Бяцхан үрийнхээ шивэртэй хөлийг үнэрлэн инээлдэх бидний хамгийн том хүсэл байв

Бяцхан үрийнхээ шивэртэй хөлийг үнэрлэн инээлдэх бидний хамгийн том хүсэл байв

Хөөх энэ чийг ямар сайхан үнэртэж байна аа. Борооны дараах энэ үнэрт би ямар их хайртай гээч. Яг энэ үнэр зуны бүх дурсамжийг минь надад эргэн бодогдуулж догдлуулдаг юм. Надад кинон дээр гардаг шиг бороонд хөтлөлцөж гүйсэн, өргөж эргүүлсэн гээд л сүртэй романтик дурсамж байхгүй л дээ. Угаасаа яаж ч байх вэ дээ. Би чинь бороонд норно гэж бодов уу, үгүй юу хамаг бие ирвэгэнэж тухгүй болоод, хөмсгөө атиралдуулчихдаг хүн юм чинь. Харин миний дурсамж их айлгүй. 

Найзуудтайгаа уулзах гэж байдгаараа гангалаад гарна. Хөөрхөн болсон хүн чинь мэдээж өөртөө итгэлтэй, харц дээгүүр, ямбатай гэгч нь алхалж ховорхон тохиолддог эмэгтэйлэг зангаа харин ч нэг тултал нь гаргана даа. Гэхдээ энэ удаан үргэлжлэхгүй ээ. Найзуудтайгаа уулзахаараа юун эмэгтэйлэг хамгийн дэггүй, сахилгагүй нэгэн болчихдог . Хажуугаар өнгөрөх царайлаг залуусыг даанч нэг зүгээр өнгөрөөхгүй. Нүдээрээ ирмэнэ, дугаарыг нь асууна, танайд талх байгаа юу манайд ч гэсэн байгаа, гэснээс би усыг янзын буцалгадаг ш дээ гэх мэт тэнэг байдлаар яриа өднө. Энэ мэт дурсамжаа зах зухаас нь бодоход л ичиж аальгүйтэн, хацраар халуу дүүгэж байгаа нь мэдрэгдэж байлаа. Харин энэ томоогүй дурсамжийг минь эцэслэж, амьдралд хөг нэмэн орж ирсэн ирсэн хайрт минь одоо бороо орсныг ч ажралгүй унтаж байна . 

  • За хайраа босоорой, цайгаа уучхаад эртхэн ажилдаа явцгаая. Түгжрэл гэж хэцүү ш дээ ..
  • Ммм, хайр өглөө болчихсон юм уу. Цаг хэд болж байгаа юм? 
  • Зургаан цаг болж байна аа.
  • Ээ хайраа, дахиад жаахан унтчихъя л даа ..
  • Өөе бос, эвсэл би дээрээс чинь ус асгачих уу айн?
  • Ингэхэд чи яасан сахилгагүй амьтан бэ айн, алив нааш ир.

Өглөө болгоныг хөөр баяраар эхлүүлэх миний дэндүү жаргалтай амьдрал.

(Дон, чат ирэх, дуудлага ирэх)

  • Байна уу. 
  • Байна хайр. За ажил нь хэр байна. 
  • Өө дажгүй дээ. Яасан миний хайр. 
  • Хайр нь сая чатаар бичлэг явуулчихсан байгаа. Хараарай за. 
  • Аан за. (явуулсан бичлэгийг үзэж инээнэ)
  • Мангар амьтан шүү. Хайр гэнэт юун хүүхдийн бичлэг вэ?
  • Хөөрхөн л байгаа биз дээ. Хайраа хоёулаа хүүхэдтэй болох уу? 
  • Чи дандаа ингэж яаруулах юм. Би чамд хэлдэг ш дээ. Хүүхэдтэй болох сайхан л даа. Гэхдээ энэ чинь давхар маш том хариуцлага. Чи бид хоёрт хийх зүйлс их байгаа. 
  • За хайраа битгий уурла л даа. Би ойлгож байна. 
  • За за орой гэртээ уулзъя. “Би сая арай хэтрүүлчихвүүдээ. Гэхдээ би буруу юм хэлээгүй. Тэр дандаа л хүүхэдтэй болно гэж шавдуулах юм. Би ээж болоход арай л …

(оройны 10 цаг). 

