Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.
Дархлаа сайжруулж тамир нэмнэ.
Хунчрын найрлага:
Селен, зэс, цайр, төмөр, кальци, фосфор, магни, барий, марганец, молибден, цахиур, хөнгөн цагаан, кобальт, хром, натрий, ванадий, витамин А,С,Е. астрагалозид І-Х, алколойд, сапонин, флавоноид, гликозид, стерин, эфирийн тос, фитостероид полисахарид зэрэг биологийн өндөр идэвхит бодис агуулна.
Хунчрын ашиг тус:
1. Дархлаа сайжруулж тамир нэмнэ.
Хэд хэдэн судалгаагаар хунчир цусны цагаан эсийн тоог мэдэгдэхүйц өсгөдөг болох нь нотлогджээ. Цагаан эс олширсноор эсрэг биет нэмэгдэж, интерферон ихэсдэг. Энэ бол дархлааны маш чухал үзүүлэлт юм.
Вирус, нянгийн халдвартай хулгануудыг хунчраар лабораторийн туршилт хийхэд тэдгээр хулганы цусанд вирус, нянгийн аль нь ч байхгүй болсон байв. Хүний биеийн дархлааг дэмжигч хамгийн хүчирхэг ургамал юм.
2. Бөөрний өвчинг илааршуулна.
Шээсэнд уураг байхгүй байвал бөөрний ажиллагаа хэвийн байгааг илтгэнэ. Шээсэнд уураг байх нь бөөр эмгэг өвчтэй, бүтцэд өөрчлөлт орсныг илэрхийлнэ. Ийм үед хунчир хэрэглэхэд бөөрний янз бүрийн эмгэгтэй өвчтөнүүдийн шээсэн дэх уураг багасах юмуу бүрмөсөн алга болдог байна.
Мэргэжилтнүүдийн дүгнэлтээс үзвэл бөөрний хууч өвчтэй хүмүүс хунчир хэрэглэснээр халдвар авах эрсдэл багасдаг байна. Хунчир уусан бөөр ондоошлын хам шинжтэй өвчтөнүүдийн бөөр халдварт өртөх эрсдэл бага болох нь тогтоогджээ. 3-6 сарын хугацаанд өдөр бүр 7.5-15 грамм хунчир хэрэглэсэн өвчтөнүүдийн халдварт өртөх эрсдэл 38% багассан ажгуу.
3. Чихрийн шижинг илааршуулна.
Лабораторийн амьтад дээр хийсэн туршилтаар хунчир нүүр-усныэдийн солилцоог дэмжиж, цусан дахь чихэр багасахад нөлөөлдөг нь харагджээ. Бас амьтдад хийсэн өөр нэгэн туршилтаар хунчрын ханд жин бууруулж байжээ.
Нэгэн туршилтаар 11 хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнүүдэд дөрвөн сарын турш өдөр бүр 40-60 грамм хунчрын ханд өгч судалжээ. Бүх хүний чихрийн хэмжээ олон байхад ч, хоолны дараа ч хэвийн болсон байв.
4. Цусны даралт тогтворжуулж зүрх, судасны системийг хамгаална.
Хунчрыг зүрхний хэд хэдэн өвчний эмчилгээнд хэрэглэдэг. Хунчрын эмийн чадал нь судас өргөсгөж, зүрхэнд очих цусны хэмжээ нэмэгдүүлдэг.
Бүлэн үүсэх, бүлэнгээс болж судас бөглөрөхөөс сэргийлнэ.
Зүрхний дутагдалтай өвчтөнүүдэд эмнэлгийн ажиглалт хийжээ. Тэдэнд хоёр долоо хоногийн турш 2.25 грамм хунчир өдөрт хоёр удаа өгөхөд зүрхний ажиллагаа үлэмж дээшилсэн байв.
5. Тархины цусан хангамжийг сайжруулна.
Судасны хананд хунчрын үзүүлэх нөлөөгөөр артерийн даралт буурч, тархины болон дотор эрхтний эсийн цусан хангамж сайжирдаг байна. Хунчир хэрэглэхэд толгойны хууч өвчтэй, толгой эргэдэг хүмүүст тустай байдаг. Хунчирт ихээхэн агуулагддаг селен Альцгеймерийн өвчин, булчингийн сөнөрлийн үед өвчтөний биеийн байдалд сайнаар нөлөөлнө.
6. Хавдрын өсөлтийг сааруулна.
Хунчрын изофлавон хорт хавдрын эсийн идэвхжлийг дарангуйлах чадвартайг туршилтаар тогтоожээ.
Хавдар өвчтэй хүмүүс химийн эмчилгээ хийлгэнэ гэдэг нь хүнд сорилт болдог. Олон харш нөлөө илэрдэг. Хунчиртай эм бэлдмэл хэрэглэхэд харш нөлөө хөнгөрдөг болох нь ажиглагджээ. Химийн эмчилгээтэй хүмүүст хунчиртай эмийг парентераль аргаар (амаар бус) өгөхөд дотор муухайрах 36%, бөөлжих 50%, гүйлгэх 59% багасч байжээ.
Бүдүүн гэдэсний хорт хавдартай хүмүүст хунчрыг химийн эмчилгээтэй хавсран хэрэглэхэд дотор муухайрах, бөөлжих нь багасч байлаа.
Долоо хоногт 500 мг хунчир судсаар хийхэд химийн эмчилгээний явцад сульдалт бага байв.
7. Эд эсийг нөхөн төлжүүлж, шархны эдгэрэлтийг түргэсгэнэ.
Хунчир цус хуралдах, буглах, арьсан дээрх үрэвслийг арилгаж, шархны халдвараас сэргийлнэ.
