Монгол үндэстнийг дэлхийн олон ард түмнээс ондоошуулан ялгаруулдаг хамгийн том өв, түүх соёлын илэрхийлэл бол Үндэсний их баяр наадам юм. Нар, сар, галыг бэлгэдэн мөнх оршихуйн утгыг шингээж, эв нэгдэл, төрт ёс, үндэсний бахархлыг илэрхийлдэг энэхүү баяр нь монголчуудын эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуйн бэлгэдэл болсоор иржээ.
Жил бүрийн долоодугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг Үндэсний их баяр наадмын түүхийг сөхвөл эртний Хүннүгийн үе хүрч очдог. Судар бичиг, түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр, Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зууны үеэс наадмын хэлбэр бүрэлдэн тогтжээ. Тухайн үед морь уралдуулах, бөх барилдуулах, сур харвах нь зөвхөн цэнгээн төдий бус, төр улсаа бэхжүүлэх, овог аймгуудын эв нэгдлийг хангах, цэргийн ур чадварыг дээшлүүлэх чухал хэрэгсэл байв.
Ийнхүү үүссэн уламжлал нь цаг хугацааны эрхээр хөгжсөөр өнөөгийн эрийн гурван наадмын хэлбэрийг олсон байна. Мөн “Монголын нууц товчоо”-нд эрийн гурван наадмыг “Хуран сар” буюу долоодугаар сард тэмдэглэдэг байсан тухай тэмдэглэн үлдээжээ.
Монгол наадмын түүхэнд XVII зуун шинэ хуудас нээсэн юм. Тодруулбал, 1639 онд Өндөр Гэгээн Занабазарыг Халхын шашны тэргүүнээр өргөмжлөх ёслолын үеэр “Даншиг наадам”-ыг анх зохион байгуулсан байдаг. Ширээт цагаан нуурт болсон уг наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор донир хэмээх хүний морь түрүүлсэн тухай түүхэн тэмдэглэл хадгалагдан үлджээ.
Үүний дараа 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам зохион байгуулагдаж, түүнийг “Арван засгийн наадам” хэмээн нэрийдэх болсон байна. Улмаар 1912 оноос энэхүү наадам жил бүр зохион байгуулагддаг төрийн наадам болж өргөжсөн ч Богд хааныг таалал төгсөх хүртэл буюу 1925 он хүртэл үргэлжилжээ.
Харин 1922 оноос “Ардын төрийн наадам”-ыг тэмдэглэж эхэлсэн бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улс бүрэлдэн тогтсоны дараа хоёр наадмыг нэгтгэх шийдвэр гаргасан байна. Ингээд 1925 оны тавдугаар сарын 15-ны өдөр болсон Засгийн газрын хуралдаанаар улсын наадмыг жил бүрийн долоодугаар сарын 11-нд эхлүүлж байхаар тогтоосон нь өнөөг хүртэл мөрдөгдөж байгаа юм. Харин 1946 оноос эхлэн баярыг “Ардын хувьсгал ялсны ой” хэмээн нэрлэх болжээ.
Орчин цагийн наадмын эрх зүйн үндэс нь 2003 онд батлагдсан “Үндэсний их баяр наадам”-ын тухай хуулиар баталгаажсан байна. Өдгөө улс, аймаг, сумын хэмжээнд үндэсний бөх, хурдан морины уралдаан, сурын харваа зэрэг уламжлалт төрлүүдээр өргөн дэлгэр тэмдэглэж, монголчууд өв соёлоо үеэс үед өвлүүлэн уламжилсаар байна.
Түүнчлэн 2010 онд Үндэсний их баяр наадмыг ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д бүртгүүлсэн нь монголчуудын хэдэн зууны турш өвлөн хадгалж ирсэн энэхүү соёлын үнэт өвийг дэлхий дахинд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн томоохон үйл явдал болсон юм. Наадам бол зөвхөн баяр цэнгэл бус, Монголын төрт ёс, үндэсний эв нэгдэл, соёлын дархлааг илэрхийлсэн өвөрмөц үнэт өв билээ.
