Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.
Өндөгний жингийн гуравны нэг нь шар байдаг.
Өндөгний шар бол аливаа организмын өсөлтөд шаардлагатай тэжээл, витамин, эрдэс бодисын цугларал бүхий хүнсний бүтээгдэхүүн юм. Түүний химийн бүтэц, өнгө нь шувууны хоолноос хамаарна. Өндөгний шар хүний биеийг лецитин, А, В, Е, РР, D, К витаминаар хангах бөгөөд “муу” холестериний хэмжээ, цөсний гэр, тархи, мэдрэлийн системийн ажиллагааг хэвийн болгож, элэгний эсэд сайнаар нөлөөлдөг. Халааж болгосон өндөгний шар хоол боловсруулах системд хүндрэлгүй бөгөөд шингэц сайн (95% хүртэл) байдаг. Сонирхолтой нь тахианы өндөгний 27-32% нь өндөгний шар, 56-61% нь уураг байдаг. Нийт жингийн 10-12 % -ийг гаднахь хальс эзэлнэ. Хальсаар дамжуулж ангаахай амьсгална. Хальсанд 7500 гаруй сүв байх бөгөөд ихэнх нь өндөгний мохоо үзүүртэй талд байна. Чухам энэ нүх сүвээр нүүрс хүчлийн хий, чийг гадагшилж, хүчилтөрөгч орно.
Ашигтай чанар
Шувууны өндөг бол үр хөврөлийн тэжээлд шаардлагатай уураг, тос, нүүрс-ус, витамин, фосфолипид, макро- и микроэлементээр хангана. Тахианы өндөг бол тэнцвэрт эрдсийн бүтэцтэй, маш сайн шингэцтэй, фосфор, кали, төмрийн дутагдлыг нөхдөг, ялангуяа гемоглобин багатай болон тулгуур эрхтэний асуудалтай хүмүүст чухал хэрэгтэй хүнс юм.
Гэхдээ өндөг хүчтэй харшил өдөөгч учир хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Түүнээс гадна сальмонелл бактер байхыг үгүйсгэхгүй. Халдвар авахгүйн тулд өндөгний шар, цагаан аль алиныг нь түүхий хэрэглэхийг санал болгохгүй. Болгож идэх хэрэгтэй. Өдөр тутмын хүнсэнд зөвхөн тахианы өндөг тохирно. Бусад шувууны өндөгний шарыг хэрэглэж болох ч тогтмол хэрэглэхгүй.
Химийн бүтэц
Өндөгний шар бол Е витамины эх үүсвэр мөн. Е витамин хүний нөхөн үржихүйн эрхтэний эрүүл мэндийг тэтгэж, антиоксидант учир чөлөөт радикалуудыг устгах замаар хавдрын эстэй тэмцэнэ. Үс, хумс, арьсанд сайн нөлөөтэй. Өндөгний шар урагт гажиг үүсэх эрсдлийг багасгадаг учир жирэмсэн эмэгтэйд онцгой сайн нөлөөтэй. Өндөгний холестерин эрүүл мэндэд муу гэсэн ойлголт байдаг. Өндөгний шард үнэхээр биед ашиггүй ханасан тос байдаг боловч, тэр нь ханаагүй олон тосоор тэнцвэржиж, липидийн солилцоог хэвийн болгож, судасны тонусыг тохируулж, бодисын солилцооны болон зүрх-судасны өвчнөөс сэргийлж, үрэвслийн эсрэг простагландины үйлдвэрлэлийг дэмжиж, бичил эргэлтийг сайжруулдаг.
Хоол ходоодоор дамжин гэдсэнд түргэн очихыг өндөгний шар саатуулдаг. Тийнхүү глюкозын хуримтлал удааширч, инсулини үйлдвэрлэл буурч, арьсанд өөх хуримтлах нь багасна. Өндөгний жингийн гуравны нэг нь шар байдаг. Өндөгний шарын ер бусын сайн чанар нь склерозын эсрэг буюу хатуурлын эсрэг идэвхит бодис лецитинийг агуулдагт оршино. Лецитин мэдрэл, тархины эсийг тэжээдэг маш чухал үүрэгтэй. Түүнээс гадна лецитин нь цөсний зам, элэгний зөв үйл ажиллагаанд чухал хэрэгтэй бөгөөд өөхний эдийн тархалтыг тохируулна.
Агууламж:
100 г өндөгний шард байх бодисын хэмжээ г-аар:
Ус 52,31 Тос (г) 26,5 Уураг (г) 15,9 Моно-ханаагүй тосны хүчлүүд 11,738 Ханасан тосны хүчлүүд 9,551 Үл орлогдох аминохүчлүүд 7,869 Орлогдох аминохүчлүүд 7,758 Поли-ханаагүй тосны хүчлүүд 4,204 Омега-6 3,976 Нүүрс-ус (г) 3,6 Үнс 1,71 Стерол 1,085 Моно- ба дисахарид 0,56 Омега-3 0,228
100 г өндөгний шард байх шимт бодисын хэмжээ мг-аар:
Витамин: Холин (В4) 820,2 Пантотений хүчил (В5) 2,99 Токоферол (Е) 2,58 Рибофлавин (В2) 0,528 Ретинол (А) 0,371 Пиридоксин (В6) 0,35 Тиамин (В1) 0,176 Фолийн хүчил (В9) 0,146 Ниацин (В3) 0,024 Холекальциферол (D) 0,0054 Цианокобаламин (В12) 0,00195 Филлохинон (K) 0,00007
Макроэлемент: Фосфор (Р) 390,0 Кальци (Са) 129,0 Кали (К) 109,0 Натри (№a) 48,0 Магни (Mg) 5,0
Микроэлемент: Төмөр (Fe) 2,73 Цайр (Zn) 2,3 Зэс (Cu) 0,077 Селен (Se) 0,056 Марганец (Мп) 0,055
100 г шинэ өндөгний шард 322 ккал, 1,094 мг лютеин ба зеаксантин, 0,088 мг бета-каротин, 0,038 мг альфа-каротин, 0,033 мг бета- криптоксантин агуулагдана. Байгалийн гаралтай каротиноидууд нүд цийх буюу катаракт өвчин үүсэх эрсдлийг багасгана.
Харшлах чанар
Биологийн үнэлэмж өндөртэй хэдий ч их хэрэглэхийг зөвлөхгүй. Хоногийн аюулгүй хэмжээ нь эмэгтэй хүнд 2 шар, эрэгтэй хүнд 4 шар байна. Тухайн нөхцөлд эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр ашигтай бодисоор хангана. Хэрэв үүнээс хэтэрвэл жин нэмж, таргалах эрсдэл ихэснэ. Өндөгний шард тос, холестерин их байх учир ихдүүлбэл зүрх- судасны асуудал үүсч магадгүй. Түүнээс гадна өндөг аюултай нян- сальмонеллезтэй байвал хурц халдварт өвчний эрсдэл дагуулна. Энэ өвчний үед ходоод-гэдэсний зам, цусны эргэлт алдагдаж, гар, хөл хөрч, цусны даралт багасч, бие халуурч, хүчтэй огиулж бөөлжин, хоногт 10-20 хүртэл удаа шингэн усархаг чацаг алдана.
Чацаг алдсанаар бие усгүй болно. Эд эсэд байх усны 10% алдагдахад гиповолеми шок буюу артерийн цус багасч, шоконд орно. Цаашид энэ байдал үргэлжилж, 20% -д хүрэхэд биед эргэлт буцалтгүй өөрчлөлт орж, өвчтөн нас барна. Сальмонеллезийг эмчлээгүй тохиолдолд бөөр, зүрхний ажиллагаа алдагдаж, судсаар гүйх цус багасч, хэвлийн гялтангийн үрэвсэл, буглаа зэрэг идээт өвчин үүснэ.
Цөсний чулуутай хүнд өндөгний шар эсрэг заалттай. Учир нь өвчнийг хүндрүүлж болзошгүй гэж үздэг. Харшилтай хүмүүс өндөг хэрэглэх хэрэггүй. Өндгөний цагаан уурганд овальбумин, овомукоид гэдэг халуун боловсруулалтад ч задардаггүй айхтар бодис байдаг.
Сонирхолтой нь өндөгний шараас харшлах тохиолдол цагаанаас ховор байдаг. Шарын харшилт бодис халуун боловсруулалтад саармагждаг байна.
Өндгийг ямар байдлаар хэрэглэх вэ?
Түүхий өндгөнд өвчин үүсгэгч бичил биетэн, сальмонелл байж болзошгүй учир болгож идэх шаардлагатай. Тэхдээ шүүрхий болгох буюу шар нь шингэндүү байхыг хоол судлаачид эрхэмлэдэг. Шим тэжээлт бодисууд, лецитинийг задралд оруулахгүй хадгалж үлдэхийн тулд шүүрхий болгоно.
Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном
