ТҮМНИЙ НЭГ | Өнөөгийн нийгэм хүүхдэд, ялангуяа өсвөр насныханд ямар ч ээлгүй нийгэм гэж би хардаг.

– Танд өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд өөрийгөө товч танилцуулахгүй юу?  

– Өдрийн мэнд хүргэе. Намайг Номуна гэдэг. Би арван таван настай. Нийслэлийн 65 дугаар сургуульд есдүгээр ангиа төгсөөд “ИХ ЗАСАГ” МСҮТ-д элсэн орсон. Одоо хэвлэлийн график, дизайн гэсэн чиглэлээр сурч байна.

– Яг яагаад МСҮТ-д элсэх болсон бэ?

– Сонирхлынхоо дагуу орсон. Төгсөөд тодорхой мэргэжилтэй болчихно, мэргэжлийн үнэмлэхтэй болно. Хүсвэл их сургуульд ч үргэлжлүүлээд сурч болдог. Төрөл бүрийн тэтгэлэгт хамрагдах боломжтой гээд олон давуу талтай гэж харсан учраас сонгосон.

– МСҮТ-ийн талаар хүмүүсийн буруу ойлголтыг засвал?

– Би нэг зүйлийг хүмүүст хэлмээр байдаг. Зөвхөн муу сурдаг, сул дорой, ар гэр нь ядуу хүүхдүүд ордог гэсэн ташаа ойлголт байдаг. Бас МСҮТ-д элсэж орсон хүүхэд эвдэрдэг, задардаг, танхай бүдүүлэг болдог ч гэдэг. Огт тийм зүйл байхгүй. Сонирхлынхоо дагуу л элсэж орно уу гэхээс аргаа ядсан хүний сонголт огт биш. Харин ч бие дааж ажиллах чадвартай болдог. Үеийнхнийгээ бодоход мөнгө олоод ч сурчихдаг. Зорилгоо маш сайн тодорхойлж чадсан хүүхдүүд элсдэг шүү.

– Багш сурагчдын харилцаа ямар байдаг вэ?

– Яг л ерөнхий боловсролын сургууль шиг. Харин ч хүүхэд нэг бүртэй тулж ажиллах нь илүү учир бид найз нөхөд шиг л байдаг. Ерөнхий эрдмийн хичээл, мэргэжлийн хичээл хавсарч ордог гэж ойлгож болно. Хичээлийн хуваарь гэвэл миний хувьд өглөө 09.00 цагаас өдөр 15:20 хүртэл долоо хоногийн дөрвөн өдөр хичээллэдэг. Ажлын таван өдрийн нэг өдөр нь болохоор үйлдвэр сургалтын өдөр буюу бие даалтын өдөр гээд хичээл ордоггүй. Тэр өдөр хичээлдээ очихгүй даалгавар, бие даалтуудаа хийж болдог гэсэн үг.

– МСҮТ-д орсон хүүхдүүдийг цалинтай гэдэг энэ талаар?

– Сар бүр 200 мянган төгрөг бэлнээр мэргэжилтэйгээ холбоотой хичээл сургалтын материалд зарцуулах гэсэн чиглэлээр авдаг. Гэхдээ өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш аваагүй. Шинэчлэгдсэн журам гараад төгссөн хойно нь нийтэд нь тэр мөнгийг өгөхөөр шийдвэрлэсэн гэсэн.

– Чиний өмнөө тавьсан зорилго гэвэл?

– Англи хэл болон Солонгос хэл сурах. Одоогоор англи хэлний сургалтад хамрагдаад дөрвөн сар болж байна. Ер нь коллежоо төгсөөд гадагшаа явах бодолтой байгаа. Би гэлтгүй манай найзууд, томчууд хүртэл гадагшаа явбал л дажгүй сайхан амьдарна гэсэн ойлголттой болсон. Угаасаа эх орондоо байя гэхэд үнэхээр хэцүү санагддаг. Тийм болохоор гадаад хэл сурахад түлхүү анхаарч байна.

– Яагаад Монголд байх хэцүү юм шиг санагдаж байна вэ?

– Олон хүчин зүйлс байна. Адаглаад л хүссэн мэргэжлээрээ төгслөө гэхэд ажлын байр баталгаатай биш, цалин бага, ачаалал их гээд л. Өнөөгийн нийгэм бол хүүхдэдээ ялангуяа өсвөр насныханд ямар ч ээлгүй нийгэм гэж би хардаг. Тиймээс л дэлхийд гарахыг мөрөөддөг. Дэлхийн том компаниудад очиж ажиллахыг хүсдэг.

– Өсвөр насанд сэтгэл зүй үнэхээр тогтворгүй байдаг. Яг л хамелеон шиг. Чиний хувьд ийм тавгүй байдалд хэр их ордог вэ?

– Бараг үргэлж. Хамгийн гол нь эцэг эхчүүд, томчууд өсвөр насны хүүхдүүдтэй ерөөсөө зөв харилцаж, ойлголцож чаддаггүй. Томчуудад үнэхээр том дутагдал байдаг. Би гэлтгүй манай үеийнхэн, найзууд хоорондоо их ярьдаг. Ер нь гэр бүл нь дэмждэг, ойлгодог хүүхдүүд л амжилттай, хүмүүжилтэй байдаг, өөрсдөө ч их хичээдэг шүү гэж хэлмээр байна.

– Томчуудад байдаг маш том дутагдал нь яг юу юм бол?

– Тайван суугаад ярилцаж чаддаггүй. Бас мэргэжил сонголт, үерхэл нөхөрлөлийн тал дээр зааж сургахыг оролддог. Тэр оролдлого нь дандаа буруу. Цалин сайтай ажилд ор, наад мэргэжлээрээ чи хол явахгүй гэдэг ч юм уу, наад хүүхэдтэйгээ битгий харьц,  удахгүй гэдсээ чирээд ороод ирнэ дээ, мөнгөтэй хүнтэй гэрлэ гэх мэт. Хайр сэтгэлийг хамгийн муухай зүйл мэтээр, хүнтэй үерхлээ гэхэд л шууд жирэмслээд, хаягдаад үлдэх мэтээр өөрсдөө тийм ойлголт өгөөд байдаг. Үүнээс цааш нь хэлэх ч аргагүй үгсээр хэлэх ч томчууд бий. Ядаж монголд сэтгэл зүйч мэргэжилтэй хүний хийх ажил олон, хүн нь цөөн байдаг. Хангалттай хэмжээний хүн байлаа ч бидний үеийнхэн тийм ч хангалттай хамрагдаж чаддаггүй. Би өөрөө сэтгэл гутралд ороод, амиа хорлох оролдлого хийж байсан. Асуудал үүсээд, гутралд ороод цагаа тулахаар гэрийнхэнтэйгээ ярилцаж, хэлж чаддаггүй юм билээ. Харин сэтгэл зүйчид хандаж, ярилцсаны үр дүнд би одоо амьд явна. Сэтгэл гутрал, амиа хорлолт, бэлгийн дарамт гээд манай үеийнхнийг тойрсон олон асуудлууд олон байдаг.

– Танай үеийнхнийг тойрсон  энэ олон гэмт хэрэг, нөхцөл байдлыг чи хэрхэн харж, юу гэж ойлгодог вэ?

