Монгол үндэсний тоглоом бол сур харваанаас өмнө байсан тэвэг юм гэж хэлэхэд хэн ч өнөөдөр үнэмшихгүй болжээ. Гэвч түүхийн улбааг даган үгсийн уурхайг ухан мөшгөвөөс «тэвэг» хэмээх нь одоогийн «бөх» гэхээс дутуугүй түгээмэл, өргөн хүндтэй үг байсныг амархан олж мэднэ. Гэхдээ энэ бол хэтэрхий хуучирч мартагдсан үг бас ч биш. Хөдөөгийн малчны гадаа байтугай нийслэлийн төвхнөсөн гудамжинд хүртэл тэ вэг өшиглөж наадах хүүхдүүдтэй тааралдах болно. Тэвэтний тухай «Монгол хэлний товч тайлбар тольд» (1966) харин ч бусад үгийг бодвол нэлээд тодорхой сайн тайлбарласан байгаа.
Тэвэг бол морь малын хялгас үс, тахианы өрөвлөг зэргийн юмыг зоос мэтэд хадан тогтоож өшиглөж наадах юм. Тэвэг наадах, тэвэг өшиглөх (тэвгийг хөлөөр өшиглөн дээш үсэргэх) гэж үндсэн утгыг уул тольд дурдаад хоёрдахь утга болгож «Хүний үс авах, морины дэлийг засахад толгойн оройд үлдээсэн урт бут үс, тэвэг тавих (толгойн оройд тэвэг үлдээх) гэж тайлбарласан буй. Уул нь энэхүү хоёрдугаарт тавьсан утгаараа дээр үед анхдагч болон хэрэглэгдэж байсан үг юм.
Тэвэг бол монголчуудын байтугай Евроазийн өргөн уудам хязгааргг эзэгнэн суусан эрт дээр үеийн олон аймаг овгийнхны дунд нийтлэгээр түгэн тархсан бэл гэдлийн шинжтэй гэзэг үсний нэр байжээ. Тэрнээс уламжлаад «эвэртэн» «тэвэгтэн» гэсэн нэр цол гарчээ. Толгой дээрээ, шанаанаас дээхнэ хоёр талдаа согсоо үс, цохон дээрээ нэгэн туг үс үлдээж бусдыг хусдаг байсан сонин хэв маяг бол эрчүүдийн заавал дагах ёсны гэзэг болсон ажээ. Тэрхүү хоёр согсуугаа эвэрт малгай дор агуулдаг ч удаа байжээ. Малгай ч гэж хоёр эвэртэй дуулга юмсанжээ. Тийм эвэртэнгүүд үнэхээр зэрлэг үхэр мэт сүртэй харагддаг ч байсан биз. Эвэртэнгүүдийг дүрсэлсэн «эвэрт» хөшөө чулуун хүн алс баруун газар дундын тэнгис дэх Корсикийн арал дээр хүртэл нэг биш тохиолддог нь сонин. Ямарч атугай эгэл нэгэн хүмүүн тэр тусмаа бусгүйчүүд «эвэр» «тэвэг» мэтийн чимэг зүүдэггүй байсан нь мэдээж. Эрх ямбатай баатар эрс л «эвэртэн», «тэвэгтэн» гэгдэж байжээ. Чухам тэвэг гэдэг нь юуны учир үүссэн нэр болох тухайд «Үгийн уурхайн» «дов, цов, чув» гэх мэт үгнүүдийг тайлбарласан хэсэгт тодорхой дурьдсан. Хөхөл, хохол гэх мэтийн үгс ч үүнтэй холбогдох юм.
Гэхдээ тэвэг эрчүүдийн толгой дээр, тэр тусмаа бух цохон тушаа ургадаг туг үсний алдар нэр мөртлөө яагаад хөлөөр өшиглөж тоглодог юмны нэр болон хувирчихдаг билээ. Үнэхээр гайхмаар тохиолдол мөн. Бидэнд үүний нууцыг өнөөх алдарт «Нууц товчоо» маань тайлж өгдөг нь бүр ч сонин. Тэрхүү гайхамшигтай судар бичигт «тоног авах» гээч нэгэн зан үйлийн тухай гардаг. Тоног гэдэг бол морь малын эмээл хазаар, хом бурантаг сэлтийг хэлдэг үг. Хүнд бараг л хамаагүй мэт. Гэвч эрт дээр цагт эр хүний толгой дээрх хөхөл, эвэр, тэвэг мэтийг мөн л эр цэргийн тоног гэдэг байжээ. Дайснаа дарсан дархан баатар хүн хэчнээн баатрыг дийлсэнээ өрлөг жанжиндаа айлтгахын тулд тоногийг нь авчирдаг байжээ. Өөрөөр хэлбэл дийлсэн дайсныхаа эвэртэй, тэвэгтэй арьсыг толгойноос нь хуу татан авчирдаг байжээ. Тэгээд тооцоо гарсны хойно хэнд ч хэрэггүй болсон тав гэзэгтэй хатсан дүгрэг арьсыг нь хүүхдүүдэд (гагцхүү эрэгтэй хүүхдэд) өгч өшиглүүлэн тоглуулдаг болжээ. Нэг талаас ялагдсан дайснаараа тохуу хийж нөгөөтэйгүүр дайсныг үзэн ядах сэтгэгдэл төрүүлдэг байжээ. Хожим нь хүний тоног олдохоо больж, авахаа ч байж харин «тэвэг өшиглөх» тоглоом нь үлджээ. Тэвгийг анчид хар тугалга хайлж үстэй арьсны тасархайтай барьцалдуулан царцааж хийдэг болжээ. Тэвэг өшиглөх урлаг монгол хүүхдүүдийн сэргэлэн ухаанаар хожим баяжиж маш олон янзын хувилбартай болсон юм. Харин сүүлийн үед их мартагнах болсон. Уул нь үндэсний тоглоомын нь хувьд сэргээх хэрэгтэй юм.
Л.Түдэв ҮГСИЙН НУУЦ УУРХАЙ (УБ 1996)
