БАЙР СУУРЬ | НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛЬ БА ЗАЛУУС

Улаанбаатар хотод амьдарч буй иргэн нэг бүрд хамаатай, тэдний амьдралын чанар, аз жаргалын түвшин, аюулгүй байх орчныг бүрдүүлэхэд хамгийн ойроос оролцох, боломжтой шийдвэр гаргах түвшний хүмүүс бол нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгч нар юм.

Ард иргэдийн амьдралыг хамгийн ойроос харж, мэдэрч ажиллах үүрэг бүхий хүмүүс. Нийслэл, аймаг, сум, дүүргийн төлөөлөгч нарыг шинэчлэн сонгох өдөр 2024 оны аравдугаар сарын 11-ны өдөр болно. Гэвч энэхүү сонгуульт өдрийг иргэд их хурлын сонгууль шиг тэр бүр сайн мэдэхгүй, оролцоогүй өнгөрөөдөг. Нийслэлийн сонгуулиар нийслэлийн иргэд өөрсдийн төлөөлөгчдийг сонгож, нийслэлийн удирдлагыг бүрдүүлэх боломжтой болно гэсэн үг.

Нийслэлээс сонгогдсон иргэдийн төлөөлөгчид Улаанбаатар хотын иргэдийн санал хүсэлтийг нь сонсож тэдний оролцоог  нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлж, эрх ашгийг хамгаалах үүрэгтэй иргэдийн төлөөлөл болж ажиллах хүмүүс.

Манай улсын нийт хүн амын 28 хувийг бүрдүүлж буй 15-34 насны залуус бол өнөөгийн ардчилсан нийгэмд шинэ үзэл бодол, шинээр сэтгэх эрч хүч хүсэл тэмүүлэлтэй өөрчлөлт шинэчлэлийн гол зоримог цөм  гэж хэлж болно. Гэвч залуучуудын улс төрийн оролцоо хангалтгүй, шийдвэр гаргах түвшинд манлайлал хягаарлагдмал хэвээр байна. Цоо шинэ амьдралын хэв маяг, хандлага,ирээдүйд хийх ажил бидний эцэг эх, өвөө, эмээгийн хийж байсан ажлаас тэс ондоо болж,өөрчлөгдсөөр байгаа. Энэ хэрээр нийгэм, улс төрийн шийдвэр гаргах түвшинд залуус бидний оролцоо, орон зай үгүйлэгдсээр…

 Тэгвэл “Нийслэлийн ИТХ”-ын сонгуулийн талаар  “Залуус” хэр мэдлэг мэдээлэлтэй байна вэ?

МУИС-ийн “Социологи”-ийн ангийн оюутан, нас 21:

Мэдээж сонгууль чухал. Гэхдээ ямар ч мэдээлэл алга. Шударга явагддаггүй болохоор нэг их анхаардаггүй. Би мянга дэмжлээ ч хэнийг яах, ийхээ цаагуураа шийдчихсэн байдгийг нь мэддэг болохоор худлаа санагддаг.

СЭЗИС-ийн “НББ”-ийн ангийн оюутан, нас 21:

Орон нутгийн сонгууль, Нийслэлийн сонгууль болох гэж байгааг  мэдсэн. Яг тодорхой  мэдээгүй л байна. Нэр дэвшиж байгаа хүмүүсээ сайн судлаж байгаад л саналаа өгнө дөө.

МУБИС-ийн “Сэтгүүлзүй”-н ангийн оюутан, нас 20:

Сонирхдоггүй болохоор мэдээлэлгүй байна. Яахав, залуу хүмүүсийн хувьд энэ нь зайлшгүй анхаарах ёстой зүйл ч гэсэн эхэндээ сайхан ам гардаг ч сонгогдоод бүгд тэрийгээ мартацгаадаг болохоор итгэлгүй болсон. Улс төр гэдэг бол надад дэндүү хол бас хэцүү санагддаг.

МУБИС-ийн “Сэтгүүлзүй”-н ангийн оюутан, нас 21:

Нийслэлийн  ИТХ сонгууль гэдэг иргэдтэй хамгийн ойр байх ёстой хүмүүс гэж боддог. Тиймээс зөв боловсролтой хүнээ сонгоно. Залуучуудын хувьд төр итгэлийг нь алдсан учраас сонгууль сонин биш санагддаг болсон тиймээс миний саналаар дутахгүй гэсэн бодол суусан байх. Энэ үзлийг хасахын тулд бүгдээрээ саналаа идэвхитэй өгцгөөе гэж уриалмаар байна.

Залуус сонгуулийн тухай мэдлэг мэдээлэлгүй байгаа нь нэг талаараа улс төр тэдний хувьд сонирхолгүй, нарийн төвөгтэй ойлгоход хэцүү зүйл  байж болох ч нөгөө талаараа заавал судалж, мэдэх, оролцох нь зүйтэй. Учир нь иргэн нэг бүрийн амьдрал улс төрөөс шууд хамааралтай байдгийг эрт ойлгож, таних тусам бид зөв хүнийг эрж хайдаг, сонгодог болно.

Тухайлбал таны өгсөн санал ирэх жилүүдэд бид ямар нийгэмд, ямар орчин нөхцөлд амьдрах, улсад хэдэн төгрөгийн татвар төлөх, ямар ажил хийх, хангалттай хэмжээний цалин хөлс авч чадах зэрэг нь бидний оролцооноос шууд хамааралтай. Тиймээс сонирхолгүй, мэдэхгүй гэж хойш суулгүй иргэний эрхээ эдэлж, үүргээ ухамсарлан сонгуулийн үйл явцад идэвхтэй, хариуцлагатай оролцож байж, өөрсдийнхөө хүсдэг илүү гэгээлэг, шударга нийгмийг цогцлоож чадах юм.

Нийтлэлийг бэлтгэсэн дадлагажигч: Ж. Дариймаа

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *