HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
INTERVIEW

Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 06 сарын 08

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчны хотонд “Борхүү” номыг нээхээр очиход төв зам дагуу цагаан машин биднийг тослоо. Машинаас утсаараа бичлэг хийн дөхөх ахыг Сүхээ гэдэг. Хамт яваа улс түүнийг “Сүхээ станц” хэмээн танимхайрах бөгөөд, цахим орчинд идэвхтэй нэгэн гэнэ. Засмалаас баруун хойш салан “Согтуугийн хоолой” хэмээх борхүү бугын гэр байдаг газар руу шороо татуулан давхилаа. Ах ч цагаан тэрэгтэйгээ нисэх юм аа. Ёстой л нөгөө нутагтаа чөлөөтэй давхина гэдэг шиг. Үе үе бараагүй алга болчих юм. Даваа давуут л хүлээгээд зогсож байна. Зорьсон айлдаа тухлан халуун хоол, цайнд бялуурах зуур орж ирсэн хүн бүр түүнтэй дотночлон яриа дэлгэж, “Цэцэг хүргэлтээ хийгээд л байна уу” гэж асууна. Сүхээ ах аймагтаа цэцэгт мэндчилгээний бизнес хийдэг ажээ. Цэцэг хүргэнэ, шүлэг уншина, хүсвэл шууд бичлэг (live) хийнэ, сошиалд нийтлүүлж болно, нийтлүүлэхгүй хувьдаа авсан ч болно. Аймгийнхаа олон нийтийн арга хэмжээний баяр дээр баяр нэмдэг буянтай хүн юм. Хажуугаар нь хэвлэлийн үйлчилгээ, сийлбэр, бэлэг дурсгалын зүйлс хийдэг болж таарав. Арвайхээрт байрлах ажлын өрөөгөө бидэнд үзүүлж, нутгийн ааруул болон өөрийн хийдэг сувинерээс бэлэглэв. Хоёр хүүдээ өөрийн гараар шатар хийж байгаа гээд урласан хөлгөө үзүүлэхэд нь өөрийн эрхгүй “Та чинь ямар олон төрлийн зүйл хийдэг юм бэ” гэж дуу алдав. Ийм их ажилтай байж бидэнд бүтэн хоёр өдрийг зориулсан гэхээр нөгөө л “Монгол хүний сайхан сэтгэл” гэдэг үг санаанд орно. Ирсэн гийчин буцдагийн адилаар бид хот руугаа буцах болов. Буцахаасаа өмнө хэдхэн минут кофе ууж суутал Сүхээ ахын үндсэн ажил нь идэвхтэн байгаль хамгаалагч, байгалийн гэрэл зурагчин гэдгийг мэдэв. Ийм зочны яриаг сэтгүүлч зүгээр өнгөрөөвөл алдас биз дээ. Ахаас зөвшөөрөл аваад цөөн хором ярилцаж амжсанаа уншигч танд хүргэе. 

  • Таны яриаг сонсоход олон төрлийн ажлыг зэрэг амжуулж, нийгмийн идэвхтэй амьдардаг бололтой. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач? 
  • Намайг Гансүхийн Сүхбаатар гэдэг. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод амьдардаг. Идэвхтэн байгаль хамгаалагч. Арвайхээр хотын хүүхдийн элч. Сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө олон зүйл хийхийг эрмэлздэг. Өөрийн гэсэн бие даасан ертөнцтэй, ямар нэгэн улс төрчийн болон намын харьяалалгүй. Залуу хүн өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн түмэн олныхоо буянаар амьдарч болохыг харуулахыг зорьдог энгийн нэгэн залуу байна даа. 
  • Яагаад байгаль хамгаалагч болсон тухайгаа ярьж болох уу. Бас идэвхтэн байгаль хамгаалагч гэдэг нь ямар учиртай вэ? 
  • Миний хувьд зураг зурах дуртай хүүхэд байлаа л даа. Үүнийг ээж анзаараад Оросын “Зенит” гээд гоё аппарат авч өгсөн юм. Тэгээд би гэрэл зурагт дурлаж эхэлсэн л дээ. Аппаратаа үүрээд зураг дарж явахдаа өвөг дээдсийн минь халуун амиараа үлдээсэн байгаль, газар шороог хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Жил ирэх тусам энэ зэрлэг ан амьтан, онгон дагшин байгалийг хадгалж үлдэх ёстой юм байна гэдэг мэдрэмжтэй. Тэгж бодлоо гээд шууд байгаль хамгаалах эрх өгөхгүй шүү дээ. Харин олон жил тасралтгүй хийсэн хөдөлмөр зүтгэлийг минь манай Байгаль орчны газар олж харсан учраас “Идэвхтэн байгаль хамгаалагч”-ийн үүргийг өгсөн болов уу гэж боддог. Миний хувьд энэ бол маш том шагнал, хариуцлага. Идэвхтэн байгаль хамгаалагч төрөөс цалин авдаггүй. Төсвийн байгууллагын ажилтан биш мөртлөө байгаль хамгаалагчийн бүрэн эрх үүрэгтэй хүнийг хэлж байгаа юм. Сайн дураараа энэ ажлыг хийдэг гэсэн үг. 

Байгальд зураг дараад явж байхад хүмүүс уусан ундааны саваа шууд хаясан байдаг. Тэрийг хэн ч ирж авахгүй шүү дээ. Тэндээ задрахгүй байж л байдаг. Тиймээс энэ тэрүүгээр явах бүрдээ л хог түүгээд, машиндаа ачаад явдаг. Очсон булаг шандны эргэн тойрныг цэвэрлэнэ. Нэг ширхэг чихрийн цаас ч байсан хэдэн мянган жил тухайн газартаа хор хөнөөл учруулдаг болохоор хүмүүсийг байгальд битгий хог хаяач ээ гэж уриалмаар байна.

  • Түрүүн хэлэхдээ 40 гаруй байгаль хамгаалах ажилд оролцсон гэлээ. Өөрөө санаачлаад хийдэг үү. Яг ямар төрлийн ажил хийдэг вэ? 
  • Ан амьтанд зориудаар буюу хүний оролцоотой тусламж, дэмжлэг үзүүлэхийг мэргэжлийн хэлээр биотехникийн ажил гэдэг. Манай аймагт 2020-2021 оны хооронд зудтай, зуншлага муутай, мал амьтан идэх тэжээлгүй хүнд жил гарсан юм. Тэр жил бид оны сүүлийн зураг авах гээд Баянхайрхан руу явсан юм. Арванхоёрдугаар сарын 31-нд гэсэн үг. Гэтэл намар зургийг нь авсан аргалийн сүрэг маань эцэж тураад, идэх хоолгүй болчихсон байсан. Бид дандаа л энэ гоё амьтдын зургийг нь авдаг байж яагаад нэг удаа эргүүлээд тусалж болдоггүй юм бэ. Хамт явсан зурагчидтайгаа энэ тухай яриад, нэг гишүүн нэг боодол өвс тавья гэдэг анхны санаа гарч байгаа юм. Он гараад долоон хоногийн дараа бид нэг, нэг боодол өвсөө аваад хайрхандаа аваачиж тавьсан. Аргаль идэх үгүйг нь мэдэхгүй л дээ. Зүгээр л туслах сэтгэлээр ууланд өвс тавиад, тэрийгээ бичлэг хийгээд цахим орчинд тавьчихсан. Хамгийн гоё нь долоон хоногийн дараа дахиж очоод үзтэл бидний тавьсан өвсийг юу ч үлдээлгүй идээд, өөрсдийнхөө хорголыг үлдээсэн байсан. Түүнийг хараад бид урам авсан тухайгаа нийтлэхэд сошиал орчинд давалгаа үүслээ. Эхлээд зурагчид байсан бол сүүлдээ хүн бүр “Би нэг боодол өвс өгье” гэж сайн дураараа оролцож байлаа. Бүх зүйл багийн ажиллагаа, хамтын ойлголт л доо. Тэрнээс би ганцаараа санаачилж хийгээд байгаа юм биш. Тэр жил би Монгол Улсад анх удаа 44 биотехникийн ажиллагаанд оролцсон хүн болсон юм билээ. Бүгд нэг чиглэлээр биш л дээ. “Мөнх ногоон хөтөч” ТББ-ын залуустай 10 удаа, “Аргалиа аваръя” аянгийн залуустай 10 удаа, аймгийн Байгаль орчны газартай хамтраад 10 удаа, “Гэрэл зургийн ангуучид” нийллэгийн залуустай 10 удаа гээд явсан байна. Эргээд харахад бахархалтай л санагддаг. Үр хойчдоо ийм амьтан байсан шүү гэж зураг үзүүлж байснаас илүү олон жил байлгахын төлөө үүнийг хийе гэдэг эрмэлзэл л байсан. 
  • Ирвэсийн зураг дарах мөчийг тань сонсоход сэтгэл хөдлөм байлаа. Тэр үеийн мэдрэмжээ дахин нэг удаа хуваалцаач? 
  • Ирвэс бол монголын төдийгүй дэлхийн гэрэл зурагчдын таарахыг хүсдэг амьтан л даа. Миний хувьд ч мөн адил ирвэсийн кадр буулгах мөрөөдөлтэй байлаа. Байгаль ээж цагийн юмыг цагт нь өгдөг юм байна гэдгийг өөрт тохиолдсон явдлаасаа ойлгосон. Байгаль хамгаалах ажил хийхээсээ өмнө ирвэсийн зурагт хоёр, гурван удаа явж байсан юм. Яг өөрийнх нь нутгаар явсан ч тааралдаагүй. Гэтэл биотехникийн ажлуудад оролцсоны дараа Баянтээл сумын Ямаан ус гэдэг газар санамсаргүй явж байгаад ээж ирвэсийг гурван гүентэй явж байхыг нь харсан. Нэг удаагийн явалтаар дөрвөн ирвэстэй таарсан нь үнэхээр аз. Хэдэн жил энэ амьтны зургийг дарахсан гээд мөрөөдөөд л байсан. Яг улаан нүүрээрээ тааралдахаар баярласан мэдрэмж байгаа хэрнээ маш том айдастай. Үнэхээр сонин мэдрэмж. Ёстой нөгөө “аймаар гоё” гэдэг чинь болоод байгаа юм. Өмнө нь чонотой таарахдаа ийм мэдрэмж авч байсан л даа. Гэхдээ чонотой таарахдаа машинтай явж байгаа болохоор гайгүй. Ирвэстэй таарахдаа явган яваа гэдэг утгаараа айдастай. Халз туллаа л гэсэн үг шүү дээ. Зураг авч байгаадаа баярласан хэрнээ дотор жихүүдэстэй. Энэ явдлаас би нэг л зүйлийг ойлгосон. Хүн байгаль дэлхийд ээлтэй, зөв харилцах юм бол зөрүүлээд ивээлээ хайрлана. Ямар ч зэрлэг амьтан байсан хүн өөрөө түрүүлж хор учруулахгүй бол ямар ч аюулт өртөхгүй гэдгийг ойлгодог болсон доо. 
  • Ирвэсийн зураг авахын тулд судалгаа хийж явахдаа олж мэдсэн сонирхолтой зүйлс бий юу? 
  • Араатны зураг авахдаа зурагчид судалгаа хийдэг л дээ. Ирвэстэй таарвал яах вэ, яаж амиа аврах вэ гээд л. Анчидтай уулзаж, ангийн номуудыг уншиж байж амьтны араас явж байгаа шүү дээ. Мэдээж 100 хувь найдвартай арга биш ч гэлээ мэдлэгтэй болоод явах нь чухал. Сонссон зүйлээ ярьж болно оо болно. Гэхдээ баттай, миний үзэж туулсан зүйл биш шүү. Анчид ингэж ярих юм билээ. Ирвэс бол мартамхай. Муурын төрлийн амьтан учраас өнгө ялгахдаа муу, хар цагаанаар хардаг. Хэрэв ирвэстэй халз тулаад, дайрах нь тодорхой нөхцөл байдал үүсвэл өөрийн зогсож байгаа газартаа ямар нэгэн зүйл үлдээгээд нуугд гэдэг зөвлөмж өгдөг. Ямар нэгэн гэдэг нь үүрч явсан цүнх, барьсан камер, гадуур хувцсаа ч юмуу.  Тэгээд аль болох хөдөлгөөнгүй, тайван, орилж хашхирахгүй байх. Учир нь ирвэс яг л онилсон газар руугаа үсэрч буудаг гэж үздэг. 
  • Зургийг нь өөртөө авч үлдсэн хамгийн ховор амьтан юу вэ? 
  • Дэлхийн гэрэл зурагчдын сонирхдог “нохой зээх” гэж амьтан бий. Манай улсад байдаг аймшигтай араатнуудын нэг. Миний хувьд зургийг нь авахаар зорьж хөөцөлдөж байгаагүй. Нэг удаа Өвөрхангай аймгийн Уянга сумын Ногоон нууранд байгалийн зураг дарж яваад тааралдаж байлаа. Тухайн үедээ би нохой зээх гэж мэдээгүй байхдаа гурав, дөрвөн кадр дарчихсан. Аюултай амьтан гэж төсөөлөөгүй, тайван байхдаа гоё агшнуудыг аваад, над руу дөхөөд ирэхээр айж байгаа юм. Газар нэг мөчир байна даа, энэ мод өөр авирвал болох нь гээд зогсож байтал хамт явсан улсын чимээ гараад, өнөө амьтан дөлөөд явчихсан. Ямар амьтны зураг авснаа мэдэхгүй болохоор сошиалд байршуулсан юм. Хүмүүс шууд л “Нохой зээх байна шүү дээ, ямар азтай юм бэ. Өөрөө зүгээр үү” гэж шуугиж эхэлсэн. Зургаа аваад гэртээ ирснийхээ дараа айх мэдрэмжээ авч байгаа юм. Лавшруулж судлаад үзсэн чинь гурван чоноос хоол булааж идсэн бичлэг олж үзэв. Зургийг харахад баавгай шиг хэрнээ сармагчингаас илүү мод өөд авирдаг. Бидний мэдэх X-Men киноны төмөр гурван сарвуутай Wolverine баатрын дүр. Урд хоёр гар нь асар хүчирхэг, гайхалтай дайчин амьтан. 
  • Аргалийн сүрэг идээшилж байхад нэг нь манаанд гардаг гэлээ шүү дээ. Та хэр удаан ажиглаж байж мэдсэн бэ? 
  • Биотехникийн ажил хийхээсээ өмнө ан амьдтын зурганд дандаа явдаг. Тэр явцад камерын дурангийн араас амьтдын амьдралыг ойлгочхож байгаа юм. Аргаль сүргээрээ амьдардаг. Аль нэг аргаль нь харуул хийдэг. Харуулд гарсан аргаль ямар ч үед идээшилж, өөр үйлдэл хийхгүй. Зөвхөн алсыг харуулдаад ямар ч хөдөлгөөнгүй зогсдог. Аюул ирвэл харуул бусдадаа дохио өгөөд бөөгнөрч зугтдаг гээд л. Миний хувьд амьтдын тайван орших үед зургийг нь авах дуртай. Үргээхгүй, цочоохгүй, араас нь хөөхгүй. Давхиж байгаа амьтдын зураг харахаар гоё санагддаг байсан л даа. Тэгсэн миний аргалийн зургийг харсан нэг ах “Амьтад нь тайван, айдасгүй байна. Энэ ямар сайн зурагчин бэ” гэж хэлсэн. Тэр сэтгэгдэл надад урам өгч, аядуу тайван зураг авахыг илүү хичээдэг болсон.  
  • Гэрэл зурагчны хувьд дандаа тааралдсан ч уйддаггүй, үргэлж зургийг нь авах дуртай амьтан юу вэ? 
  • Шувууны ертөнц. Ямар гоё гэж санана аа. Зөвхөн манай улсад гэхэд гурван тэрбум төрлийн шувуу бидэнтэй зэрэгцэн оршиж байна. 
  • Тэрбум аа?
  • Тийм ээ. Түм буман шувуу бидний дунд амьдарч байдаг. Бид үүнийг мэддэггүй юм билээ. Тиймээс сүүлийн жилүүдэд шувуу ажиглагч болсон. Шувуу судлалын ажиглалтын ebirds гээд аппликэйшн байдаг юм. Шувууд ирж, буцаж байгаа цаг хугацааг тэмдэглээд, зурагтай нь оруулдаг. Анх би сайн мэдэхгүй болохоор шувуу бүртгэдэг юм байна л гэж бодсон. Гэтэл Өвөрхангай аймагт хамгийн их шувуу ажигласан хүн нь гадаадын иргэн байсан. Би энэ нутгийн хүн. Бас гэрэл зураг авдаг. Гэтэл яагаад энэ рекордыг бид бид өөр орны хүн эзэмшиж байгаа юм гэдэг сэдлээр гурван жил шувуу ажигласан. Өмнө нь шувууны зураг авдаг байсан л даа. Гэхдээ энэ удаад бүртгэл хийгээд, зорилготой судалж эхэлсэн юм. Гэтэл ebirds зүгээр нэг бүртгэл байгаагүй. Ямар шувуу аль сард хэдэн тоогоор ирэв гэдэг нь дэлхийн дулаарал, тэр жилийн зуны халуун хүйтэн, тухайн орны цаг уурт яаж нөлөөлөв гэдгийг харуулсан дэлхийн бүх орны шувууны нэгдсэн санг бүрдүүлдэг аппликэйшн байсан. Шувуу ажигладаг дүүтэйгээ хамт гурван жил ажиглаад 200 гаран шувуу бүртгүүлж, Өвөрхангай аймагт хамгийн их шувуу ажигласан эхний хоёр хүн болсон юм. Тухайн үедээ би нэгдүгээрт байсан. Магадгүй одоо манай дүү нэгт яваа байх.
  • Байгалийн зурагчин хүний амьдрал сонирхолтой юм. Камераа үүрч, хоолоо бэлдээд л гэрээсээ гарах уу? 
  • Ихэнхдээ ганцаараа явна. Байнгын замд гарахад бэлэн. Машин маань миний гэр болчихдог. Арын суудлаа буулгаад унтчихдаг болохоор машины ард хөнжил пүүгээ, аяны хэрэгсэл бүгд бий. Ямар ч үед 3-7 хоног явах аранз бэлэн байдаг. Машинаараа дөхөж очно, машиндаа унтана. Бусдаар бол камераа үүрээд алхана. Заримдаа нэг өдөрт 30 гаран километр алхах ч тохиолдол бий. Яг хобби хөдлөөд, амьтны араас явж байхад хоол бараг л бодогдохгүй дээ. Ус л байхад болчихно. Байгаль өөрөө баян. Ам болгон устай, ургамал жимсээ түүгээд идчихнэ. Зорьсондоо хүрээд, зургаа дарсны араас өлсөх, гэрээ санах мэдрэмж төрдөг. Гэртээ харьсан хойноо ядарснаа мэдэрдэг. Тэр болтол яах ч үгүй. 
  • Байгаль хамгаалах ажил хийж явахад үүсдэг хамгийн хүндрэлтэй асуудал юу вэ?
  • Уул уурхай дагаад асуудал бий л дээ. Гэхдээ хамгийн том нь шонхор шувуу хэтрүүлэн агнаж буй хүмүүстэй нүүр тулах. Хуулийн дагуу зөвшөөрсөн хэмжээгээр буюу 300 шонхор бариад явбал би тоохгүй шүү дээ. Гэтэл 300 шонхор нэрийн дор 3000 шонхор бариад, 3000 шонхор дагасан тэр олон тагтаа, ногтруу шувуу хохироод байж болохгүй биз дээ. Нэмээд тэр олон жийп машины байгаль тахалж буй байдал, гуу жалга болгонд дүүрсэн хогийг зүгээр хараад сууж болох юмуу. Үнэхээр тэр хүмүүс хуулийн дагуух тоогоор шувуугаа агнаад, хогоо аваад явчихдаг бол хамаа алга. Харин хууль бусаад их хэмжээний шувуу агнаад, байгаль сүйтгээд байгаад л бухимддаг. Тэрнээс шонхор агнахыг эсэргүүцээд байгаа зүйл огт байхгүй. 

Байгаль хамгаалагч нар ямар ч зэвсэггүй явдаг. Хувцас, хэрэглэл нь ч хангалттай биш. Холбох хэрэгсэл, технологийн шийдэл байхгүй дээ. Үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг. Тэгсэн ч эх орноо хамгаална гэсэн зориг, омогшлоор л өдөр шөнөгүй хээрээр явдаг. Жинхэнэ эх орончид бол байгаль хамгаалагч нар. 

ТАЛХ ХЭД БОЛСОН БЭ | Гол нэрийн барааны долоо хоногийн дундаж үнийн өөрчлөлт
+UPDATE | Англи хэл дээр үнэгүй ном унших боломжтой ЗУРГААН ШИЛДЭГ САЙТ
Үржлийн улиралд загас агнах, барихыг хориглоно
II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
“Huawei” компанитай хамтарч ажиллах Ажлын хэсгийг Ц.Баатархүү ахална
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦАГ ҮЕ
Аядуухан суугаад уншлаа, ай тавдугаар сар аа гэж…
From INNA
GenZ АЖИГЛАГЧ | Хотын асуудлууд шийдэгдээсэй л гэж найдъя, бусдаар “тийрэлт, тийрэлт”
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?