Иргэд Үндсэн хуулийн цэцэд Тендерийн хуулийн асуудлаар хандаж байна

8 минут уншина

Иргэд Үндсэн хуулийн цэцэд Тендерийн хуулийн асуудлаар хандаж байна. Тэд “Нийслэлд хотхон, хороолол, зам зэрэг бүтээн байгуулалт явагдаж байна. Үүнийг дагаад томоохон худалдан авах ажиллагаа, тендер явагддаг. Гэтэл тэрхүү тендерт монгол ААН, Компаниуд оролцох боломжгүй маш өндөр үнийн дүнтэй байна. Тэр дундаа Сэлбэ дэд төвийн тендерт монгол барилгын Компаниуд оролцож, тухайн барилгыг барих бүрэн боломжтой. Гэтэл тендерийг 400 сая, 600 сая төгрөгөөр багцалж монгол компаниудыг оролцох боломжгүй болгож байна. Тийм учраас бидний хувьд тендерээ дахин зарлаач ээ гэдэг шаардлагыг нийслэлд хүргүүлсэн байгаа. Мөн энэхүү тендерийг дахин зарлалаа гэхэд бидэнд хуулийн талаас дахиад л асуудал тулгамдаж байна” гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд Тендерийн хуулийн асуудлаар хандаж байгаагаа мэдээллээ. Тус мэдээллийг хүргэе.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ-д

2025 оны 5-р сарын 21-ны өдөр                                                                         Улаанбаатар хот

Мэдээлэл гаргах тухай

Мэдээлэл гаргасан:

Овог нэр:

Оршин суугаа газар:

Харилцах хэлбэр:

Үндсэн хууль зөрчсөн хууль тогтоомж: 2022 оны 04 сарын 29 өдрийн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэг, 13.1.2 дахь хэсгүүд

Зөрчсөн гэж үзэж буй Үндсэн хуулийн заалт:

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

 “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”.

Мэдээллийн шаардлага: Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь хэсгүүд нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн болохыг тогтоолгох тухай;

Мэдээллийн үндэслэл:

Дээр дурдсан Үндсэн хуулийн заалтыг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт “батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах”

Мөн тус зүйлийн 13.1.2 дахь хэсэгт

“энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох”-т заасан заалтууд нь зөрчиж байна гэж миний зүгээс үзэж байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дэх хэсэгт “төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” буюу төсвийн сахилга батыг сайжруулах, үрэлгэн байдлыг багасгах явдал хэмээн хуульд заасан боловч, түүний 13.1.1, 13.1.2 дахь заалтууд нь төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг богино хугацаанд багтаахыг тулгаж, хугацаа хэтэрсэн тохиолдолд санхүүжилтийг хасах буюу зогсоох зохицуулалт хийсэн нь төсвийн хэрэгжилт, эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна. Нөгөөтэйгүүр энэ хуулийн үндсэн зорилт болон хэрэгжилт, зохицуулалт нь зөрчилдөж байна.

Мөн уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэмнэлт нь хүлээн зөвшөөрөхүйц байх, үр ашигтай байх, бодитой байх, өөрчлөлт шинэчлэлтийг дэмжих гэх мэт зарчмыг баримтлахыг заасан.

Нөгөөтээгүүр маргаан бүхий Төрийн хэмнэлтийн тухай хуулийн заалтууд нь үндсэн зорилтдоо нийцээгүй, мөн Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөд байгаа юм. Тухайлбал:

Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Эдийн засгийн аюулгүй байдал ба Төрийн хэмнэлтийн дээр дурдсан хуулийн зохицуулалтуудын хүрээнд авч үзвэл:

Хэмнэлт хийх нь зөвхөн төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардал хэмнэхэд чиглэсэн байж болох ч зарим тохиолдолд төсвийн санхүүжилт зогсох, орхигдох нь эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Жишээ нь, төрийн төсөл, арга хэмжээнүүдийн үргэлжлэл болон чанарт шууд нөлөөлж болзошгүй бөгөөд энэ нь нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж, тогтвортой байдалд аюул учруулж болно.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын тендерт ганц ч Монгол Компани оролцох боломжгүй нөхцөл тавиад хуулийнхаа дагуу 2025 оны 05-р сарын 30-ны өдрийн дотор бүрдүүл гэх шаардлага тавигдсан. Тухайлбал техник өгөгдлийн буюу тендерийн худалдах авах ажиллагааны баримт бичигт Сүүлийн таван жилийн борлуулалтын орлогоос аль нэг жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх гэсэн өндөр босго тавьсан.

Бодитоор бол Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын төсөвт өртөг нь нийтдээ 840 тэрбум төгрөг, багц болгож хуваасан хэдий ч хоёрдугаар багц нь л гэхэд жилийн 136 тэрбум төөргийн борлуулалтын орлоготой байхыг шаардсан. Иймд хэмжээний орлоготой хувийн компани өнөөдрийн Монгол Улсад байх нь маш ховор. Нөгөө талаас энэ нь Монгол Улсын хуулийн этгээд, аж ахуй нэг ажилтай, орлоготой байхын эсрэг зохицуулалт болж байна. Иймд хэмжээний төсөв өртгийн боломжийг тендер зарласнаас 5 сарын дотор материалаа бүрдүүлж өгнө гэдэг бол Монгол Улсын Хуулийн этгээдийн хувьд асар хүндрэлтэй юм.

Үүнээс шалтгаалан гадаад компаниудад давуу нөхцөл бүрдэж, дотоодын эдийн засаг, үндэсний компаниудын оролцоо хязгаарлагдаж, улсын эдийн засгийн хяналт, аюулгүй байдал алдагдах эрсдэл бий болоод байна.

Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төр эдийн засгийн зохицуулалт хийхдээ нийгмийн хөгжлийг хангах зорилготой байх ёстой. Гэтэл Монгол Улсын хуулийн этгээд орох боломжгүй шаардлага, бүрдүүлэхэд ч хүндрэлтэй давчуу цаг хугацаа тавигдах нь төсвийн зохицуулалт, үүнийгээ дагаад нийгмийн хөгжилд саад учруулсан Үндсэн хуулийн шаардлага зөрчсөн хуулийн зохицуулалт болж байна.

Төсвийн хэмнэлтийг зөвхөн орлого, зардлын хэмжээнд анхаарч, хэмнэлтийг хэрэгжүүлэх нь нийгмийн суурь хэрэгцээ, хүн амын амьдралын чанарыг хангахад сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, нийгмийн үйлчилгээний төсөвт хэмнэлт хийх нь тухайн чиглэлийн тусгай хөтөлбөр, төсөл, арга хэмжээг зогсоох, хойшлуулах, бүр цуцлах зэрэг үр дагаварт хүргэж, улмаар төрийн зүгээс хүлээсэн нийгмийн сайн сайхны төлөөх үүрэг, зорилгыг биелүүлэхэд саад учруулж байна.

Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь хэсгүүд нь батлагдсан төсөл, арга хэмжээг богино хугацаанд багтаахыг шаарддаг бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд санхүүжилтийг хасах зохицуулалттай. Энэ нь тухайн төсөл арга хэмжээнд оролцох боломжийг хязгаарлаж, зарим тохиолдолд иргэдийн үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл үүсгэж байна.

Иймд төсвийн сахилга бат, хэмнэлтийн зорилго нь нийгмийн хөгжлийг хангах төрийн үндсэн чиг үүрэгтэй зөрчилдөхгүй, харин нийцтэй, тэнцвэртэй хэрэгжих шаардлагатай. Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн эдгээр заалтууд нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “эдийн засгийн зохицуулалт нь хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилготой байх” гэсэн үндсэн зарчмыг зөрчиж байна. Иймд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь хэсгүүд нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.

TAGGED:
Түгээх