– Гарц шийдэл гэвэл мэргэжлийн сэтгэл зүйч хүнийг тултал дэмжих хэрэгтэй. Миний бодлоор өсвөр үеийнхний ялгаварлан гадуурхалт гэдэг зүйл хэрээс хэтэрсэн. Заримдаа эргэн тойрныхон маань сошиал орчин бодит амьдрал хоёрыг ялгахаа больчихсон юм шиг санагддаг.  Жишээ нь, өөрийнхөө зургийг авахдаа заавал эффект ашиглах нь түгээмэл. Хэрэв эффектгүй зураг дараад фейсбүүктээ оруулчихвол үнэхээр их доромжилно. Би өөрөө зүгээр бодож байсан царайгаа хүртэл голох хэмжээний. Бусдаас ирэх тиймэрхүү утгагүй доромжлол хүнд их эмзэг тусдаг. Нэгнийгээ гадуурхах, дээрэлхэх ерөөсөө гоё харагддаггүй, хэн ч тэр хүнийг мундаг, хүчтэй гэж харахгүй. Хүн өөрийгөө л ямар бүдүүлэг, тэнэг гэдгээ харуулж байгаа үйлдэл гэдгийг өсвөр үеийнхнэн ойлгоосой. Мэдээж дээр нь гэр бүлийн орчин тухгүй байвал ямар ч хүн сэтгэл гутралд орох нь тодорхой. Тэгэхээр олон хүчин зүйлс дотроо үе тэнгийнхний гадуурхалт, гэр бүлийн орчин шууд нөлөөтэй. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ амиа хорлолт руу түлхдэг гэж хардгаа би бас хэлмээр байна.

– Өөрсдөө хүүхдээ түлхдэг гэдэг нь юу гэсэн үг билээ?

– Хэлж болох үг байна, болохгүй үг байна. Би дээр яриандаа зах зухаас нь л дурдсан. Огт бодож үзэхгүйгээр, би л төрүүлсэн эсвэл би л өсгөсөн гэсэн байдлаар хувийн орон зай руу хэтэрхий халддаг. Бусадтай маш их харьцуулж, үргэлж л гоочилдог. Ийм хандлага харахад маш хэцүү санагддаг. Мэдээж бидэнд хайртай, бидний төлөө санаа зовнидог гэдгийг ойлгодог ч буруу үг хандлагаар хандаад байхаар өөрийн эрхгүй гутардаг гэж хэлж болно. Тэгээд л гутарсаар, энэ байдал даамжирсаар амиа хорлолт болдог. Тэгэхээр ядаж миний үед ийм байлаа, чиний насан дээр ингэж явлаа гэдэг үгийг хэлэхээ больчихвол гоё доо. Бүх хүн ийм шалтгаантай биш ч гэсэн миний насныхан бол эцэг эхээсээ хамгийн их дарамт мэдэрдэг, сэтгэл зүйн байдал тэднээс шалтгаалдаг. Нэмж хэлэхэд гэр бүл салалт үнэхээр их байна. Дунд нь хүүхэд хамгийн ихээр хохирдог. Аав ээжийнхээ хэнийг нь дагаад явах уу гээд л үнэхээр хэцүү байдалтай байдаг.

– Бидний ярилцлагыг яг одоо  магадгүй сэтгэл гутралд орсон, гунигласан, амьдрах утга учраа олохгүй яваа хүмүүс, үе тэнгийнхэн чинь уншиж байж болно. Тэдгээр хүмүүст хандаж юу гэж зөвлөмөөр байна?

– Сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Сэтгэлийн тэнхээтэй байна гэдэг нь аливаа зүйлийг өөр дээрээ хэт хүндээр тусгаж авахгүй байх дадал. Хүн аз жаргалтай байхын тулд өөрийнхөөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  Сэтгэлийн тэнхээтэй, зоригтой байх нь таныг аз жаргал руу хөтөлдөг. Одоо байгаа нөхцөл байдал бол түр зуурынх. Хэсэгхэн хугацааны дараа юмс илүү дээр болно гэсэн итгэлээ алдаж болохгүй шүү. Бусад хүн юу гэж хэлэх хамаагүй чиний амьдрал чамаас л шалтгаална гэдгийг ойлгоорой.

– Манайх Z үеийн залууст чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг редакц гэдгээрээ онцлог. Z үеийн ах эгч нартаа хандаад тусгайлан зөвлөгөө өгөөч?

– Бидний дэргэд битгий тамхи татаж, хараал хэлээрэй. Маш муухай харагддаг. Бас дүү нар тань та нарыг чимээгүйхэн хараад үлгэрлэж байдаг гэдгийг санаарай. Үргэлж бидэнд зөв талаараа нөлөөлж байвал гоё шүү гэж хэлмээр байна.

Дадлагажигч оюутан Э. Мягмарсүрэн

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *