Өнгөрсөн баасан гарагийн орой буюу долоо хоног шувтарч, ажлын цаг дууссан хойно Т.Шинэбаяр сэтгүүлчийг 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Хүмүүнлэгийн ухааны их сургууль түүнд сэтгүүлчийн диплом өгсөн гэж өөрөө ярина лээ. Тэгэхээр мэргэжлийн статус нь сэтгүүлч болж байгаа юм л даа. Хэдхэн цагийн өмнө өөрөө шалгуулна гээд хэвлэлийн хурал хийж зогссон. Гэтэл орой нь ачаад явжээ. Шүүх гэм буруутайг эцэслэн тогтоогоогүй байхад иргэнийг гадуур шалгалгүй шууд хорьсон нь хүмүүст айдас болж байв. Даваа гарагийн өглөө түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих болсон тухай мэдээ гарлаа. Түүний сэтгүүл зүйн бүтээл хийдэг үү, ёс зүйтэй юу гэдэг дараагийн асуудал. Энэ болгоноос урьтан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй Монгол Улсын иргэн ямар шалтгаанаар шоронгийн хаалга татав гэдэг нь асуулт.
Жил ирэх тусам шоронгийн хаалга татах ойрхон мэт болж, бичсэнээ нийтлэхдээ эмээж халган, заримдаа бүр нийтлэснээ устгаж, улс төр тэр дундаа төрийн гурван өндөрлөгийг бичихгүй л байя гэж бултах дуртай болов. Нийгмийн уур амьсгалд хүртэл “Ингэж байж шоронд оров доо” гэдэг үг нэвтэрсэн ч байх шиг. Шоронд бичсэн ном, шоронгоос ирсэн захидал унших олшров. Өнөө үндсэн хуулиар олгосон үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэхдээ эрх баригчдын хүсэлд тааруулаад байна уу гэлтэй. Ерөнхийлөгч бодит байдлыг ёжилсон meme-г харж чадахгүй гомдоход нь “дарангуйлал ирэхвий” гэж сэрэмжлүүлж явсан цаг саяхан. Харин сүүлийн гуравхан жилийн дотор “дарангуйлал ирчихжээ” гэдэг үгийг бусдын амнаас болон өөрийн ухамсраас хэдэн ч удаа сонсов доо. Бичиж, хэлж, сонсохдоо гол нь биш. Үүнийг хүн эрх чөлөөний мэдрэмж буюу зөнгөөрөө мэдэрдэг ажээ.
2023 оны долдугаар сар. Улаанбаатар хотод үер бууж, живэхээ шахаагүй юу. Яахав, тэрнээс хойш байнга л живэхийн наагуур хэвээрээ байгаа л даа. Гэхдээ тэр өдөр бол онцгой. 19 настай залуугийн хийсэн үерийн усанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх живж буйгаар егөөдөн нийтэлсэн хошин эвлүүлгэд /meme/Ерөнхийлөгчийн тамгын газар гомдол гаргасан буюу “хэвлэн нийтлэх” эрх чөлөө живж эхэлж буйг баталсан өдөр. Хорь ч хүрээгүй залууг оройн 22.00 цагаас дуудаж авчраад 4-5 цаг байцаасан байгаа юм. Маргааш очиж болох уу гэхэд нь мөрдөгч “Хаанаас ч олно шүү, даварсан бацаан минь” гэж дарамталсныг тухайн meme зургийг нийтэлсэн М.Содномдаржаа хэвлэлд хэлсэн байдаг. Зөвхөн тэр нэг өгүүлбэр өөрөө хүний эрхийн зөрчил, адаглаад хүн хоорондын харилцааны дарамт шүү дээ. Энэ үйл явдал залуусын гайхлыг барсан л даа. Дэлхийн удирдагчдын дүрээр өчнөөн л хошин эвлүүлэг хийдэг. Тэгээд ч тэр meme эрх баригчдын хариуцлагагүйг илтгэж буй маш ойлгомжтой хэлбэр байсан. Нийгэм сул дорой, хөгжил муутай байхын хэрээр хошин шог, егөөдөл нэмэгддэг гэдэг. Асуудлын үндэс нь тэр зураг бус бодит байдал. Монгол Улсад нийслэлийн үерийн усны систем байтугай олон асуудал шийдлээ хүлээн царцаж байхад ерөнхийлөгч зөвхөн өөрийн нэр хүндэд халдлаа гэж иргэндээ гомдсон нь ардчиллын хувьд нэг алхмын ухралт гэж олон нийт шүүмжилж байв.
