“Өсвөр нас хүний амьдралын хамгийн хэцүү үеүдийн нэг юм шиг санагддаг”

“Түмний нэг” энэ дугаартаа Тэгшжаргал овогтой Янжинлхамтай өсвөр насанд тулгардаг асуудал болон бусад сэдвийн талаар ярилцлаа.

– Сайн байна уу. Түмний нэг ярилцлагын буланд маань өөрийн үзэл бодлоо хуваалцах болсонд баярлалаа. Өөрийгөө танилцуулаач?

– Сайн байна уу. Намайг Янжинлхам гэдэг. Арван найман настай, арван хоёрдугаар ангийн сурагч байна.

– Өсвөр насанд тулгардаг асуудал, сонголтуудын талаар?

Миний бодлоор өсвөр нас нь хүний амьдралын хамгийн хэцүү үеүдийн нэг юм шиг санагддаг. Яагаад гэвэл миний туулсан жаахан ч гэсэн асуудлууд маш хүнд тусах үе зөндөө байсан учраас ихэнх хүүхдүүд ийм бодолтой байгаа байх. Би багаасаа маш олон зүйлийг хийж үзэх сонирхолтой, хийж байхдаа маш их дурлаж хамаг цагаа зарцуулахыг хичээдэг байсан. Харин есдүгээр ангиасаа хойш яагаад ч юм ээж аав хүлээн зөвшөөрөхгүй маш хэцүү. Жишээ нь, би загварын агентлагийн зар хараад зориглоод чадах болов уу гэж гэрийнхнээсээ гуйсны эцэст арван дөрвөн хоногийн түргэвчилсэн сургалтанд сууж байсан. Тэрнээс хойш би үнэхээр чадах юм байна хичээе гэсэн бодол төрөөд. Бүр дэлхийн мисс болох мөрөөдөл тээж эхэлсэн. Гэхдээ хүмүүс мисс болоход өртөг өндөр, чи наагуураа хоолоо олж идэхгүй гэх мэт маш олон зүйл хэлж миний мөрөөдлийг няцаадаг. Бидний насны хүүхдүүд ээж аавынхаа үгэнд орохоос өөр сонголтгүй. Заавал оюутан болох ёстой гээд би өнөөх мөрөөдлөө хойш нь тавихаар шийдсэн. Энэ мэт өдөр тутам хүнд сая сая сонголт ирдэг. Тэр дундаа өсвөр нас гэсэн тодотгол дунд яагаад ч юм бүхий л зүйл хүндээр тусаад хэцүү санагдаад л. Би бол үерхэл, нөхөрлөл, гэр бүл, хичээл мэргэжил гээд маш олон зүйл дээр одоог хүртэл аль нь зөв аль нь буруу сонголт байсныг мэдэхгүй л явна. Гэхдээ хүн өөрийгөө бодоод бусдыг сонсохгүйгээр үнэхээр хүсдэг зүйлээ хийгээд, хайртай хүндээ үнэ цэнтэй гэж бодох бүхэндээ үнэнч байвал асуудлууд тийм ч саадтай санагдахгүй байх.

Өсвөр насандаа маш олон зүйлийг туршиж алдсан хүмүүс их байх ч түүнээсээ илүү сайхан бүхнийг олж авдаг байх даа.

– Дэмжлэг хэр чухал зүйл вэ?

– Мэдээж дэмжлэг гэдэг бүхий л зүйлд маш чухал. Зуун хувь гэж үзэх ажлынхаа арван хувийг хийгээд шантарч байхад хэн нэгний чи чадна аа, хичээгээрэй мундаг байна гэж хэлэхэд л гүйцэтгэл нь ядаж гуч дөч болох боломжтой. Мөн цаашдаа ч хичээхийг, итгэлийг нь алдахгүй байхыг хүснэ. Бидний насан дээр бол хамгийн чухал нь гэр бүлийн дэмжлэг. Жишээ нь хөгжихөд төлбөргүйгээс эхлээд төлбөртэй олон нэмэлт дамжаа, сургалтууд хэрэг болно. Өөрийн гэсэн санхүүгийн эрх мэдэлгүй болохоор энэ бүхэнд эцэг эхээсээ л тусламж авна шүү дээ. Мөн сэтгэл зүйн дэмжлэг хамгийн чухал. Бүх ээж аав ийм байгаасай гэж их хүсдэг.

Чадахгүй зүйлээ оролдож үзэхэд хүртэл тэдний ганц үг ч шат болдог доо.

– Чиний мөрөөдөл юу вэ, нууц биш бол?

– Би их мөрөөдөмтгий хүн. Бүр зах хязгааргүй мөрөөднө. Эхний ээлжинд зорилт гэх үү төгсөх ангийн сурагч учраас элсэлтийн ерөнхий шалгалтаа сайн өгөөд хүссэн сургуульдаа ормоор байна. Том холын зорилго мөрөөдөл гэвэл дэлхийн мисс болох. Заавал хүрээд дахиад энэ ярилцлаганд чадчихлаа гэж хэлэхийг ч бас мөрөөдөж байна. Үлдсэн зүйлсийг нууц болгож үлдээе дээ.

– Үүнийхээ тулд одоо ямар үйлдэл хийж байгаа вэ, мөн ямар дэмжлэг хэрэг болдог вэ?

– Би нэгдүгээр ангиасаа арван хоёрдугаар анги хүртлээ Архангай аймгийн хоёрдугаар сургуульд суралцдаг байсан. Гэхдээ энэ жилийн эхний улирлаас Улаанбаатар хот руу шилжихээр шийдээд олон золиосыг гаргасан байгаа. Миний хувьд энэ нь маш том алхам байсан. Төгсөх анги учраас шилжмээргүй байсан ч хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн энд ирсэн. Яагаад вэ гэвэл хэдэн жилийн өмнө загварын агентлагт явдаг байхдаа үргэлжлүүлээгүй шалтгаан нь оршин суух газар хол. Мөрөөдөл хүсэл зорилго маань том, илүү хүчтэй байсан болохоор гэрийхэндээ чадна гэдгээ амлаад одоогоор нэг агентлагт суралцаж байгаа.