8. Нян устгах чанартай
Хунчир нянгийн эсрэг чанартай. Тиймээс шигелл, цус задлагч стрептококк, алтлаг стафилококк, диплококк, токсоплазм, амёбууд,трихомонадыг устгах дайчдын эгнээнд зүй ёсоор орно. Хунчир аденовирус, Коксакийн вирусийн өсөлт, үржлийг дарангуйлдаг болох нь тогтоогдсон билээ.
9. Харшлыг намжаана.
Харшлын түгээмэл шинж тэмдэг бол нус гоожих, найтаах явдал юм. Харшил идэвхжих цагаар өдөрт хоёр удаа хунчир хэрэглэхэд ихээхэн тустай байдаг нь ажиглагджээ.
10. Хөгшрөлтийг удаашруулна.
Нэлээд хэдэн судалгаагаар хунчир хэрэглэхэд түүний идэвхтэй бодисуудын нөлөөгөөр хөгшрөлтийн явц удааширч, бие организм, бүх дотор эрхтэний ажиллагаа сайжирдаг нь ажиглагджээ. 2017 онд Хятадын эрдэмтдийн баг хунчрын судалгаанд анализ хийжээ. Тэд олон орны 217 хунчрын судалгааны дүнг судлахад хунчир бие махбодыг идэвхжүүлж, хөгшрөлтийг сааруулдаг болох нь тодорхой болжээ. Тухайлбал, 1-биеийн исэлдэлтийг багасгаж, 2-тэсвэр нэмж, 3-дархлаа сайжруулж, 4-хордлого, хорт бодисын нөлөөг бууруулж, 5-эд эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлж, 6-тархины ажиллагааг сэргээж, 7-арьсыг нар салхинаас хамгаалж, 8-зүрх судасны өвчин үүсэх эрсдлийг бууруулж байдаг байна. Эдгээр 8 үзүүлэлтийг анхааралдаа авах хэрэгтэй байна. Бусад ургамал, хоол хүнсний чанарыг шинжих эталон болгож байгаарай.
11. Архаг ядаргааг гаргана.
Архаг ядаргаа гэсэн оноштой хүмүүст хунчир сайнаар нөлөөлж байв. Биеийн ерөнхий тамир сайжирч, сэтгэл санаа хэвийн болжээ.
Харш нөлөө
Хунчир ихэнх тохиолдолд харшгүй. Гэхдээ бага зэрэг биеэр юм гарах, загатнах, нус гоожих, дотор муухайрах, гүйлгэх тохиолдол тэмдэглэгдсэн байдаг.
Хунчрыг судсаар тарихад зүрхний цохилт тасалдах зэрэг ноцтой харш нөлөө илэрч болзошгүй. Иймээс хунчрыг судсаар болон булчинд хийх бол эмчийн хяналтанд гүйцэтгэх хэрэгтэй. Хэдийгээр хунчир ихэнх хүнд харшгүй боловч дараах хүмүүс хэрэглэхгүй байх нь дээр:
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэй: Жирэмсний хугацаанд хунчир хэрэглэвэл сав агшиж, үр зулбаж болзошгүй. Гэхдээ төрөх үед хунчир ашиг тустай байж болно. Хэрэв амаржих эмэгтэй хүчлэлт бага, савны амсар нээгдэх нь удаан байвал ардын эмнэлгийнхэн хунчрын навч, найлзуурын цай, ханд уухыг зөвлөдөг. Жирэмсэн үед гадуур хэрэглэж болно. Одоогоор эдгээр хүмүүст хунчир таарах эсэхийг хангалттай судлаагүй.
Автоиммуны өвчтэй хүн: Хунчир ийм өвчтөний дархлааны системийг улам идэвхжүүлж магадгүй. Хэрэв тархмал хатуурал, чонын хөрвөс, ревматойд артрит зэрэг автоиммуны өвчтэй бол хунчир хэрэглэх хэрэггүй.
Дархлаа дарангуйлах эм хэрэглэж байгаа хүмүүс: Хунчир дархлааны системийг идэвхжүүлдэг учир дарангуйлах эмийн үйлчилгээ буурах нь магад.
Мөн хунчир нь цусан дахь чихрийн хэмжээ, цусны даралтад нөлөөлдөг учир эдгээр өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.
Илэрхий даралт багатай, мөн шээсний замын хурц хэлбэрийн өвчтэй хүмүүст хунчир гаж нөлөө үзүүлж болзошгүй. Даралт бага хүмүүсийн даралтыг аюултай хэмжээнд хүртэл буулгаж магадгүй. Хоёр дахь тохиолдолд бөөрний ажиллагаа сайжирсны улмаас чулуу хөдөлж, суваг бөглөж магадгүй юм.
Хунчир хэрэглэх үед зохистой тун хэмжээг баримтлах хэрэгтэй. Хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд дотор муухайрах, бие сульдах, нойргүйдэх, гэдэс хямрах, даралт огцом буурах зэргээр харшлах шинж тэмдэг илэрнэ.
Хөхүүл эхчүүдэд хунчир хэрэглэхийг зөвлөхгүй. Ургамал хөхний сүүний найрлагад нөлөөлж, идэвхтэй бодисууд нь хүүхдэд харшилж магадгүй.
Хүүхэд. 3 нас хүрээгүй хүүхдэд хунчир өгөхгүй. 3-аас дээш насны хүүхдэд шингэн ханд, өгч болно. 1 цайны халбагыг эхэлж өгнө. 3-6 насны хүүхдэд 150-200 мл хандыг хоногт 3 хувааж өгнө. 12-оос дээш насны хүүхдийн тунг аажмаар насанд хүрэгчдийнхэд хүргэнэ.
Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном
