УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Төрийн шагналын тухай” хуулийн төсөл санаачилжээ. Хуулийн төслийн зорилго нь төрийн шагналын төрөл, ангилал, эрэмбэ, олгох шалгуур, хязгаарыг тодорхой болгож, шагнал олгох үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад чиглэж байна.
Төсөлд төрийн шагналыг төрийн дээд шагнал, төрийн хүндэт шагнал болон тодорхой бодлогын хүрээнд олгох шагнал гэсэн зохицуулалтаар ангилж, ямар байгууллага, ямар нөхцөлөөр иргэнийг шагналд нэр дэвшүүлэхийг хуульчлахаар тусгажээ.
Төрийн байгууллага дураараа шинэ шагнал бий болгохыг хязгаарлана
Хуулийн төсөл батлагдвал төрийн байгууллага зөвхөн өөрийн албан хаагч, ажилтныг урамшуулах зорилгоор байгууллагын шагналтай байж болохоор байна. Харин төрийн байгууллага, албан тушаалтан нэрэмжит шагнал бий болгох, хуульд зааснаас өөр төрийн шагнал шинээр бий болгон олгохыг хориглохоор төсөлд тусгажээ.
Мөн төрийн шагналын тоо хэмжээг хуулиар тогтоосон хязгаараас давуулан олгох, тухайн байгууллагад ажилладаггүй хүнийг байгууллагын шагналаар шагнахыг хориглох зохицуулалт орсон байна.
Шагналд нэр дэвшигчдийн мэдээллийг ил тод болгоно
Төсөлд төрийн шагналд нэр дэвшиж буй иргэний мэдээллийг шагнал олгохоос 30-аас доошгүй хоногийн өмнө төрийн албан ёсны цахим хуудсаар нийтэд мэдээлэх зохицуулалт тусгажээ. Ингэснээр шагналд хэнийг, ямар үндэслэлээр нэр дэвшүүлж байгааг олон нийтэд нээлттэй болгох зорилготой байна.
Хуурамч баримт бичиг бүрдүүлэн төрийн шагнал авсан нь тогтоогдвол шагнал олгосон шийдвэрийг хүчингүй болгож, одон, тэмдэг, үнэмлэхийг хураан авч, хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр төсөлд заажээ.
Эхийн алдар, аварга малчны шагналыг бодлогын хүрээнд зохицуулна
Хуулийн төсөлд “Эхийн алдар” I, II зэргийн одонг хүн амыг өсгөх бодлогын хүрээнд олгох шагнал байхаар тусгасан байна. Мөн мал аж ахуйн салбарын шагналыг мал сүргийн эдийн засгийн үр өгөөжийг дэмжих бодлоготой уялдуулан зохицуулахаар тусгажээ.
Хуулийн төсөл санаачлагч С.Цэнгүүн одон, медаль болон аварга малчин зэрэг шагналын өнөөгийн тогтолцоонд улс төрийн нөлөө ордог, сонгуулийн үеэр шагналыг улс төрийн хэрэгсэл болгон ашигладаг асуудал бий гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Энэ нь хуулийн төслийн заалт бус, төсөл санаачлагчийн байр суурь юм.
Түүнчлэн байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшиг ослын үед бусдын амь нас, эд хөрөнгийг аварч хамгаалсан болон иргэний онцгой, баатарлаг үйлсийг төрөөс үнэлэн алдаршуулах боломжийг хадгалахаар төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд төрийн шагналын төрөл, шалгуур, тоо хэмжээ, нэр дэвшүүлэх болон олгох үйл явцыг нэг мөр зохицуулах эрх зүйн орчин бүрдэх юм.
