Доминиканы Бүгд Найрамдах Улсын төлөөлөгч Жохейрри Мола Домингес 2026 оны есдүгээр сарын 5-нд Вьетнамын Нячанг хотод болсон “Miss World” тэмцээнд түрүүлж, дэлхийн миссийн титмийг хүртсэн билээ. Тэрбээр зөвхөн загвар өмсөгч бус багш, сэтгүүлч, нийгмийн төслийн санаачлагч гэдгээрээ энэ жилийн оролцогчдоос онцгойрсон юм.
Өдгөө 24 настай Жохейрри Мола нь Доминиканы нийслэл Санто-Доминго хотын төлөөлөл бөгөөд 175 см өндөр. Испани, англи хэлтэй. Тэрбээр Universidad Iberoamericana буюу UNIBE их сургуулийг бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр төгсжээ. Гэвч сургуулиа төгссөнийхөө дараа мэргэжлээрээ ажиллахын оронд боловсролын салбарыг сонгож, хүүхдүүдэд англи хэлээр уран зохиол, нийгмийн ухааны хичээл заах болсон байна.

Мола мөн сэтгүүл зүй, телевизийн салбарт ажилладаг. Тэрбээр АНУ-ын “Univision New York” телевизийн “Ventana a Quisqueya” нэвтрүүлгийн сурвалжлагчаар ажиллаж, Доминиканы соёл, нийгмийн асуудал болон гадаадад амьдарч буй доминиканчуудын амьдралтай холбоотой сэдвүүдийг хөнддөг аж. Үүний зэрэгцээ мэргэжлийн загвар өмсөгчөөр ажиллаж иржээ.
Жохейрри Молагийн “Miss World” тэмцээнд дэвшүүлсэн гол ажил нь “Voices of Tomorrow” буюу “Маргаашийн дуу хоолой” нэртэй боловсролын төсөл юм. Тэрбээр уг санаачилгыг өөрөө үүсгэн байгуулж, ерөнхийлөгчөөр нь ажилладаг.
Төсөл нь нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд, залууст англи хэл сурах боломж олгохын зэрэгцээ шүүмжлэлт сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх чадвар, өөртөө итгэх итгэлийг нь хөгжүүлэх зорилготой. Молагийн үзэж буйгаар хэлний боловсрол нь зөвхөн шинэ үг цээжлэх тухай бус хүүхэд өөрийн дуу хоолойг олж, боловсрол болон ажил мэргэжлийн шинэ боломжид хүрэх хэрэгсэл юм.
Тэрбээр тэмцээний шийдвэрлэх шатанд “Beauty With a Purpose” буюу “Зорилготой гоо сайхан” ажлынхаа талаар асуултад хариулахдаа “Voices of Tomorrow” төслийг олон хүүхэд, залууст хүргэж, англи хэлний боловсролоор дамжуулан тэдний ирээдүйн боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоо танилцуулжээ. Түүний багшийн туршлага, нийгмийн төсөл болон ирээдүйн зорилгоо хооронд нь уялдуулан илэрхийлсэн хариулт шүүгчдийн үнэлгээнд чухал нөлөө үзүүлсэн байна.

Жохейрри Мола 2025 онд Үндэсний тойргийг төлөөлөн “Miss World Dominican Republic” тэмцээнд оролцож, ялагчаар тодорсон. Ингэснээр Доминиканы Бүгд Найрамдах Улсыг олон улсын “Miss World 2026” тэмцээнд төлөөлөх эрхээ авчээ.
Вьетнамд дөрвөн долоо хоног үргэлжилсэн тэмцээний үеэр 111 орны төлөөлөгч нийгмийн төсөл, ярилцлага, авьяас, спорт, загварын үзүүлбэр болон олон нийтийн санал асуулга зэрэг хэд хэдэн шалгаруулалтад өрсөлдсөн байна.

Мола Америк, Карибын бүсийн “Top Model” шалгаруулалтад тэргүүлснээр шилдэг 40 оролцогчийн нэгээр шууд шалгарчээ. Улмаар шилдэг 20, шилдэг 12, шилдэг зургаад дараалан багтаж, эцсийн шатанд Испани, Малайз, Өмнөд Африк, Вьетнам болон Эритрейн төлөөлөгчтэй өрсөлдөн дэлхийн миссийн титмийг хүртсэн юм.
Тэмцээний тэргүүн дэд байрт Испанийн Элизабет Рейнес, хоёрдугаар дэд байрт Малайзын Таанусия Четти шалгарчээ. Молад өмнөх жилийн ялагч, Тайландын Опал Сучата Чуангсри титмийг нь гардуулсан байна.

Жохейрри Молагийн ялалт Доминиканы Бүгд Найрамдах Улсын хувьд түүхэн амжилт болжээ. Тус улсаас Мариасела Альварес 1982 онд анх “Miss World”-ийн титэм хүртсэн бөгөөд түүнээс хойш 44 жилийн дараа Мола дэлхийн мисс болсон хоёр дахь доминикан эмэгтэй боллоо.
Шинэ дэлхийн мисс титэм эзэмших хугацаандаа “Voices of Tomorrow” төслөө олон улсын хэмжээнд өргөжүүлж, боловсролын боломж хязгаарлагдмал хүүхэд, залууст англи хэлний сургалт хүргэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Miss World
