HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
GenZ АЖИГЛАГЧ

GenZ ажиглагч | Чуулганы танхимд оруулаад өгье, оюунт тархиа асаагаад хэн нь хэн бэ гэдгийг шинжээрэй

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 04 сарын 06

Н.Учрал: Танилцуулга аа унших уу..

С.Бямбацогт: Уншина байх аа, уншина тийм ээ.. 

Томилогдоод удаагүй УИХ-ын дарга ажилдаа дасаагүй болтой байна. Шинэ ажилд орохоор нэг иймэрхүү л байдаг даа гэмээр хандлагыг С.Бямбацогтоос харав. Гишүүдийн нэрийг бүртгээд, ээлж дараагаар нь микрофоныг нь нээж хаах, чуулганы танхимын уур амьсгалыг авч явах хүн нь УИХ-ын дарга юм байна. Түүний зүүн гар талд суусан Ерөнхий сайдын царай “төв” байх бөгөөд, миний бүрэн эрх гэж байн байн хэлэх нь түгшүүртэй байлаа. 

Фэйсбүүк болон X-ээс жижиглэж тасалсан бичлэг, гарчигаар хийсэн постер хараад чуулганыг ойлголоо гэж бодох өрөөсгөл юм билээ. Ерөнхий сайдын хэлсэн албан үгийг хасаад гурван цагийн чуулганы хуралдааныг бичгээр буулгахад A4 хэмжээгээр 31 нүүр болов. Тэр олон хүний урт цагийн яриаг хэдэн постер, богино минутын бичлэг үзээд бүрэн ойлгохгүй шүү дээ. Уншигч таныг яг л чуулганы танхимд суугаад сонсож байгаа мэтээр хялбар найруулан бичихийг хичээлээ. Гурван цаг зориулаад чуулган сонсох хугацаа хүн бүрд байхгүй. Харин багахан цаг зарцуулаад энэ улсад юу болоод байгааг уншиж, иргэний оролцоо гаргахыг уриалж байна. Гишүүдийн ярианаас дур мэдэн хассан, нэмсэн, дүгнэсэн хэсэг байхгүй тул та өөрийн оюунаар шүүн тунгаагаарай. 

Ерөнхий сайдын үг хэлсэн хэсгийг унших бол – https://humanz.mn/?p=31774

УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж : МАН-ын хулгай ЖДҮ-ийн сангаар эхэлсэн. Нүүрсний хулгай, хөгжлийн банкны хулгай. Оффтейк гэрээ, тендерийн хулгай. Төмөр замын хулгай, боловсролын зээлийн сангийн хулгай. Ногоон автобусны хулгай гээд маш олон. Сая МАН-ынхан хоорондоо хэрэлдэхдээ миний өнгөрсөн жилүүдийн хэлсэн үгүүдийг хоорондоо тавьж байгаад заргалдаж байна лээ. Энэ нь миний хэлсэн зүйлс үнэн гэдгийг баталсан гэсэн үг. Ковидын хулгай 20 их наядын хохиролтой. Нүүрсний хулгай дөнгөж эхэлж байж үед долоон их наядын хохиролтой гээд ярьж байж. Машинаар усаа зөөдөг 3,2тэрбум төгрөгийн усан сан гээд л. Хулгайдаа цадсан та нарыг харж байхад Бодийн 120 саяыг ингэж, ингэж хуваасан. Оюу толгойн 20 сая долларыг ингэж шамшигдуулсан гээд л хоорондоо бүр улаан цагаан. Ард түмнийг цагаан цаас гэж харж байгаад л маргалдчих юм. Ардын намын жирийн гишүүдийн нүүрийг энэ урдуур байгаа хэдхэн нөхөд түлж байгаа шүү дээ. Ерөөсөө хоорондоо барьцаалагдчихсан. Чи миний оффтэйк гэрээг ярьж байна уу. Тэгвэл чиний ковидын хулгай байгаа шүү гэхээр л “за хоёулаа болье” гээд л хулгайгаа нуудаг. Тамираа тасартал хэрэлдэж байсан нөхөд өнөөдөр сайхан инээлдчихсэн, ямар жаргалтай байна аа та нар. Авлигачдаа 40 сая төгрөгөөр торгодог, 2,3 хан жилээр ялладаг. Хоёр жилээр яллагдсан тэр нөхөр 24 тэрбумын маркны цуглуулгатай шүү дээ. 2028 онд ард түмэн та нарт дүнгээ тавина аа. Ардчилсан нам олуулаа болно оо. Олуулаа болчихоод нэг л зүйлийг хийнэ. Хариуцлага тооцно. Та нарыг бүгдэнг чинь 461 дүгээр ангийн нэг камерт аваачиж хорино оо. Заавал ял өгнө. Ял өгчихөөд ногоон автобусаар чинь Мааньтын чанга дэглэмтэй хориход аваачиж үлдсэн насыг чинь өнгөрөөнө өө. Бас нэг зүйл мартчихаж. Ногоон автобусанд гурван суудал авна. Ардын намаас Ардчилсан намд тавьсан гурван БЭТ-ийг (Бүрэн эрхт төлөөлөгч) хамт ачина.

Энэ үгийн дараа УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдийг бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй, ёс зүйтэй байхыг анхааруулав. 

УИХ-ын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд: 21 сарын дотор МАН-ын тэргүүлсэн Засгийн газар 63 дах сайдаа оруулж ирж байна. Дэд сайдтайгаа 80 сайд. 2024 оноос хойш одоогийн гарч байгаа 19 сайдаас 12 нь ямар нэгэн байдлаар сайдын албан тушаал хашиж байжээ. Учрал даргаас асуулт асууя. Нэгдүгээр асуулт. Та сая үг хэлэхдээ “Тухайн ажил үүргийг гүйцэлдүүлэхэд хуримтлуулсан туршлага, мэдлэгийг тухайн албан тушаалд томилох үндэслэл” гэж хэллээ. Бидэнд тараасан цаасан дээр дөрвөн үндэслэл байна. Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чадвар, танхимаар ажиллах чадвар, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар гээд. Яагаад үүн дээр ёс зүйн шаардлага тавихгүй байгаа юм бэ. Яагаад гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, АТГ болон хууль шүүхийн байгууллагаар асуудал нь явж байгаа эсэх шалгуур тавихгүй байгаа юм бэ. Яагаад хувийн ашиг сонирхлын зөрчилд орж байсан эсэх, нэр цэвэр байдлын шалгуур тавихгүй байгаа юм. Яагаад ард түмний хүсэж байгаа шударга ёсыг сахиулахад ус, агаар мэт хэрэгтэй байгаа шалгууруудыг ерөнхий сайд тавихгүй байгаа юм бэ. Хоёрдугаар асуулт. Та нэр дэвшүүлж байгаа 19 сайддаа хэчнээн хувийн итгэл үнэмшилтэй, сэтгэл хангалуун байгаа юм бэ. Бүгдэд нь 100 хувийн сэтгэл хангалуун байгаа юмуу, эсвэл танд ямар нэгэн улс төрийн дарамт шахалтад орсон хүнд нөхцөл байгаа юмуу. Түүх нэг л удаа явдаг шүү дээ. Танд асар их хүн итгэж, Учрал сүүлчийн найдвар боллоо гэж иргэд ярьж байгааг чуулганы танхимд өчнөөн хүн хэлсэн. 72 хон цагийн өмнө буюу гуравдугаар сарын 30-ны өдөр таныг томилогдоход манай Ардчилсан намаас олон хүн дэмжсэн. Оруулж ирж байгаа Засгийн газар чинь ямар учиртай юм бэ. Тухайн салбартаа мэргэшсэн байх гэдэг шалгуур бий. Тэр салбарт ажиллах нь байтугай хараад цочихоор хүмүүс орж ирж байна. Тэр салбарынх нь хүмүүсийг доромжилж байгаа юмуу. Сайн менежер байж болно л доо. Гэхдээ улс төрийн наймаа, тохироо чинь ийм ил цагаан гаарч, иргэдийн хүсэл бодлыг уландаа гишгэж, салбар болон мэргэжлийнхэний, олон жил хичээл зүтгэл гаргаж ирсэн хүмүүсийн урмыг хугалах төвшинд явж болж байгаа юм уу. Та бол наяад оноос гарсан хоёр дахь ерөнхий сайд. Залуучууд айдасгүй засгаа байгуулаад, эрчтэй шийдвэр гаргаад явна гэсэн итгэл үнэмшил ард түмэнд байгаа шүү дээ. Эдгээр асуултын ерөнхий сайдаас асууя. Нөгөө талаас, сайд болох гээд нэрээ дэвшүүлээд орж ирж байгаа зарим нэгэн хүмүүс ичих хэрэгтэй шт. Эхлээд тодорхой асуудлаа шалгадаг газарт нь шалгуулаад, нэр усаа цэвэрлээд, гэм буруугаа шүүхээр тогтоолгочихоод ирэх хэрэгтэй. Нөгөө олон хулгай луйвар чинь тэгээд жүжиг байсан юм уу. Ард түмнийг талцуулах хэрүүлийн алим байсан юм уу. Хоёрдугаарт, тухайн салбарын мэдлэг, мэргэжилгүй хүмүүс нь шууд нэрээ тат л даа. Сайдын заяанд төрчихсөн юм шиг. Бид нар ямар улсаар тоглож, өв залгамжлагч нараар энэ парламентыг доромжлуулах гэж байгаа юмуу. Тийм юм байхгүй шүү. 

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал: Монгол Улсын Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх бол кабинетаа өөрөө бүрдүүлэх. Энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тухайн үед би өөрөө батлалцаж байсан гишүүдийн нэг. Энэ удаагийн кабинетыг бүрдүүлэхдээ нэгдүгээрт ёс зүйн асуудлыг тавьсан. АТГ урьдчилан мэдүүлэг авдаг. Цаашдаа ч гэсэн ёс зүйн сахилга хариуцлага шаардаж ажиллана. Ерөнхий сайдад хуулиар олгогдсон бас нэг бүрэн эрх бол сайд нараа хэний ч хамааралгүйгээр цаг хугацаа алдалгүй шууд чөлөөлөх. Тийм учраас ажилдаа хариуцлагагүй хандсан, ёс зүйн зөрчил гаргасан, кабинетын зарчим алдсан, шуурхай ажиллаж чадаагүй сайд нарыг тухай бүрд нь чөлөөлөөд, арга хэмжээ аваад явна. УИХ-ын гишүүдийн хэлж, ярьж байгаа үгийг сайд нар сайн сонсох ёстой. Дөнгөж томилогдож байгаа учраас дүгнэж, энэ засгаас ямар үр дүн гарах бол гээд л урьдчилж яриад байх зохимжгүй. Бид үр дүн харуулах нь зөв гэж үзэж байгаа. Тэгэхээр ажлын үр дүнгээр дүгнэ, хяналтаа тавь. Энэ эрх нь УИХ-д байгаа. Би олон лоозон ярьж хүмүүсийг залхаахыг хүсэхгүй байна. Ажлаараа харуулна. Миний бодлого тодорхой. Энэ засгийн газар бол эрх чөлөөний төлөөх байна. Бидний үеийн хүсдэг нийгэм, хүнд суртал, дүрэм журам, гох дэгээ, саад тотгор учруулаад байгаа асуудлуудыг чөлөөлөх эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт гэсэн бодлогоо хэрэгжүүлнэ. Тиймдээ ч салбарын сайд нарыг сонгохдоо төрийн ажлыг хашиж байсан байдал, хурдан шуурхай байдал, тэрнээс гадна ажилдаа очоод шинээр сураад байх биш. Аймаг, дүүрэг удирдаж, анхан шатанд ажиллаж, олон нийтийн байгууллагыг удирдаж байсан гээд олон шаардлагыг тавьсан. Салбарын сайд бол бусдаар ажлыг хариуцлагатай хийлгэж чаддаг менежер байх ёстой. Тиймээс салбарын менежерүүд ажилдаа цаг алдалгүй ороод, үр дүн дээр нь та бүхнээр хяналт тавиулна. Өнөөдөр шууд дүгнэх хэцүү байна. Анхан шатанд ард түмний амьдралыг ойлгодог, ажиллаж байсан туршлагатай кабинет бүрдүүлэхийг хичээлээ. 

УИХ-ын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд: Та чөлөөлөх гээд яриад байгаа. Дөрвөн чөлөөлөлт, эрх чөлөөний дөрвөн зам гээд. Гэхдээ яг энэ танхимд чинь чөдөрлөхөөр хүмүүс орж ирсэн байна. Чөлөөлөлт биш чөдөрлөлт болж байна. Богочоо, ногт, өрөөл. Залсан бурхан шиг хэдэн нөхдүүд яаж ийж байгаад ороод ирдэг. Уг нь эрх баригч МАН-д боловсролтой, чадалтай, итгэл үнэмшилтэй залуучууд байна. Тэдний урдуур боломж бүхнийг дээрэмддэг, бяралхаад, дээрэлхээд сурчихсан хэдэн гар орж ирж байна. Тийм учраас ерөнхий сайд цаашдаа энэ сайдууддаа өндөр шаардлага тавьдаг байх ёстой. Бид нар асуудал хэлэлцэхээр сайд нар ирдэггүй. Хотоос ч ирдэггүй, засгаас ч ирдэггүй. Гуйж байж орж ирдэг. Ажлын хэсгийн хурлаас эхлээд өчнөөн хурал хойшилдог. Биднээс санал хураахгүй учраас хэлж байна л даа. Ил тод, ёс зүй, хуулийн хариуцлагатай холбоотой шаардлагаа тавьж яваарай. 

УИХ-ын гишүүн Өлзийхүүгийн Шижир: Хонь хурга нийлчихсэн юм шиг холион бантан болсон Засгийн газрын бүрэлдэхүүн орж ирлээ. Учрал сайдад жаахан урам хугарч байна. Яг одоо энд байгаа сонгогдсон 68 гишүүнээс 41 нь ямар нэгэн байдлаар сайд хийж үзсэн хүмүүс байна. Бараг л жагсаалтын хэдээс бусад нь. Хэдхэн хоногийн өмнө бие биенийхээ хулгай дээрэм, тонуул, хүн амь гээд байж болох бүх гэмт хэргийг ярьж байсан хүмүүс өнөөдөр нэг засагт мөр зэрэгцээд, инээд алдаад сууж байна шт, та хэд. Өнгөрсөн саруудад цүнх цүнхээр мөнгө зөөсөн гэмт хэргүүд чинь хайччихсан бэ. Ингээд эвлэрээд байх юмуу гэдгийг Хууль зүйн сайд болох хүнээс асуумаар байна. Та нар яруу тодоор нэгнээ ярьж өгсөн шүү дээ. Би гэрчилнэ ээ, би гэрчилнэ ээ л гээд байсан. Одоо эвлэрээд нэг танхимд суучихлаа. Монгол Улсын төрийн түүхэнд анх удаа яам нь сайдгүй, дэд сайдгүй, үүрэг гүйцэтгэгчгүй тав хонолоо. Та нар энэ хугацаанд төрөөр ингэж тоглолоо гэсэн үг. Энэ таван хоногийн хугацаанд та нар хоорондоо эвлэрээд сууж байхдаа махны үнэ 31 мянган төгрөг давсаныг, бензиний үнэ өсөх тухай, иргэдийн худалдан авалт буурч, амьдрал хэцүүдэж байгаа тухай нэг ч үг хэлээгүй шүү. Харин төрд байгаа хэдэн албан тушаалыг, яам тамгын газруудыг, мөнгөтэй газруудыг хэний бүлэглэл нь яаж хувааж авах вэ гэдгийг ярьж л тав хоносон. Энэ бол бодит үнэн. Таван хоног төрийн ажлыг, засгийн газрын ажлыг бүтэн гацаалаа. Бизнес эрхлэгчид та хэдийг бүлтийтлээ хараад сууж байгаа шт. Төрийн ажил юу болох бол, хэзээ жигдрэх бол, хэн ирж ажил урагшлах бол гээд. Энэ итгэл найдвар бүгд нуран уналаа. УИХ-ын шинэ дарга хэлсэн үгэндээ “Хариуцлага нэхдэг, хүлээлгэдэг дэг журам байхгүй болсон байна” гэх юм. Та нар засаг бариад 10 жил болж байгаа шт. Сонгууль болохоор л иргэдийг санадаг. Бусад үед нь таг мартдаг. Ийм л засгийн газар, ийм л нам болсон байна. Хэнээс юу асуугаад, хэнд юу хэлээд байгаа юм бэ. Шинэ засгийн газар нь хэмнэлтээс эхлэх ёстой гэж бодож байна. Тэгэхгүй бол бензин, өргөн хэрэглээний бараа материалын үнэ өслөө. Засгийн газар хэмнэх ёстой. “Нэг байгууллага – Нэг машин” гэдэг уриалга гаргаж байна. 2,2их наядын машинтай. Төрийн байгууллагууд 2020 оноос хойш 225 тэрбум 631 сая төгрөгийг зөвхөн бензин шатахуунд зарцуулсан байна. Мөнгөгүй гээд байгаагүй билүү. Ганцхан километрийн радиуст бүгдээрээ том, том жийп унаад явах юм. Хоёрдугаарт, ний нуугүй хэлэхэд хулгайд том жижиг гэж байхгүй ээ. Өнгөрсөн 10 жилийн бүх хулгай та нартай холбогдоно. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүмүүс хуу хамчихаад суудлаасаа буухдаа унаж байсан машины дугаараа хулгайлаад явж байгаа шт. 0007 УНҮ гэдэг төрийн тусгай хамгаалалтын дугаар Санжийн Баяр дээр байгаа. 0008 УНҮ гэдэг дугаар танай намын дарга байсан Батболд дээр байгаа. 0012 УНҮ гэсэн дугаар танай намын дарга асан Миеэгомбын Энхболд дээр байгаа. Ядаж машины дугаар хулгайлахаа болиоч. Ямар ичдэггүй юм бэ. Хэдэн зуун сая доллар хуу хамсанаа та нар хоорондоо яриад байгаа шүү дээ. Хэн хэн яаж хулгайлснаа гэрчилээд байгаа шт. Тэгээд ядаж машины дугаарыг нь төрийн тусгай хамгаалалтын байгууллагад нь үлдээгээч ээ. Ичиж зовдоггүй юмуу. Би дахиад хэлье, өнгөрсөн сард бүгдээрээ гэмт хэрэгтэй олон ангид кино үзлээ. Одоо эвлэрээд, мөрөө алгадаад, нэг танхимд хамт суух юм байна л даа. 

