Мобиком групп тогтвортой хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд “Smart Education” төслийг тав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн талаар Мобиком корпорацийн Маркетинг сурталчилгааны албаны захирал С.Батзаяатай ярилцлаа.
Smart Education төслийн анхны санаачилга хэрхэн гарч өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна вэ?
Ковид-19 вирусийн дэгдэлтийн үед монголын бүх сургуулийн хаалга зэрэг хаагдаж, хичээлийн хөтөлбөр цахим болсонтой холбоотой нийгмээрээ шийдэх ёстой том асуудал гарч ирсэн. Тэр нь сурагчдын боловсрол. Дундаж амьдралтай, цөөн хүүхэдтэй хэдий ч ажил амьдралаа залгуулахаар өдөржин ажилладаг бидэнд хүртэл хүүхдийнхээ хичээл, суралцах орчинд анхаарал тавих цаг байгаагүй. Гэтэл хоёр болон түүнээс ч олон хүүхэдтэй айлуудад бол бүр ч илүү хүндрэлтэй цаг үе байсан болов уу. Өдрийн цагаар эцэг, эх нь амьдралаа залгуулахаар ажил төрөлдөө явах нь мэдээж. Тэр үед гэртээ үлдсэн хүүхдүүд хичээлээ үр дүнтэй хийнэ, тогтож суугаад ойлгож үзнэ гэдэг ойлголт байхгүй шахуу. Бас бүх хүүхдэд ухаалаг гар утас, интернэтийн хүрэлцээ байхгүй. Манай байгууллага тухайн үед захын гэр хорооллын зарим бүсээр судалгаа хийхээр явсан юм л даа. Бодит байдал дээр бидний очсон айлд хичээл хийх зурагт, зориулалтын төхөөрөмж байтугай дэвтэр, үзэг ч үгүй байдалтай хүүхэд олон байсан л даа.Тэр үед тэдний амьдралын гол асуудал боловсрол биш. Осолдохгүй хоногийн хоол, өвдөхгүй байх хооронд л байх байсан. Цаашлаад хөдөө орон нутагт энэ асуудал бүр ч хэцүү. Тухайн үед хэвлэлээр алслагдсан аймаг, сумдын хүүхдүүд хичээлээ үзэхийн тулд дор хаяж 20–30 километр машинаар давхиж, заримдаа хоёр гурван цаг явж интернэттэй газарт очдог. Хичээлээ үзчихээд буцаад өнөө урт замаа туулдаг тухай хөндөж байсан.
Монгол хүүхдүүд тэгш бус орчинд, туйлын ялгаатай нөхцөл байдалд боловсрол олж авахын тулд жинхэнэ утгаараа “тэмцэж” байгааг харуулж байгаа юм л даа. Тиймээс бид боловсролын салбар руу чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдсэн юм.
Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүд болон тэдэнд зориулж гаргасан шийдэл нь юу вэ?
Орон нутаг болон захын дүүрэгт амьдардаг хоёроос дээш хүүхэдтэй айлд хичээл үзэх дижитал төхөөрөмж, интернэт дутагдалтай гэх судалгаа бий. Дижитал төхөөрөмж, өндөр хурдны интернэт бол хотын төвд байнгын интернэттэй байдаг хүмүүст тийм ч чухал асуудал биш байж болох ч алслагдсан гэр хороолол, сумуудын хүүхдүүдэд гадаад орчинтой харилцах, боловсрол авах гүүр нь байсан. Хөтөлбөрийн зорилгоо тогтсоны дараа Samsung компанитай санал солилцон, сурагчдын хэрэгцээнд тохируулан Knox гэх гар утас, таблетын аюулгүй байдалын лицензийг нэмэлт төлбөр төлж суулгасан Samsung компанийн гар утаснуудыг захиалсан. Ингэхдээ хүүхэд ашиглах учраас насанд хүрэгчдийн контент болон тоглоом зэрэг шаардлагагүй тохиргоонуудыг хааж, зөвхөн сурах аппликэйшн ажиллах боломжтой болгосон. Эхний ээлжид 2000 гаруй хүүхдэд тараасан. Зөвхөн хичээл хийх зориулалтаар ашиглах, боловсролын хоцрогдлоос урьдчилан сэргийлэх зорилгоо биелүүлэхийн тулд Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран өөрийн хүсэл мөрөөдөл, сурах зорилгоо эсээ болгон илгээсэн сурагчдыг сонгож өгсөн. Тэдний бичсэн эсээнүүдийг уншихад л энэ хөтөлбөр хэнд хэрэгтэй, яагаад хэрэгтэйг маш тодорхой харуулдаг юм билээ.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлсний дараа ямар үр дүн гарсан бэ?
Хөтөлбөрийн хамгийн том үр дүн бол хүүхдүүдийн өөрчлөлт. Хичээлдээ илүү идэвхтэй болж, англи хэл сурах сонирхол нь нэмэгдсэн байсан. Мөн өөрийн даган дуурайж явдаг хүмүүсийн тухай мэдээллийг англи хэл дээр үзсээр байгаад хэлээ сурч эхэлж байсан хүүхэд ч бий. Нэг ширхэг ухаалаг төхөөрөмж тэр хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийг романтикаар хэлбэл амилуулж байгаа хэрэг л дээ. Тодорхой өөрчлөлт гарахыг харсан аймаг, нийслэлийн сургуулиудаас “Smart Education” хөтөлбөрөө манайд хэрэгжүүлээч ээ гэсэн хүсэлтүүд ар араасаа ирж байсан. Тиймдээ ч бид хөтөлбөрөө хоёр дахь жилдээ үргэлжлүүлсэн. Ковид цар тахал намжиж, хөл хорио суларч, нийгэм хэвийн амьдралдаа орж эхлэхэд бидэнд тулгарсан бодит бэрхшээл нь ухаалаг утасны өртөг өндөр, хүрэх хүүхдийн тоо хязгаартай болж эхэлсэн. Нөгөө талаараа насанд хүрсэн ар гэрийн гишүүд хүүхдийн утсыг нь аваад хэрэглэчихдэг тохиолдол гарсан. Тиймээс бидэнд олон хүүхдэд хүртээмжтэй, тогтвортой систем хэрэгтэй болж байгаа юм.
Хөтөлбөрийн хэлбэр өөрчлөгдсөн гэсэн үг үү?
Бид гурав дахь жилээсээ “Smart 3”-ыг танхимын хэлбэртэй болгож, улс орон даяар хүртээмжтэй хэрэгжүүлэх зам руу шилжсэн. Манай хөтөлбөрийн философи нь анхны өдрөөсөө нэг л зүйлд төвлөрч ирсэн. Хүүхэд хаана амьдардгаас үл хамааран сурах боломж тэгш байх ёстой. Захын дүүргийн гэр хороолол, сумдуудаар яваад үзэхээр 10, 20 жилийн өмнө сурдаг байсан анги танхим яг л хэвээрээ. Харьцуулалт хийхийн тулд бид дижитал хөтөлбөр хэрэгжих боломжтой нэг, хоёр сургууль дээр очиж үзсэн. Тухайн үед сургуульд тарааж өгсөн компьютер, төхөөрөмжүүд нь тоосонд дарагдсан байдалтай. Бараг ашиглахгүй байгаа юмуу гэмээр. Тиймээс бид дижитал танхимаа ердөөсөө ийм байж болохгүй юм байна. Хүүхдүүд энэ анги танхимдаа өглөөнөөс орой хүртэл хичээллэж, төхөөрөмжөө ашиглаад хичээл номоо илүү сайн хийгээд элэгдэж дуустал нь хэрэглээсэй, музей шиг битгий байгаасай гэх зорилгоор бүтээсэн. Хүүхэд өөрийн гэсэн өрөөтэй болохоор ямар гоё мэдрэмж авдгийг бид бүгд мэднэ дээ. Өөрийн гэсэн орон зай. Бид яг тэр мэдрэмжийг хүүхдүүдэд өгмөөр байсан. Зүгээр нэг анги засварлах биш, харин зориулалтын танхимтай болсноор сурах хүсэл нь амь ордог, анхаарлаа төвлөрүүлж чаддаг орчин. Тиймээс бид дижитал танхимуудаа хүүхдэд зориулагдсан урам өгдөг орчин болгохоор зорьсон. Шинэ сандал ширээ, хүүхдийн нуруунд тохирсон өндөртэй. Өнгөний сонголт хүртэл хүүхдийг тогтуун, төвлөрөхөд нь туслах байдлаар. Тиймээс бид зүгээр нэг тоног төхөөрөмж тавиад яваагүй.
“Smart 3” хөтөлбөрийн философи нь анхны өдрөөсөө нэг л зүйлд төвлөрч ирсэн. Хүүхэд хаана амьдардгаас үл хамааран сурах боломж тэгш байх ёстой.
Хөтөлбөрийн нэр явцдаа “Бүтэн боловсрол” болж өөрчлдөгдсөн үү?
Гурав дахь жилдээ бид хөтөлбөрөө “Бүтэн боловсрол” гэдэг агуулгаар нийгэмд хүргэж эхэлсэн. Жил ирэх тусам боловсролын тэгш бус байдал улам тодорч байгаа нь бидэнд анзаарагдсан болохоор тэр. Захын дүүргийн сургуулиудад ороход хүүхдүүдийн ярианы сэдэв, орчин, багш нарын чадвар гээд бүх зүйл төвийн сургуулиудаас тэс өөр. Энэ ялгаа өдөр бүр томорч байгаа нь судалгаа болон бодит байдлаас илхэн харагддаг. Мэдээж сайн багш нар байгаа л даа. Гэхдээ хангалттай биш.
Монгол Улс анх удаа 2022 онд боловсролын үнэлгээний PISA гээд судалгаанд оролцсон байдаг. Тэр тайлангаас монголын боловсролын хоцрогдол газар зүйн байрлалаасаа хамаараад алслагдсан аймаг, сумдын хүүхдүүд 2–3 жилийн хоцрогдолтой байна гэх үр дүн гарсан. Энэ хоцрогдлыг технологи ашиглаад нөхөх боломж бидэнд байна. Нэг ангид 40–50 хүүхэд байхад багш хүүхэд бүртэй тулж ажиллах боломж хязгаарлагдмал. Хүүхэд бүрийн сурах арга барил ч өөр. Тэгэхээр технологи бол тэр зөрүүг нөхөх хамгийн бодит гарц.
Хөтөлбөрийн хүрээнд боловсролын хоцрогдол үүсэх гол хүчин зүйлийг судалж үзсэн болов уу?
Боловсролын тэгш бус байдал өөрөө олон хүчин зүйлтэй. Гэр бүлийн орлого, амьдрах орчин, багшийн ур чадвар, ар гэрийн дэмжлэг, нийгмээс ирж буй боломж гээд бүгд нөлөөлнө. Хичээл зүтгэлтэй хүүхэд байсан ч захын дүүргээс англи хэлний сургалтад суух гэж хотын төв төв рүү явахад нэг талдаа л цаг гаруй явна. Өвлийн улиралд түгжрэл, агаарын бохирдол гээд бүр хэцүү. Утаа, хүйтэн, автобус ирэхгүй удах. Хүүхэд өөрөө л хүсээд байгаа боловч хүрч очих боломж нь бодитоороо хэцүү шүү дээ. Тиймээс бидний зорилго эхний ээлжид ядаж сургуулийнхаа дотор орчинд технологи ашиглан сурч, мэдэх гараа нь нэг байгаасай гэж зорьсон юм. Хөтөлбөрөө илүү сайжруулах үүднээс “Smart Edu 4”- өөс эхлэн менторшипийг нэмсэн. Дан ганц анги танхим байгаад зогсохгүй, хүүхдүүдэд өөр өнцөг, өөр хүний үлгэр дуурайл хэрэгтэй гэдэг нь анзаарагдсан юм. Үүний хүрээнд гадаадад төгсөөд дэлхийн топ компани Samsung, Google зэрэг газарт ажиллаж байгаа эсвэл гадны улс оронд эх орныхоо нэрийг гаргаж яваа хүмүүсээсээ ментор урьсан. Тэд тухайн сургуулийн хүүхдүүдтэй дөрөв, таван сарын турш ажилласан.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр танай байгууллагад ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?
Манай хамт олны хувьд Smart Education төслийг хийх явцдаа өөрсдөө их зүйлийг сурч, харах өнцгөө өөрчилсөн. Бидний хамгийн дуртай ажил болсон гэж хэлж болно. Бидний хөтөлбөр гурав дахь жилээсээ жинхэнэ утгаараа нийгэмд хүрч, шат шатны олон байгууллага хамтарч ажиллах болон бидний санаачилгыг дэмжих хүсэлтээ илгээн холбогдох болсон нь бидний нийгэмд хүрч байгаа бас нэг үр дүн байх. Төсөл дээр ажиллаж явахдаа хамгийн их урам авдаг мөч бол хөдөө сумдад тохижуулсан танхимынхаа нээлтийг хийх үед хүүхдүүд анх удаа ороод ирэх тэр агшин байдаг. Хүүхдүүдээ оруулах үед тэдний нүдний харц. Ийм гоё танхим байдаг юмуу гээд л ширээ сандалаа сонирхож байгаа нь их хөөрхөн. Араас нь шууд, манай бусад анги танхим мань хэзээ ийм болох уу гэж асуудаг. Сурагчдын идэвх санаачлага нэмэгдэж, хичээл хийх сэдэлтэй болсныг бидний араас багш нар мэдэгддэг. Бидний зүгээс сургуулийн захиргаанд хандаж анги танхимаа бүрэн ашиглаж, тоног төхөөрөмжөө элэгдтэл хичээлээ хийгээрэй л гэж захьдаг юм. Зарим сургууль танай хөтөлбөрөөс санаа аваад бид өөрсдөө анги танхимаа сүүлийн үеийн байдлаар тохижуулж буйгаа тун сэтгэл хангалуун хуваалцдаг. Бага ангид нь бид нар хийсэн бол дунд, ахлах ангид гээд өөрсдийнхөө төсөв мөнгөөрөө чадлаараа хийчихсэн байдаг. Хамтын хүчээр боловсролын салбарт өөрчлөлт хийж байна гэсэн үг шүү дээ.
Таны бодлоор Smart Education хөтөлбөрийн хамгийн нүдээ олсон байршил, сургууль нь хаана байсан бэ?
Мэдээж бүгд л өөр өөрийн онцлогтой л доо. Гэхдээ хамгийн холын, хамгийн сэтгэлд үлдсэн төслийн нээлт гэвэл Хөвсгөл аймгийн Ханх сум руу явсан нь байсан. Хүүхдүүд нь шууд голоосоо ус зөөгөөд л, интернэтийн хэрэглээ ч тийм ч элбэг биш. Анги танхимын хувьд хуучнаараа. Буйдхан жижиг тосгон. Тэнд амьдралын орчин нөхцөл бидний мэддэгээс тэс өөр. Төслийн нээлтээ хийж байхдаа хүүхдүүдийн баярлаж, хөөрч байгааг хараад алслагдсан сумдуудыг орхиж болохгүй. Харин ч хэрэгцээг нь тооцоолоод илүү анхаарах ёстойг ойлгож байгаа юм л даа. Багш нар нь шинээр нээсэн танхимд хичээ заачихаад өрөөндөө орохоор “хот ороод ирэв үү” гэж хүртэл хоорондоо ярьдаг гэсэн. Хэрэв суурийг нь сайн тавиад дэмжээд өгвөл Ханх сумын сурагчид Орос руу тэтгэлэг их авч явдаг юм байна лээ.
Нээлтээс жилийн дараа Ханхын сурагчдаас ирсэн захианууд биднийг дахин урамшуулсан. Орчин нь бүрдэж, интернет хурдтай болж, төхөөрөмжүүдээ ашиглаад ЭЕШ, тэтгэлгийн шалгалтадаа бэлдэхэд нь үнэхээр тус болсон гэж бичсэн байсан. Зарим нь бүр тэтгэлгээ авч чадсан тухайгаа, дүү нь математикт дурлаж, илүү хичээдэг болсныг хүртэл хуваалцсан байсан. Бас Борнуурын нэг охин Герман–Монголын инженерийн сургуульд тэнцсэн тухайгаа бичихэд энэ бол зүгээр нэг анги биш. Хүүхдийн мөрөөдөл рүү чиглэсэн шатаар нь ахиулж өгч байгаа алхам гэдгийг бататгаж өгдөг.
Багагүй хугацаанд хүүхдүүдийн дунд ажиллажээ. Хүүхэд бүрийг боловсролтой болгохын тулд бид нийтээрээ юун дээр анхаарвал тохиромжтой санагдсан бэ?
Гурав дахь жилээсээ бид “Бүтэн боловсрол” гэдэг санаачлагыг илүү нийгэмд түгээж эхэлсэн нь яг энэ асуулттай холбоотой. Сургууль, орчин, технологи, багшийн хүртээмж, чадвар зэрэг наад захын боломжууд хүүхэд бүрд тэгш байвал хүүхэд хаана амьдардагаас үл хамаараад хүүхэд яг ижил түвшинд хичээлээ хийх ёстой юм билээ. Хэрэв гарааны зөрүү үүсэхгүй байвал, сонирхсон зүйлээ сурах боломж хаалтгүй байвал л хүүхэд жинхэнэ утгаар хөгждөг. Аймаг, сумдуудаас дэлхийн топ сургуулиудад ганц хоёр хүүхэд л тэнцэж ордог. Бид чинь тэр мэдээг сонсоод Монгол даяараа л шуугиан болдог шүү дээ. Хөвсгөлийн тэр сумын хүүхэд MIT – ийн тэтгэлэгт тэнцээд орчихсон байна гээд л. Энэ тохиолдол илүү олон болоосой. Хүүхдүүд газар зүйн байршил, гэр бүлийн орлого, орчин нөхцөлөөсөө үл хамааран өөрсдийн хүсэж, сонирхож байгаа зүйлээ технологийн тусламжтайгаар хаанаас ч хамаагүй сурч чаддаг, тэрнийхээ төлөө хичээж үр дүн гаргаж чаддаг байгаасай. Боломж байхгүйгээсээ болж битгий хоцрогдоосой. Энэ бол манай төслийн одоог хүртэл баримталж яваа зарчим нь. Бас хоцрогдол болон тэгш бус байдлыг халах гарц юмуу даа. Би өөрөө гэр хороололд өссөн болохоор сурах орчны ялгаа хүүхдэд ямар хүнд тусдаг вэ гэдгийг биеэрээ мэднэ. Гэр хорооллын хүүхэд сурахад илүү их хүчин чармайлт гаргадаг нь үнэн. Гэртээ ирж очихоос эхлээд харанхуй гудамжаар явж байхад нэг, хоёр эрэгтэй хүмүүс гараад ирвэл айдаг ч юм уу. Ер нь бол гэр хорооллын хүүхдүүд ахуйн ажилдаа их цаг зарцуулдаг. Адаглаад тогтмол интернэтгүй байх гээд бусад хүүхдүүдээс илүү их хүчин чармайлт гаргаж байж сурах нөхцөлөө бүрдүүлдэг л дээ. Хөдөө сумын хүүхэд өндөр тэтгэлэг авахын тулд эхлээд дундаж түвшинд хүрч, тэндээсээ ахиж хичээж байж зорилгодоо хүрдэг. Биднээс гарах хамгийн том нөлөө бол боловсролын гарааны ялгааг багасгах. Ингэж байж олон хүүхэд илүү боломжид хүрнэ. Бид боловсролын гарааны ялгааг бууруулаад л байвал олон хүүхдүүд ижил гарааны цэгээсээ илүү сайн боломжуудад хүрэх юм болов уу л гэж бодож ажилладаг.
Хөтөлбөр цааш хэрхэн үргэлжлэх вэ, өөр байгууллагууд нэгдэж болдог уу?
Манай хөтөлбөр байгууллага, хувь хүн хэн бүхэнд нээлттэй. Зарим байгууллага өөрсдийн ой, нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой сумын сургууль дээр дижитал танхим байгуулж хамтран ажиллаж байна. Нийгмийн өөрчлөлт гэдэг ганц байгууллага, ганц төсвөөр хийгдэх зүйл биш. Олон хүний оролцоо нийлж байж бодит, тогтвортой нөлөө бий болдог.
“Smart Edu 5”-ын хүрээнд бид хүүхдийн “хоцрогдол”-ыг нийгэмд хүүхдийн өнцгөөс илүү ойлгуулж, шат дараатайгаар боловсролын тэгш бус байдлыг багасгах зорилтоо үргэлжлүүлнэ. Хүүхэд өөрөө хоцрогдолтой гэдгээ сонсох хүртэл асар их дарамттай. Тийм учраас хүүхдэд сэтгэлзүйн талаасаа хүнд тусдаг гэсэн үг. Тэгэхээр томчууд бид нар илүү сайн ойлгож үүрэгтэй болж байгаа юм. Тиймдээ ч бид хүүхдийн боловсролын хоцрогдлыг арилгахын тулд шат дараатай ажиллах төлөвлөгөөтэй байна.
