2020 он. Өнгөрсөнд “зочлоё”. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийд нүүрлэх байгалийн гамшиг, үүнээс үүдэлтэй халдварт өвчлөл улам нэмэгдэнэ гэдгийг эрдэмтэд хэдэн арван жилийн өмнөөс таамагласан. Судлаачдын таамаг хавьгүй богино хугацаанд биелсээр байгаа төдийгүй, улс орнуудад учруулах хохирол нь хэдэн тэрбум америк доллараар хэмжигдэх болов. Ганц жишээ. 2021 оны зуднаар 190 мянган малчин өрхийн хувьд малын хорогдол их, зарим газар 80-100 см зузаан цасан бүрхүүл тогтож, салхины хурд зарим нутагт 28-34 м/сек, бүр 39 м/с хүрсэн үзэгдэл бичигдсэн. Аадар бороо, хүчтэй салхи, их цас, ой хээрийн түймэр гэх мэт гамшигт үзэгдэл сүүлийн 20 жилд бүр хоёр дахин нэмэгдээд байна.
2025 он. Газар тариалангийн салбарын статистик сөхье. Тариаланчид улсын хэмжээнд 372 мянган га талбайд үр тариа тариалж, 474 мянган тонн ургац хураах зорилт тавьснаа Ерөнхий сайдад танилцуулав. Уг нь Монгол Улс улаан буудай импортлогчоос экспортлогч болох зорилт тавьсан цаг саяхан. Гэтэл жилийн дотор дотоодын хэрэгцээт буудайнхаа бараг 50 хувийг импортоор авахад хүрсэн мэдээтэй. Тодорхой хэлбэл, Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2025 онд улаан буудайн хураалт 34 хувиар буурч, 252 мянган тонн болжээ. Тооцоололдоо хүрээгүй шалтгааныг салбарынхан цаг агаарын таагүй нөхцөл, хур тунадас бага, ихэнх нутгаар гандуу байсантай холбон тайлбарласан.
2030 он. Ирээдүйн төсөөллийг хамт “харъя”. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудын ханш савлагаа ихтэй байна.Тэр тусмаа газар тариалан болон хүнсний компаниудын үнэт цаасны ханшийн өсөлт, бууралт тооцож төлөвлөхөд бэрх болжээ. Үүнтэй зэрэгцээд талхны үнэ огцом нэмэгдсэн мэдээ нийгмийн сүлжээгээр тарж эхлэв. Гурилын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор ханшийн мэдээлэл ийнхүү хэдхэн хоногийн дотор олон жилийн өсөлтийн графикт рекорд тогтоосон нь энэ. Мэдээж энэ бол таагүй төсөөлөл. Одоо Та нэг зүйлийг ойлгож байна уу? Ширхэг талхны үнийг дэлгүүр биш ГАЗАР, ХӨРС тогтоодгийг мартаж болохгүй.
…Ичигсэд сэрэх, шувууд өндөглөх, газар гэсэх байгалийн тогтсон хугацаа бага багаар өөрчлөгдсөөр байгааг судалгаагаар тогтоосон. Ургац хураалтын өдрүүдийн тогтсон хугацаа хүртэл байнга “хөдлөх” болсон нь мөн л уур амьсгалын өөрчлөлт өндөрлөг газрын Монголд бусдаас илүүтэй нөлөөлж эхэлснийх. Гэхдээ өөдрөг төсөөлөл бичих боломж бидэнд бий. Гангийн эрсдэлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, дасан зохицох, газар, хөрсөө хамгаалах боломжийг Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 17-28-нд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) олгох юм. Монгол Улсаас дэлхийн орнуудад санал болгон танилцуулах “Тал хээрийн төлөвлөгөө”-ний зорилго чиглэл ч газар хөрсөө хамгаалах, усны хомсдолоос сэргийлэх үзэл баримтлал оршино.
Эх байгалиа сэргээе
Итгэл найдвараа бадраая
Байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн
