Хувцас бүтээх, бүтээсэн хувцсыг донжийг нь олж өмсөнө гэдэг хүн бүрээс гарах мэдрэмж биш байх. Хэдий тийм ч гэлээ сайхан хувцаслахыг хүсдэггүй хэн байх билээ. Энэ удаагийн ярилцлагын зочноор загварын салбарт өөрийн орон зайг бүтээхийн зэрэгцээ олон хүнд гоо зүйн болоод загварын мэдрэмжээ хөглөхөд чиг болж яваа эмэгтэйг онцолж байна. Энэ бол фэйшн дизайнер, стилист, VSKOS академийн үүсгэн байгуулагч Одгэрэлийн Булган. Түүний оффис загварын салбарын алдартнуудын зураг, сэтгүүлээр дүүрэн. Гоо зүйтэй, ганган. Аргагүй л загварын хүний орон зай. Бид танилцаад, ойр зуур зүйлс хуучлан, аяга кофе уугаад ярилцлагаа эхлэлээ. Энэ ярилцлагыг загварт дуртай, загварлаг байхыг хүсдэг ч төөрөлдөж яваа эмэгтэй хүн бүрд зориулав.
– Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
– Намайг О.Булган гэдэг. Фэйшн дизайнер мэргэжилтэй. Монголд Дүрслэх Урлагийн Их Сургуулийг зураач, дизайнераар төгсөөд, Италид эмэгтэй хувцас дизайнераар магистраа хамгаалсан. Магистраа хамгаалаад, Италид таван жил сурч, ажиллаж, амьдраад 2020 онд Монголдоо ирсэн. Ирснийхээ дараа Монголынхоо брэндүүдэд ажиллаж байгаад СУИС, СИТИ, Мэдрэмж академи зэрэг газруудад багшилж эхэлсэн. Тэгээд 2023 онд өөрийн VSKOS гэх сургалтын төвөө нээгээд одоо бол илүү шат ахиад академийн түвшинд үйл ажиллагаа явуулж байна.
– Яагаад фэйшн дизайнер мөн стилист гэх мэргэжлийг сонгох болсон талаар нь асуумаар байна.
– Би багаасаа л байнга зураг зурдаг, барби хүүхэлдэйнд хувцас оёж өмсүүлдэг эсвэл орны даавуугаар хувцас хийж өмсдөг охин байсан. Түүнийг ээж анзаараад дөрөвдүгээр ангид байхад минь дизайнер найз дээрээ дагуулж очсон. Тэр хүн бол миний анхны багш, алдартай загвар зохион бүтээгч, талийгаач н.Манхдэлгэр гэж хүн бий. Тэгээд л ээжийн маань сайн найз надад дизайнер болоход хэрэгтэй зурах арга техник, сэтгэлгээ зэргийг хөгжүүлэхэд ментор хийж, бүх л зүйлсийг А-гаас нь заасан. Удалгүй Хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвүүдэд энэ чиглэлээрээ сураад, арван жилд болдог Үнсгэлжин болон бусад загварын тэмцээнүүдээс олон ч шагнал авсан байдаг. Ингэж л дизайнер болох сууриа тавьсан. Энэ дунд гэрийнхэн их дэмждэг байсан. Тэгээд чи нэгэнт л загвараар явъя гэж байгаа бол загварын эх оронд нь очоод, сураад үз гээд Итали руу явуулсан. Би маш нээлттэй хүн болохоор Миланд магистраа хамгаалах хоёр жилдээ олон хүнтэй танилцаж, нөхөрлөсөн. Тэр үеийн танилцаж, холбогдсон хүмүүс маань одоогийн ажлын хамтрагчид болсон.

– Миний анзаарснаар олон нийт дунд фэйшн дизайнер болон стилист гэдэг мэргэжлийг адилхан мэт ойлгодог хүн нэлээн их байгаа санагдсан. Таны хувьд энэхүү хоёр мэргэжлийн ялгааг тайлбарлавал? Мөн стилист бэлтгэх болсон шалтгаан юу байв?