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал: “Тав хоног сайдгүй байхад ажил гацлаа” гэж Шижир гишүүн хариуцлагатай үг хэлж байна аа. Энэ гацааг үргэлжлүүлэхгүйн тулд засгаа бүрдүүлж байна. Тиймээс сандал суудал биш, санал шийдэл ярьдаг. Улс төр биш ажил хийдэг, гацаадаг биш гарц гаргадаг засгийн газар байхыг хичээнэ. Элдэв янзын энтертайнмент попрол байхгүй. Миний хувьд ажил авсан бол хариуцлагатай хандаж, үр дүн гаргахыг хичээж ирсэн. Тэр зарчимаа л барина. Энэ хурдыг, бүтээмжийг манай сайд нар кабинетын зарчимаар дагаж, хамтарч ажиллана гэдэгт би итгэдэг. Хариуцлага, ёс зүй бол нэгдүгээр асуудал. Тиймээс хариуцлага алдсан, салбараа удирдаж чадаагүй, манлайлал үзүүлээгүй бол толгойг нь илэхгүй. Шат шатанд нь хариуцлага тооцоод явна гэдгийг танд хариуцлагатайгаар хэлье. Улс төрд удаан явсан, олон жил их хурлын гишүүнээр сонгогдсон, анхан шатанд ажиллаж байсан, улс төрчид нийгэмд ил байгаа учраас иргэд эрүүлээр харж шүүмжилдэг. Улс төрд удаан явсан хүн цагаан нэртэй байх боломж төдийлөн байдаггүй шиг байгаа юм. Ялангуяа, мэдээллийн эрин зуунд бол шүүмжлэх нь нээлттэй болсон. Ер нь гүйцэтгэх засаглалын ажил бол ярьдаг биш барьж аваад гүйцэтгэдэг ажил. Үр дүнгээрээ ажлаа үнэлүүлдэг. Гоё сайхан ярихдаа биш. Тэгэхээр манай засгийн газар бол зөвхөн ажлын үр дүнгээрээ үнэлүүлнэ. Их хурлын эрхэм гишүүд та бүхнийг эрүүлээр шүүмжилж, болохгүйг нь болохгүй гэж, зөвийг нь зөв гэж хэлээд хамтарч ажиллахыг хүсэж байна. Манай сайдууд ч гэсэн үнэн байхыг эрхэмлэнэ. Чадахгүй зүйлээ чадахгүйгээр нь хэлж, чадах зүйлээ чадна аа гээд урагшлуулах ёстой. Олон жил улс төржлөө. Би засгийн газрынхаа тогтвортой байдлыг хангахыг нэгдүгээрт эрхэмлэсэн. Одоо бидэнд сандал суудал яриад сууж байх эрх алга. Дэлхий нийтэд үүсээд байгаа асуудал, түлш шатахууны нэмэгдэл ард түмний амьдралд тулгараад байгаа үнийн өсөлтийг бий болгоно. Бид сандал суудал биш санал шийдлээ ярьж урагшлах ёстой. Кабинтет доллар шиг хүн бүрд таалагдах албагүй. Манай кабинет зөвхөн үнэнийг ярина. Ажил хэрэгч байна. Энтертайнмент попролоос холдоно. Ажлаа хийнэ. Бага ярина. Ажлаа үр дүнгээрээ үнэлүүлнэ гэдгийг л хэлье. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Сайнбуянгийн Амарсайхан: Төрт ёс, хууль журам, ёс суртахуун гэдэг зүйлийг нэгдүгээрт тавьж ажиллана аа. Хоёрдугаарт, шүүхээр нотлогдоогүй, эцэслэгдээгүй гэмт хэрэг, хэн нэгний хардлага сэрдлэг, гүтгэлэг, эсвэл гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг урьдчилан хэн нэгэн нь ялладаг, эсвэл шүүх хуулийн байгууллага юм шиг загнадаг хандлагыг нийгэмд өөрчлөх ёстой гэж үзэж байна. Гуравдугаарт, мэдээж шүүмжилж болно, гүтгэж болохгүй. Хардаж болно, доромжилж болохгүй. Тийм учраас нийгэмд үнэхээр хууль журам нь байхгүй болчихсон юмуу, эсвэл бүгд хулгайч дээрэмчнээр дүүрчихсэн юмуу, эсвэл гүтгэлэг доромжлолоор дүүрчихсэн юмуу гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Шижир гишүүний ярьж байгаа асуудал дээр ямар ч мэдээлэл алга байна. Дараа тодорхой тайлбар өгч болох байх гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Өлзийхүүгийн Шижир: Би яриагүй ээ. Хэн нэгэн зохиож ярьсан ч юм биш. Таны нэг засагт хамт суух гэж байгаа наад хүмүүс чинь хэвлэл мэдээллийн хэрэгслээр, олон нийтийн сүлжээгээр нэгнийгээ илчилсэн юм. Тиймээс та надаас асуулт асуух хэрэггүй ээ. Дэлхий нийтээр геополитикийн нөхцөл байдал хүндэрч, түлш шатахууны үнэ нэмэгдэх гэж байна. Тэгэхэд та нар яс булаацалдсан ноход шиг хэд хоног хоорондоо зодолдлоо. Цаашдаа үнийн өсөлт дээр яах вэ. Манай улс алт, зэс, нүүрс гээд гуравхан зүйл зардаг. Үүн дээр аж үйлдвэрийн яам нь ямар бодлоготой байгаа юм. Нөгөө хэдэн цаасаа эргүүлж тойруулж хараад суух юмуу. Эрс шийдэмгий бодлого хийх юмуу. Тодорхой хариулт авмаар байна. Нэг талаас өрөвдөлтэй юмаа даа. Хэдэн биенийхээ хулгайг яриад, юу ч болоогүй юм шиг нэг засагт тэврэлдээд сууж байгааг нь харах. 

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням: Шижир гишүүний асуултад хариулъя. Манай улс байгалийн баялгийн олборлох салбараас хамааралтай эдийн засагтай. Харамсалтай нь бидний буруу, зөв популизмаас шалтгаалж энэ салбараа хөгжиж дэвших ямар ч боломжгүй болгочихсон. Тийм учраас өмнөх засгийн газрын үед боловсруулж бэлэн болгоод, яамдаас бүх саналаа авчихсан байгаа Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг яаралтай УИХ-д өргөн барьж, хайгуул хөрөнгө оруулалтыг татах, шинэ мөнгө оруулж ирэх, тэр дундаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг оновчтой болгох, зэсийн салбарын АМНАТ-ыг бодитой болгох, бусад шинэ төслүүдийг хөдөлгөх боломжийг нээсэн хууль орж ирнэ. Бид ухаад шууд экспортлодог орон. Харин одоо бидний хувьд олборлосон түүхий эдээ ядаж хагас боловсруулна. улсын хэмжээнд Биржийн тухай хуулийн нөхцөл байдлаас шалтгаалаад 47 боловсруулах үйлдвэр хаалттай байна. Энийг нээнэ. Дотоодын борлуулалтыг зөвшөөрнө. АМНАТ-ыг шударга, зөв болгоно. Үүнд чиглэсэн өөрчлөлтүүд болон Хүнд үйлдвэрийн тухай хууль орж ирнэ. Хүнд үйлдвэрийн тухай хууль бол Монгол оронд үгүйлэгдэж байгаа боловсруулах, үйлдвэрлэх салбарыг хөгжүүлэх бодлоготой, хөрөнгө оруулалтыг татах чиглэлтэй. Ган хайлуулах үйлдвэрийн төсөл, Зэс хайлуулах үйлдвэрийн төсөл, Алт боловсруулах үйлдвэрийн төсөл, Хөнгөн цагааны хайлш бэлтгэх үйлдвэрийн төсөл явна. Зарим нь тендер зарлагдсан яваа. Зарим нь тун удахгүй зарлагдахад бэлэн болчихсон явж байна. 

УИХ-ын гишүүн Саруулсайханы Цэнгүүн: 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа хэрэгжих болоогүй юм байна гэдгийг өнөөдрийн томилгооноос харлаа. Асар харамсалтай байна л даа. Учрал ерөнхий сайдыг өөрийнхөө багийг бүрдүүлээд, залуу хүний хувьд эрс шинэчлэл хийгээд ажиллах болов уу гэсэн хүлээлттэйгээр Ерөнхий сайд болохыг нь дэмжсэн. Гэхдээ энэ баг бүрэлдэхүүнийг хараад танай засгийн газрын дэмжиж ажиллаж чадахгүй гэдэг дүгнэлтэд хүрлээ. Б.Энхбаяр сайдаас асуумаар байна. Таны эхлүүлсэн тэр олон хулгайн ажлыг чинь сайд болохоор сууж байгаа С.Амарсайхан үргэлжлүүлж явах болов уу. Та юу гэж бодож байна. Таван жил тасралтгүй ажилласан Б.Жавхлан сайд ажлаа өгч байна.  Үргэлжлүүлээд санхүүгийн баланс уншиж чаддаг, мэргэжлийн, туршлагатай хүн МАН-д байдаггүй юмуу. Б.Чойжилсүрэн сайд ажлаа өгсөнд баяртай байна. Болно доо, аргална даа гээд станц дээр ламаар ном уншуулдаг байдлаасаа гарах болов уу гэдэг хүлээлт үүслээ. Б.Найдалаа гишүүн томилогдвол эрчим хүчний салбарт эрс шинэчлэлийг зоригтой хийгээсэй гэж хүсэж байна. Яагаад вэ гэвэл, төрийн өмчит компаниуд дээр нь үүрлэсэн ажлын байрны давхардал, ажил хийдэггүй хэрнээ цалин аваад явдаг хүмүүсийг цомхотго гээд Чойжилсүрэн сайдад хэлэхэд “Би сайд байхдаа энэ олон хүнийг цомхотгож чадахгүй” гэдэг тайлбар хэлдэг байсан. Тэгвэл та очоод төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, бүтцийн оновчлол дээр нь алхмууд хийгээд явах бэлэн судалгаа, тайлан нь байгаа. Тэрийг хэрэгжүүлээд яваасай гэж хүсэж байна. Өнөөдөр манай улсад тулгамдсан номер нэг асуудал бол эрчим хүч. Дулаангүй, цахилгаангүй өвөлждөг болчихлоо. Тийм хэрнээ Туулын хурдны замд 2,3 их наядыг зарцуулна аа гээд сууж байна. Ерөнхий сайд үүн дээр ямар бодолтой байгаа вэ. 

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал: Геополитикийн нөхцөл байдал хямарсан байгаа энэ үед бид дотоод сахилга бат, эв нэгдлээр л давж туулах ёстой. Тиймдээ ч засгийн газрын тогтвортой байдал надад юу, юунаас илүү эрхэм байна. Бидний дотоод зөрчил, зохион байгуулалтгүй, сахилга батгүй байдлыг гадаад орчин ойлгохгүй. Гишүүд маань эрт дүгнээд яахав. Би тодорхой хугацаанд кабинетаа тэргүүлээд ажиллая. Тэгээд та бүхэн хяналтаа тавь, дүгнэ. Эргэлзэх, шүүмжлэх нь эрх чөлөөт нийгэмд хэвийн үзэгдэл. Тийм болохоор би эрүүлээр хүлээж авна. Юутай ч ажлаа эхэлье, цаг хугацаанд нь тайлангаа тавья. 2025-2030 оны улсын хөгжлийн үндсэн чиглэлийг их хурал баталсан. Таван жилийн чиглэлийг би өөрөө бичсэн. Энд байгаа кабинетын гишүүдийг та бүхэн харж байгаа. Сайн муу хэлүүлээд улс төрд хал үзэж, халуун чулуу долоосон улс төрчид. Тиймээс сошиалын сенсациар амьдраад байлгүй урдах ажлаа хийгээсэй гэж бодож байгаа. Амьдрал мэддэг хүмүүс. Манай кабинет ид шид, их гайхамшиг амлаж чадахгүй. Энэ хүмүүс эерэг зөөлөн цагт огт сайдаар томилогдоогүй. Хамтдаа салхи, шуурга сөрж ажиллахаас илүү гал атгах хүмүүс. Улс төрд олон жил чанагдсан, ард түмнээс сонгогдсон, түмэн олондоо ажил үйлсээ үнэлүүлээд дүгнүүлсэн улс төрчид. Тэгэхээр сошиалын сенсацид хөөгдөөд, эсвэл хэдэн өдрийн ачаалал даахгүй, гал ус руу орж чадахгүй хүн байхгүй гэж би бодож байна. Хариуцлагатай үед суралцаад байх цаг байхгүй. Анхан шатнаас нь авхуулаад төрийн бүх төвшинд ажилласан, багадаа 20 жил улсад зүтгэсэн улс төрчид учраас ачаа үүрнэ ээ л гэж ийм кабинет бүрдүүллээ. Тантай санал нэг байгаа. Эрчим хүчийг би тэргүүлэх чиглэл болгоно. Тиймээс ногоон хөгжлийн чөлөөлөлт гэдэг бодлогоо дэвшүүлж, их хурал тогтоол гаргасан. Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг дэмжих, эрчим хүчний алдагдлаа бууруулах чиглэлээр дэвшилтэт үзэл санааг эрхэмлэнэ. Өнгөрсөн хугацаанд хийж байсан ажлаа үргэлжлүүлнэ. Авлигын эсрэг чөлөөлөлт, эрх зүйн чөлөөлөлт, эдийн засгийн чөлөөлөлт гэсэн дөрвөн чиглэлээр хурдтай ажиллана. Энэ эерэг зөөлөн биш цаг үеийн салхи шуургыг ард түмэнтэйгээ хамт даваад гарна. Та бүхэн шүүн тунгаагаарай гэж хүсье. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Бөттөмөрийн Энхбаяр: Би бол их үнэ цэнээр олон үнэнийг илчилсээр ирсэн, илчилж байгаа улс төрч. Өнгөрсөн хугацаанд далд байсан маш олон зүйлийг өнгөрсөн парламентын үед ил болгож, олон ч дайсантай болсон. Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнэ ба түүний ах, 15 давхрын дээрэмчид гүтгэлгийн хар зохиолуудаар нийгмийн оюун санааг яаж бузарлаж байсан бэ гэдгийг нотолсон өдрүүд өнгөрсөн. Улсын ерөнхий сайд байсан, манай намын дарга байсан хүн өөрөө амьд тролл. Миний огт уулзаж үзээгүй Баясгалан, Нямжав, Амундра, Сумъяабазар нараас нийлбэр дүнгээрээ хэдэн тэрбум их наядын авлига авсан гэж гүтгэсэн. Бичлэг нь байна, би өгч байна, яг өгч байна гэсэн. Тэр хүн юу ч өгөөгүй. Харин зохиолуудаа үргэлжлүүлсээр байгаа. Тэр хүн хуулийн байгууллагад ямар ч нотлох баримт өгөөгүй. Яах гэж үүнийг хийсэн бэ гэдэг нь өнөөдөр харагдана. Хууль зүйн сайдаас Энхбаярыг л буулгачихвал амьд гарах мэт өөрт нь санагдаж байгаа. Сүнс нь зайлчихсан. Энэнд нь манай Ардчилсан намынхан битгий туслаасай гэж би бодож байна. 

Сангийн сайд Загдсүрэнгийн Мэндсайхан: Цэнгүүн гишүүний асуултад хариулъя. Эдийн засгийн нөхцөл байдал, Ойрхи дорнодод үүссэн зэвсэгт мөргөлдөөнөөс дэлхий нийтийг эдийн засгийн хүндрэл хүлээж байна. Ялангуяа ойрын үед шатах, тослох материалын үнэ өсөх бодит хүндрэл биднийг хүлээж байгаа. Жавлхан сангийн сайд сайн ажилласан. Ковидын хүнд үеийг давж гарсан. Энэ хүний бодлогыг, засгийн газрын бодлогыг цаашид хэрэгжүүлээд явна аа. Мэдээж татвар төлөгчдийн орлогоор бүрдэж байгаа төсвийн зарцуулалт нээлттэй ил тод, хариуцлагатай байх ёстой. Энэ зарчимыг барьж ажиллана. Та ерөнхий сайдын танилцуулгаас анзаараагүй юм шиг байна. Миний хувьд СЭЗДС-ийг төгссөн эдийн засагч мэргэжилтэй. Өмнө нь Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан. Мөн салбарын сайд болон салбарын төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Төсвийн шууд болон шууд бус захирагчийн ажил зэрэг өндөр хариуцлагатай алба хашиж байсан. Ерөнхий сайдтай ачааны хүндийг үүрч, Сангийн сайдын ажлыг хариуцлагатай хийгээд явах болно оо. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Сайнбуянгийн Амарсайхан: Нэг зүйлийг маш тодорхой хэлье. Хууль зүйн яам, тэр дундаа хуулийн сайд гэмт хэрэг, зарга ярихгүй ээ. Бодлого ярина. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй ээ. Нөлөөлөхгүй. Ийм шаардлага тавина. Хэрэг илрүүлэлт, мөрдөн байцаах үйл ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шийдвэр, ШШЕГ-ын үйл ажиллагаа хэнээс ч хараат бусаар ил тод, нээлттэй явах, шилэн байх, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг хангах, хууль хэрэгжүүлэх шаардлагыг тавьж ажиллана. Цаашдаа хэн нэгэн улс төрч УИХ, төрийн ордонд яллагч, хуулийн байгууллага, мөрдөгч шиг битгий яриасай. Үүнийг таслан зогсоох ёстой гэж бодож байна. Хуулийн байгууллагуудыг бие даасан үйл ажиллагаа явуулах орчин нөхцлөөр нь хангаж ажиллана. Хоорондоо уялдаа холбоотой ажиллана аа гэж үзэж байгаа. Төрийн ордонд улс төрчид, түшээд төрт ёсныхоо, эрх зүйт орныхоо бодлого шийдвэрийг гаргадаг. Хариуцсан салбарын хууль зүйн яам бодлогоо тодорхойлдог, бусад харьяа агентлаг, шүүх эрх мэдлийн байгууллага нь хуулиар олгогдсон эрхээ бүрэн хэрэгжүүлдэг байх зарчимыг хатуу барьж ажиллана. Хууль барьсан хүний өмнө хутга барьсан хүн хүчгүй гэдэг байсан бол одоо утас барьсан хүн хуулийн өмнө хүчгүй болж байна. Иргэний эрх зөрчигдөж байгаа. Улс төрчид өөрсдөө микрофоны ард, УИХ-ын танхимд хулгай дээрэм ярьдаг, нотлогдоогүй асуудлаар бие биенээ гүтгэдэг, хэрэв гүтгэсэн бол тэр нь тогтоогддог байх ёстой. 

УИХ-ын гишүүн Батын Батбаатар: 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт хэрцгийгээр алагдсанаар түүний журмын нөхөд, үзэл санааг тээгч нар Иргэний зориг ногоон намыг үүсгэн байгуулж, бүтээсэн юм. ИЗНН бол шударга ёсны тэмцлээс өөрөөрөө түрж гарсан нам. Өнөөдөр ИЗНН-ын даргын хувьд намын гишүүд, журмын нөхөд, иргэд дэмжигчид, итгэж санал өгч энэ намыг их хуралд дөрвөн суудалтай болгосон хүмүүс асууна аа. ИЗНН яагаад засагт хамтарсан бэ. Яагаад засгаас гарсан бэ гэж. Үүн дээр би ерөнхий сайдыг хариулт өгөөсэй гэж бодож байгаа. Тань дээр очсон бичгийн дагуу ИЗНН-ын бланкыг эрх бүхий этгээд ашиглаж бичиг өгснөөр ИЗНН засагт хамтрах саналаасаа ухарсан гэж тайлбарласан. Ийм утгатай зүйл хэлсэн. Тийм болохоор Иргэний зоригийг дэмжигчид энэ хүн хэн бэ гэдгийг мэдэх ёстой. Ер нь тэгээд Учрал даргын засгийн газар урвалт, шарвалтан дундаас босож ирж байна дөө. Урвагч хажууд, ард явахад урагш алхах зам байдаггүй юм шүү. Энэ засгийн газруудын түүх нь тийм. 2004-2008 онд би энэ танхим дотор гурван их хурлын дарга, гурван ерөнхий сайдын нүүрийг харж байлаа. Ард нь долдугаар сарын 1болсон. Урвалт зорилго, хүсэл мөрөөдөл, тэмцлийн дундаас үүсдэггүй. Урвалт хувийн ашиг сонирхол, хулгайн замаар явсан газраас урвагч нар төрдөг. Түрүүн Ардчилсан нам дотор БЭТ байна гэлээ. Магадгүй манай дотор бас аль, аль нь БЭТ тавьсан юм байна. Гэхдээ 28 жилийн тэртээх хэргээс болж төрсөн нам үзэл санаа, итгэл үнэмшил, зарчим, үнэтэй зүйлээсээ ухрахгүй ээ. Цаашдаа ч тээсээр явах болно. Улс төрийн шалтгааныг тодорхой хариулаад өгөөсэй гэж ерөнхий сайдаас хүсэж байна. Дараагийн асуудал нь, засгийн газар дээр янз бүрийн үндэсний хороод байдаг. 40 гаруй байсан нь сүүлд 28 болж багассан. Энэ үндэсний хороодыг болж өгвөл бүгдийг нь татан буулгах хэрэгтэй. Давхардсан чиг үүрэгтэй, олон яамдыг хамарсан байдаг. Үндэсний хороо чинь өөрөө засгийн газар байхгүй юу. Үндэсний хорооны зохицуулагч нь ЗГХЭГ. Салбарын сайдууд бие биендээ чөдөр тавьчихсан, ажил явахад төвөгтэй. Энэ тухай бодсон бол хариулж өгөөрэй, бодоогүй бол бодож үзээрэй гэж хэлье. COP-17 дээр дэвшүүлж байгаа монголын санаачилгуудыг ажил болгоорой. Ялангуяа устай холбоотой хэсэг туйлын чухал асуудал шүү. COP-17 зохион байгуулахаар ажиллаж байх явцад манай улсыг дансны дугаараа явуул гээд ирүүлсэн бичгүүд ч байгаа. Саудын Арабаас 2 сая доллар, Хятадаас 3 сая доллар, Ассоциацаас нэг сая доллартай тэнцэх Монгол төгрөг, саяхан Люксэмбургээс хоёр нэмэх 5 сая евро. Мөн COP-17 үеэр 200 орчим сая еврогийн хөрөнгө оруулалт хийнэ ээ гээд..

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал: ИЗНН Занданшатар ерөнхий сайдын засгийн газарт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарыг удирдаж ажилласан. COP-17 бэлтгэл гээд Батбаатар сайд хариуцлагатай ажилласан. Намын даргын нэр дээр танай ИЗНН гэсэн албан бланктай бичиг ирсэн. Дотооддоо асуудлаа шийдэх ёстой байх гэж би үзэж байгаа. Яагаад вэ гэхээр, дэлхийн цаг төрийн байдал биднээс үл шалтгаалан өөрчлөгдөж байна. Тодорхойгүй байдал маш тодорхой болчихлоо. Бид дотооддоо зөрчил үүсгээд байх биш, хамтарч гадаадад үүсээд байгаа хямралыг давж туулах ёстой. Ингэж байж иргэдээ үнийн өсөлтөөс хамгаална. Тиймээс таван нам эвсэл сөрөг хүчин ч тэр чигээрээ ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, бензиний үнийн хөөрөгдлөөс болж дэлхий нийтэд үүсээд байгаа үнийн өсөлт ард түмний амьдралд маш хүндээр тусна. Бид нар хоорондоо өрсөлдөх биш асуудалтай өрсөлдөх цаг байгаа юм. Нэг бодлогоор асуудлаа дотооддоо шийдээд, хамтраад явах нь зөв болов уу. Намын даргын хувьд ч тэр, ерөнхий сайдын хувьд ч тэр. Шууд маргаашаас ажиллаж эхэлж байгаа, хэд хоног ч би бас ганцаараа үзэж тарлаа шт. Өнгөрсөн хугацаанд нэлээдгүй л цаасан дээр суулаа. Ажлаа төлөвлөлөө. Цаг биднийг хүлээхгүй байна аа. Дотооддоо зөрчил үүсгэх цаг байхгүй байна. Намын дотроо эв нэгдлээ цогцлоогоод ажиллаасай гэж хүсэж байна. Би ч гэсэн намын даргын хувьд дотооддоо үүсээд байгаа асуудлыг шийдэх нь миний нэгдүгээр зорилт. Гадагшаа асуудал руу ороход дотоод зөрчил маш төвөгтэй байна. Үүнийг ард түмэн хараад “Та нар асуудалтай нүүр тул л даа. Зөрчил маргаанаа зогсоо л доо” гэдэг зүйлийг хэлж байгаа юм. Үүсгэн байгуулагч Санжаасүрэнгийн Зориг бол улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавья аа гэж хэлсэн үг нь бий. Тийм учраас улс орны эрх ашгийг нэгдүгээр ээлжинд эрэмбэлнэ ээ. Хоёрт намын эрх ашиг, гуравт хувийн эрх ашиг шүү. Тиймээс улс орны эрх ашгаа нэгт тавьж хамтарч ажиллая аа гэж намууддаа уриалж байна. 

УИХ-ын гишүүн Батын Батбаатар: Хариултыг хэлж өгсөнд баярлалаа. Үүнийг ерөнхий сайдад, МАН-ын даргад манай намын бланкыг ашиглах эрхгүй этгээд хэрэглэж болохгүй шүү дээ. Танай намын бланкыг би ашиглаад, үгүй бол хэн нэгэн хүн ашиглаад надад ирэхэд би хариулаад байж бас болохгүй шүү дээ. Ашигласан юм аа гэдгийг нь энд сууж байгаа Р.Батболж гэж этгээд, урвагч, хувийн ашиг сонирхол хөөцөлдөгч, тендерийн наймаачны хийсэн ажил гэдгийг ойлгож байгаа юм. Энийг ИЗНН-ынхан, итгэж дэмжсэн сонгогчид бас мэдэж авах хэрэгтэй. Тийм болохоор хариулт өгсөнд баярлалаа. COP-17 зохион байгуулахад 16 хурлаас 15 хурлыг нь байгаль орчны сайд удирдсан байдаг шүү. Хурал даргалагч, ерөнхийлөгч. Энийг гадаад хэргийн сайд руу өгөх буруу шүү. Та Сандаг-Очир сайдад өгч..

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал: Батбаатар сайд өнгөрсөн хугацаанд COP-17 бэлтгэл ажлын хүрээнд олон улсаас хөрөнгө оруулалт татах, санхүүгийн дэмжлэг авах чиглэлээр санаачилгатай ажилласан. Олон тал санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн тул би баяртай байгаа. Энэ бол Батбаатар сайдын үр дүн. Тийм ч учраас төрийн ажлын залгамж чанарыг хадгалж Сандаг-Очир гишүүн онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй. Сандаг-Очир гишүүн хариуцлагатай салбарыг удирдана. Тэгэхээр Батбаатар сайдын эхлүүлсэн байгаа энэ ажлыг үр дүнд хүргэж, 10 мянган зочин Монголд ирэх COP-17буюу Цөлжилттэй тэмцэх бага хурал болох гэж байна. Сандаг-Очир дарга бол нийслэлийн төлөөлөгч байсан, дүүргийн дарга байсан, аж ахуйч хүн. Маргаашаас ажилдаа ханцуй шамлан орох байх гэж итгэж байна. Батбаатар гишүүнээс сайн зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг хэлье ээ. 

Улсын их хурлын гишүүн Даваагийн Цогтбаатар: УИХ-ын шинэ даргаар томилогдсон Бямбацогт даргад баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Хоёр гурван үг хэлье. Та бол хуралдаан даргалагч болсон. Эрх мэдэлд очоогүй. Та наанаа очингуутаа л гишүүдээ чангална, донгодно гэсэн юм яриад эхэлнэ лээ. Эхнээсээ зөв явахгүй бол та буруу явах гэж байна. Буруу явбал та наанаа хоёр жилийн дотор суух гэж байгаа гурав дахь дарга. Миний бодлоор таны ажил бол төрд дэг журмыг тогтоох. Сүүлдээ энд хүмүүс орж ирэхдээ нооль орох гэж байгаа юм шиг орж ирдэг боллоо. Хаачаад ирэв гэхээр нооль орчихсон. Төрийн ордонд түмнийг төлөөлөөд эмэгтэй гишүүн сууж байхад маасайтал инээгээд суудаг болчихсон. Энэ мэт дэг журамгүй зүйлсийг та журамлах ёстой болохоос ард түмнээс мандат аваад орж ирсэн гишүүдийг дэглэх, журамлах, донгодох, хариуцлага тооцох албан тушаалтан та биш шүү гэдгийг хариуцлагатайгаар хэлье ээ. Ажилд нь амжилт хүсье. Өвчин бол хэлж ирэхгүй, хийсэж ирдэг. Тэр ойлгомжтой. Гэсэн чинь сайд нь өвчин шиг гэнэтхэн гарч ирэх юм даа. Ерөнхий сайдын үгэнд нэлээн хэд гарлаа. Салбартаа хуримтлуулсан туршлагыг гээд. Эрүүл мэндийн сайдад халууны эмэнд явсан туршлага ч бараг байхгүй байх даа. Атаархаад байгаа юм биш, гомдоод байна. Санхүүгийн салбарт бол та мэдлэг боловсрол сайн байх. Гэхдээ эрүүл мэнд бол тусдаа асуудал. Жишээлбэл, ДЭМБ эсвэл Монголд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа донор байгууллагын удирдлагатай ярихдаа яах вэ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо ярих юм уу. Ажилчдынхаа цалинг ярих юм уу. Өвчлөл, ханиад, халдварт өвчин, дархлаажуулалт гээд мэргэжлийн юмаа ярьмаар байна шүү дээ. УИХ ч гэсэн Засгийн газрын сайдтай мэргэжлийн, салбарын тухай яримаар байна. Мөнхсайхан, Ганмаа, Саранчулуун, Чинбүрэн гээд эмч гишүүн байна. Атал ийм хүнээр Эрүүл мэндийн сайд тавих гээд суухаасаа ичдэггүй юм уу. Улсын нэг эмнэлгээр орж үзээгүй, улсдаа хувийн эмнэлгээр орж үзээгүй хүн улсын эрүүл мэндийн салбарыг хариуцах гээд сууж байна шүү дээ. Тоглоомгүй үнэнгээ хэлэхэд нүүр улайгаад байна. Хүний өмнөөс ичих хэцүү гэдэг. Үнэхээр хэцүү юм байна. Монгол Улс дэд сайдтай байсан. Одоо бол нууц сайдтай болох гэж байна шт. Цагаан байрныхан дураараа гэхэд арай хэтэрч байгаа юм биш үү. Засгийн газарт орж байгаа сайд нар гэр хорооллын амьдрал мэдэхгүй ээ. Ёстой нөгөө гэрийнхээ тулганы галыг ч бадрааж үзээгүй шахуу баян айлын памперстай хүн нэг биш хэд, хэд ороод ирлээ. Яаж улс орныхоо амьдралыг сайжруулах юм бэ, ерөнхий сайд аа. 2024 оны сонгуулиар Батшугарыг эрүүл мэндийн сайдаар томилно гэсэн бол монголчууд та нарыг сонгохгүй ээ. Баталгаатай мэдэж байна. Батшугар нэр дэвшигчээс ганцхан асуулт асууя. Ерөнхий сайд таниар тоглоод ч юмуу, санамсаргүй санал тавьж үзсэн байх. Эр зориг гаргаад больчих байх гээд. Та нэг эр зориг гаргаад, би энэ салбарыг үнэхээр мэдэхгүй ээ. Монгол улсаа шившиг болгохоосоо өмнө больж болох уу гээд шууд хэлж чадах уу. 

УИХ-ын дарга Сандагийн Бямбацогт: За, Цогтбаатар гишүүн. Эхний асуудал бол хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй зүйл ярьсан. Гэхдээ надтай холбоотой учраас тодорхой байр суурь илэрхийлэх нь зөв байх. Энэ индэр дээр, энэ хүндтэй суудалд суусныхаа дараа гишүүдийг дэглэнэ ээ, журамлана аа, сахилга хариуцлага, ёс зүй ярина аа гэж би хэлээгүй. Би нэр дэвшээд явж байхдаа танай намыг бүлгийн хурал дээр, ХҮН-ын зөвлөлийн хурал дээр, ИЗНН-ын гишүүдэд, хэвлэл мэдээлэлд “Хэрэв би их хурлын дарга болох юм бол дээрээсээ сахилга хариуцлага, ёс зүй байх ёстой. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх ёстой” гэдэг зүйл ярьсан. Та бүхэн ч гэсэн улс төржихгүй, нам бус байх ёстой, ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх ёстой. Их хурлыг их хурал шиг хурал болго. Төрд итгэх ард түмний итгэл унаж байна. Төрийг төр шиг болго. Тэгж байж парламентын нэр хүнд сэргэнэ гэдэг асуудал ярьсан. Энэ индэрт суухаасаа өмнө, нэр дэвшиж байхдаа ярьсан шүү. Та андуураад байх шиг байна. Хоёрдугаарт, бид өөрсдөө хариуцлагатай, ёс зүйтэй, сахилга баттай байж бусдыг шаардана аа. Өөрсдөө тийм биш байж төрийн албан хаагчдыг ёс зүйтэй бай, их хурлын гишүүдийн өөдөөс маасайгаад жорлонд сууж байгаа юм шиг сууж байна гэж хэлэх эрх байхгүй. Мэдээж энэ бол төрийн эрх барих дээд байгууллага. УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиудад УИХ хүндэтгэлтэй хандах ёстой. Хүндэтгэлтэй хандаж чадахгүй бол хариуцлага тооцох зохицуулалт байгаа. Түүний дагуу та хэзээ, хаана, ямар төрийн албан хаагч асуудал үүсгэв. Энийгээ УИХ-ын удирдлага болон УИХ-ын ёс зүйн дэд хороонд хандаад гаргах юм бол тухайн албан хаагчтай хариуцлага тооцно. Төр төмбөгөр, ёс ёмбогор байх ёстой шүү. Хэлж ярих үгээ бодож ярих хэрэгтэй шүү. 

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал: Би үнэнээ хэлье ээ. Сайдын 32 шинж төгс бүрдсэн супер хүмүүс томилоогүй нь үнэн. Гэхдээ юу тулгараад байгаа вэ гэдгээ л  тодорхой болгох хэрэгтэй. Бид эрүүл мэндийн салбарт эмч нар томилж үзсэн. Сүүлийн гурван удаа эмч томиллоо. Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын санхүүжилт гэхэд 2,5 дахин нэмэгдчихээд байна. Азийн хөгжлийн банкны эмнэлгүүд барих ажил хүлээгдээд байна. Орон нутагт очихоор эмч нарын цалингийн тогтолцоо нь өөрчлөгдөөгүй. Одоог хүртэл шүүмж дагуулсаар байдаг. Мэдээж Чинбүрэн сайд хариуцлагатай, сайн ажилласан. Гэхдээ засгийн газар болгон өөр өөрийн баримталж буй чиглэл, бодлоготой. Би ерөнхий сайдаар томилогдохдоо хэлсэн. Манай засгийн газар бол салбар бүрд байгаа хүнд суртал, саад тээгүүдийг арилгана. Илүү хувийн хэвшлээ дэмжсэн. Тиймдээ ч Амарсайхан сайд бол хувийн эрх зүйл шинэчлэл хийнэ. Энэ чинь манай засгийн газрын онцлог. Эрүүл мэнд бол бидний нэн тулгамдсан асуудал. Гэхдээ юу тулгараад байгаа юм. Эмч нарыг чадвар дутагдаагүй ш дээ. Манай эмч нар дэлхийн хаана ч очсон чадвартай. Би өөрөө бас Монгол эмч нарын буянаар өдий зэрэгтээ эрүүл саруул ажлаа хийгээд явж байгаа хүн байхгүй юу. Монголд эмийн чанар, эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилтийн механизм өөрөө тулгарчихсан. Батшугарыг байнгын хорооны дарга байхад нь эрүүл мэндийн салбарын цахимжилтыг э монголиа дээр хамт хийж байсан. Би олон юм шаардахгүй. Батшугарыг би хагалгаа хий гээгүй. Батшугарыг би сайн менежер бай гэсэн. Банкинд ажилласан, санхүүч байсан. JP Morgan-д ажиллаж байсан. Тийм учраас тулгараад байгаа асуудлыг шийдэх нь өнөөдрийн асуудал байхгүй юу. Тэрнээс биш Батшугараа чи хагалгаа хий, мэс засал хий гэж хэлээгүй шт. Батшугарын мэргэжил энэ салбарт өөрчлөлт авчирна гэдэг би эргэлзэхгүй байна. Нэгт цахимжилтын асуудал, хоёрт эрүүл мэндийн даатгалын тогтолцоо. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн бус зөндөө сайд томилогдож байсан. Гэхдээ манай эрүүл мэндийн салбарынхан бол Ламбаа гуайг мундаг сайд байсан гэж ярьдаг юм. Сарангэрэл сайдыг ковидын үеийг сайн давсан шүү гэж ярьдаг. Яагаад гэвэл сайн менежерүүд байхгүй юу. Тийм учраас манай засгийн газрын дэвшүүлж байгаа бодлого, чиглэл өөрөө тулгараад байгаа асуудлыг шийдэх зорилготой. Тэрнээс Батшугарыг насаар нь эрүүл мэндийн сайдаар томилсон юм байхгүй шт. Өнөөдрийн шийдэх асуудлаа шийдье ээ. Банк, санхүү, эдийн засгийн мэргэжилтэй хүн хэрэгтэй байна аа.

Эрүүл мэндийн сайд Энхбаярын Батшугар: Тийм ээ. Би эрүүл мэндийн мэргэжилтэй биш, эмч биш ээ. Гэхдээ эрүүл мэндийн салбарыг цогцоор нь харна. Санхүүжилтийг нь харна. Гадаад харилцааг нь харна. Яаж олон улсын даатгалын системийг Монголд авчрах уу гэж харна. Эрүүл мэндийн даатгал өөрөө хүнд нөхцөлд байгаа. Энийг яаж ижил, хүртээмжтэй болгох уу гэж харна. Эмнэлэгт оочирлоод, ор олдохгүй коридорт хэвтдэг биш. Харин Монгол Улс бол 10 мянган хүнд оногддог орны тоогоороо эхний 10-т ордог. Яаж үүнийг зөв удирдах вэ. Яаж хүртээмжтэй болгох вэ гэдгийг харна. Эрүүл мэндийн салбарт зарцуулах нэг төгрөг болгон Монгол хүний төлөө зарцуулагдахын төлөө ажиллана аа. 

УИХ-ын гишүүн Аюушийн Ариунзаяа: Сөрөг хүчнээ хараад сайхан байна шүү дээ. Сөрөг хүчин маань сөрөг хүчин шиг сөрөг хүчнийхээ ажлыг хийгээд. Ойрд уулзсангүй. Та нар маань ямар их удав аа. Сүүлдээ сөрөг хүчин нь хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй их хүнд байлаа шүү дээ, нэг хэсэг. Ерөнхий сайд 19сайд томилсон, найм нь хуучин яам дээрээ хэвээрээ үргэлжилж байна. Хоёр сайд нь сэлгэн өөр яам дээр очиж байна. Таван сайд нь өмнө нь өөр яамны сайдаар ажиллаж байсан туршлагатай. Дөрвөн сайд бол цоо шинээр орж ирж байгаа. Гэсэн ч улс төрийн туршлагатай сайд нар байна. Жендерийн хуулийнхаа 15 хувийн босгыг биелүүлсэнгүй ээ. Жендерийн хуулийн зөрчилтэй кабинет бүрдүүллээ. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх юм даа. Гэхдээ цаашид жендер тал дээрээ анхаарна биз дээ. Кабинетаа бүрдүүлэхэд хүнд байсан байлгүй. Дөрвөн дэд сайд үлдсэний хоёр нь эмэгтэй юм байна. Яамаа сэлгэж байгаа хоёр сайдын Батшугар дээр би нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Ерөнхий сайд хэллээ. Өмнө нь эрүүл мэндийн салбарт дандаа мэргэжлийн хүн томилж байсан гэж. Одоо менежер, нэн ялангуяа банк санхүүгийн салбарын хүн ирэхээр цахимжуулалт, хуурамч нэхэмжлэл, эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдал нь юунаас болж алдагдалд ороод байгааг санхүүгийн хүний нүдээр алдаа дутагдал нь харагдана. Бид нар улсын төсөвт урсгал зардал, цалин хөлсийг нь тавьж өгөөгүй мөртлөө эмч нарын цалинг нэмнэ гээд өндөр амлалт өгчихсөн. Нэхэмжлэл, үйлчилгээ гэдэг маань эрүүл мэндийн салбарын хамгийн хүнд нөхцөл байдал. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүс эмч, эрүүл мэндийн байгууллагын ажиллагсадын цалинг өгч байгаа хэрнээ үйлчилгээ авч чадахгүй байгаа нь бодлогын, санхүүгийн алдаа. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Нэн яаралтай төсвийн тодотгол хийхийг хүсэж байна. Улаан ногоон лаазаар удирдаж маш буруу төсөв баталсан шүү дээ. Тухайн үед буруу зүйл хийж байна аа гэдгийг сөрөг хүчин болсон бидний хэдэн нөхөд хэлсэн. Улаан ногоон лаазаар хүч төрөн баталсан. Багш нарын цалингийн төсвийг дутуу баталчихаад одоо маш хүнд нөхцөлд байгаа. Үүнийг анхаарч төсвийн тодотголоо хийгээрэй. Шинэ яам дээр очиж байгаа сайд нар багахан шиг төрийн албан хаагчдаа халж, солиорой. Төрийн албан хаагчдадаа ээлтэй засгийн газар байгаарай. Төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмжийг хоёр хувааж олгоно гэсэн ч төсвийг нь 50 хувьтай баталж өгсөн шүү дээ. Эхлээд тэтгэвэртээ гарч байгаа хүмүүст тэр дор нь өгнө. Дараа гарч байгаа хүмүүст араас нь шилжүүлнэ гэдэг худал. Тэтгэвэртээ гарч байгаа хүмүүст 50 хувийг нь л өгөөд байгаа юм билээ. УИХ-ын тухай хуулийн 41.2-т зааснаар УИХ-ын гишүүн бусдыг доромжилж, гүтгэж болохгүй ээ. Шүүхийн өмнө хариуцлага хүлээнэ ээ. Энэ бол УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал биш ээ. Иргэний шүүхээр дуудах гэхээр гэрийн хаяг нь олдохгүй зарим нэгэн хүн байгаад байна шүү дээ. Бусдыг байнга л гэмт хэрэгт гүтгээд байдаг. Больчихооч. Таны эмзэг цэг чинь энэ асуудал байхвий дээ, ерөнхий сайд аа. Би олон юм ярихгүй, гэхдээ та анхаараарай. 

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал: Би бол Ардын намын дарга. Олонхыг бүрдүүлж буй намын дарга. Бид засгийн газрыг бүрдүүлэхдээ олон ургальч бодол уралдуулж, санал шийдэлд хүрдэг. Кабинетын зарчимыг дагадаг байх шаардлагыг л тавина. Манай сайд нар цаашид бие даасан үзэл бодол илэрхийлж ажиллахгүй байхыг хүсэж байна. Кабинетын зарчимаар ажиллана гэдгээ хатуу санах хэрэгтэй. Өнөөдөр миний томилохоор танилцуулж байгаа сайд нар бол ерөнхий сайдын дэвшүүлж байгаа бодлого зорилтыг яаж дэмжлэг үзүүлж, ачаа үүрэх вэ гэдэг сонголтыг л хийсэн. Тийм ч учраас засгийн газрыг гэмт хэрэгтэй тэмцэх, авлигын төсөөллийн индекс 10 байх хойшилсон байгаа явдал, гэмт хэрэг болоод дууссаных нь дараа ярьдаг биш. Урьдчилан сэргийлэх ажлыг илүү хэрэгжүүлнэ гэж би сайд нарыг сонгосон. Жишээ нь, хууль зүйн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр бол өнгөрсөн хугацаанд Төрийн өмчит компанийн хууль, Нийтийн өмчийн хуулийг боловсруулан өргөн мэдүүлж байсан сайн хуульч. Тийм учраас төрийн өмчит компаниуд дээр, олборлох салбарын ил тод байдал дээр, авлигын индекс дээр, дээрээс нь засгийн газрын шийдвэрүүд хууль зөрчихгүй байх дээр илүү анхаарч ажиллаасай. Бодитоор авлигын индексийг бууруулаасай. Авлигатай холбоотой асуудал дахиж битгий гараасай. Тийм учраас би баруун гартаа, дэргэдээ авчирч томиллоо л доо. Хууль зүй, дотоод хэргийн С.Амарсайхан сайд бол Америкт бизнесийн эрх зүйгээр төгссөн. Миний хүсэж байгаа зүйл бол хувийн эрх зүйн шинэчлэл. Арилжааны хууль, дампуурлын хууль, Иргэний хуулийн шинэчлэл, эдийн засгийн эрх чөлөө, татварын шинэчлэл. Эрх зүйн шинэчлэл хийхэд илүү манлайлаасай. Би засгийн газрын гишүүдээ нэг л зүйлээр шахна. Үр дүнгээрээ хэмжүүлнэ ээ. Битгий гарч болоогүй олон юм яриад бай. Болоогүй зүйлийг гарч телевиз болгоноор рекламдаад байх шаардлагагүй. Үр дүнгээрээ хэмжүүлнэ. Их хурлын гишүүд биднийг нээлттэй шүүмжилж байна шүү дээ. Сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Үүнд та нар үр дүнгээрээ, гүйцэтгэлээрээ л хариулт өгнө. Ажил хэрэгч, хариуцлагатай засгийн газар байхыг л би эрхэмлэнэ. Энэ миний зарчим. 

Ардчилсан намын дарга Одонгийн Цогтгэрэл: Үнэхээр харамсалтай байж мэдэх, хүлээлтээс доогуур бодлого танилцуулж байна. Сайд нарын бүрэлдэхүүн яах вэ, олон нийт дүнгээ тавьж байх шиг байна. Уг нь зөв бодлого амжилттай явахын тулд эхлээд үзэл санаа, бодлогоо тавиад, тэрэндээ таарсан бүтцээ зураад, бүтэцдээ таарсан бүрэлдэхүүнээ оруулж ирэх ёстой. Гэтэл өмнөх ерөнхий сайдын үеийн бүтцийг тэр чигээр нь ямар ач холбогдол өгөөд оруулж ирэв. Өмнөх засгийн бүтэц болохгүй байна гээд л огцорсон биз дээ. Би шинээр үүнийг үзэл санаа болгож тавьж байна аа. Шинээр ийм бүтцийн өөрчлөлт би хийнэ ээ. Энэ бүтцийг дагаад хэрэгжүүлж чадах сайдын бүрэлдэхүүнийг оруулж ирж байна аа гэвэл жинхнээсээ өөрчлөлтийн бодлого харагдах ёстой байсан. Уг нь Учрал сайд үзэл санаа танилцуулаад, эдийн засгийн эрх чөлөө гээд олон зүйл ярьж байсан. Эдгээр нь зүгээр нэг уриа, лоозон, тунхаг байсан юм байна. Харамсалтай. Олон нийтэд тааруулж, уриалж тунхаглаж байж. Ам, ажлын зөрүү гэдэг амьдрал дээр ингэж гарч байна. Сөрөг хүчний үүднээс харвал ашигтай байж болох засгийн газар. Харин ард түмний амьдрал, эдийн засгийн үүднээс харвал үнэхээр харамсалтай байж болох бодлого, засгийн газар танилцуулагдаж байна. Аль юмыг шүүмжилж барах вэ дээ. Энэ засгийн газар Монгол Улсад ашигтай байгаасай, үр дүнтэй ажиллаасай гэж хүсэж байна. Танай засгийн газрын бүрэлдэхүүнд амжилт хүсье ээ. Асуулт алга. 

УИХ-ын гишүүн Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан: Танхимд амжилт хүсье. Ерөнхий сайдаас асуух зүйл байна. Та амьдралдаа их л олон юм тууллаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд Цахим хөгжлийн сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Эдийн засаг хөгжлийн шадар сайд, намын дарга, УИХ-ын дарга, одоо ерөнхий сайд. Зарим улс төрчийн 30,40 жилийн карьерийг хоёрхон жилийн дотор тууллаа. Та хүнд өвчнөөс босож ирсэн хүн. Та цахим “булли” гэж юу байдгийг мэддэг хүн. Би энд хотын дарга Х.Нямбаатарыг нэг үгийг сонсгоё гэж бодож байна. (Х.Нямбаатарын шууд бичлэгийн хэсгээс тавив)..Эмэгтэй хүнийг, эх хүнийг, зохиолч хүнийг, Туул голоо аваръя гэснийх нь төлөө буллидмээр байна гэж байгаа юм. Айлын гадаа очоод элдвээр доромжилж байгаа юм. Өөрийг нь шүүмжилсэн УИХ-ын гишүүдийг бас доромжилдог. Ийм хүн таны дор хотын захирагчаар ажиллаж байна. Цахим буллигээс сэргийлэхийн тулд дэлхий нийт ажиллаж байна. Манай улс ч гэсэн. Тэгэхэд ийм хүнтэй та ажиллах юмуу. Энэ хүн ингээд хүн доромжлоод л байх уу. 14 настай охинтой бэлгийн харьцаанд орж болно гэдэг хуулийг дэмжээд явж байсан хүн өнөөдөр жинхэнэ Монгол төрийн болон иргэдийн толгой дээр гарч байна. Энэ хүнтэй та ажилласаар байх уу. Та, танай гэр бүл цахим буллид автаж байсан. Энэ зөв үү, ерөнхий сайд аа. 

Өчигдрийн УИХ-аар Л.Энх-Амгалан сайд, Т.Мөнхсайхан, М.Мандхай нарын өргөн барьж хэлэлцүүлсэн Сургууль орчмын аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль маш зөв шүү. Үүн дээр та цэцэрлэгийг оруулж өгөөч ээ. Өнөөдөр сургуулийг хорт хавдар үүсгэдэг бодисоор будаж байна. Хүүхдийн зусланг хүнд метал, хар тугалга ордог бодисоор будаж байна. Манай улсад стандарт байгаа мөртлөө шинжилж чадах лаборатори нь алга. Тэгэхээр та зөвхөн сургууль биш цэцэрлэгийн орчныг бас оруулж өгөөч ээ. Энийг маш сайн дэмжиж ажиллана аа. Говийн бүсийн гишүүний хувьд хамгийн их хамтарч ажиллах хүн бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд. Энэ уг нь тэргүүлэх чиглэлийн яам баймаар байна. 

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал: Сахилга хариуцлагагүй, ёс зүйн зөрчил гаргадаг албан тушаалтан олширлоо. Би үүнд өөрөө их эмзэг ханддаг аа. Би эмэгтэй дүүтэй, гурван охинтой. Эх хүн рүү, эмэгтэй хүн рүү хариуцлагагүй үг хэлнэ гэдэг бол хариуцлагатай албан тушаалтны ч биш. Эр хүний амнаас гарахгүй үг л гэж би бодож байна. Эрх барьж байгаа намын даргын хувьд ч, ерөнхий сайдын хувьд ч тэр ийм зүйлтэй эвлэрэхгүй. Тэр бол ойлгомжтой. Би кабинетаа бүрдүүлж байна. Шат шатанд нь ажлын хэсэг байгуулж, үүсээд байгаа нөхцөл байдлууд дээр дүгнэлт хийнэ гэдгээ хариуцлагатай хэлье. Мэдээж өөрийнхөө хийж байгаа ажил дээр ямар үр дүн гаргаад явж байгаа юм. Тэр нарийн мэдээллүүдийг нь би очиж авна. Сануулна. Тодорхой асуудлуудыг ярина. Хаа хаанаа л сахилга баттай баймаар байна. Засгийн газрын гишүүддээ хандаж хэлэхэд хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Төрийн сайд, их хурлын гишүүн гэдэг энгийн хүн биш шүү. Засгийн газрын гишүүн Үндсэн хуулиар олгогдсон олон эрх чөлөөгөө хасуулдаг ш дээ. Бусад шиг эрх чөлөөгөө эдэлж байна гээд явж болохгүй. Хариуцлагатай, ёс зүйтэй, манлайлалтай байх ёстой. Тэгж байж төрийн сайдыг хүндэтгэнэ. Төрийн сайд, гишүүний нэр хүнд унаад байгаа нь зарим нэг хүнээс л болоод байгаа шт. Тэгэхээр төрийн нэр хүндээ сэргээе ээ. Ганцхан зүйлээр л сэргэнэ. Төр ард түмнийхээ төлөө ажиллаж л сэргэнэ. Төр ард түмнээс олж авсан эрх мэдлээ ард түмэнд зориулах ёстой. Байгаа цагтаа байсан шиг байгаад ажлаа хариуцлагатай хийх ёстой. Ер нь тэгээд засгийн газрын гишүүн гэдэг бол гал усан дундуур ордог, түмний төлөө гэсэн сэтгэлтэй хүн байх ёстой. Ажилсаг хүн гэдэг өөр л дөө. Яахав, хүмүүс сошиалаар зарим нэгнийгээ шүүмжлээд л байдаг. Яг үнэндээ эргээд харахад манай Чойжоо, Дэлгэрсайхан, Жавхаа сайд шиг ажил нугалдаг хүн цагаа тулахаар байдаггүй л дээ. Гүйцэтгэх засаглалын ажил чинь зовлонтой. Сошиалаар нэр хүндтэйдээ биш юм билээ. Гол нь би сайд нараасаа таны хэлж байгаа ёс зүй, сахилга хариуцлага, үг үйлдэлдээ эзэн байхыг шаардаж ажиллах болно оо. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир үг хэлэхээр зарласан ч Боловсролын сайд руу микрофон шилжив.

Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан: Ганцхан минутад хариулахад хүндрэлтэй хариулт. Хариулт ч яахав. Үүрэг даалгавар өглөө гэж ойлголоо Мөнхбаясгалан гишүүн ээ, тийм ээ. Нэгдүгээрт энэ хуулийг хамтран өргөн барьсан гишүүний хувьд, хоёрдугаарт салбарын сайдын хувьд сургууль цэцэрлэгийн аюулгүй байдлын асуудлыг бид үндэсний тогтолцоо болгох ёстой гэж бодож байна. Боловсролын сайдаар ажиллаж байхдаа анх үе тэнгийн дээрэлхэл гэж байдаг юм байна гэдгийг хөндөж, шүгэл үлээсэн. Нийт хүүхдүүдийн 70 хувь нь үе тэнгийн дээрэлхэлд ямар нэгэн байдлаар өртсөн. Үүний 60 хувь нь гэр бүлийн орчинд, 30 хувь нь сургууль дээр үйлдэгддэг гэсэн сэтгэл эмзэглэм статистик байдаг. Үүнийг шийдэхийн тулд сургуулийн сэтгэл зүйч нарыг шийдэж ажиллаж байсан. Үүнийгээ цааш ажил хэрэг болгоно. (+1 миунт авав) Өчигдөр тэр хуулийн хэлэлцүүлэг явж байх үед Нарансүх профессор сэтгэл эмзэглэм зүйл ярьж байна лээ. Сургууль, цэцэрлэгийн тасалгаанд хорт хавдар үүсгэгч будаг, барилгын материал хэрэглэдэг болсон байна гээд. Үүн дээр онцгойлон анхаарах ёстой. Мэргэжлийн хяналтыг удахгүй сэргээх ёстой гэж ойлгож байгаа шүү дээ. Хяналтын байгууллагууд сайн ажиллах ёстой. Хүүхэд цэцэрлэг, сургууль дээрээ хорт хавдар үүсгэдэг орчинд өсөж бойжиж болохгүй л гэж бодож байна. Нэг удаагийн гал унтраах арга хэмжээ авах сонирхолгүй байна. Миний ажилладаг стиль бол тийм биш. Тогтолцооны хувьд, системийн хувьд харвал зөв шийдвэр гарах болов уу гэж харж байна. Би бас Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх үедээ хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлж, 600 орчим нийгмийн ажилтантай болсон. (Микрофон хаагдав)

УИХ-ын гишүүн Отгоншарын Батнайрамдал: Ерөнхий сайд кабинетаа танилцуулж орж ирлээ. Амжилт хүсье. Надад гурван багц асуулт байгаа юм. Энэ нь эргээд одоогийн кабинетыг ямар амжилттай ажилласан бэ гэдгийг харуулах хэмжигдэхүүн болох болов уу. Нэгдүгээрт, Оюу толгойн хэлэлцээрийг та бүрэн эрхийнхээ хугацаанд эцэслэх үү. Болж өгвөл амлалтаа өгчихмөөр байна. Үүнд ард түмний маш том хүлээлт байгаа. Хоёрдугаарт, Үндэсний баялгийн сан байгуулснаас хойш одоогийн байдлаар Ирээдүйн өв сан дээр 6 их наяд, Хуримтлалын сан дээр 1,1 их наяд. Нийлээд 7,1 их наяд төгрөг буюу тэрбум орчим доллар хуримтлагдаж чадсан байна. Энэ үндэсний баялгийн сан дээр төвлөрсөн хоёр тэрбум буюу 7,1 их наяд төгрөгийг хэрхэн цаашаа арвижуулж чадах вэ гэдэг нэг хэмжигдхүүн гарч ирнэ гэж хүлээж байна. Үндэсний баялгийн санг цааш арвижуулах бодлого авч явах уу. Эсвэл янз бүрийн шалтаг хэлж байгаад зарцуулах хэлбэр рүү орох уу. Тодорхой хариулт авъя. Гуравдугаарт, Боловсролын сайдад нэр дэвшигчээс ойлгомжтой нэг асуулт асууна. Яг гурван жилийн өмнө Боловсролын зээлийн сангийн асуудлыг гаргаж ирж байсан. Би гишүүн байгаагүй л дээ. Тэр дунд нэг ноцтой асуудал байсан нь үе үеийн 16 сайдын тушаалаар 25 сая ам.доллар буюу 90 тэрбум төгрөгийг УИХ-ын бүрэн эрхээс давж, сайд нар хууль бусаар хүчингүй болгосон гэсэн тушаалууд байна. Надад АТГ-ын дарга, тэргүүн комиссар Дашдаваагийн гарын үсэгтэй, Монгол Улсын Ерөнхий сайд руу хандсан “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох албан тоот” байна. Ингээд гурав дахь ерөнхий сайдын нүүр үзэж байна. АТГ-ын дарга Дашдаваа энэ хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож, 90 тэрбумыг эргэн төлүүлье гэдэг албан тоотыг тухайн үеийн ерөнхий сайдад өгч байсан. Одоо хүртэл хийгдээгүй. Би УИХ-ын гишүүн болж орж ирээд хоёр жил ярьж байна. Татвар төлөгчдийн мөнгө. 90 тэрбум төгрөг шүү. Энэ хууль бус тушаал дотор бас таны тушаал байгаа. Тэгэхээр та ёс зүй зааж энэ хууль бус тушаалуудыг хүчингүй болгох уу. АТГ-ын өгсөн албан тоотыг та биелүүлэх үү. Таныг нэр дэвшигчээр орж ирсэн дээр асуучихмаар байна. Та тийм, үгүй гэж байгаад хариулчихвал их сайн байна. Яагаад гэвэл та ардах бүх түүхийг нь сайн мэднэ. 

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал: Мэдээж, Оюу толгойн яриа хэлэлцээг урагшлуулна. Батнайрамдал гишүүний ахалсан түр хорооны тогтоол бий. Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол дээр монголын талын өгөөжийг 53 хувь хүргэх үүрэг хүлээсэн. Оюу толгойн талуудын яриа хэлэлцээг хож, хож гэсэн зарчим дээр л үр дүнд хүргэх ёстой. Би өнгөрсөн хугацаанд Орона майнингийн хэлэлцээрийг ахалсан. Тухайн үед санхүүгийн модел дээр суурилсан хэлэлцээр хийж байсан. Оюу толгойн яриа дээр ч гэсэн энэ зарчимаа бариад 53 хувьд хүргэх хэлэлцээрийг үргэлжлүүлж, үр дүнд хүргэхээр өөрөөс шалтгаалах бүгдийг хийж ажиллана. Мөн баялгийн сантай холбоотой Үндсэн хуульд заасан өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн зарчимыг хангуулах чиглэлээр зөвлөлдөх санал асуулга ирэх долоо хоногт зохион байгуулахаар бэлдэж байгаа юм билээ. Занданшатар даргын засгийн газрын үед хуримтлалын сангийн орлогыг нэмэгдүүлэх бодлого эхлүүлсэн. 175 мянган төгрөг байгааг 10 хүртэл нэмэгдүүлэх бололцоотой үе шаттай ажлыг эхлүүлсэн. Энэ төрийн ажлын залгамж чанарыг хадгалж, баялгийн сангийн зөвлөлдөх санал асуулгыг хэлэлцэж, шаардлагатай бол Үндэсний баялгийн сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Баялгийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, арвижуулах, хуваарилах асуудлыг тодорхой болгоно. Эхлээд иргэдийн саналыг сонсох юм. Ирээдүйн өв санд хуримтлуулаад байгаа хувь өгөөжийг өнөөдөр илүү хуримтлуулах нь зөв үү, буруу юу гэдэг дээр зөвлөлдөх санал асуулгыг хуулийн дагуу хийж үр дүнг нь харъя гэсэн хүлээлттэй байна. Стратегийн ордуудтай хэлэлцээр хийх ажлыг Занданшатар ерөнхий сайдын үед хийсэн. Гэхдээ бид хоосон гэрээ хийгээд зогсож болохгүй. Орд болгон дээр санхүүгийн модел гаргаж, өгөөжөө тооцох ёстой. Бид нэг үеэ бодвол корпорэйт гэрээ хийгээд сурчихсан шт. Яг энэ зарчимаар ажиллана. Тэрнээс гэрээ хийгээд тэдэн хувийг нь авна гэдэг зарчим байж болохгүй. Эхлээд өгөөжийг яаж тооцох вэ. Ямар төлбөр, татвар нийлээд өгөөж болох вэ. Хэдэн хувийг өгөх юм бэ гэдгийг хуульчлах хэрэгтэй. Батнайрамдал гишүүн үүнийг хуулинд тодорхой болгоод, өгөөж тооцох эрх зүйн орчныг бүрдүүлж өгөөсэй. Бид хэлэлцээрүүдээ үргэлжлүүлээд төрийн эзэмшлийн 34 хувь нь баялгийн сан руу ордог зөв механизм руу оруулна аа гэдгийг танд хэлье ээ. 

Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан: Батнайрамдал гишүүнд талархаж байгаа. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Боловсролын зээлийн сангаар шүгэл үлээсэн. Гэхдээ ганцхан Батнайрамдал үлээгээгүй шүү гэдгийг өөрт нь хэлж байсан. Хоёр жил яамны хамт олон өдөр шөнөгүй зүтгэж, сүүлийн 30 жилийн хугацаанд давхардсан тоогоор 1,2 сая хүүхдийн хувь заяаг шийдсэн сангийн их өгөгдөл, датаг бэлэн болгосон нь хууль бус аргаар таны гарт очсон. Үүнийг хэн өгсөн, хэзээ яаж авсан гэдгийг бүгдийг нь мэднэ. Нэг зүйлд харамсаж байна. Харвардын их сургуульд сурсан хүн бусдын хийсэн яамны ажилд ингэж хандсаныг номон дээрээ бичсэн. Таныг ойлгосон болов уу гэж бодож байна. (+1 минут авав) Өнгөрсөн 33 жилийн хугацаанд 1,3 их наядын зээлээр Монгол Улсын бүх л салбарт боловсон хүчнээ бэлдсэн. Энийг бүгдийг нь харлуулж болохгүй. Ер нь хариуцлага алдсан, ар өврийн хаалга орсон хүүхдүүд нь 160 гаруй л байдаг шт. Та үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Би энэ ажлуудыг эхлүүлсэн хүний хувьд бүгдээрээ хэрүүлд цэг тавья. Тэгэхгүй бол ганц хоёрхон хүний улс төрийн хонжоо, шантааж, улс төрд тодорч гарах гэсэн асуудал байж болохгүй. Сийлэгмаагаас авхуулаад. Сүүлд хүмүүсийг нэр төрөөр нь шантаажилдаг болчихсон шд. Олон улс төрчдийн нэр хууль бусаар сэвтсэн. Цаашдаа Боловсролын зээлийн санг Боловсролын хөгжлийн сан болгох концепцийн асуудлыг оруулж.. (Микрофон хаагдав)

УИХ-ын гишүүн Отгоншарын Батнайрамдал: Энх-Амгалан нэр дэвшигч ээ. Хоёулаа одоо Харвард марвард гээд сургууль руу ороод яах вэ. Тухайн үедээ та нялх сэнгүм гээд л янз бүрийн юм ярьж л байсан. Зүгээр шийдлээ яримаар байна. Би таниас маш ойлгомжтой асуулт асууж байгаа шт. Энэ хууль бус шийдвэрийг хүчингүй болго гээд АТГ-ын Дашдаваа даргын гарын үсэгтэй албан тоот ерөнхий сайд руу очиж байсан шүү дээ. Энэ өөрөө биелэхгүйгээр гурван засгийн газрын нүүр үзэж байна. Та эхлүүлсэн юм бол одоо эцэслэчих л дээ. Энэ дунд таны тушаал ч байгаа. Гэхдээ та ёс зүй заагаад, үнэхээр хууль бус юм бол хүчингүй болгочих л хэрэгтэй. Зөв залуус зөндөө байгаа, би мэдэж байна. Гэхдээ наанатай, цаанатай бүгдийг нь шийдэж эцэслэх хэрэгтэй байгаа юм. 

Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан: Батнайрамдал гишүүн ээ, энийг цөмөөрөө хамтарч хийнэ ээ. Эрх зүйн шинэчлэл хэрэгтэй юм билээ. 126 гишүүн цөмөөрөө хамтарч хийнэ. Тиймээс Боловсролын зээлийн санг цаашид Боловсролын хөгжлийн сан болгож, улс орны хөгжил дэвшилд шаардлагатай хүний нөөцийг бэлдэх тогтолцоог ил тод болгох, иргэн бүрд хүртээмжтэй болгох шинэчлэлийг бид хийнэ. Тэр АТГ-аас ирсэн бичгүүд байгаа бол би ажлаа авчихаад танилцъя. Үнэхээр шударга бус, хууль бус зүйлүүд хийгдсэн бол хамгийн эхний тушаалаараа тэдгээр тушаалыг хүчингүй болгоё оо гэдгийг хариуцлагатай хэлье. 

УИХ-ын гишүүн Буланы Бейсен: Шинээр томилогдсон УИХ-ын дарга, Ерөнхий сайд, түүний кабинетад баяр хүргэн амжилт хүсээд, хамтарч ажиллана гэдгээ хэлье. Би нэг юманд санаа зовж байна. Эрүүл мэндийн салбарт ерөөсөө санаа зовохгүй юм. Монгол Улсын иргэд эрүүл байж бүх салбарт хөдөлмөрлөх ёстой. УИХ-д зургаан жил сууж байна, долоон сайд солигдлоо. Арай л байна даа. Энэ сайдууд яагаад огцорч байна вэ. Төсөв нь хүрэхгүй, орон тооны хэтрэлттэй, шат шатны эмгэлгүүдийн өр зээлийг нуудаг, эрүүл мэндийн даатгал нь алдаа дутагдалтай. Өвчнөө нуусан хүн үхдэг шүү дээ. Батшугарыг эсэргүүцэж байгаа юм биш. Түрүүн ерөнхий сайд эдийн засгийн тал дээр сайн авч явах байх гэлээ. Гэхдээ Батшугар минь эдийн засаг нь элгээрээ хэвтсэн гал дотор орчихлоо доо. Миний дүү энэ эмнэлгүүдийг өр зээл, авлага өглөгийг тодорхой болго. Ил зарла. Тэгэхгүй бол чамайг ажлаа хийгээгүй гээд бүх зүйл тохогдоно шүү. Нөгөө талд хотод 33 том хувийн эмнэлэг байгаа. Улсын эмнэлгүүдтэй адил санхүүжилт авчихаад төлбөртэй үйлчилдэг. Хотын том эмнэлгүүд, аймаг болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг өр зээлийг дарж, хувийн эмнэлгийн санхүүжилтийг зогсоож байж салбараа босгохгүй бол болохгүй. Эмч, ажилчдын цалин нь бага. Эмнэлгийн хэрэгсэл нь байхгүй. Квот тогтоочихсон. Үнэхээр хүнд байдалтай. Америкийн шинжлэх ухааны их сургуулийн мэргэжлийн багш нарыг, доктор профессоруудтай хамтарч ажиллаад, зөвлөгөө авахгүй бол ажил явахгүй. Сая нэгхэн сарын дотор Нэгдүгээр эмнэлгийн даргыг гурван удаа солилоо. Энэ алдаа завхралыг та засаж чадах уу. Эдийн засгийн тал дээр эрүүл мэндийн салбар ДНБ-ий 6 хувьтай тэмцэх хэмжээний төсөвтэй байх ёстой. Сангийн сайд, Шадар сайд эрүүл мэндийн салбарыг дэмжиж хамтарч ажиллах уу гээд асуумаар байна. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ маш өндөр байна. Энийг буулгах тал дээр анхаарал хандуулж ажиллахгүй бол эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүд гаднаас эм авчирч байна. Даатгал гэж байхгүй болсон. Энэ тал дээр ямар бодлого барих вэ, тодруулъя. 

Эрүүл мэндийн сайд Энхбаярын Батшугар: Монгол Улсад тодорхой эмүүд байхгүй, чанар нь муу байна. Дээрээс нь манай улсын иргэд өнгөрсөн 2025 онд л гэхэд 120 сая доллараар гадагшаа явж эмчилгээ хийлгэжээ. Энэ төлбөрийн тэнцэл ханшин дээр сөрөг нөлөө авчирч байгаа юм. Үүн дээр дэлхийн чанартай эмнэлгийг авчирах зорилго тавьж ажиллана. Дан урьж авчрах биш, яаж олон улсын эрүүл мэндийн даатгалын компанийг монголын даатгалын компанитай нийлүүлж нутагшуулах вэ гэдэг дээр анхаарч ажиллана. Эрүүл мэндийн даатгал дампуурсан. Мөн хувийн болон бусад эмнэлэг мөнгө аваад байдаг хэрнээ үйлчилгээний чанар муутай. Өвчтөнүүд хангалттай үйлчилгээ авч, үзүүлж чадахгүй байна гэдэг асуудал ярилаа. Үүн дээр системийн анализ хийнэ. Хаана нь болохгүй байгааг харж байгаад, засахын төлөө ажиллана. Миний хувьд биечлэн мэргэжлийн хүмүүстэй хамтарч суугаад эрүүл мэндийн даатгалын сангийн бүх мэдээллийг авч байгаад аудит хийнэ. Юуны тулд санхүүч билээ. Салбарын хувьд хамгийн чадварлаг, туршлагатай хүмүүстэй хамтарч ажиллана. Мөн эмч гишүүдтэйгээ бодлого тодорхойлохдоо хамтарч ажиллана гэдгээ хэлье ээ. 

УИХ-ын гишүүн Буланы Бейсен: Байгаль орчны сайдаас нэг асуулт асууя. Төрийн тусгай хамгаалалттай газар байна шүү дээ. Бид нар түрүүн туршлага судлаад ирсэн. Төр, хувийн хэвшилтэй хамтарч ажилладаг юм байна. Тэгэхгүй бол отоглох газаргүй, ариун цэврийн байгууламжгүй. Энэ тал дээр та хувийн хэвшилтэй хамтарч ажиллах уу. Эрүүл мэндийн сайдад хэлэхэд бүх эмнэлгийн өр зээл, өглөг авлагыг ил гаргахгүй л бол ерөөсөө болохгүй. Хөдөлмөрийн сайдад, өргөн хэрэглээний бараа, мах сүү, талх, бензиний үнэ нэмэгдлээ. Мах 30 мянга хүрлээ. Тэтгэвэр тэтгэмж, цалингаа нэмэхгүй бол болохгүй нь ээ гэдгийг хэлье. Байгаль орчны сайд (Микрофон хаагдав)

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир: Бейсен гишүүний асуултад хариулъя аа. Төрийн тусгай хамгаалалттай газрын асуудлыг ярьж байна. Манай салбарын онцлог бол төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, тэдний дуу хоолойг сонсож хамтарч ажиллах асуудал бол хамгийн чухал. Ингэж ажиллахаас өөр гарцаагүй. Тийм учраас энэ салбарт аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлт, уур амьсгалын болон орчны бохирдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана аа. 

УИХ-ын гишүүн Пүрэвийн Батчимэг: УИХ өнөөдөр гурав дахь засгийн газрын нүүрийг үзэх гээд, сайдад нэр дэвшигчидээсээ асуулт асууж байна. Засгийн газар огцрох бүрд төрийн захиргааны төв байгууллага хөдөлгөөнд орж, бүтэц өөрчлөгдөж, бөөн зардал гардаг. Өнөөдөр сайдад нэр дэвшиж буй гишүүдийн дунд соёлын сайд асан Ч.Номин байна. Түүний хувьд хуулийн сайд Б.Энхбаярын удаа дараагийн мэдэгдлээр соёлын сайд байхдаа зориулалтын бусаар Оюу толгойгоос авсан  20 сая ам.долларын тодорхой дүнг хоёрхон гишүүнтэй гадаад компани руу шилжүүлсэн гэх шуугиан өнөөдрийг хүртэл тасрахгүй байгаа. Мөн өөрийнхөө википэдиа хаягийг хөгжүүлсэн, гадаад явахдаа хэлэх үгээ бэлдүүлсэн, хоолны мөнгө зарлагадсан гэх мэдээлэл явдаг. Тэгэхээр сайд байхдаа ийм зохисгүй байдлаар зориулалтын бус зарцуулалт хийж байсан хүн шинэ засгийн газрын нэр дэвшигчээр орж ирсэнд гайхаж байна. Энэ асуудал нь юу болсон бол оо, Учрал сайд аа. Ч.Номин гишүүн та дахиад ийм зарчимгүй асуудалд нэр холбогдохгүй байж чадах уу. Учрал сайдад нэр цэвэр, асуудалд холбогдоогүй сайд байгаагүй юмуу. Ийм байдлаар явахад иргэдийн итгэл сэргэж, шударга ёс хангагдана гэж үзэх үү. Шинээр байгуулагдах засгийн газрын уриа лоозон нь юу юм бэ. Өмнөх засгийн газар хүний хөгжил, боловсрол, эрүүл мэнд, мега төсөл гэсэн. Тэгвэл энэ засгийн газар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Эрээн мяраан олон л өнгө харагдаж байна. Хүн сурталтай хүмүүс нь ч байна. Хөнгөн жингийн хүндүүд нь ч харагдаж байна. Гүйдэг суудаг гишүүд ч явж л байгаа. Сайн ажилласан, мэдлэг туршлагатай сайдууд ажлаа өгсөнд маш их харамсаж байна. Зарим нь өвлүүлээд, өмчлүүлээд өгчихсөн юм шиг суумал сайдууд ч байна. Магадгүй сайн ажиллахыг үгүйсгэхгүй. Гэхдээ сайдын суудал бол менежер бэлтгэдэг талбар биш. Мэргэшсэн, туршлагатай хүний очиж ажиллах талбар. Жишээ нь, Дархан руу Хүнс хөдөө аж ахуйн яамыг нүүлгээд, богино хугацаанд хөдөлгөөн хийсэн нь Ж.Энхбаяр сайдын гай юу, гавьяа юу. Одоо дүгнэж чадахгүй байна л даа. Дараагийн сайд нь очоод хаврын тариалалт, ноос ноолуур гээд өчнөөн ажил өрнөж байхад хэдхэн сар болоод уначихсан. Гадаа амьдрал маш хүнд байхад ордны амьдрал ороо бусгаа. Дааж давшгүй ачаа үүрсэн татвар төлөгчдийг хайрлах, энэрэх хүн энэ танхимд хэд байдаг юм бол. Авлига, хээл хахуулийн сүлжээ, нүүрсний хулгайчид сошиалаар ард түмний тархи оюуныг гэмтээгээд, өтжүүлээд, өмхийрүүлээд тавьчихсан. Өнөөдөр аль нь үнэн, аль нь худал вэ гэдэг огт мэдэгдэхгүй байна. Энэ тал дээр одоогийн хуулийн сайд яаж ажиллах юм. Б.Энхбаяр сайдад би талархалтай ханддаг. 

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал: Бүгдэд таалагдах бүрэлдэхүүн хэзээ ч байгаагүй. Хэзээ ч байхгүй нь үнэн байх. Энэ бол эрх чөлөөт нийгмийн зүй тогтол. Сөрөг хүчин бол эрх барьж буй намын байгуулсан засгийн газрыг шүүмжлэх нь ардчилсан орны нээлттэй үзэгдэл. Би сөрөг хүчнээ үргэлж хүндэтгэнэ.          Та бүхэн шүүмжлэх, хяналт тавих эрхтэй. Гэхдээ засгийн газрын гишүүн бол УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын албан тушаалаас өөр. Гурван удаа засгийн газарт ажилллаж үзлээ, ачаа үүрдэг л ажил. Гал усан дундуур орж, түмэн олныхоо дунд шүүлгэдэг, элдэв янзаар хэлүүлдэг, түүнийг дааж гардаг. Улс орны амьдрал цаг минутаар хэмжигддэг учраас цаг минутаар тэр ачааг дааж гардаг ажил. Тийм ч учраас шинэ Үндсэн хуулиар ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлдэг нь ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох гээд байгаа хэлбэр. Хүн хоолоо хэнээр хийлгэх үү, цайгаа хэнээр чануулах юм, ачаагаа хэнээр өргүүлэх юм бэ гэдгээ өөрөө сонгоно. Энэ багаар энэ үр дүнд хүрнэ гэж сонгодог учраас энэ эрхийг өгсөн. Тийм ч учраас энэ удаа Цахим хөгжлийн сайдаар Номинг томилохоор танилцуулж байгаа. Бид хамтдаа засагт ажиллаж байсан. Надад үр дүн чухал. Номин бол өнгөрсөн хугацаанд зөөлөн хүчний индекс, цахим засаглалын индексийг урагшлуулахад онцгой гавьяа байгуулсан. Надад бол яг үнэндээ ажил хийдэг хүн л хэрэгтэй байгаа юм. Тэрнээс ард түмэнд дандаа сайхан дуудуулдаг гээд бүх оддын чуулган шиг сайд нар ирээд, тэд нарт ажил заах гэж өөрөө төөрсөөр байгаад амжилтгүй болно. Тиймээс өмнө нь сайд байсан, аймаг орон нутаг удирдаж байсан, үр дүн гаргаж байсан хүмүүсийг аваад ажилдаа ханцуй шамлан оръё. Гал усан дундуур явъя, элдэв үгээр шүүмжлүүлье. Үр дүн гаргах ёстой гэж л би шаардаж байгаа. Манай цахим засаглалын индекс 28 байр урагшилсан, цаашдаа хүнд суртлын чөлөөлөлт буюу танд хэлээд байгаа эрх чөлөөний дөрвөн чөлөөлөлтийг хийхэд нээлттэй засаг их чухал. Тиймээс зөвшөөрлийг зөвхөн цахимаар олгох бизнесийг олон нийтэд танилцуулна. Э монголиаг ахисан төвшинд гаргана аа. Үүн дээр Номин сайдыг хариуцлагатай ачаа үүрээд ирсэн хүн, цаашид үүрнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. Тэгээд үр дүнгээ харуулах байх аа гэж бодож байна. 

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Чинбатын Номин: Юун түрүүнд энэхүү 20 сая доллартай холбоотой асуудлыг төрийн захиргааны байгууллагын хувьд ямар ч Соёлын яамтай буюу миний өмнө нь тэргүүлж байсан яамтай хамааралгүй. Миний хувьд тухайн үед Монгол Улсыг олон улсад сурталчилах үндэсний хороог ахалж ажиллаж байсан. Энэ ажлын хүрээнд хоёр жилийн хугацаанд Монгол Улсыг олон улсад сурталчилан таниулах стратеги төлөвлөгөө боловсруулаад, үүний хүрээнд хийгдсэн ажлын 200 гаруй хуудастай тайлан хүргүүлснээс зөвхөн нэг хуудсыг тусгайлан гаргаж тавьсан ташаа мэдээлэл дээр суурилсан шууд гүтгэлэг гэж үзэж байгаа. Миний хувьд ямар нэгэн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл нэг ч хийгээгүй. Төрд ажиллах хугацаандаа зөвхөн Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийд өргөхийн төлөө ажилласан. Үүний үр дүнд өнөөдөр бид бүхэн аялал жуулчлалын салбарт эдийн засгийн эргэлтийг 1,6 тэрбум доллар болгож нэмэгдүүлсэн. (+1 минут авав) Мөн намайг ажил авч байх үед буюу ковидын өмнө 500 мянга орчим жуулчин ирж байсан бол өнөөдөр 800 мянга орчим жуулчин ирсэн байна. Та бүхэн юуг ойлгох ёстой вэ гэхээр бид өөрийн улсаа зөвөөр сурталчилж байж эргээд орлого олно. Нөгөө талд бид улсынхаа мэдээ, мэдээллийг дэлхийд зөвөөр ойлгуулж байж эдийн засгийн, зөөлөн хүчний индексүүд нэмэгдэнэ. Энэ ажлыг л би бүрэн хэмжээнд хийсэн. Ямар нэгэн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй асуудалд оролцоогүй гэдгээ албан ёсоор хэлье ээ. 

УИХ-ын гишүүн Пүрэвийн Батчимэг: Учрал сайд миний асуултад гүйцэт хариулсангүй. Өөрийнхөө хуучин ажиллаж байсан яамныхаа талаар ярьж байх шиг байна, тийм ээ. Номин гишүүний хувьд дахиад сайдад нэр дэвшиж байгаа. Одоогийн албан тушаалаа хашихдаа дахин ийм үйлдэл гаргахгүй гэх баталгаа бий юу. С.Амарсайхан, Ж.Энхбаяр нараас хариултаа бүрэн авъя. 

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Жадамбын Энхбаяр: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дархан хот руу шилжсэн тухай Батчимэг гишүүнд хариулъя. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг та бид баталсан. ХХААХҮЯ-ыг төвлөрлийг сааруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүднээс “нүү” гэдэг тогтоолыг УИХ баталж, засгийн газарт үүрэг өгсөн. Энэ дагуу яам шилжин очсон. Үр дүн өндөр гарсан. Эдийн засагт үзүүлэх нөлөөлөл өссөн. Хоёр хүний нэг нь ажиллаж буй энэ салбарт нийт 38 мянган ажлын байр шинээр бий болж, ХАА-н салбар 33 хувийн өсөлтийг үзүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн 60 гаруй хувийг дангаараа хангаж ирлээ. Үүнтэй холбоотой хүнс, хөнгөн үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан гээд цогц бодлогыг хэрэгжүүлсэний үр дүн их эерэг гарсан. Цаашдаа үргэлжлүүлэх ёстой гэж бодож байна. 

УИХ-ын дарга гишүүн Мөнхбатыг үг хэлж, асуулт асуухыг хүссэн боловч эзгүй байсан тул дараагийн хүнд микрофон шилжив.

УИХ-ын гишүүн Нанзадын Наранбаатар: Шинээр томилогдож буй гишүүддээ бүгдэд нь амжилт хүсье. Дэмжиж байгаа. Нэгдүгээрт, Зөвхөн говь нутгийн хувьд биш Монгол орны хэмжээнд цөлжилтийн асуудал нэн тулгамдаж байна. Энэ зун манай улсад зохион байгуулагдах Цөлжилтийн эсрэг талуудын оролцоотой бага хуралд би нэлээн ач холбогдол өгч, хүлээж байна. Олон зүйлүүдийг шийдэх байх. Ялангуяа, говийн бүс нутгийг усжуулах хоёр том төсөл засгийн газрын мөрийн хөтөлбөрт суугаад явж буй. Шинээр томилогдож байгаа Сандаг-Очир сайд энэ чиглэлд нэлээн анхаарч ажиллах байх. Өмнөх сайд нэлээдгүй ажил хийж, багагүй хөрөнгө оруулалт ирж байгааг ярилаа. Үүнийг үргэлжлүүлж Орхон говь, Хэрлэн тоонот гэсэн хоёр том төслийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. Хоёрдугаарт,  малчид хавар л ноолуураасаа орлого олдог. Сая зүүн бүсэд ноолуурын дуудлага худалдаа явсан. Үнийн хувьд боломжийн. Ноолуурын үнийг бууруулахгүй байх дээр тодорхой бодлого барих хэрэгтэй. Малчдын хүсэн хүлээгээд байгаа малын гаралтай түүхий эдийг боловсруулах, дотооддоо нэмүү өртөг бий болгох, өндөр үнээр экспортод гаргах чиглэлээр онцгой анхаарч ажиллаарай гэж хүсье. Гуравдугаарт, Дамдинням сайд Ашигт малтмалын тухай хуулийг боловсруулаад, нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барихад бэлэн болсон байгаа. Орон нутгийн өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа уул уурхайн бүс нутагт иргэдийн амьдрал, бэлчээр болон усны асуудал хүнд байна. Өнөөдөр бидний ганц орлого олж байгаа салбар бол уул уурхай. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа иргэд, засаг захиргааны байгууллага, малчид руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийхэд АМНАТ-ын төлбөрийн хуваарилалт их чухал. Хуулиа түргэн өргөн барьж, нэг өдрийн өмнө ч гэсэн батлах нь зүйтэй. Дөрөвдүгээрт, Эдийн засаг хөгжлийн сайд бүсчилсэн хөгжлийн асуудлыг хариуцдаг. 2002 оноос хойш бүсчилсэн хөгжил  гэж ярилаа. Дорвитой сайн ажил хийхгүй, цаасан дээр л яваад байгаа. Бүсийн удирдлага зохицуулалт, хөрөнгө оруулалт, төсөв санхүү, хоорондын уялдаа, томоохон бүтээн байгуулалт гээд анхаарах, хууль эрх зүйн орчинг өөрчлөх ажил хийх нь зүйтэй болов уу. Тавдугаарт, Боловсролын салбарын хувьд Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургуулийн барилга баригдахаар шав тавигдсан. Өнөөдрийг хүртэл ажил эхлээгүй явж байгаа. Уг нь.. (+1 минут авав) Уг нь Оюу толгой компанитай хамтын ажиллагааны гэрээнд  энэ асуудал тусгагдсан байдаг. Одоогийн байдлаар түрээсийн байранд байгаа сургуулийг өөрийн байртай болгох, оюутны хотхоныг иж бүрэн цогцоор нь байгуулах хэрэгтэй. Өмнө эхлүүлсэн ажлаа яаралтай цааш үргэлжлүүлэх шаардлагатай байгааг хэлье. 

УИХ-ын дарга С.Баярцогт Ганзориг гишүүнийг асуулт асуусангүй, асуугаарай гэж хэлсэн боловч хариу ирэхгүй байсаар Очирбат гишүүн рүү микрофон шилжив. 

УИХ-ын гишүүн Ганбатын Очирбат: Ерөнхий сайдаас эхний асуултаа асууя. Монгол Улсын Ерөнхий сайд “Үнэн байя” гэдэг үгийг сүүлийн гурван хоног тасралтгүй хэлсэн. Өнөөдрийн томилгоо таны итгэл үнэмшилээр “үнэн” байж чадав уу. Үүнийг яг ард иргэдийнхээ өмнө хэлээд өгчихөөрэй. Танд өнөөдөр монголчууд итгэж байгаа. Гэтэл энэ томилгоо үнэн байж чадсан уу. Дараагийн асуултыг Жадамбын Энхбаяр сайдаас асууя. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг яг хэзээ, хэрхэн, яаж 10 мянган долларт хүргэх вэ. Дараагийн асуултаа, Догмидын Доржханд сайдаас асууя. Эрчим хүчний үндэсний хороо ажилласан. Гаднаас эрчим хүчний хөрөнгө оруулалтыг татаж оруулж ирсэн гэсэн. Хоёр жилийн дотор дотооддоо эрчим хүчээ 100 хувь үйлдвэрлэж, салбарын тусгаар тогтнолыг зарлана гэсэн. Экспортод гаргана гэсэн. Яг хэзээ, хэрхэн, яаж дотоодын эрчим хүчээ 100 хувь өөрсдөө хангаж, хэзээ экспортод гаргах вэ. Дараагийн асуултыг ЗГХЭГ-ын дарга Баттөмөрийн Энхбаяраас асууя. Танд төрийн өмчийн олон компаниуд очно. Алдагдалтай, ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудтай хэзээ хариуцлага тооцож, дампуурахыг нь дампууруулж, татан буулгахыг нь татан буулгаж, хувьчлах вэ. Дараагийн асуултаа Загджавын Мэндсайхан сайдаас асууя. Төсөв батлах болгонд УИХ-ын гишүүд тойрог дээрээ мөнгө татаж сангийн сайдыг зовоодог. Та сангийн сайдын хувьд энэ байдлыг 2027 оны төсөв батлахад таслан зогсоож чадах уу. Дараагийн асуултаа Сайнбуянгийн Амарсайхан сайдаас асууя. Сүүлийн хэдэн сар МАН хоёр тал болоод, бие биенийгээ хулгайч гээд орон даяар зарлалаа. 110 сая долларыг Энхбаяр сайдыг авсан гэдэг. Энхбаяр сайд нь Бортээгтэй холбоотой асуудлыг ярьдаг. Бараг л хүн шатаагаад алчихсан гэдэг. Та хуулийн бодлого боловсруулж, ард иргэдийн дунд үүссэн ЖДҮ-ийн сан, Боловсролын сантай холбоотой, бие биенийхээ хулгай луйвартай холбоотой асуудлыг хэзээ тодруулж иргэддээ тайлагнах вэ. Дараагийн асуултаа Гонгорын Дамдинням сайдаас асууя. Аж үйлдвэрийн паркын тухай хууль нэлээн сайн боловсруулагдаад явж байгаа. Та түрүүн хэллээ. Монгол Улс гангийн үйлдвэртэй болох ёстой гэж. Яг хэзээ Монгол Улс гангийн үйлдвэртэй болох вэ. Нефтийн үйлдвэр яг хэзээ ашиглалтад орох вэ. Хэзээ зэс баяжуулах үйлдвэрээ хийж дуусах вэ. Дараагийн асуултаа, Лувсанцэрэнгийн Энх-Амгалан сайдаас асууя. Боловсролын тогтолцоо үнэхээр муудсан. Боловсролын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай юу. Ардчилсан намын бүлгийн гишүүн Мөнхтуяа Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байгаа юм билээ. Та тэрэнтэй танилцсан уу, юу гэж бодож байна вэ. Дараагийн асуултаа, Борхүүгийн Дэлгэрсайхан сайдаас асууя. Хэзээ Монгол Улс зүүн болон баруун босоо төмөр замд орох вэ. Энэ төмөр зам Монгол Улсын хөгжлийн гол тулах цэг нь. Дараагийн асуултаа, Жуковын Алдаржавхлангаас асууя. Хэзээ Монгол Улсад гадны жуулчид хэрхэн, яаж орж ирж дотоодын нийт бүтээгдэхүүнд нэмэр болох вэ. Энэ жил болон дараа жил хэдэн жуулчин орж ирэх вэ. Гадны аялал жуулчлалыг татахын тулд ямар бодлого боловсруулж ажиллах вэ. Дараагийн асуултаа, Энхтайвны Бат-Амгалан сайдаас асууя. Гадаа иргэд босож байна. Та энэ бослогыг хэрхэн, яаж дарах гэж байна вэ. Хэзээ Монгол Улсын иргэд бүгдээрээ орон сууцанд орж, аз жаргалтай амьдрах вэ. Дараагийн асуултаа, Цагаанхүүгийн Идэрбатаас асууя. Монгол Улс хэзээ дотооддоо өөрсдийн хэрэгцээний хүнсний ногоог 100 хувь үйлдвэрлэж чаддаг болох вэ. Хэзээ бид гаалийн ганц хоёрхон бичиг баримтаас болоод гацсан арьс, ширээ экспортод гаргадаг болох вэ. Дараагийн асуултаа, Бадрахын Найдалаа сайдаас асууя. Засгийн газрын чиглэл өгөх тухай 119 дүгээр тогтоол гарсан. Ногоон эрчим хүч гээд. Өнөөдөр их хурлын тогтоол гаргаад өгсөн боловч цахилгаан түгээхийнхэн чинь 20 киловаттын эрчим хүчээ өөрөө үйлдвэрлэсэн иргэд мөнгөө авъя гэхээр өгөхгүй байна. Энийг та хэзээ шийдэх вэ. Хамгийн сүүлийн асуултаа Энхбаярын Батшугар сайдаас асууя. Монгол Улсын иргэд эмнэлэгт очерлоод зогсож байна. Эрүүл мэндийн даатгалын сан чинь гацчихсан. Энэ гацаанаас хэзээ гарах вэ. 

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Жадамбын Энхбаяр: 2025 оны гүйцэтгэлээр ДНБ-ий нэг хүнд ногдох орлого 7320 ам.доллар хүрээд байна. Монгол Улсын эдийн засаг 25,2 тэрбум доллар болжээ. 2001 онд Монгол Улсын эдийн засаг 1 тэрбум доллар байсан. Өнгөрсөн 25жилийн хугацаанд бид эдийн засгаа 25 дахин тэлсэн байна. 2030 он хүртэл эдийн засгаа хөгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10.700 ам.доллар болгоно гэсэн зорилт тавьж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган долларт хүрснээр амьдралын чанарт эрс өөрчлөлт гардаг. Боловсрол, эрүүл мэндийн чанарт олон өндөр үзүүлэлт үзүүлж эхэлдэг. Зээлийн хүү буурдаг. Улс орны эдийн засгийн чадавх сайжирдаг. Цалингийн өсөлт 60-аас доошгүй хувиар нэмэгдэх бололцоо.. (Микрофон хаагдав)

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал: Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг одоо хэрэгжиж байгаа хуулийн дагуу л сайд нараа оруулж ирсэн. Гадаад хямрал болж байгаа үед дотоод зөрчил байж болохгүй. Энэ цаг үеийг давахад дотоод сахилга бат, хариуцлага хамгийн чухал. Энэ кабинет бол нэг нэгнийхээ дутууг нөхөх бололцоотой. Суралцаад байх шаардлагагүй туршлагатай баг гэж үзэж байна. Миний итгэж үнэмшил, миний үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх энэ багаар үр дүнд хүрнэ гэж тооцоолж өөрийнхөө кабинетыг оруулж ирсэн. Ажил эхлэхээс өмнө гоё, гайхамшиг, ид шид бүтээнэ гэж яриад яахав. Үр дүнгээрээ хэмжүүлье. Үнэнээс зугтаж олон жил явсан. Үнэнтэй тулах хэрэгтэй. 

(Ерөнхий сайдын өмнөх хариултуудтай давхацсан, утга нэг хэсгүүдийг уншигчдын цагийг хэмнэх үүдээс хасав. Үр дүн, салхи шуургыг давах, энтертайнмент байхгүй, өмнө хийсэн ажлын тухай гэх мэт)

Шадар сайд Тогмидын Доржханд: Зургаан жилийн өмнө буюу 2020 оны засгийн газар орж байхад би хоёр минутад багтааж 15 асуулт асууж байсан юм. Манай Очирбат гишүүн болохоор хоёр минутад 20асуулт асуулаа. Маш сайн асуулт. Товч хариулъя. Хоёр, гурван жилийн дотор эрчим хүчний эрх чөлөөг бий болгоно гэж мэдэгдэж байсан нь үнэн. 2025 оны нэгдүгээр сард үүнийг зарлаж байсан. Эрчим хүчний үндэсний хороо байгуулагдаж байсан. Харамсалтай нь зургаан сар ажиллаад засгийн газар солигдсон. Үндэсний хороог татан буулгасан. Энэ бол бодит байдал. Засгийн газар солигдсоны дараа бол тогтворгүй байдал үүссэн байна гээд том хөрөнгө оруулагч нар, харилцаж байсан байгууллагууд зогссон. Гэхдээ аравдугаар сард Саудын арабын компани 10 гегабайтын хөрөнгө оруулалт хийхээ өөрсдөө ирж зарлаад, ажлаа эхлээд, судалгааны ажлаа дуусгаад явж байгаа. Дахиад засгийн газар солигдож байна. Тэнд дайн болж байгаа ч гэлээ бид харилцаатай байгаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх Европийн хөрөнгө оруулалтын банк, Европийн сэргээн босголт хөгжлийн банк хувийн секторт шууд мөнгө өгөх шийдвэрээ гаргасан. Тэгэхээр өнөөдөр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх хувийн секторт өгөх мөнгө нь бэлэн. Харин одоо дутуу зүйл нь өөрөө 20-30 хувийн хөрөнгө гаргаад, санхүүжилтээ 70-80 хувь авдаг тал дээр гацчихаад байгаа. Энэ ажлыг үргэлжлүүлээд явах гэж байна. Хэрэв засгийн газар тогтвортой байвал 2028 он гэхэд хөрөнгө оруулалтаа татаад, бие даасан байдлыг хангах бүрэн боломжтой. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Бөттөмөрийн Энхбаяр: 2016 онд Хуулт зүй, дотоод хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байх үедээ төрийн өмчийн компанийн нийтийн өмчийн хуулийн төслийн ажлын хэсгийг анхлан эхлүүлж байсан. Энэ төсөл маш олон засгийн газар дамжиж, Ерөнхий сайд Н.Учрал ЗГХЭГ-ын сайд байхдаа ажлын хэсгийг ахалж УИХ-д өргөн барьсан. Бид хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн байгаа. УИХ дээр Үүрийнтуяа, Сайнзориг, Номинчимэг гишүүн нар улс төрийн манлайлж байгаа. Хамгийн түрүүнд хууль өөрөө шинэчлэгдэх ёстой юм билээ. Бид нар нийтийн өмч гэдэгтээ үндсэн хуульд заасан ард түмний мэдэлд ямар өмчийг тооцох вэ гэдгийг. Тэр өмчийг хэн, ямар хүрээнд шийдвэр гаргах уу гэдгийг тодорхой болгохгүй бол өмчийн болон баялгийн хулгай бол тасрахгүй. (Микрофон хаагдав)

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням: Үйлдвэр технологийн паркын тухай хууль бол манайд хэрэгжээд, мөрдөгдөөд явж байгаа. Энэ хууль зөвхөн хашаан доторх асуудлыг шийдээд байгаа. Хүнд үйлдвэрийн тухай хууль бэлтгэгдэж байна. Минут бага байгаа учраас би танд тодорхой хариулт өгье. Зэс боловсруулах үйлдвэрийн төсөл 2027 онд дуусах төлөвлөгөөтэй. 2026 ондоо гэрээ байгуулж амжвал гангийн үйлдвэр 1,5 жилд багтаж дуусна. Нефтийн үйлдвэрийн хувьд 2028 оны нэгдүгээр улиралд дуусах хуваарьтай. Одоогоор суурь байгууламжууд дууссан. Бүтээн байгуулалтын ажил 60 хувь руу дөхөж явна. Үндсэн тоног төхөөөмжүүд захиалагдсан. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Сайнбуянгийн Амарсайхан: Нэгдүгээрт, ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу иргэн, аж ахуй нэгжийн эрхийг хамгаална аа. Хууль бус үйлдлийг таслан зогсооно. ААН, иргэдээ элдэв дарамт шахалт, хууль бус шаардлагаар шахан хавчдагийг зогсооно оо. Хоёрдугаарт, хууль шүүхийн байгууллага хууль хэрэгжүүлэх эрхийг хамгаална аа. Гуравдугаарт, улс төрчид ямар нэгэн байдлаар хууль шүүхийн байгууллагын ажилтан, алба хаагчдыг улс төрийн зодооны зэр зэвсэг болгохыг хатуу шаардаж, таслан зогсооно оо. Дөрөвдүгээрт, хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад яллаж зэмлэдэг, гүтгэдэг байдлыг таслан зогсооно. Хамгийн сүүлд бид нэг зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Энэ улс үнэхээр гэмт хэрэгтнүүдээр дүүрчихсэн юмуу. Эсвэл гүтгэгчдээр дүүрчихээд байгаа юмуу. Нэг бол хуулийн байгууллага нь ажил хийхгүй байгаа юмуу гэдгийг хариуцлагатай ялгаж салгана. Үүний төлөө хууль тогтоогчид бүгд хамтарч ажиллах ёстой. Хууль хяналтын байгууллагын бие даасан үйл ажиллагааг хангахад анхаарч ажиллана. Яагаад вэ гэвэл төрийн хууль цаазын мөн чанар бол гэм бурууг үнэн бодитоор тогтооход оршдог учраас энэ бүхний уялдааг хангахын тулд хуулийн бүх байгууллагууд харилцан эргэх холбоотой, тогтолцооны стандартыг барих зарчимыг хангана, шаардана. 

Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан: Аялал жуулчлал бол Монгол Улсын тэргүүлэх салбар болох ёстой. Манай улсад жилд 25 орчим тэрбум доллар эргэлддэг. 2024 онд 800 мянган жуулчин ирсэн юм билээ. 2025 онд 847 мянган жуулчин ирсэн байна. Үүнээс 1,6тэрбум доллар Монгол Улсын эдийн засагт оржээ. 2026 онд жуулчдын тоог нэг саяд хүргэхээр зорьж байна. Ирээдүйд манай эдийн засагт хамгийн том эргэлтийг аялал жуулчлалын салбар оруулна. Жуулчдыг ирэхэд маш таатай нөхцлийг бүрдүүлэх ёстой гэж зорьдог. Яам дээрээ очоод, мэргэжлийн улсуудтай уулзаад, бодлого дээрээ анхаарч ажиллана аа. Ер нь бол манайх уул уурхайн эдийн засгаас аялал жуулчлалын эдийн засаг руу шилжиж, энэ салбараас их хэмжээний орлого олдог улс болох.. (Микрофон хаагдав)

Сангийн сайд Загдсүрэнгийн Мэндсайхан: Ерөнхийдөө төсвийн хөрөнгө оруулалтыг хоёр хэрэгцээн дээр үндэслэж байгаа. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтууд, нөгөө талдаа иргэд, орон нутаг, салбараас ирж байгаа хэрэгцээн дээр үндэслэж төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөж байгаа юм. УИХ-ын гишүүн бол ард түмнээс сонгогдсон, тэдний нийгэм эдийн засгийн хэрэгцээ, шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг УИХ-д уламжлах. Мөн үүнийг улсын төсөвт суулгах үүрэгтэй. Тийм учраас тойргийн гишүүдийн хөрөнгө оруулалт гэж харахаасаа илүүтэй нийгэм эдийн засгийн хувьд тухайн бүс нутгийн эдийн засгийн үзүүлэлтээр нь эрэмбэлж хөрөнгө оруулалт тусгах нь зөв. Тэрнээс биш тойргийн гишүүдийн хөрөнгө оруулалт гэж ойлгож болохгүй ээ. Тэртэй тэргүй төсвийн хөрөнгө оруулалтыг тухайн.. (Микрофон хаагдав)

Зам тээврийн хөгжлийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан: Бид баруун зүүн босоо тэнхлэгийн төмөр зам явуулна аа. Үүний тулд төр хувийн хэвшлийн түншлэлээр буюу концессоор явуулна. Төр үүнийг хийх ямар ч боломж байхгүй. Гадны хөрөнгө оруулагч нарыг татахын тулд хамгийн ашигтай саналыг тавих ёстой. Жишээлбэл, саяхан ОХУ Владивостокоос нарийн царигаар төмөр зам гаргаж явуулахыг зөвшөөрсөн. Энэ ажил эхэлж байна. Одоо бид баруун, зүүн босоогоо явуулахын тулд янз бүрийн цариг ярилгүй УИХ дээрээ шийдчихвэл сонирхогч орж ирэхэд бэлэн байгаа. Тэгэхгүй бол царигаас болоод хамаг холболт гацчихдаг юм аа. Тиймээс УИХ дээрээ энийг хамтдаа шийдэж чадах байх гэж итгэж байна. 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Энхтайваны Бат-Амгалан: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалттай холбоотой асуудалд хариулж болж байна. Гадаа байгаа жагсагчдыг яаж дарах уу гэдэг бол надтай хууль, эрх зүйн хүрээнд, компанийн засаглалын хүрээнд хамаагүй. Би ямар нэгэн байдлаар энэ компанитай холбоотой хүн биш ээ. Сая хуулийн сайд хэллээ. Гүтгэгчид дүүрсэн, үүний учрыг олох ёстой гэж. Би хуулийн сайдад итгэж байна. Хаврын синдром эхэлсэн, халуун хавар нь эхэлж байгаа үед энэ асуудлыг шийдэх ёстой. Сошиалаар хүнийг буллиддэг. Олон гишүүн энэ тухай ярьж байна. 

Эрүүл мэндийн сайд Энхбаярын Батшугар: Иргэд хэзээ  коридорт хэвтэхээ болих вэ гэж та асуусан. Статистик хэлье. Монгол Улсад 10 мянган хүнд 86 ор оногддог. Гэтэл дэлхийн дундаж 27. Япон, Солонгосыг хасвал манай улс Азидаа нэг ордог. Тэгсэн мөртлөө хүмүүс коридорт хэвтэж байна. Энэ юуг харуулж байна гэхээр ороо үр дүнгүй ашиглаад байна аа. Орны менежментийн дутагдал байна. Тэгэхээр таны асуултад би яг одоо хариулж чадахгүй нь. Өөрөө газар дээр нь ажиллаад, хаана алдаа гараад байна, юу нь болохгүй байна гэдгийг тодруулаад хариулъя. 

Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан: Мөнхтуяа гишүүний өргөн барьсан хуулийг дэмжих үү, боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэлээ. Яг одоогоор Боловсролын хуульд өөрчлөлт оруулах шаардлага огт байхгүй. Боловсролын багц хууль батлагдаж, зургаан том шинэчлэлийг зарласан. Одоо энэ хуулиа хэрэгжүүлэх л үүрэгтэй. Эхний ээлжинд цөмөөрөө цалин дээр үүссэн маргаанаа нэг талд гаргаж шийдье. Одоогийн байдлаар нийгмийн даатгалын санд 70орчим тэрбум төгрөгийн өр үүссэн. Багш нар шинэ цалин, хуучин цалин гэсэн ойлгомжгүй зүйл рүү орсон. Үүнээс болоод багш нар өнөөдөр декрит.. (Микрофон хаагдав)

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат: Монгол Улс хүнсний ногоогоо өөрсдөө хангадаг. Гэхдээ улирлын нөхцөл байдал, бороо орох орохгүй, усалгааны цар хүрээ, цаг уурын онцлог нэлээн нөлөөлдөг. Атрын гуравдугаар аянаас эхлээд хүнсний ногоогоо 100 хувь хангадаг болсон. Дээрээс нь хүнсний хувьсгалын хүрээнд хүнсний ногоогоо боловсруулах, хадгалах дээр ахиц дэвшил гараад явж байгааг хэлье. Гэхдээ 2025 онд манай улсад бороо бага орсноос шалтгаалж 500 гаруй мянган тонн ургац алдсан. 2026 оны хаврын тариалалт хэзээ мөдгүй эхэлнэ. Миний хувьд газар тариалангийн бүс нутаг болох Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн бүсэд ажиллана гэсэн бодолтой байна. (+1 минут авав) Малчидтай уулзаад явахад малын түүхий эдийг үнэтэй болгоод өгчихвөл төрөөс бид юу ч гуйхгүй хүмүүс шүү дээ гэдэг. Малын түүхий эд үнэтэй байх үед яг л ийм байсан. Гэтэл өнөөдөр зах зээлийн ханшаар адууны арьс 10 мянга, үхрийн арьс 3000, хонь үнэгүй, ямаа бол 80 мянга, ноолуур өгөөгүй бол адилхан үнэгүй байдалтай байгаа. Сая Очирбат гишүүн тодорхой хэллээ. Малын арьс шир гаргах гээд байхад гаалийн бичиг дутуугаас болоод гаргаж чадахгүй байна аа гэж. Малын арьс шир гаргахад төрийн зохицуулалт дутуу байгаагаас ийм байдал үүссэн бол хурдан засна аа гэсэн бодолтой байна. Арьс ширний талаар ярьвал нэлээн урт.. (Микрофон хаагдав)

УИХ-ын гишүүн Сонгобайн Замира: 126 гишүүн сонгогдсон жил хагасын хугацаанд гурван их хурлын дарга, гурван засаг солигдлоо. Шинээр сонгогдсон албан тушаалтнууд тогтвортой ажиллаасай гэж хүсэж байна. Ерөнхий сайдаас асуумаар байна. Оюу толгой хөрөнгө оруулдаг юмуу. Луйврын замаар манай баялгийг тонож дээрэмдэж байна уу гэдэг дээр нэг асуулт асуумаар байна. Хөрөнгө оруулалт гэдэг нь улс орнууд хоорондоо харилцан ашигтай ажиллахыг, тухайн улсдаа ашиг өгч хөгжүүлэхийг хэлдэг. Хэрэв яг одоогийн Оюу толгойгийн байдлаар хүү төлүүлээд, улсаа алдагдалд оруулаад байвал хөрөнгө оруулалт биш луйвар. Оюу толгойг Эрдэнэт үйлдвэртэй харьцуулахад Эрдэнэт яаж хөгжсөн байна. Гэтэл Оюутолгойн байгаа газар хэдэн сэндвичэн барилга л харагдах юм. Тэгсэн хэрнээ өчнөөн жил газар доорх баялгийг зөөгөөд байдаг. Үйлдвэр байгуулсан газраа зүгээр ашигладаг гэнэ. Хөрөнгө оруулагч үйлдвэрлэл явуулахын тулд тухайн газартаа төлбөр төлөх ёстой. Газрын баялгийн ашгийг монголчуудтай хуваалцах ёстой. Дээрээс нь ус ашигласны, бохирдуулсны төлбөр төлөх ёстой. Тиймээс Оюу толгойн гэрээг гуйж гувших биш. Манай улсад ашиг өгөхөөр гэрээг шинэчлэх ёстой гэж бодож байна. Хоёрдугаарт, тэтгэврийг нэмж чадахгүй ч гэсэн зээлийн хүүг бууруулах ямар арга байна. Дамдинням сайдаас асууя. Алт-1 хөтөлбөр сайн ажилласан. Дараа нь буруу хууль баталснаас болж дотоодын компаниуд дампуурч, гадаадын хөрөнгө оруулагч нар гараад явсан. Алт-3 гэж зарласан. Энэ дээр ямар бодлого, төлөвлөлт бэлдсэн бэ. Дэлгэрсайхан сайдаас асууя. Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын бүс гэж зарласан. Казахстаны онгоцыг Баян-Өлгий аймаг руу нисгэх шийдвэх та гаргасан уу. Дотоодын нислэгийг нэмэх боломж байгаа юу. Доржханд сайдаас асууя. Та гурав дахь засгийн газартаа хамтарч ажиллах гэж байгаа. Ер нь Монгол орон хөгжих үү. Та юу бодоод засаг төртэй хамтраад байгаа юм бэ. 

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал: Бид олон жил попорлоо, хийрхлээ. Тэр хийрхлийн дунд гадны олон хөрөнгө оруулагч нарыг үргээсэн. Хөрөнгө оруулах эрх зүйн орчин сайжруулах хэрэгтэй. Урьж авчирсан бол ажиллах нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Урьж авчраад хөөгөөд явуулдаг, залж авчраад заамдаад явуулдаг тогтолцоонд гадны хөрөнгө оруулалт сайжрахгүй ээ. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт 50 хувь буурчихлаа. Бид хөрөнгө оруулалтынхаа орчинг сайжруулах нь асар их чухал. Тиймээс манай засгийн газар бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалт татах чиглэл рүү ажиллана. Оюу толгой дээр өнгөрсөн зөсгийн газрын хэрэгжүүлж байсан бодлогыг үргэлжлүүлнэ. Түр хороон дээр өгөөжийн 53 хувь дээр хатуу байна. Өгөөжид ямар татвар, юу юу тооцох вэ гэдгийг хуульчилж хамгаална. Олборлох салбарын ил тод байдлын хуулийг УИХ-д өргөн барьж батлуулна. Эрүүл саруул юм ярьдаг улс болмоор байна. 

(Ерөнхий сайдын өмнөх хариултуудтай давхацсан, утга нэг хэсгүүдийг уншигчдын цагийг хэмнэх үүдээс хасав. Засгийн газрын бодлого, өмнө хийсэн ажлын тухай гэх мэт)

Шадар сайд Тогмидын Доржханд: Замира гишүүнд маш их баярлалаа. Чуулган дээр хэлсэн үгийг таслаад, гуйвуулаад, иргэдэд буруу мэдээлэл өгөөд байгаа. Би маш тодорхой хэлье. Хэрэвзээ, засгийн газар тогтворгүй байхын бол гадна, дотны хөрөнгө оруулалт байхгүй. Тэгвэл хөгжих боломжгүй ээ гэж би хэлсэн. Монгол Улс том газар нутагтай, цөөн хүн амтай. Том газар нутагтаа дэд бүтцээ санхүүжүүлээд явна аа гэх юм бол боломжгүй ээ гэдгийг хэлж байгаа юм. Хөгжих боломжтой юу гэвэл тогтвортой засгийн газар үүсгэснээрээ бид хөрөнгө оруулалт татаад, бизнесээ дэмжвэл бүрэн боломжтой. Нийт том газар нутгаараа дэд бүтэц угсрах биш. Харин төвлөрүүлж угсрах юм бол хөгжих бүрэн боломжтой гэдэг агуулгаар би мэдэгдэл хийсэн юм. Энэ байр суурин дээрээ хатуу байна аа. Бодит мэдээлэл бол энэ. 

Зам тээврийн хөгжлийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан: Баян-Өлгийн онгоцны буудлыг бид олон улсын онгоцны 4C болгоно оо. Зураг төсөл, ТЭЗҮ бэлэн болсон. Тендер зарласан. Тендер маргаантай болоод хойшилчихсон. Дотоодын нислэгийн хувьд долоо хоногт хоёр удаа нисдэг. Удахгүй гурван удаа нисдэг болгоно гэдгийг албан ёсоор хэлье ээ. 

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням: Алт-3 хөтөлбөрийн тухайд бол УИХ-ын Алт-3 аяныг дэмжиж гаргасан тогтоолыг дагаж гаргасан засгийн газрын тогтоолоор шийдэж байгаа. Тогтоолоор шийдэж байгаа асуудал бол нэгдүгээрт гол мөрний урсац, ойн сан бүхий газрын хил хязгаарын заагуудад дэглэм бууруулах. Урсгал өөрчлөх боломжит нөхцөл дээр Байгаль орчны яам, Аж үйлдвэрийн яамны сайдын хамтарсан ажлын хэсэг гарч, үнэлгээ дүгнэлт өгч, боломжит хэсгүүд дээр олборлолт явуулъя. Ингэхдээ байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөрийг 100 хувь урьдчилж аваад, олборлолтын үйл ажиллагааг дэмжье гэсэн чиглэлтэй ажил хийгдэнэ. Монгол банктай алт олборлогч аж ахуй нэгжүүдээ уулзуулж, санхүүжилтийг зохион байгуулалтад оруулах ажлыг хийж байна. Уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэргийг шуурхай горимоор хийж гаргаад явуулж байна. 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Тилехуаны Аубакир: Тэтгэврийн зээлийн хүүг шууд засгийн газар болон салбар яамнаас зохицуулах боломж байхгүй. Энэ бол цэвэр арилжааны банкны журмаар зохицуулагддаг харилцаа. Зарим улсад тэтгэвэр авагчдын нийгмийн баталгаа алдагддаг гэж үздэг учраас тэтгэвэр барьцаалж зээл олгохыг хуулиар хориглодог. Манай яамны хувьд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тал дээр төсвийн ямар зохицуулалт, дэмжлэг байж болох вэ гэдгийг судалж байгаа. Шууд зохицуулах бол арилжааны банкнуудын асуудал. 

УИХ-ын гишүүн Жудагийн Баярмаа: Хэдийгээр олон нийт татварын ачаалал, өрийн дарамтат өдөр хоногийг өнгөрөөж, өрөнд баригдсан ч гэсэн үүнээс илүү юунд санаа зовж байна вэ гэвэл шударга бус байдал. Тэр өрөнд баригдаж, өтөнд идэгдэж, татвар төлөхийн хажууд шударга бус нь илүү муухай гэж үзэж байна. Ардын нам сүүлийн 10 жил засаглахдаа ам ангайх болгондоо шударга ёсыг дээдэлнэ, авлигатай тэмцэнэ, хүний эрхийг дээдэлнэ гэдэг. Сонсоод нүднээс нулимс гартал уярааж ярьдаг. Гэтэл ачир дээрээ юу болж байна вэ. Ардын нам хоёр хуваагдсан. Өөрснөө хуваагдаад зогсохгүй ард иргэдийг талцуулсан. Өчигдөрхөн хоёр бүлэглэлийн нэг нь “Бидэнд 4-5 сайд өгнө гэж байгаа. Гэвч бид авахгүй ээ. Шударга ёсны төлөө тэмцэнэ ээ” гэж байсан. Тэгээд өнөөдөр харсан яг өнөө таван хүн нь сайд болоод ороод ирэх шиг боллоо. 30-ийн бүлэглэлээс нь. Хэвлэл мэдээллээр явж байна л даа. Энэ хэдийг минь л хэргээс мултлаад өгөөч ээ. Тэгвэл бидэнд дахиж ярих зүйл байхгүй. Эвлэрье гээд уйлж, унжсан сураг байна. Тэгэхээр би Учрал сайдаас асуумаар байна. Та ер нь юун дээр эвлэрчих вэ. Танай эвлэрэл яг юун дээр явав аа. Гэмт хэрэг наймаалцчихсан юм биш биз дээ гэдэг санаа зовоосон асуулт байна. Яагаад гэвэл ам болгондоо хээл хахууль, авлигатай тэмцэнэ гэж байгаа юм. Ачир дээрээ ганцхан жилийн дотор 10 байраар ухарчихсан явж байгаа шт. Та ажлын ачаалал даах менежер чухал гээд байх юм. Гэтэл тэр ажлыг чинь төрийн нарийн бичгийн дарга хийдэг шүү дээ. Сайд бол бодлогын хүн байх ёстой. Тухайн салбараа том зургаар нь бодлогын хэмжээнд харах ёстой. Тэгж байж кабинетад бодлого явж, зөв шийдвэр гарна. Шулуухан хэлье. Танай энэ хоёр хуваагдсан нэг бүлэглэл нь цахимаар буллиг аймаар хийдэг шт. Буллидэлтийн дэлхийн аварга шалгаруулдаг бол тэрийг 15 давхрын танай нөгөө бүлэглэл чинь хийдэг байхгүй юу. Гэтэл тэр бүлэглэлийн гишүүн байж болохуйц хүнийг та цахимын сайдаар тавих юм. Энэ цахим буллидэлт чинь аймаар хөгжих юм бишүү. Би ний нуугүй хэлэхэд айж байна. “Тэрийг ингээч ээ” гээд хашхирдаг тухай ажилтнууд нь ярина лээ. Ийм хүнийг цахимын сайдаар тавихаар цахим буллидэлт чинь 15 давхрын зохиолоор улам амилах юм бишүү. Танай 105 жилийн түүхтэй энэ намд өөр цахим сайд хийх хүн алга уу. 

Танай бас нэг асуудалд орооцолдоод, ялаа үүрээд гарч ирсэн гишүүн саяхан ярьсан л даа. 2026 оны байдлаар 64 доллараар оффтэйк гэрээг хийсэн байна. Амны дүн. Гэтэл цаад Гашуун сухайт ганц модны боомтоор 131 доллараар зарж байна аа. Зөрүү 67 доллар хайчсан бэ. 80 сая тонны нөөц гэсэн байх шүү. Нөөц юу байхав дээ.. (+1 минут авав) 2026 оны зөвхөн 80 сая тонны зөрүү 67 долларыг тооцохоор хэд юм бэ. Танай намын Аюурсайхан гишүүн ярьсан шүү. Эндээс үүдээд юу асуух вэ гэхээр, Харбины гэрээг явуулах юмуу. Хянан шалгуулах хороог ажиллуулах юмуу. Оюу толгойн гэрээ 17 жилийн өмнө байгуулагдсан хэдий ч алдаа, оноогоо ярилцаад засахыг оролцож байна. Энийг сайшааж байна. Үүнтэй агаар нэг, хэрэгжээд удаагүй байгаа Харбины гэрээ асуудалтай болсон эсэхийг хянан шалгахгүй юм уу. Ямааны мах халуун дээрээ гэдэг шиг алдаатай бол засаж, зааварлахгүй юмуу. Энэний цаана ард түмний орлого нэмэгдэх үү үгүй юу гэдгийг л яриад байгаа юм л даа. 

Эвтэй байхдаа хүчтэй гэдэг нь танай намын уриа л даа. Гэхдээ шударга байхдаа хүчтэй гэдэг нь илүү зөв л дөө. Хэрэв Чингис хаан эвтэй байхдаа хүчтэй гээд эвлэлдэж нэгдээд, буруу зөрүү зүйлийг зөвшөөрөөд явсан бол дэлхийн талыг.. (Микрофон хаагдав)

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал: Засгийн газар авлигатай тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлнэ ээ. Зүгээр үг яриагаараа биш. Авлигын төсөөллийн индекс 10 байр урагшилсан байна. Трансперси интернэшнл бидэнд эрх зүйн орчноо янзал гэж зөвлөмж өгсөн. Энэ ажил дээр дэвшил гаргана аа. Дээрээс нь гэмт хэрэг, авлига гарахаас урьдчилан сэргийлэх ажил хийхийн тулд төрийн албан тушаалтнуудын олгоод байгаа зөвшөөрөл, эрх олголтуудаас хүний оролцоог салгана. Emongolia-ийн дараагийн хувилбар болох Ebusiness-ийг нээж зөвшөөрлийг зөвхөн цахимаар олгоно. Хиймэл оюун ашиглан эрсдлийн үнэлгээ хийгээд зөвшөөрлүүдийг автоматаар сунгана гээд ажлуудыг төлөвлөж байгаа. Төр тасралтгүй, тогтвортой ажиллах шаардлага байна. Цагийн сорилтууд бидэнд улс төр биш ажил хийх шаардлагыг улам бүр бий болгож байна. Манай намын бүлэг дотор тодорхой үл ойлголцол үүссэн. Гэхдээ би намын даргын хувьд 68 гишүүнээ харж байгаад аль ажлыг хэнд хариуцуулбал ачаа үүрч чадах вэ гэдэг байдлаар сонголтоо хийсэн. Тэрнээс албан тушаал наймаалцах зүйл огт байхгүй. 

Зам тээврийн хөгжлийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан: Харбины гэрээнд хяналт шалгалтын түр хороо байгуулах бол гишүүний бүрэн эрх. Гэхдээ энэ гэрээнд урд хөрш ямар ч буруугүй. Тэр хямд нүүрс авч байгаа энэ тэр гэдэг бол худал шүү. Өнгөрсөн онд Харбины гэрээтэй холбоотой ердөө 4,5 сая тонн нүүрс гарсан, Чайна энержид. Таны хэлсэн 64 доллар дээр тээврийн зардал 20 доллар нэмэгдээд монголын төмөр замд орж байгаа. Энэ үед үнэ ийм л байсан. Сая гараад ирсэн хүн нүүрсний тал үнийг алга болгочихлоо гэж ярьж хөрш орноо гутаан доромжилж болохгүй ээ. Юм ярих гээд байгаа бол жаахан бодитой.. (+1 минут авав) Хэрэв шаардлагатай гэвэл танд тайлбар хийхэд бэлэн. Өнгөрсөн жил таны хэлдгээр 90 сая тонн нүүрс дандаа биржээр гарсан. Үүнээс зөвхөн 4,5 сая нь л Чайна энержи буюу Харбины гэрээтэй холбоотой нүүрс гарсан юм аа. Бид өөрсдөө төмөр замаа холбоё гэж 16 жил гуйж оччихоод гутаан доромжлох эрхгүй шүү. Эдийн засаг ямар байгаа билээ. Урд хөршийг дэлхий гуйж байхад бид бөөрөнд нь наалдчихаад муулж суугаад юмаа зарна гэвэл ёстой худлаа болно шүү. Улс төржиж болно. Бас эдийн засгаа бодолцоорой гэдгийг зориуд хэлье. 

Үргэлжлэлийг дараагийн GenZ ажиглагч нийтлэлээс уншаарай. 

HUMANZ РЕДАКЦ

ШИНЭ ҮЕИЙН МЭРГЭН УХААН

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна
ХУД-ийн 24 дүгээр хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг есдүгээр сард ашиглалтад оруулна
Японы хамгийн залуу CEO 50 жилийн түүхт Hello Kitty-гийн хувь заяаг өөрчилж байна
Налайх дүүргийн эрүүл мэндийн төв болон дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо
Байгаль орчинд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?