хүрэх үү, 10 саяас буухгүй шүү хэдүүлээ” гэх мэтээр ойрын танил, зүс мэдэх улсууд хувийн хаягтаа оруулжээ. Нэг биш нэлээд олон хүн. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуугүй заавал нэг сэтгэгдлээ хэлж байж санаа нь амарсан бололтой. Энэ үйл явдлаас харахад монголын нийгмийн анхаарлыг нийтээр нь татахад ердөө 2770 доллар буюу 10.000.000 төгрөг л хангалттай аж. Өөрт ашигтай алт ухах хуулиа батлуулах гэтэл олон нийт анхаараад, бичиг цаас нь урагшилж өгөхгүй байвал 10 сая төгрөгөөр нэг эрээ цээргүй, эсвэл гэмт хэргийн бичлэг олж цацахад л хангалттай. Зураг, пост нэг их явахаа больсон шиг байгаа юм. Тиймээс алдах зүйлгүй, мөнгөний төлөө юуг ч хийж чадах хүмүүсээр бичлэг хийлгэхэд л болно. Тэр бичлэг олон нийтэд хамаатай эсэх, хүний эрх зөрчсөн эсэх дараагийн асуудал. Хамгийн гол нь хүмүүсийн анхаарлыг дор хаяж 24 цаг л өөр дээрээ торгооход үүргээ биелүүллээ гэсэн үг. Мэдээж бүх хүн биш л дээ. Гэхдээ дийлэнх нь. Аливаа нийгмийн 10 хувь нь л шийдвэр гаргах чадвартай, хэрсүү, шударга байхад үлдсэн 90 хувиа өөрчлөх боломжтой гэдэг сэн. Өдийг хүртэл бид сэтгэлгээний хувьд ч, ахуй амьдралын хувьд ч илт дордсоор байгаа нь өнөө 10 хувь бүрдээгүй яваагийн илрэл юмуу даа. Монгол Улсад утааны улирал эхэлж буй. Утаа зөвхөн Улаанбаатарын бус аймгуудын асуудал болсон. Сүүлийн 14 хоногт нийслэлд 118 иргэн угаарын хийд хордсоныг НЭМҮТ мэдэгдсэн. Нэмээд вирусийн гаралтай ханиад. Хүүхэд, хөгшидгүй сульдан өвдөж, эмнэлэгт ор олдохгүй. Ханиад нь хатгаа болохвий гэсэн ээжүүд амьсгаа өндөр ажлаа хийж, араас нь хүүхдээ асарч байна. Цаашлаад түгжрэл, хүнсний бүтээгдэхүүний үнэ, хорт хавдар, залилан. Нэг улсад, нэг хотод, нэг агаараар амьсгалж, нэг хуулинд захирагдан оршиж буй ард түмний анхаарлыг нийгмийн асуудал нь бус огт танихгүй хоёр хүний дур хүслээ хангаж буй бичлэг нэгтгэж, баясгаж, цагийг нь үрж байна гэхээр харамсалтай. Хүний төрөлх чанар нь хов жив сонсох, хэрэгт дурлах юм билээ л дээ. Боль гэж хориглох хаашаа юм. Гэхдээ өөрийн болон өөрийн гэр бүлдээ хамаатай нийгмийн асуудал дээр нэгдэж, дугарч чадахгүй хэрнээ утасны араас хов, жив болгонд оролцох дадлыг монголчууд хаанаас сураад байна вэ. Айлын ор хөнжлийг сөх л дөө. Давхар хөнжилдөө орохоос бусад цагт ажиллаж олсон мөнгөнөөсөө төлсөн татвараа юунд зарцуулж байгааг хянаасай. Эр, эмийн цээжний үс, хөлийн хумсыг шүү л дээ. Давхар өсөж өндийж буй хүүхдийн чинь уушгийг хордуулж буй утааны асуудал дээр дугараасай. Хүний дугарч, тэмцэхийг заах гэж улайрах ч хаашаа юм. Гэхдээ энэ байдлаараа удвал 10 саяар биеэ зарж чадсан нь алдаршдаг “урвуугаа харсан” нийгэм бидэнд ойрхон байх шиг. Төлөвшсөн хойноо нийгмийн сэтгэл зүйг сайн дураараа самарч буй хэд нь ч яах вэ. Жамаараа үхээд өгнө. Харин үлдэж амьдрах үр хүүхдийг минь юу хүлээж байгаа бол?