– Магистраар сурах үедээ янз бүрийн мэргэжлээр сурдаг найзуудтайгаа ярилцаад сууж байхдаа мэргэжил хоорондын ялгааг илүү сайн ойлгосон. Тэгээд Монголдоо ирээд, багшлаад явж байхад анзаарагдсан зүйл нь зөвхөн дизайнераар л сураад төгсдөг гэсэн ойлголт их байсан. Сургуулиуд ч өөр олон төрлийн мэргэжлийн ангийн сонголт байхгүй гэдэг ч юм уу. Гэтэл манайд фэйшн салбарт хэдий дуртай байсан ч дизайнер л болох юм байна эсвэл дизайнер болж чадахгүй гээд харамсал тээж явдаг олон хүнтэй таарсан. Тэгээд л стилист гэдэг чинь нарийн мэдрэмж хэрэгтэй ч гэсэн өөрөө заавал оёж, хатгахыг шаардахгүй. Харин дизайнерын бүтээсэн зүйлийг гоо зүйн мэдрэмжээ хөглөөд, түүн дээрээ тулгуурлаад байгаа хувцас, цүнх, акксесурыг эвлүүлээд, донжийг нь олдог ажил байгаа юм. Тэгээд ийм гоё мэргэжил байхад яагаад энэ зүйлээр суралцах боломжийг нээж өгч болохгүй юм гэж бодоод, стилист бэлтгэх хөтөлбөрөө боловсруулаад, судлаад, хийж эхэлж байсан.
– Хувцас бурхан. Бие чөтгөр гэдэг үг байдаг. Ер нь хувцас гэдэг зүгээр гоёл төдий зүйл үү? Стилист хүний өнцгөөс тайлбарлавал?
– Техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед хүн бүрийн хэрэглээ ижилсэж байна л даа. Гар утас, зурагт, хэрэглээ гэх мэт. Гэтэл бидэнд өөрийн гэсэн ондоошлыг бий болгоход хувцас, стиль имиж гэдэг зүйл хэрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Булган гэж хүнийг ямар ч үггүйгээр хувцаслалт, хэв маяг нь илэрхийлэх боломжтой гэсэн үг. Би нийгэмд өөрийгөө бие даасан, хүчтэй хүн гэж харагдуулахыг хүсвэл тэр төрлийн хэв маягийг бүрдүүлдэг гэдэг ч юм уу. Тэгэхээр стиль имиж гэдэг бол бие биеэсээ ялгаатай байдлаа илэрхийлэх илэрхийлэмж.
Хувцаслалт гэдэг өөрөө өөртөө таалагдах, өөрийгөө хайрлахад чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл.
– Гоо зүй гэдэг зүйл нийгэмд хэр чухал вэ. Магадгүй гоо зүй, хувцаслалтаар дамжуулан нийгэмд өөрчлөлт хийж болдог уу. Мөн эсрэгээрээ өнөөгийн нийгмийг массын хувцаслалт илэрхийлэх боломжтой юу?
– Хотожсон нийгэмд амьдарч байгаагийн хувьд миний эрх таны эрхээр хязгаарлагдана. Тэгэхээр бид хүссэн ч эс хүссэн ч гоо зүй, соёл гэдэг зүйлтэй холбогдоно. Яагаад гэхээр хүндэтгэл байгаа газар хүмүүс амар тайван, аз жаргалтай амьдарна. Хүндлэл гэдэг нь хараал хэлэхгүй байх, нэгэнтэйгээ найрсгаар зөрөх гэх мэт жижиг үйлдлээс эхэлнэ. Үүнийг дагаад хувцаслалт гэдэг зүйл яригдах нь зүй ёсны. Цэвэрхэн, цэгцтэй хувцаслах, цэмцгэр байх, гутлаа гялалзтал арчдаг байх зэрэг нь соёлын хэрэгцээ болдог. Энэ нь маяг гэхээсээ илүү нийгмийн эд эсийн хувьд байх л зүйл. Өнөөдөр бид гоё сайхан эмэгтэйтэй гудамжаар зөрөхөөр сэтгэл сэргэдэг шүү дээ. Тэгэхээр бид тэр хүнээс эерэг мэдрэмж аваад байгаа юм. Хүн бүр энэ мэдрэмжийг нэгэндээ соёлоор дамжуулан түгээх боломжтой.

– Өөрийн хэв маягаа хараахан олж чадаагүй хүмүүс трендэд автдаг юм шиг санагддаг. Гэтэл тренд гэдэг зүйл өөрөө маш хурдтай өөрчлөгддөг. Магадгүй тэр болгоныг даган дуурайна гэвэл санхүүгийн хувьд ч бэрхшээлтэй. Тэгвэл өөрийн гэсэн хэв маягаа олох үндсэн арга гэж байдаг уу?
– Ихэнх хүмүүс амьдралын төлөө зүтгээд өөрөө ч мэдэлгүй өөрийгөө орхичихсон, дуртай зүйлсээ хойш тавьдаг болчихсон байдаг. Хэзээ сүүлд толины өмнө тайван суугаад өөрийгөө А,Б-гүй харж байснаа ч санахааргүй болтлоо завгүй гүйгээд л. Гэтэл өөрийнхөө стиль, имижийг олно гэдэг өөрийгөө бүрэн дүүрэн сонсох, юу хүсэж байгаагаа ойлгох, би хэн бэ гэдгээ тунгаахаас эхэлдэг. Нэмээд хувцас, хэрэглэлийн мэдлэгээ дээшлүүлэх. Үүнд хувцас сонголт, даавуу материалын чанар, өмсгөл суулт зэрэг чухал биш юм шиг хэрнээ өдөр тутамд зайлшгүй хэрэглэгддэг мэдлэгүүд орно. Ингээд дотоод дуу хоолойгоо сонсоод, өөрийгөө илүү таньж мэдсэн хүн аз жаргалтай, өөртөө итгэлтэй байна. Энэ нь эргээд амьдралын чанарт хүртэл нөлөөлдөг. Тэгэхээр хамгийн эхний алхам бол өөрийгөө ойлгох, юу өмсвөл илүү сайхан байдгаа олж мэдэх явдал. Үнэхээр тусламж хэрэгтэй гэвэл мэргэжлийн стилистэд хандах. Мэргэжлийн хүнд хандах нь эдийн засаг, цаг хугацааны хувьд маш хэмнэлттэй. Жишээлбэл, эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд огт өмсөөгүй, шинээрээ, шошготойтоо хувцас байдаг. Эсвэл турахаараа өмсөнө гээд авчихсан. Яг хэзээ хэрэглэгдэх нь тодорхойгүй. Гэтэл энэ бүхний ард их бага хэмжээний мөнгө түгжигдэж байгаа юм. Угтаа хэзээ өмсөх нь мэдэгдэхгүй, магадгүй хэзээ ч өмсөхгүй тэр хувцсыг авахын тулд зарлага гаргаад байгаа байхгүй юу. Харин стиль имижээ олчихвол, мэргэжлийн хүнд хандчихвал ийм асуудлаас гарах боломжтой. Дараагийн давуу тал бол цаг хугацаа хэмнэнэ. Өмнө нь юу өмсөхөө мэдэхгүй толины өмнө нэг, хоёр цаг эргэлддэг байсан бол стиль имижээ олсон хүний юу өмсөх, зүүх нь тодорхой болчихсон, илүү цагаа өөртөө зарцуулдаг гэх мэт олон эерэг нөлөөтэй.
Трендийн хувьд бол нийгмийн сэтгэл зүй, эдийн засаг, аж байдлыг хараад, судлаад, урьдчилан тооцоолоод хүчээр гаргаж ирдэг зүйл. Одоо бол 2027, 2028, 2029 оны трендүүд аль хэдийнэ тодорхой болчихсон байх жишээний. Үүнийг бодлогын чанартайгаар загварын салбарынхан түгээн дэлгэрүүлж, худалдаанд гаргадаг. Өөрөөр хэлбэл бизнес. Тэгэхээр бид тодорхой хэмжээнд энэ тойргийн, системийн нэг хэсэг болдог. Харин системийн нэг хэсэг болохгүйн тулд өөрийн стилиэ олох хэрэгтэй. Улаан трико моодонд орлоо гээд бүгдэд тохирохгүй. Тэгэхээр хэт трендэд автаад зохимжгүй зүйл хэрэглэнэ гэдэг өөрт ч тухгүй, санхүүд ч хэрэггүй.
Өөрийнхөө стиль, имижийг олно гэдэг өөрийгөө бүрэн дүүрэн сонсох, юу хүсэж байгаагаа ойлгох, би хэн бэ гэдгээ тунгаахаас эхэлдэг.

– Таны хувьд хувцасны тоо чухал уу, чанар чухал уу?
– Fast fashion бол хувцас загварын нэг хэсэг. Том брэндүүд зургаан сар тутамд шинэ коллекцио танилцуулдаг бол масс хувцас үйлдвэрлэдэг брэндүүд 2,3 сар тутамд шинэ цуглуулга гаргаж байдаг. Ингэж гаргахдаа маш олон төрлөөр, их хэмжээгээр үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэж байгаа хувцаснууд нь синтетик, полиэстер зэрэг химийн гаралтай, чанаргүй материалаар хийгддэг нь үүнийг эсэргүүцэх нэг шалтгаан. Жишээлбэл, полиэстер материалтай хувцас өмсөхөөр хүний арьс амьсгалж чаддаггүй. Тэгээд тодорхой хэмжээнд хөлсөөр дамжин гадагшлах ёстой бохирдол зэргийг бариад, буцаад химийн гаралтай материалтайгаа холилдож арьс руу нэвчээд, харшил цаашлаад хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Мөн байгаль дэлхийд маш их хэмжээний хог хаягдал үүсгэдэг. Эдгээр хувцсыг хийхийн тулд маш их ус зарцуулдаг. Дараагийн татгалзах шалтгаан бол хөдөлмөрийн мөлжлөг. Хямд, их хэмжээний хувцас үйлдвэрлэхийн тулд олон хүнийг маш бага цалингаар ажиллуулдаг. Тэр дунд насанд хүрээгүй хүүхдүүд хүртэл бий. Энэ нь өөрөө үнэхээр анхаарах ёстой зүйл. Цаашлаад эсгүүр муутай учраас хүний биед сууж өгдөггүй, эдэлгээгүй, амархан бөөсөрч, мууддаг гээд сөрөг нөлөө ихтэй. Харин нөгөө талдаа загвар, дизайны хувьд яалт ч үгүй загварлаг, сонголттой. Тиймдээ ч энэ зүйл огт байхгүй байж болохгүй. Харин тэр хэрэглээг хүмүүс бид л хязгаарлах сонголт хийхэд болно.
Харин чанартай хувцас авмаар байгаа ч санхүүгийн хувьд боломжгүй бол хуучин хувцасны дэлгүүр одоо цагт хамгийн зөв сонголт. Залуучуудын дунд ч соёл болчихсон байна шүү дээ. Хуучны аав ээж, эмээ өвөөгийнхөө өмсдөг байсан хувцаснуудыг хэрэглээнд оруулаад, стайл хийж өмсөөд л. Хувцас гэдэг чинь өөрөө үнэ цэн, түүхийг агуулж байдаг зүйл учраас энэ бол байгальд дэлхийд ч, эдийн засагт ч, эрүүл мэндэд ч ээлтэй сонголт.
– Сүүлийн үед хувийн өнгө тодорхойлох тухай түгээмэл яригдах болсон. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газар олон байна. Хувийн өнгөө тодорхойлуулаад, гарч ирсэн өнгийн хувцас, аксессураа л хэрэглэнэ гэдэг хэр бодитой вэ?
– Дэлхий дээр 16 сая гаруй өнгө байдаг. Үүнээс 300 гаруйг л бид олж харж чаддаг гэдэг. Мэдээж өнгө бол тодорхой хэмжээнд нөлөөтэй. Хувийн өнгө гэхээр хүний үсний өнгө, нүдний өнгө, хөмсөгний өнгө, арьсны цаана байгаа пигментийг харж байгаад дөрвөн улиралд ангилчхаж байгаа юм. Нэг талаараа тод эсвэл бүдэг, дулаан эсвэл хүйтэн өнгө зохих юм уу гэдэг ялгааг гаргаж өгдөг. Гэхдээ би хувьдаа хүмүүсийг өнгөнд хязгаарлах дургүй. Манайхны дунд нийтлэг байдаг алдаа нь ягаан өнгө зохино, улаан өнгө зохихгүй гээд хэлчихдэг. Гэтэл ягаан өнгө дотроо 100 гаруй, улаан өнгө дотроо 100 гаруй төрөл байдаг. Гал улаан, шүрэн улаан, улбар улаан гээд энэ болгон өөр өөр. Цагаан өнгө л гэхэд ясан, сүүн, зэсэн, сувдан гэх мэт. Тэгэхээр энэ дундаас аль цагааныг өмсвөл миний царай илүү гэрэлтэж, өө сэвгүй харагдах вэ гэдгээ л олох чухал. Тиймээс цагаан бол миний өнгө биш гэж хэт автах нь өөрөө өрөөсгөл.
Загварын салбар өөрөө бүтээлч байхыг шаарддаг. Аливааг олон талаас нь харж, түүн дээр тоглолт хийж, хүмүүсийг дүрд хувиргах ёстой. Өнгө өөрөө маш баялаг зүйл. Тиймээс энэ л зохино, тэр л зохихгүй гэж өнгөөр хязгаарлах нь уйтгартай.

– Таны ажигласнаар манай эмэгтэйчүүдийн хувцаслалт дээр гаргадаг түгээмэл алдаа юу вэ?
– Монгол эмэгтэйчүүд маань ганган хэдий ч заримдаа учраа олохгүй байгаа юм шиг санагддаг. Угтаа донжийг нь олчихвол биеийнхээ сул талыг нууж, давуу талаа илүү тодотгох боломжтой. Мөн зөвхөн хувцас гэхгүй аксессураар тоглолт хийвэл их зүгээр. Тэр дундаа гоёлын аксессур ямар ч хувцаслалтыг илүү загварлаг, онцгой болгох хүчтэй. Харин зөв хувцаслах тал дээр биеийн хэлбэрээ ойлгох нь чухал. Биеийн хэлбэрийг ерөнхийд нь тав ангилдаг. Энэ дундаас элсэн цаг шиг буюу нарийхан бэлхүүстэй, мөр болон таазны хэмжээ нь ижил хэлбэрийг хамгийн төгс гэж үздэг. Тэгэхээр зөв хувцаслалт гэдэг нь ямар ч хэлбэртэй биеийг элсэн цагийн хэлбэрт дөхүүлэхийг л хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл хүн өндөр, нам, тарган, туранхайгаас үл хамааран хувцсандаа таарах гэж хичээх бус хувцсаараа биеийн галбирыг засаж харагдуулах ёстой.
Хэрэв дөрвөлжин биетэй бол бэлхүүс хэсэгтээ ач холбогдол өгөөд, А хэлбэртэй юбка сонгож өмсвөл илүү тэнцвэртэй. Харин тааз өргөн хэрнээ жижигхэн цээжтэй бол аль болох таазтайгаа дөхөхүйц мөртэй цамц, пиджак сонговол зохимжтой. Энэ аргыг ойлгоод авчихвал хүн бүр өдөр тутамдаа хэрэгжүүлээд, илүү зөв хувцаслах боломжтой.
Харин үнэхээр учраа олохгүй байгаа хүн байвал стилистэд хандах нь зөв сонголт. Ихэнх хүмүүс энэ үйлчилгээг өндөр үнэтэй гэж боддог. Мэдээж тодорхой хэмжээнд төлбөртэй. Гэхдээ тэндээс авах үр шим нь мөнгөөр хэмжигдэхгүй, урт хугацаандаа ашигтай. Эмэгтэйчүүд бид чинь тогтмол үсчин, гоо сайханд ордог шүү дээ. Түүнтэй адил нэг удаа стилистэд хандаад үзэхэд олон зүйл хэмнэнэ.
– Загварын салбарт ажиллах хүсэлтэй, суралцах зорилготой олон хүн байгаа. Тогоонд нь чанагдаж, загварын эх оронд нь сураад, ажиллаад, амьдраад ирсэн хүний нүдээр манай улсад энэ салбар хэр ирээдүйтэй вэ, ажлын байр, орон зай бий юу?
– Зарим эцэг, эх хүүхдэдээ загварын салбарын тухай буруу ойлголт тулгах явдал их байдаг. Гэхдээ энэ салбарт байгаа хүний хувьд хэлэхэд асар их орон зай, хэрэгцээ байдаг шүү. Хамгийн гол нь юу хүсэж байна, юунд илүү дуртай байна гэдгээ л сайн ойлгох хэрэгтэй. Бас судалгаа хийх. Түрүүнд хэлсэнчлэн зөвхөн дизайнераар хязгаарлагдахгүй. Даавуу материалын дизайнер, даавууны хээ зохиодог дизайнер, зөвхөн зураг зурдаг, магадгүй дэлгүүрийн өрөлт, хураалтыг мэргэжлийн түвшинд хийдэг fashion marching designer, загварын сэтгүүлч мөн стилист гээд маш олон нарийн мэргэжил бий. Монголд энэ салбар хурдацтай хөгжиж байгаа. Цаашдаа ч хөгжинө. Тэгэхээр өөрийнхөө ур чадвар, давуу талыг ашиглаад ажиллах боломж хангалттай л гэж хэлье даа.
– Цаг гарган ярилцсан явдалд баярлалаа, ажилд нь амжилт хүсье.

ШИНЭ ҮЕИЙН МЭРГЭН УХААН
HUMANZ MEDIA AGENCY