– Чухал сонголт хийхдээ юунд анхаардаг вэ?

– Хамгийн чухал нь туйлшрахгүй байх. Би юманд амархан автаж, хурдан донтдог. Тийм учраас энэ үнэхээр надад хэрэгтэй билүү, цаашдаа яах билээ, миний гэр бүл найз нөхөд хүрээлэл маань хүлээн зөвшөөрч байгаа билүү гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Тодорхой хэмжээнд хайртай хүмүүсийнхээ болон өөрийгөө сонсох. Миний хэлэх гэсэн санаа бол зөв зүйлдээ үнэнч бас тууштай байх хэрэгтэй. Ирээдүйгээ маш сайн төлөвлөж сонголтоо хийгээрэй.

– Чиний хүслийн эсрэг байсан ч эцэг эхийн шийдвэрийг дагаад зөв байжээ гэж бодогдсон зүйлээсээ жишээ дурдвал?

– Энэ түүхийг хөндөөд байдаггүй ч уншигч хүүхдүүд болон эцэг эхчүүддээ жаахан ч гэсэн зүйл ойлгоосой гэсэндээ хуваалцая. Үүний дараагаас үнэхээр л аав ээжийн зөн совин гэх зүйл байдаг юм байна, миний төлөө гэж хэлэх үг бүр нь үнэн юм байна гэж боддог болсон. Би нэг хүүхэдтэй үерхдэг байсан юм. Тэгээд ээж аав маань мэдээд их эсэргүүцээд, хэрэггүй ээ наа чинь шохоорхол байгаа юм аа миний охин, хичээл номоо л сайн хий гэдэг байсан ч нөгөө туйлшрамтгай зангаараа зүтгээд их удаан хамт байсан. Гэхдээ насандаа баймгүй олон хэцүү зүйлийг мэдрээд, тэр болгоныг ээж ааваасаа нуусаар явсан. Намайг жаахан дээрэлхэж дарамталдаг байсан юм л даа. Би айж хамт байсаар байгаад маш их хугацааг хэрэггүй хүнд зарцуулж, гэр бүлийнхээ хүмүүсийн урмыг хугалсан. Үнэхээр тэвчихгүй болоод ээж аавдаа хэлээд мөр мөрөө хөөсөн. Эндээс хүний мөн чанар болон бусад зүйлсийн талаар ухаарч ойлгож авсан даа. Хайр байхад болно гэдэг ч тэдний хань болохгүй гэж хэлэх үг нь ч оргүй хоосон биш. Ямар ч шийдвэрт сонсож бас ярилцан хүрэх нь чухал шүү.

– Хайр чинийхээр ямар байх ёстой вэ?

– Энэ сэдэв нь өсвөр насанд маш чухал бас тэр хэмжээгээрээ хүнд тусдаг. Эморно, баярлана, гуниглана гээд л. Минийхээр хайр гэдэг үнэнч байдал, хүндлэл дээр тогтдог юм шиг. Нэгнээ хүндлээд, энхрийлээд байвал буцаад нөгөө хүн нь ч түүн шиг байх гэж, түүнээс нь илүүг өгөх гэж хичээнэ. Зарим хүмүүс уучлал дээр тогтдог гэж их ярих юм билээ. Надад лав хоёроос дээр боломж, уучлалт байж болохгүй. Хүнийг дүгнэхэд тийм олон зүйл шаардлагагүй. Өнөөдөр уучилсан ч маргааш тэр давтсаар байвал шүү дээ. Одоо надад хайртай хүн байгаа. Түүнийгээ хүлээж байгаа минь ч үүний илэрхийлэлд багтах байх.

– Заримдаа зөв байхын тулд илүү удаан амьдарсан байх шаардлага гардаг. Арван найман настай Янжинлхамаас л сонсож болох бусдад өгөх зөвлөгөө байна уу?

– Баярлалаа. Ийм боломж тохиосонд үнэхээр баяртай байна. Хүмүүст хэлэхийг хүсдэг маш их зүйл байдаг ч боломж олддоггүй байсан. Гэхдээ одоо хэлэх зүйл маань зөвхөн миний өнцөг байж магадгүй. Маш олон удаа тохиолдож байсан учраас эцэг эхчүүд маань зөвхөн өөрсдөө л  хүүхэддээ зааж зөвлөх ёстой гэж боддог юм шиг. Бид нарыг сонсох жаахан ч гэсэн орон зай үлдээгээсэй хэмээн их хүсдэг. Юу болсон талаараа ярилцах гэсэн ч урдаас тайлбар тавилаа, том дуугарлаа гээд ирэхээр хэлэхийг хүссэн үг бодол бүр цаашаа орж алга болоод л. Энэ зорилгоо, тэр мөрөөдлөө гээд орхих ч хэрэг гарна. Үүнээс болоод олон хүүхдийн хүсэл унтардаг байх даа. Харин дүү нар, үе тэнгийн хүүхдүүддээ хэлэхэд чиний үүрдийн хамт байх, юу ч болсон ямар ч зан гаргасан орхихгүй хүмүүс бол гэр бүл.

Найзууд, хайр дурлал хэчнээн чухал ч бодолтой байж өөрийн гэсэн үнэ цэнтэй бас ухаалаг байгаарай гэж хэлмээр байна.

Ярилцлагыг бэлтгэсэн: Х. Аззаяа

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *