“Шударга царайлчихаад танайх ч гэсэн төсвийн мөнгөөр амьдардаг биз дээ” гэж ноцох хүн овоо хэд байв, өнгөрсөн долоо хоногт. Тийм ээ, манай баг олон нийтэд аливаа асуудал, осол эндэгдэл, ахуйн олон бэрхшээлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, контент бэлтгэхээр төлөвлөгдсөн төсвийн мөнгөнөөс авах сан гэж үргэлж хөөцөлдөж ирсэн. Авч ч байсан. Авч чадаагүй өдий хүрсэн ажлын хөлс ч бий. Авч татвар, даатгалаа төлөх сөн гэж одоо ч оролдож л байна. Угаас энэ улсын бүх байгууллага Монгол хүнийг ая тухтай, аюулгүй, эрүүл саруул амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө л ажилладаг биз дээ. Энэ үйл явц, үр дүнгээ иргэддээ таниулах мөнгө үйл ажиллагааны төсөв дээр нь жил бүр тогтмол тавигддаг. Манай редакц нээгдээд хоёр жилийн дараа үүнийг ойлгож байв. Хүмүүст сонирхолтой хэлбэрээр нийгмийн асуудлыг үзүүлэх нь бидний хамгийн сайн хийж чаддаг зүйл. Энэ чадвар, хандалт, бүтээмжээ төрийн байгууллагад зарвал орлого олж болох нь гээд утас цохиж эхэлж байв. Хэдэн ч удаа бичиг хэрэг рүү албан бичиг зөөж, хэн хэн рүү ч үүр цайхтай зэрэгцэн viber бичиж, хэдэн литр ч кофе, ногоон цай уусан юм мэдэхгүй. Тоогоо алдсан. Гаргасан сэтгүүл, бичсэн номоо бариад сайд нарын өрөө рүү орж, төрийн байгууллагын даргад хийдэг ажлаа тоочиж, хийж чадах үйлээ тайлбарлан таниулж явдаг. Үүнд ичиж зовоод байх зүйл үгүй. Үнэн. Нөгөө талдаа эд нар бидэнд мөнгө өгсөнгүй гэж бахираад, гараа хумьж суугаагүй. Нийгмийн асуудлыг бодитоор үзүүлж, сэрээж сануулах, урьдчилан сэргийлэх, анхаарч болгоомжлохыг уриалсан 1000 гаруй контент цахим орчны гурван сувагт жирийтэл өрөөтэй байж л байна.
4.900.000, 9.900.000
Нэг ийм хэвлэлийн гэрээний дүн бий. Шилэн дансанд ордоггүй ч билүү, тендер зарладаггүй ч билүү. Ямартай ч манайх энэ хоёр дүнгээр хэд хэдэн гэрээ хийж, олон нийтэд мэдээлэл бэлтгэж хүргэх үүрэг хүлээн, түрээс, цалин, татвар, интернет, ус, тоног төхөөрөмж, ашиглалтын зардлаа болгосоор ирсэн. Тэр болгон санаан зоргоор олдохгүй л дээ. Их хэмжээний гүйцэтгэл амлаж, ажлын даалгаварт гар хөлийн үсэг зурж, итгэл найдварыг нь алдахгүй гэж амлалт бичихийн наагуур юм болж байж гэрээ зурна. Нэхэмжлэхээ шивсэн ч мөнгө нь шилжихгүй ээ. Хоёр сар дамнан “Маргааш гүйлгээ орно” гэдэг үг сонсох ч үе бий. Гол нь төрийн байгууллагын хүмүүс худал хэлж буйдаа огт санаа зовдоггүй. “Одоо яг шилжүүлж байна гэнэ, өглөө орох юм байна шүү хө” гэдэг үгээ сард гурван удаа хэлэхдээ ч түгдэрдэггүй. Хэдий мөнгө нь шилжээгүй ч бид ажлаа хийх ёстой. Манайх жүжигчилсэн контент хийдэг болохоор хавсралтаар өөр ажлын даалгавар өгнө. Танайх мэдээ түгээх, постер хийх хэрэггүй. Энэ сэдвүүдээр контент хий гээд агуулга өгнө. Голдуу нийгмийн сэдэв өгөх бөгөөд энэ нь ч хамтрахад таатай санагдана. Үер уснаас урьдчилан сэргийлэх, Үндсэн хуулиа дээдлэх, хүний эрхийг хамгаалах гэдэг ч юмуу. Энэ байдлаар төртэй гэрээ байгуулдаг, хуулиар хориглохгүй бол цаашдаа ч байгуулах болов уу. Хэвлэл мэдээллийн байгууллагын орлогын нэг эх үүсвэр мөн шүү дээ, төрийн байгууллагын хэвлэлтэй гэрээ хийх төсөв.
Төсөв байхгүй ээ..
Тэр даргын, энэ сайдын ажлын албанаас ярьж байна аа гэж их холбогдоно оо. Очоод уулзахаар баахан зовлон тоочно. Үнэхээр болгож бүтээх гэж зүтгээд, болгосноо олон нийтэд хүргэх учраа олохгүй яваа хүмүүс андашгүй. Дэлгэж үзүүлэх ганц нэг цаасыг нь хараад л мэдээг нь түгээгээд, бичлэг хийгээд өгье, хөдөлмөрийг нь хүмүүст харуулах хүсэл төрнө. Харин хэвлэлд зарцуулах мөнгөө найз нөхөд, танил талдаа хуваан өгч, өөрөө түүнээс нь хувь хүртчихсэн. Эднийх хандалттай юм чинь гэсэн шиг магтаалын үгээр хөөргөж байгаад, ажлаа нугалуулах гэсэн улсуудын харц, яриа шиг хуурмаг зүйл үгүй. Хэрэв зөвшөөрөхгүй бол өөр хүмүүст огт өрнөөгүй зүйлийг зохиогоод ярьчихдаг, зуучихдаг. Эсвэл фэйсбүүк дээрээ “эзэнтэй” пост биччихнэ. Бас л албан бус гэхэд дэндүү албан бус харилцаа байгаа биз. Хүнээр үнэгүй ажил хийлгэх гээд, үгүй гэхээр элдэв үгээр доромжлон, хорхойтой араандаа зууна гэдэг ямар зарчим бэ. Ямартай ч “Мөнгө байхгүй ээ” гэж дуу сулхан хариулах дарга нар жинхэнэ “гэрээний магнат” байсныг хожим хэд, хэдэн жишээгээр харж л байлаа.
Иргэдийн төлсөн татвараар өөрийгөө рекламддаг дарга нар
Энэ их төвөгтэй. Нийгэмд хэрэгтэй мэдээлэл түгээлгүй яахав, гэрэл гэгээтэй юм бүтээлгүй яахав, ёстой зөв гэж уухайлан дэмжих хэвлэлийн албадууд гэрээ баталгаажингуут өөр зантай болох нь олонтаа. Контент яах вэ, тэгж байгаад хийнэ. Одоо энэ явуулсан мэдээнүүдийг л хурдхан оруул гэж шахна. Ерөөсөө өдөрт 2-3 ба түүнээс дээш удаа даргынхаа зурагтай “усан” мэдээ шидэх энүүхэнд. Дарга нь орон нутаг явсан юм байх, нэг гадаадтай гар барьсан юм байх, замын шав тавихад хүрз барьж зогссон юм байх. Энэ бүхэн нийгэмд, байгууллагад, гэр бүлд, хувь хүний өдөр тутмын амьдралд ямар ч хамаагүй. Шийдвэр гараагүй, өөрчлөлт ороогүй энэ мэт албан мэдээний цаана даргынхаа овог нэр, царай зүсийг хоногшуулах гэсэн атгаг санаа оршино. Сүүлдээ даргаа шүтсэн хэвлэлийн албатай хамтрахгүй байх нь сэтгэл зүйн эрүүл мэндээ аврах гол хүчин зүйл болж таарсан. Аль нэг яамтай гэрээ хийлээ гэхэд сайдынх нь хэлсэн үгийг оруулахыг шаарддаг л гэсэн үг. Гарын үсгээрээ төрийн мөнгийг зарцуулах эрхтэй МАН-ын дарга нар иргэдийн төлсөн татвараар өөрийн сурталчилгааг хийдэг байдлыг үндсээр нь өөрчлөхгүй бол юу ч сайжрахгүй. Ямар сайндаа хэвлэлийнхэн хоорондоо муудаж, үл ойлголцох зуур жинхэнэ хор найруулагчид болсон тэдгээр дарга нар хар цагаан дуугүй ажиглаж суух нь инээдтэй. Хэвлэлүүд мөнгө авдаг гэж биш, хэвлэлүүдэд хэн мөнгө өгч өөрийгөө олон нийтэд харуулах дуртай вэ гэдэг талаас нь харвал өөр дүр зураг гарна.
Сэтгүүл зүйн бизнес модел
Сэтгүүлчид үндсэн ажлаа хийх нөхцөл өдөр ирэх тусам хумигдаж буй. Нүдэнд харагдтал аяллын тэмдэглэл хөтөлдөг, уншсан хүн биечлэн очсон мэт амттай мэдрэмж төрүүлэх сурвалжилга бичдэг сэтгүүлч байлаа гэж бодъё. Тэр хүний аяллын тэмдэглэл, сурвалжилгыг худалдаж авах хувь хүн, байгууллага ховор. Бизнесийн байгууллагууд сонин, телевиз, сайтад мөнгө өгч байснаас инстаграмын инфлюнсерт мөнгө өгөх нь илүү үр дүнтэй гэж үздэг болсон. Тэгээд ч уул уурхай, банк, банк бусаас бусад бизнес зар сурталчилгааны зардлаа жил ирэх тусам танаж буй. Зээлийн аппликэйшны реклам, самбар, бүүст хаа сайгүй. Тэд л мөнгөтэй байна шүү дээ. Анх сэтгүүлч болж байхад хэвлэлийн бага хуралд очиж мэдээлэл бэлтгэх үйлчилгээ байлаа. Одоо хэн хүссэн нь LIVE асаачихдаг тул хуучин шиг хэвлэлийн хурлын танхим түрээсэлж, сэтгүүлчдийг урих шаардлагагүй болсон. Үндэсний хэмжээний групп компаниуд ч бодлогоор хэвлэлийг дэмжих сонирхолгүй Шуудхан хэлэхэд сэтгүүл зүйн салбар эрүүлээр оршин тогтнох, редакц бүтээл туурвин ажиллах боломжгүй нийгмийг улс төрчид бүтээсэн. Тэд бохир мөнгөө энэ салбарт цутгаснаар сэтгүүлчийн ажил пост бичих, хэн нэгнийг харлуулах, хэн нэгнийг магтан дуулах болж хувирсан. Өнөөдрийн нийгмийн хэм хэмжээ, хүний ёс суртахуун, байгаа байдлыг энэ дор чирч авчирсан хүмүүс бол муу улс төрчид.
Байгууллагын данс бараг л хаагдаж байгаа болов уу. Баасан гарагт нийгмийн даатгалын байцаагчтай уулзахад хаах тухай мэдэгдсэн. Татварын хэлтэс ч гэсэн өрөө нэхээд, удахгүй дуудах байх. Хүлээж байгаа гүйлгээ байхгүй хойно дансаа нээх гэж адгаад ч яахав. Ганц манайх ч биш дээ. Цалин цагтаа буухгүй, зээл авах гэхээр нийгмийн даатгал төлөгдөөгүй, яг юу хийхээ ойлгохоо больж, ирээдүйдээ итгэхээ байсан сэтгүүлч монголоор нэг байна. Бодвол учиргүй хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн мэргэжлээ сонгож, амжилт гэж бодон редакц нээсэн байлгүй дээ. Тэр болгон нь удаандаа өр, нэр хүндгүй нэр, улс төрчдийн тоглоом болж дууссан нь харамсалтай.
