Монголын алхагчид дэлхийн найман улсын ОУ-ын фестивалиудад оролцож шинэ амжилтууд тогтоолоо
Монголын явган алхалтын холбооны гишүүд 2026 оны намрын олон улсын алхалтын улиралд давхардсан тоогоор 170 гаруй бүрэлдэхүүнтэйгээр найман улсын фестивальд Монгол Улсаа төлөөлж, олон улсын цол, шагналын амжилтаа ахиулан, дэлхийн алхагчидтай мөр зэрэгцэн алхацгаав.
Жил бүрийн ес, аравдугаар сард Европын орнуудын олон улсын явган алхалтын томоохон арга хэмжээнүүд өндөрлөж, арав, арваннэгдүгээр сард Ази-Номхон далайн бүсийн олон улсын алхалтын фестивалиуд идэвхждэг уламжлалтай.
Энэ жилийн хувьд Монголын явган алхалтын холбоо, түүний аймаг, орон нутгийн салбар байгууллагууд, явган алхалтын клубүүдийн гишүүд ази, номхон далайн бүсийн олон улсын алхалтын улиралд онцгой идэвхтэй оролцож, Австри, Герман, Канад, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон, Тайвань, Индонез зэрэг найман улсын
олон улсын явган алхалтын фестивалиудад давхардсан тоогоор 170 гаруй оролцоо бүртгүүлсэн амжилттайгаар улирлаа өндөрлүүллээ. Монголын алхагчид олон улсын стандартад нийцсэн алхалтын зам, маршрутуудыг амжилттай туулж, оролцоогоо баталгаажуулахын зэрэгцээ олон улсын цол, шагналын болзлоо ахиулж, шинээр Ази-Номхон далайн алхагч цолтнууд төрөн гарч, багийн амжилтаараа Монгол Улсынхаа нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн юм.
Европоос Америк, Ази хүртэл үргэлжилсэн олон улсын алхалтын улирал Монголын алхагчдын намрын олон улсын оролцоо есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Австри улсын Зеефельд бүс нутагт зохион байгуулагдсан 26 дахь удаагийн олон улсын гурван өдрийн «Einhornmarsch» алхалтаар эхэлсэн юм. Альпийн нурууны үзэсгэлэнт
байгаль, уулын зам, өвөрмөц тогтоцоороо алдартай энэхүү фестиваль нь Европын олон орны алхагчдыг нэгтгэдэг уламжлалт арга хэмжээ билээ.
Үргэлжлүүлэн аравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Герман улсын Фульда хотын олон улсын хоёр өдрийн «Zwei-Tage Marsch» алхалтад Монголын алхагчид оролцов. Тус арга хэмжээ нь олон улсын иргэний болон цэргийн алхалтын уламжлалыг хослуулсан, Европын явган алхалтын хөдөлгөөний нэр хүндтэй фестивалиудын нэг юм. Үүний дараа аравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Канадын Оттава хотод болсон «Maple Leaf March», мөн аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Арлингтон хотод зохион байгуулагдсан «US Freedom Walk Festival» арга хэмжээнд Монголын алхагчид оролцлоо.
