Татаас, зээлээр хахсан гурил үйлдвэрлэгчид үнээ нэмэхийг нь зүгээр хараад суух уу, ХХААХҮ-ийн сайд аа?

6 минут уншина

Намар цаг. Тариаланчид бүтэн жилийн хүч хөдөлмөрөө хурааж, эдийн засгийн эргэлтэд оруулах цаг үе.. 

БОДЛОГЫН ЯАМ БАЙГААД Ч ӨНДИЙЖ ӨГДӨГГҮЙ САЛБАР

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, хоршоо, дотоод худалдаа, үйлчилгээний салбарыг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц хөгжлийн шинэ шатанд гаргаж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ. Энэ бол Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлвэрийн яамны алсын хараа. 

Харин тэдний эрхэм зорилго нь “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь салбарын бодлогыг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх замаар хүн амыг эрүүл, баталгаат, шим тэжээллэг хүнс, эрүүл ахуй, хэрэглээний шаардлага хангасан хувцас, хэрэгслээр хангах нөхцөлийг бүрдүүлэх, түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, импортыг орлох, экспортын баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн орлого, бүтээмжийг өсгөн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн салбарын эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх” гэжээ. 

Бодлогын төвшинд ажиллах бүх л бүтэн яамтай хэрнээ манай хөдөө аж ахуйн салбар яагаад өөдөлдөггүй вэ. Энгийн логикоор бол Монгол Улсын иргэн ямар чанарын хүнс хэрэглэх вэ, хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ гэдгийг л шийдэх газар шүү дээ. Даанч сайд нь хөдөлдөггүй, дотор нь ямар өрнөж байгаа эсэх мэдээлэл хаалттай. Нэг ёсны иргэдийн амь нас эрүүл мэндтэй шууд холбоотой асуудлыг хариуцсан яам нь сүүлийн жилүүдэд “унтаа” байдалтай оршиж байна. 

Яамны нүд нь балай, чих нь дүлий царайлж шийдэхгүй дарсаар “үнэр орсон” гэж хэлэхэд болохоор ужгирсан асуудал бол гурилын үнэ, улаан буудай тариаланчдын эрх, улс төрийн нөлөөлөлтэй цөөн тооны монополь тогтоосон ХХК. Бодлогын төвшинд шийдвэр гаргаж, хэрэгжилтийг нь хянаж чадахгүй байгаа болохоор иргэдийн гар дээр 1 килограмм гурилын үнэ жил нэмэгдэж байна. Инфляцаас шалтгаалан иргэдийн худалдан авах чадвар буурсан. Талхаа хувааж авах дээрээ тулж, хахир өвөл наашилж буй энэ цаг үед хөдөө аж ахуйн салбарт ямар ч үйл явдал өрнөсөнгүй. 

ГУРИЛЫН ҮНЭ НЭМЭГДЭХЭД БИДНИЙ АМЬДРАЛД ГАРДАГ ӨӨРЧЛӨЛТ

Өнөөдрийн байдлаар худалдааны төв, хүнсний дэлгүүрт 1 килограмм гурил нэр төрлөөсөө хамаараад 1800-3610 төгрөгийн хооронд байна. Гурилын үнэ өсөхөд түүнийг дагаад талх, нарийн боов, хэрчсэн гурил, бялууны үнэ өснө. Цаашлаад ресторан, зоогийн газрын хоолны үнэд өөрчлөлт орно. Адаглаад хуушуур, бууз, ороомогны үнэ нэмэгдэнэ. Худалдан авч буй бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэний улмаас үйлчилгээний үнэ өснө. Уг нь гурилын үнийг өсгөхгүй, тогтвортой байлгахын тулд төрөөс хөнгөлөлттэй зээл болон татаас өгдөг. Гэвч тэр арга хэмжээний үр дүнд иргэдийн худалдан авалтын чадварыг нэмэгдэх бус цөөн тооны гурилын үйлдвэрийн эздийн халаасыг зузаалдаг гэдгийг тариаланчид ч тэр, учир мэдэх улс төрчид ч хэлсээр байна. Тариаланч Л.Цандэлэг нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “500 төгрөгөөр улаан буудай аваад 1 килограмм гурилыг 2500 төгрөгөөр зарж, тав нугалсан бизнес хийж ядарсан ард түмний эдийн засгийг хүндрүүлж байна” гэж ярьжээ. Мөн ШӨХТГ-ын дарга асан, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун манай редакцын “Томчуудаас асууя” ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ “Бизнесийнхэн улс төрд орж ирчихээд эрх мэдлээрээ дамжуулан бизнесээ хамгаалдаг. Нэг бол улс төрөөр дамжуулан бизнесээ дэмжинэ. Өөрсдөдөө давуу байдал олж авна. Яг ийм зарчимтай болчхоод байна л даа” гэж ярьсан юм. 

/ Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх youtube линк хавсаргав /https://www.youtube.com/watch?v=2Cjm12eLDlY&t=960s

“Милл хаус”, “Улаанбаатар” гурил, Дорнод гурил, Алтан тариа, Ургац зэрэг цөөн тооны компани манай улсын гурилын зах зээлийн гол тоглогчид. Эдгээр компанитай улс төрч Х.Баттулга, Х.Болорчулуун нар холбогддог бол бизнесийн салбараас Ц.Баатарсайхан хамаатай. Хамгийн гол нь жижиг гурилын үйлдвэрүүд ар араасаа дампуурч байхад эдгээр компаниуд төрөөс татаас, зээл тусламж авч оршин тогтносоор байгаа нь хөдөө аж ахуйн салбарт ямар ч өрсөлдөөн, чөлөөт зах зээл байхгүй гэдгийг харуулна. 

Хамгийн ихээр төрд гомдож, хэл ам таталдаг хэрнээ авсан дэмжлэгээ тас нууж ирсэн гурил үйлдвэрлэгч нар үргэлжлүүлэн үнээ нэмсээр байгаа нь инфляц өсөн нэг хөшүүрэг мөн. Инфляцийн өсөлтийн 30 хувь нь хүнснээс хамаардаг бол 15 хувь нь гурилын үнэ. Засгийн газраас 2021-2023 онд гурил үйлдвэрлэгчдэд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Гэрээний хугацаанд гурилын үнийг зохиомлоор өсгөхгүй гэж заасан боловч дээр дурдсан компаниуд гэрээний үүргээ биелүүлсэнгүй. 

ШӨТХГ-аас гол үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг судалж үзэхэд:

  • Улаанбаатар дээд гурил 47 хувиар
  • Улаанбаатар нэгдүгээр гурил 41 хувиар
  • Од групп дээд гурил 95.5 хувиар
  • Од групп нэгдүгээр гурил 70 хувиар
  • Алтан тариа дээд гурил 64 хувиар
  • Алтан тариа нэгдүгээр гурил 55.6 хувиар тус тус үнээ өсгөсөн судалгаа гарсан байдаг.

Улаанбуудай гурилын 87.5 хувийг эзэлдэг. Улаанбуудайн үнэ хэвэндээ байхад урилын үнэ огцом өссөн нь үндэслэлгүй гэдэг дүгнэлт гарсан ч том толгойтой гурилын үйлдвэрийн эзэд тоосонгүй. 

TAGGED:
Түгээх