Загварын ертөнцөд тансаг байдал, өндөр үнэ, алдартай логогоор ялгардаг олон брэнд бий. Харин Vivienne Westwood бол өөр. Энэ брэнд хувцас урлахаасаа өмнө үзэл санаа бүтээсэн. Эсэргүүцэл, эрх чөлөө, урлаг, улс төр, тогтвортой хөгжил, панк соёлын бэлгэ тэмдэг болсон энэ брэндийг өнөөдөр дэлхийн хамгийн нөлөө бүхий загварын өвийн нэг гэж үздэг. Хэрэв Chanel эмэгтэйчүүдийг корсетээс чөлөөлсөн бол Vivienne Westwood хүмүүсийг “дүрэм”-ээс чөлөөлсөн гэж хэлж болно.
Хэрхэн эхэлсэн бэ?
Vivienne Westwood брэндийн түүх нь 1970-аад оны Их Британи дахь эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, залуусын бухимдалтай зэрэгцэн эхэлжээ. Брэндийг 1971 онд Английн дизайнер Vivienne Westwood тухайн үеийн хамтрагч, хөгжмийн продюсер Malcolm McLaren-ийн хамт байгуулсан юм. Дэлгүүрийн нэр хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан бөгөөд хамгийн алдартай нь SEX байв. Энэ дэлгүүр ердийн хувцас зардаг газар биш байлаа. Энд арьсан хүрэм, гинж, урагдсан футболк, сүлбээр зүүгээр тогтоосон хувцас, BDSM элементтэй загварууд, улс төрийн зурагтай футболкууд худалдаалагддаг байсан нь тухайн үеийн нийгэмд жинхэнэ шуугиан тарьжээ.


Punk хөдөлгөөний загвар зохион бүтээгч
Vivienne Westwood-ийг ихэнх хүмүүс “Punk Fashion-ийн эх” гэж нэрлэдэг. Үүний гол шалтгаан нь тэрбээр зөвхөн хувцас урлаагүй, харин бүхэл бүтэн соёлын дүр төрхийг бий болгосон явдал юм. Malcolm McLaren тухайн үед алдарт Sex Pistols хамтлагийн менежер байсан бөгөөд хамтлагийн бүх тайзны хувцсыг Vivienne Westwood зохион бүтээдэг байжээ. Тиймээс панк хөгжмийн харагдах төрх нь ихэнхдээ түүний бүтээлээс эхтэй гэж үздэг. Урагдсан футболк, гинж, сүлбээр зүү, арьсан хүрэм. Эдгээр нь бүгд Vivienne Westwood-ийн гарын үсэг болсон загварууд юм.

Панк-аас тансаг загвар хүртэл
1980-аад оноос эхлэн Vivienne Westwood 17-18-р зууны Европын хааны ордны хувцас, Францын рококо хэв маяг, Викторийн үеийн эсгүүрийг судалж эхэлжээ. Ингээд орчин үеийн панк стилийг сонгодог хувцастай хослуулсан нь өмнө нь хэзээ ч байгаагүй шинэ урсгалыг бий болгосон юм.

Брэндийн философи
Vivienne Westwood-ийн хамгийн алдартай үг бол “Buy less. Choose well. Make it last.” Өөрөөр хэлбэл, “Цөөнийг ав. Сайныг сонго. Удаан хэрэглэ”. Энэ нь өнөөдрийн “Fast Fashion”-ийн эсрэг хамгийн хүчтэй уриануудын нэг болсон.
Vivienne Westwood олон жилийн турш уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, тогтвортой хөгжил, улс төрийн идэвх зэрэг асуудлаар идэвхтэй дуугарч ирсэн. Тэрбээр өөрийн загварын шоуг хүртэл улс төрийн тайз болгон ашигладаг байв. Зарим шоун дээрээ нүүрсэн уурхай, заримдаа дэлхийн дулаарал, заримдаа иргэний эрхийн талаар мессеж хүргэдэг байсан. Түүний хувьд хувцас бол нийгэмтэй ярилцах хэл байсан юм.
Яагаад Orb логотой болсон бэ?
Vivienne Westwood-ийн хамгийн алдартай бэлгэ тэмдэг бол Orb лого. Энэ нь хоёр өөр ертөнцийг нэгтгэдэг. Нэгдүгээрт, Их Британийн хааны титэм өргөх ёслолд хэрэглэдэг Sovereign’s Orb-оос санаа авчээ. Хоёрдугаарт, түүнийг тойрон эргэлдэх Санчир гаргийн цагираг. Өнгөрсөн үе болон ирээдүй. Уламжлал болон шинэчлэл. Хаант засаг ба хувьсгал. Энэ хоёрын уулзварыг Orb илэрхийлдэг.
Брэндийн хамгийн алдартай бүтээгдэхүүнүүд
1. Orb Necklace
Энэ бол дэлхий дээрх хамгийн танигдсан дизайнер зүүлтүүдийн нэг. Орб логотой энэхүү зүүлтийг Bella Hadid, Dua Lipa, Rihanna, Olivia Rodrigo, BLACKPINK-ийн гишүүд олон удаа зүүсэн байдаг. Мөн Y2K загвар эргэн ирэхэд энэхүү зүүлт дахин дэлхий даяар трэнд болсон.

2. Pearl Choker
Сувдан зүүлтийг панк хэв маягтай хослуулсан анхны брэндүүдийн нэг. Өнөөдөр TikTok болон Gen Z-ийн хамгийн эрэлттэй аксессуарын нэг хэвээр байна.

3. Pirate Boots
1981 онд танилцуулсан эдгээр гутал өнөөдөр ч цуглуулагчдын хамгийн хүсдэг бүтээгдэхүүний нэг.

4. Corset
Vivienne Westwood корсетыг эмэгтэй хүнийг барьдаг хэрэгсэл биш, харин хүчирхэг харагдуулах загвар болгон өөрчилсөн. Өнөөдөр түүний корсет дэлхийн хамгийн үнэтэй винтаж бүтээгдэхүүнүүдийн тоонд ордог.

5. Tartan Collection
Шотланд хээг өндөр загварт оруулсан анхны дизайнеруудын нэг. Энэ хээ нь өнөөдөр ч брэндийн салшгүй хэсэг хэвээр байна.


Vivienne Westwood-ийн нөлөө
Өнөөдөр панк хэв маягийг ямар ч брэнд ашиглаж болно. Гэхдээ тэр хэв маягийг анх дэлхийн загварын индэр дээр гаргасан хүн бол Vivienne Westwood. 2022 онд 81 насандаа таалал төгссөн ч түүний байгуулсан брэнд өнөөдөр ч шинэ үеийнхэнд “өөрийнхөөрөө байх” зоригийг сануулсаар байна.

