Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлаас 3 цаг 50 минут нисэж Астана хотын Нурсултан Назарбаев нисэх онгоцны буудалд газардлаа. Онгоцноос буухад монголтой ижил цаг агаар угтах нь таатай. Цагийн хувьд гурван цагийн зөрүүтэй. Автобусны жолоочийн царай өөр орны хүн гэж ялгахааргүй санагдав. Багагүй замын түгжрэлтэй бөгөөд автобусны цонхоор хаашаа ч харсан бүтээн байгуулалтын ажил эд өрнөх ажээ.

Бүгд Найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд Зөвлөлтийн БНУ-уудаас хамгийн сүүлд тусгаар тогтнолоо зарлажээ. Харин 1997 онд нийслэлээ Астанад шилжүүлсэн түүхтэй. Казахстаны хүн амын 70 гаруй хувийг казах үндэстэн бүрдүүлдэг. Оросууд хасаг цэргээс ялгахын тулд казахуудыг Киргиз гэдэг байснаас улбаалан 1920 онд “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Киргиз Улс” гэж байгуулсан ч 1925 онд “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Казах Улс” болгон Киргизээс салгаж байгуулсан байдаг.

1991 оноос дэлхийн казах үндэстнүүдийг язгуурын нутагтаа ирүүлэх бодлого явуулсан нь казах хэл, соёлын дархлааг нэмэгдүүлэх, казах хүн амыг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлсөн гэж үздэг.
Бидний хувьд эх орондоо онгоцны буудлаас буугаад хурдны зам дуусангуутаа Яармагийн замаар төв рүү дөхдөг дөө. Машины дэлгүүрүүд үргэлжлээд олон улсын сургуулиуд, орон сууц байдаг. Яг түүн шигChery, BYD, Benz зэрэг машины дэлгүүр өнгөрөөд Canada International school, Nazarbayev university, IQ urker school явж байснаа Sport Complex. Манайхтай төстэй бүтэцтэй боловч зам, барилга байгууламж нь харьцангуй шинэ. Өнөөгийн Астана хот Казахстан улсын төв хэсэгт байрлах Акмола мужид VIII-XI зууны үед Базок нэртэй цэргийн бэхлэлтийн суурин байжээ. Казахстан улс тусгаар тусгаар тогтносны дараа хотын нэрийг 1992 онд Акмола болгон өөрчилжээ. Энэ нь казах хэлээр бунхан гэсэн утгатай. Үүний дараа тус улсын анхны ерөнхийлөгч Н.Назарбаев 1997 оны арванхоёрдугаар сарын 10-нд Акмола хотыг Астана болгох зарлиг гаргажээ. Астана гэдэг нь казах хэлээр нийслэл гэсэн утгатай.

Ташрамд сонирхуулахад, 2019 онд одоогийн ерөнхийлөгч Токаев нь хотын нэрийг Нур Султан болгох зарлиг гаргасан ч 2022 онд буцаан Астана болгожээ. Манай түүхтэй харьцуулбал харьцангуй сүүлд байгуулагдсан хот ч гэлээ хурдацтай хөгжжээ.
Казахстан улс “гурван хэлний боловсрол” хөтөлбөрийг боловсролын бодлогодоо хэрэгжүүлж байгаа ажээ. Үүнд Казах, Орос, Англи хэл багтана. Үүний зорилго нь сурагчдыг олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болгох, дотоодын болон олон улсын харилцаанд чөлөөтэй оролцох боломжийг нэмэгдүүлэх юм.
Гурван цагийн зөрүүтэй болохоор Монголд 22.00 болж байхад Астанад 19.00 цаг. Нар жаргаагүй байсан тул Астанагийн гудамжаар холгүй алхаж, европ болон үндэсний хоолоор үйлчилдэг АСАТУ ресторан руу орлоо. Минимал хэв маягтай, цэмцгэр, үйлчилгээ сайтай газар байв.

Амны цаас, аяга, таваг хэрэглэж дуусав уу үгүй юу хураачихна. Зөөгч залуус бүгд чихэвчтэй бөгөөд хоорондоо Оросоор ярина. Шинэ хотод ирснийх үндэсний хоолыг нь амсаж, уламжлалт хөгжмийг нь сонсох сонирхолтой санагдаж байв. Тик токоос “бешмармак” гэж казах үндэсний хоолны бичлэгүүд трэнд болдог. Тэрийгээ л түргэн амсаж үзэхсэн гэхээс улам өлсөх шиг.

Эхлээд Солянка восточная гэдэг шөлтэй хоол ирэв. Хиамтай, нарийн ногоотой шөл. Цөцгий нэмж идвэл илүү гоё. Амт нь манай монголчуудын цайны газарт зардаг борш шиг. Үнийн хувьд нэг таваг нь 3200тэнгэ буюу 24.640 төгрөг.


Дараагийн хоол Плов Праздничный буюу манайхаар бол будаатай хуурга. Үзэмтэй байсан болохоор “бэрээс” ч юм шиг. Дээр нь бөдөн шувууны чанасан өндөг болон чанасан мах тавьжээ. Үнийн хувьд нэг таваг нь 3500 тэнгэ буюу 26.950 төгрөг.


Хамгийн сүүлд хүсэн хүлээсэн, тик токод од болсон бешмармак ирэв. Манайхаар бол чанасан мах юмуу даа. Төмстэй, гурилтай. Монголчууд хорхог, боодог гэдэг шиг казахууд хүндэтгэсэн хүндээ барьдаг зоог нь ажээ. Уламжлалт аргаар болгосон болов уу гэмээр өвөрмөц амттай. Адилхан л төмс, гурилтай чанасан мах байгаа хэрнээ амт нь өвөрмөц. Гэм нь гэвэл жаахан давсархаг. Энэ ресторан шорвог хийж таарсан уу, угаас амт нь ийм үү мэдэхгүй. Ямартай ч амссан хүн бүр нэлээн давстай байгааг хэлэв. Үнийн хувьд нэг таваг нь 5500 тэнгэ буюу 42.350 төгрөг.


Оройн зоогоос хамгийн их таалагдсан зүйл нь бөөрөлзгөний шүүс байв. Зөөлөн амттай, амны цангаа сайн тайлдаг, бас эрүүл. Мөн хар цайны ханд нь ургамлын биш хэрнээ чимчигнэсэн амттай. Казахстаны мөнгөн тэмдэгтийн нэр нь тэнгэ. Нэг тэнгэ нь монгол мөнгөөр 7.7 төгрөг.
Рестораны байршил: https://2gis.kz/astana/firm/70000001098578641

Казахстан бол Төв азийн цай ихээр хэрэглэдэг орнуудын нэг. Нэг хүн жилд дунджаар ~1.5–3 кг цай хэрэглэдэг. Tea House LLP, Orda Trade Astana зэрэг цай үйлдвэрлэгчтэй. Indira, Nauryz, Assam, Simba зэрэг цайны брэндтэй. Монгол шиг хар цайн дээр сүү хийж уудаг. Ингэхдээ piyalaбуюу жижиг аяга ашигладаг. Зочдодоо цай барьдаг заншилтай.
Хэрэв Казахстаны Астана хотод оройн зоог барьвал Монгол хүний хувьд амт, шингэцийн талаас ямар ч асуудал алга. Мах ихтэй болохоор цадахгүй болов уу гэж айхааргүй. Харин ч порц ихтэй болохоор ширээ дүүрээд, станы орны кинонууд дээр гардаг шиг “царайлаг” ширээ бүрддэг юм билээ.
Бүгд Найрамдах Казахстан улс, Астана хот, 2026.04.20, 19.18 цаг, АСАТУ ресторан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНКУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын үр дүнд гарсан үр дүнг цөөн үгээр хүргэе.
1. Улаанбаатар-Астана чиглэлд Казахстаны авиа компани “Cкат” шууд нислэг үйлдэнэ.
2. Монгол улс 1 сая тонн газрын тос Казахстан улсаас худалдан авна.
3. Хоёр улс хооронд дөт маршрут бүхий авто зам барина.
4. Баян-Өлгий аймагт Казахстаны консулын газар нээхийг дэмжинэ.
5. Монгол улс мах, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн нийлүүлнэ.
6. Казахстан улсаас жимс жимсгэнэ, сайн чанарын улаан буудай худалдан авна.
