Намрын адаг сар нүдний өмнө дулаахан өнгөөр хүйтэрсээр өвлийн эхэн рүү зугуйхан зүтгэнэ… Хэдхэн шар нарны дараа бээрсэн нар арайхын биднийг ээнэ дээ гэж бодохын төдий дээлийн зах руугаа улам шигдмээр… Хүний нэг амьдралд хэдэн намар ээлжилснийг тоолж болох ч хорвоогийн бүхий л намрыг тоолж харин барамгүй… Элээж өнгөрүүлсэн тэр намруудаас нар шиг, навч шиг, сэвэлзүүр салхи шиг шүлгүүдийг энэ намарт уншиж сууна аа…
Дулдуйтын Данзанравжаа “НАМАР, ӨТЛӨХ ЦАГ”
Намрын хонгор салхи ирэхэд
Навч цэцгийн дуртмал өнгө нь сулраад
Найгалзах олон цэцгийн үр жимс нь автаад
Нарны дулаан илч нь буурна л
Найртай багын омгоор
Найдангуйн таван хорын эрхэнд хучигдаж
Найман чөлөөт хүмүүний биеийг олсноо
Насны идрийн цогоор нөгцөөв л

Бэгзийн Явуухулан “НҮҮДЭЛЧНИЙ НАМАР”
Нарс найгаа л
Навчис хийсээ л
Уулын оройд будан суугаа л
Шувуу буцаа л
Хяруу унаа л
Өвсөн толгойд цан буугаа л
Тал шарлаа л
Мал холхио л
Сэтгэл гэнэт догдлоо л
Салхи сэвээ л
Өрх дэвээ л
Өлөн тоос тэнгэрт босоо л
Айлууд нүүгээ л
Амрагууд холдоо л
Аяа хөөрхий, нүүдэлчний намар аа гэж!
Мишигийн Ширчинсүрэн
Намрын сайхан нар
Намрын сайхан нар – холдож байгаа нар
Илч нь бага боловч, өнгө нь тунгалаг цагаан
Намрын сайхан өдөр – саарч байгаа өдөр
Биед жихүүн гэлээ ч, сэтгэлд нэг л уян

Ванчинбалын Гүлранс
Дундад намрын усны дусал
Гэгээн саран аль цагт илэрснийг
Хэтэрхий хандан тэнгэрээс асууваас
Үггүй хөх огторгуй мэлцийгээд
Өнгөрөх галууны уяралтай дуун сонслмой
Салхийг дагаж жихүүн ордноо зорьсугай гэхүл
Санамсаргүй хасын асрын хүйтэн ёсноо ормой
Тунгалаг гэрэлд харилцан архинаа согтох нь
Тухай үнэхээр хүмүүний хооронд бус…
Орлчонгийн хүмүүнд уярал, баярлал, хамтдах, хагацах буй
болсноор
Огторгуйн саранд гэгээн тунгалаг, дүгрэг хэлтэрхийн учир
бүрдвэй
Энэ хэдүй тогтсон тоо хэмээвч
Эдгээр зүйлд би үнэхээр гологдмой
Хүсэх нь түмэн он хүмүүн бат болоод
Хүйгэх намрын гурван тавнаа шөнө бүр уулзтугай

Содномбалжирын Буяннэмэх ” НАМРЫН НАВЧ”
Намрын улирал хэзээ боловч аргагүй хүрч ирнэ
Навч цэцэг намайг орхиод салхийг даган одно
Идэр эр модыг түшиж бугын дууг сонсоод
Өнгөрсөн үеийн түүхийг санаж сэтгэлийн дотор эмтэрнэ
Наран буцаж цэцэг хумьж үр ертөнц боловсормогц
Өчүүхэн бага оготно хүртэл будаа буудай хураалцана.
Олон сүргээ зуны сайханд тарга оруулсан бол
Хүч төгс санаа түвшин жаргахад юу зовно.
Насан залуу хүчин чийрэг хүний сайхан цагтаа
Малыг маллаж, тариаг тарьж, ажлыг хийгээгүй бол
Навч шарлаж, намар болж, нас тогтохын үед
Тайван гэртээ санаа амар яахин шатар тавина

Дашдоржийн Нацагдорж “НАМАР”
Намрын шар нар над дээр, чам дээр тусна.
Найган найгах улиралд нь бид бас найгана.
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна.
Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр үгүүлнэ.
Өглөөний хяруу сувдын адил гялтаганан бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ.
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ.
Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээр унахад
Сэтгэлийн доторхи уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно

Дашзэвэгийн Сэнгээ “НАМАР”
Алтан гар намрын халуун нар ивээгээд
Атар сайхан хөндийд хадлангийн ургац халиураад
Аварга хүчит комбайн хүнгэнэж байдаг намрыг
Ариун зорилгот пионерууд зугаа цэнгэлтэй өнгөрүүлдэг.
Хангайн модонд явж самар түүх сайхан
Хар улаан жимсээр саваа дүүргэх сайхан
Хавх урхи зүүгээд зурам ч агнах сайхан
Хадлангийн талбайд очоод тусалж ажиллах сайхан
Сайхан явдлууд намарт олон тохиолддог хэр нь
Сайхан сайхны дундаас онц сайхан гэж байдаг
Санаа сэтгэл хөдөлгөсөн ер бишийн сайхан нь
Сайн нөхөдтэйгээ хамт сургуульдаа цуглах нь сайхан

Гомбын Сэр-Од “НАМАР”
Цацаглан сугсрах ногоон хиаг сэрүүн хонгор салхинаа
Цалгилан үелзэх нэлэнхүй хөдөлгөөнөөр далайн давалгааг
дүрслээд
Цавьдартан ухаарах дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж
Царцаахай час час хийх төмөрлөг дуу намрыг урин шагширна.
Байгалийн улирлаар хөлжин цогцолсон гоёмсог цэцгийн дэлбээ
Балын шимийг салхинаа хийсгэж шарланги өнгөөр хувилаад
Баясгалант зуны яруу улирал алгуураар урсан өнгөрч
Балчигт намрын нэвтэрмэл усан хагшран шүүрч хөрслөнө

Жамцын Бадараа “НАМРЫН ШӨНӨ”
Мэлтэлзсэн сүү шиг сарны туяанд
Гялталзсан шүүдэр сувдын өнгөтэй
Мэлрэн хүлээх миний дотрыг
Гялайлган цайлгах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй
Сугсалзан найгах өвсний толгойд
Сувдарсан шүүдэр намрын сүртэй.
Санан хүлээх миний цээжийг
Саруулсган уужлах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй

Бэгзийн Явуухулан “НҮҮДЭЛЧНИЙ НАМАР”
Нарс найгаа л
Навчис хийсээ л
Уулын оройд будан суугаа л
Шувуу буцаа л
Хяруу унаа л
Өвсөн толгойд цан буугаа л
Тал шарлаа л
Мал холхио л
Сэтгэл гэнэт догдлоо л
Салхи сэвээ л
Өрх дэвээ л
Өлөн тоос тэнгэрт босоо л
Айлууд нүүгээ л
Амрагууд холдоо л
Аяа хөөрхий, нүүдэлчний намар аа гэж!
Мишигийн Ширчинсүрэн
Намрын сайхан нар
Намрын сайхан нар – холдож байгаа нар
Илч нь бага боловч, өнгө нь тунгалаг цагаан
Намрын сайхан өдөр – саарч байгаа өдөр
Биед жихүүн гэлээ ч, сэтгэлд нэг л уян

Дэндэвийн Пүрэвдорж “НАВЧ”
Намрын мөчрөөс
Навч хийсэн унав
Навчтай хамт
Нар хэлтрэн унав
Нарны тэр хэлтэрхийтэй
Намрын өдөр унав
Намрын тэр өдөр
Надаас гандан унав.
Жагдалын Лхагва
Намрын сүүлчийн навч
Дэгээнд орсон загас шиг
Эцсийн удаа цовхчино

Бавуугийн Лхагвасүрэн “ХУРИМЫН ЗАР”
Гүүний сүүл хөл дундуураа уруудсан намрын өдөр
Гил хар нүдэн чиний хуримын зарыг олны салхинаас сонслоо
Устай хавчгийг чинь тэгнэлцэж явсан худгийн асгарт хэллээ
Уулзаж учирч байсан намхан толгоддоо дуулгалаа
Найран дээр нь очлоо
Унага тамгалсан найртай давхацсан хурим
Уул доргиосон нижгэр боллоо
Их хөлтөй найрнаас сэтгэл салган гарвал
Эмээлийн мөнгөн баавар дээр хар чийг унажээ
Энтээ уулын хярд, азын цолмон өеөджээ
Хайрлаж явсан хөөрхөн Хорголжин
Хаданд цав суутал тас тас инээнэ
Эрхэлж унасан намрын мананг яран
“Эр бор харцага” сэрчигнэнхэн замхарна
Уг нь би тэднийд агсам тавья гэж очсон юм
Ухаант ардын дуунд хүлээтэй байгаад чадсангүй

Цэндийн Доржсэмбэ “НАМАЙГ ХАРСАН НҮД”
Намайг харсан нүдээрээ
Өвгөн хэрээ
Хоёр зуун жилийн дараах
Намрыг харна
Доржсэмбийн шүлэглэсэн
Намар цаг
Домог болон
Үлдэнэ ээ хөөрхий….

Ийм нэг сэрүүн намар ирэхээр
Хүйтэн хөх бороотой үдшээр нь
Хөнжилдөө хэвтээд
Цучил шатах, зуух ямаатах зуур
Ийм нэгэн шүлэг тэрлээд
Дэрний дэргэд тавьж хононо гэдгээ ч
Дэрнийхээ дэргэд хонуулсан шүлгээ
Маргааш өглөөгүүр уншваас мөнгөн аяганд хонуулсан
Рашаан хүртэх шиг байна даа гэж ч мэдэж л байсан
Ийм нэг сэрүүн намар ирэхээр…