“Ёох яасан их түгжрэлтэй юм бэ. Ажлаас эрт гарсан хэр нь л оройтчихоод байх юм. Яасан чтөвөгтэй юм бэ дээ” гэж үглэсээр гэртээ орж ирлээ. 

  • Өө миний хайр ирчихсэн үү?
  • Тэглээ. Чи ирчихсэн байсан юм уу?
  •  Харин өнөөдөр ажил эрт дуусаад. Нээрээ хайр нь чамд гоё бэлэг авсан. 
  • Хөөх тийм үү. Юу юм. Алив харъя.  
  • За тэгвэл нүдээ аньж бай. Харж болохгүй шүү. За одоо нүдээ нээгээрэй.
  • Юу вэ хүүхдийн бойтог уу?
  • Тиймээ. Хөөрхөн байгаа биз. 
  • Хөөрхөн нь ч хөөрхөн л дөө. Гэхдээ л…
  • Юун гэхдээ вэ, хөөрхөн байхад өөр юу хэрэгтэй гэж. Хоёулаа ерөөсөө одоо хүүхэдтэй болчихъё. Алив нааш ир. 
  • Хайраа мангартаад бай л даа. 

Түүнийхээ өөдөөс харахаар уурлах битгий хэл эсэргүүцэх үг ч хэлж чадахгүй болчихдог. Угаасаа яаж тэр их хайр мэдрүүлсэн харцыг үгүйсгэх билээдээ. 

Өдөр бүрийг инээдээр угтаж, баяслаар үдэж ёстой л амьдрал хайр дээр тогтдог гэдэгт эргэлзэлгүй итгэж жаргалаар нүдээ боосон миний амьдралын хоёр сар. 

(Залгах)

  • Байна уу ?
  • Байхгүй ..
  • За яасан бэ миний хайр
  • Чи амралтын өдөр хүртэл ажиллах юм уу даа, хурдан ирээ!
  • Заа. хайр нь удахгүй очлоо. Захих юм байгаа юу?
  • Алим, мандарин, банана, иогурт, шоколад аа тэгээд бас…
  • Юу вэ, миний хайр чинь хэзээ ийм их амттан иддэг байлаа. Арай бэбитэй болчихсон юм биш биз, ай 

(Шууд утас тасрав)

Яг энэ үгийг сонсохтой зэрэгцэн сүүлийн хоёр сар сарын тэмдэг ирээгүйгээ саналаа. “За байз нээрээ жирэмсэн болчихсон юм байхдаа. Яаана аа. Эхний сар жаахан ачаалалтай ажилласан болохоор ядраад ирээгүй байж болох юм. Харин энэ сарынх дахиад ирээгүй байгаа юм байна ш дээ”гэж бодон харайхаараа гарч эмийн сан орлоо. Ёох яасан их түгшиж байна аа. Гайгүй байгаа. Уг нь би чинь нойлдоо орохоороо  утсаа оролдоод их л тухалдаг хүн харин энэ удаад угаалгын өрөөнөөсөө арай л өөр мэдрэмж аваад байх юм. Нүдээ тас аньж, гартаа жирэмсний тестээ чанга гэгч нь атгаад хэсэг тайвшрахыг оролдож чимээгүй суулаа. “За нэг хоёрын гурав аа. Яаана аа. Энэ чинь хоёр зураас уу даа. Юу болоод байна аа. Би чинь дөнгөж л хорин хоёрхон настай шүү дээ. Баярламаар ч юм шиг,сандармаар ч юм шиг яасан ойлгомжгүй мэдрэмж вэ. Одоо яах вэ. Гэхдээ би ээж болоход бэлэн биш шүү дээ, яах вэ” гэж сандрахаас өөр юу ч толгойд орж ирсэнгүй. 

(Хаалга тогшив. Бүсгүй хоолойгоо засаад)

  • За очлоо. Өө миний хайр. 
  • Алив үнсье. Миний хайр өнөөдөр амарч чадсан уу?
  • Тиймээ сайхан амарч авлаа. 
  • Хайраа чи зүгээр үү, царай чинь нэг л биш харагдаад байна даа. 
  • Аан тэр үү, за хайраа хоёулаа өрөөндөө ороод ярилцъя. 