2025 оны гуравдугаар сарын 17–18-нд шилжих шөнө цагдаагийн байгууллага “Ноорог Креатив Студио” ХХК-ийн найман ажилтныг саатуулж, мэдүүлэг авч, редакцын техник хэрэгсэлд үзлэг, нэгжлэг хийж байв. Нэг өглөө сэрэхэд л ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг мэдиаг багаар нь саатуулчихсан байхаар өөрийн эрхгүй түгшдэг юм билээ. Хуультай орон байна даа, үнэхээр л буруу үйлдэл хийсэн юм болов уу ч гэж хардах шиг. Атал тэднийг саатуулсан үндэслэл нь суурин дээрээ хэд ч өөрчлөгдөв. Хэдэн ч өөр төрлийн хэрэг ярьж олон нийтийг талцуулав. Ямар ч байсан хэрэг хийсэн байж таараа, удахгүй олоод тохчихно гэж байгаа аятай хэдэн өдөр өнгөрөв. Сонгуулийн үеэр зураг авалт хийсэн “18” хоног киноны дүрсийг нь, компьютерын процессорыг нь авчхаад өгөхгүй хэчнээн зовоов. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, худал мэдээлэл тараасан, үндэсний эв нэгдлийг бусниулсан гээд л тэр үедээ “нийгмийн дайсан” мэтээр л олон нийтэд хаяж өгч байв, залуусыг. Ерөөсөө л айхтар залуус, бүгдээрээ л хэрэг хийсэн, нотлох баримттай, удахгүй ил болно оо л гээд байсан. Нэг ч зүйл бүрэн нотлогдоогүй явсаар тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ажлаа өгсөн. Өгсөн ч гэж дээ, засгийн газар нь огцорсон. Тэр үеэс хойш гурван сайдын нүүр үзжээ. Энэ үйл явдалд Хүний Эрхийн үндэсний комиссоос
- Найман ажилтны халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн.
- Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөндөж, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зоригийг мохоох үр дагавар үүсгэсэн.
- Төрийн байгууллагууд олон нийтэд зөрүүтэй мэдээлэл өгч, мэдээлэл авах эрхийг хангаагүй гэдэг дүгнэлт гаргаж байв.
Хурааж авсан техник хэрэгслүүдийг нь өгөхгүй удаасан нь яг л залхаан цээрлүүлэлт шиг. Шөнө дөлөөр бөөнөөр нь саатуулан мэдүүлэг авсны шалтгаан юу байсан бэ гэдгийг одоо ч олон нийт мэдэхгүй. Хэрэв “хорь” гэвэл багаар нь хорьж чадна гэдэг бяраа харуулж буй мэт. Гол нь хорих, саатуулах, айлгах тушаалыг хэн өгөөд байна вэ. Яг үнэндээ энэ болгоныг асууж тодруулах эх сурвалжийн хомстолд орчихсон гэхэд болно. Анх сонины сэтгүүлчээр ажилладаг байхап НЦЕГ руу ороод л мэдээ авчихдаг байлаа. Одоо бол албан бичиг, хүсэлт, муур хулгана болоод ч тусыг эс олохоор ярвигтай цаг болсон билээ.
Ном унших дуртай, амьдралын мөн чанарыг ойлгох сэдэлтэй залуус философич С.Молор-Эрдэнийн лекцэд сууж, бичсэн номыг нь уншиж, зочноор орсон подкастыг нь сонсдог. Ёс суртахуун, үнэт зүйл, боловсролын тухай олон жил ярьж яваа даа. Нийгмийн сонирхолтой дүр, ховор харизм. Бас бусдаас өөр үзэл бодолтой байсныхаа төлөө шоронгийн хаалга татсан хүмүүсийн нэг. Яг л хэлмэгдүүлэлтийн үе шиг. Жилийн өмнө оролцсон нэвтрүүлгийнх нь хэсгийг тасдаж сошиалд оруулаад, хүмүүсээр баахан доромжлуулж байгаад шоронд хийсэн үйл явдал. Тагнуулын ерөнхий газар түүнийг Эрүүгийн хуулийн 19.9.1-д заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 2026 оны есдүгээр сарын 1-нд баривчилсан. Есдүгээр сарын 2-нд шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан бөгөөд есдүгээр сарын сүүлээр хорих хугацааг дахин нэг сараар сунгасан боловч эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, шүүхээс тодорхой хязгаарлалт тогтоожээ. Одоог хүртэл С.Молор-Эрдэнэ гэж хүний яг ямар үйлдэл нь Үндэсний эв нэгдлийг бусниулсан бэ гэдэг ил болоогүй. Яагаад шүүхийн шийдвэрийн үндэслэл өөрчлөгдсөн нь тодорхойгүй. Хамгийн сонирхолтой нь түүнийг хорих шийдвэр гаргасан Хууль зүй, дотоод хэргийн сайд нь огцорсон. Шинэ сайд томилогдсоноос долоон хоногийн дараа түүнийг суллах шүүхийн шийдвэр гарсан. Эрх баригч намын сайдын суудал солигдож, тамгаа өгөлцөж авалцах зуур С.Молор-Эрдэнэ өөрийгөө яагаад гадуур шалгагдаж болохгүйг гайхан захидал илгээж байв. Одоо энэ хэрэг ямар шатанд яваа, яагаад түүнийг 60 хоног хорих гээд байсан юм бүү мэд. Хэн хүссэн нь иргэнээ өчиггүй шоронд хийж, хэн хүссэн нь иргэнээ гэнэт шоронгоос сулладаг буюу хуулийн дээр хүн сандайлсан нийгэм байгуулсан нь харамсалтай.
Ер нь яг хэн үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг, хэвлэн нийтэлдэг, нийгмийн оюун санааны сэргэн мандалтын төлөө үйлдэл хийдэг, санах сэрэх тухай хөнддөг хүмүүсийг нэг нэгээр нь гэнэт сугалж, шүүхийн шийдвэргүй цагдан хориод байгаа юм бэ. Бүх амьтан ижил эрхтэй. Гахай бүр илүү эрхтэй гэдэг шиг үндсэн хуулиар олгогдсон эрхийг хааж боохыг хүсэж, олон нийтийг айдаст автуулаад буй “гахай” хэн бэ..