Сандарч чичгэнэсэн жижигхэн гартаа барьсан хоёр зураасыг нулимстай нүдээр түүндээ гарганөглөө. Тэр минь үнэхээр их баярлаж, намайг шууд л тэврээд авах нь тэр. Намайг дахин дахин үнсэж, хэдэн ч удаа баярлалаа гэж хэлсэн юм бүү мэд. Тэгснээ өргөж эргүүлээд л. Гэнэт миний гэдэс рүү харснаа “яанаа аавыгаа уучлаарай. Сая айсан уу” гээд гэдэс үнсээд л. Харин би нулимстай нүдээр түүн рүү хараад “хайраа би ээж болж чадах болов уу, миний энэ жижигхэн биеэс яаж бүх л бүтэн хүн гарах юм бэ” гэхэд 

– Эвийдээ, чи минь яасан ч хөөрхөн юм бэ дээ. Зүгээр ээ. Хайр нь бүх цаг үед чинийхээ дэргэд байна за. 

Энэ үг л надад хангалттай их зориг өгч байлаа. 

(Жирэмсний таван сарын эмчийн хяналт…)

  • Ёох, хайраа энэ улсын эмнэлгээр явах чинь яасан хэцүү юм бэ 
  • Яасан бэ?
  •  Юу яасан юм гэж, оочирлож оочирлож эмчийн цаг авна. Хүнд суртал болж, ярваганажярваганаж үзнэ. Тэгээд дахиад 14 хоноод ир гэнэ. Дараагийн цагаа авах гэхээр бүр хоёрсарын дараа цаг байна гэх юм. Тэр хооронд миний хүүхдэд ямар нэгэн юм болбол яах уу. Надтай адилхан ийм асуудалтай ээжүүд хэр олон байгаа бол. Энийгээ шийдмээр юм даа.
  • За тайвшир даа. Хайр нь дэргэд чинь байна шүү дээ. Бүх зүйл сайхан болно. 

(2022 оны наймдугаар сарын 5-ны өдөр)

 Үүрээр нэг л бие чилж нойр хулжаад л. Нуруу өвдөж үе үе гэдсээр хатгуулаад ч байх шиг. Нэг л биш шүү. Төрөх хугацаа арай болоогүй дээ. Ерөөсөө болохгүй нь ээ.

  • Хүүе хайраа эмнэлэг явъя, миний бие нэг сонин байна. 
  • Ай, за одоохон. Миний хайр хувцсаа өмсчих. 

Эмнэлэг дээр иртэл бөөн очер, замбараагүй дараалал. Арай гэж эмчдээ үзүүлтэл савны амсар хоёр хуруу нээгдсэн байна гэв. Анх удаа аав ээж болох гэж байгаа хүмүүс чинь сандралдаад л эхлэлээ. Гэхдээ савны амсар аль хэдийн хоёр хуруу нээгдчихсэн байхад эмч нар тоох ч шинж алга. 

  • Хайраа ингэж байгаад би коридорт төрөх нь байна. Чи нэг юм хий л дээ.
  •  За гайгүй байлгүй дээ хайраа. Эмч нар нь мэдэж байгаа байх. Дахиад жаахан хүлээчихье.

Надад маш их өвдөлд мэдрэгдэж байлаа. Нэг л мэдэхэд нүд харанхуйлж, ухаан балартан уналаа.

(Дийд дийд, зүрх зогсох) 

“Бүх зүйл миний буруу байсан, хамт байна гэж сайхан сайхан үгс урсгахаас өөр чинийхээ төлөө би юу хийсэн юм бэ. Ийм дорой иргэдээ боддоггүй, арилчихсан дотортой улсад би яаж үр хүүхэдтэйгээ жаргалтай амьдарч чадна гэж бодов оо. Ирээд буцах энэ зуурдын амьдрал гэх хугацаанд яагаад хүн хүнийхээ төлөө байдаггүй юм бэ. Тэр өдөр эмч нар жаахан анхаарчихсан бол, монголд эмнэлэг хангалттай хүрэлцээтэй байсан бол, аав нь алаг үрээ энгэртээ тэврэн үнэрлэж, ээжийнх нь сульдсан хэдий ч өхөөрдөм царай, булбарай гар одоо ч аавынх нь дэргэд байх байлаа. Уучлаарай гэх миний энэ үг эзэнтэй, харин эргэж хараад хэзээ ч та нарыг уучилж чадахгүй гэх энэ үг очих эзэнгүй…

СУИС-РТМУС-ийн гуравдугаар дамжааны оюутан Т.Энхжин 

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *