“Би их бичих дуртай л даа. Өөрийнхөө дотоод ертөнц, бодол санаа, хүслээ бичиж, буулгаж байж өөрийгөө илэрхийлж бас өөрийгөө ойлгодог” хэмээн ярих бүсгүй бол сошиал орчинд идэвхтэй, судлаач 20 гаран насны эмэгтэй. Тэрбээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд очин оношлуулж, сэтгэцийн эмгэгийн хавсарсан онош авч, сэтгэцийн эмгэгийн эмийн болон сэтгэл заслын эмчилгээнд орж байсан тухайгаа хуваалцаад “Ер нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал бол хэнд ч тохиолдолд болох хүн ханиад хүрдэг, дотор эрхтэн өвддөгтэй адил асуудал гэж хувьдаа боддог” гэлээ. Мөн тэрбээр өөрийн түүхийг нээлттэй ярьж, сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар олон нийтэд зөв мэдлэг, ойлголт өгөхийг зорьдог аж.
“30 гаруй насандаа анхны хүүхдээ тээж, сайн ээж байх хүсэл, зорилгодоо автан бүхнийг сайнаар хийхээр хичээсэн. Цаг минут бүрийг хүүхдийнхээ хөгжилд зарцуулж, эмч мэргэжилтнүүдийг заавар, зөвлөгөөний дагуу ягштал хооллож, асарч байв. Хэсэг хугацааны дараа энэ байдал намайг илүү их ядрааж сүүлдээ хүүхдийнхээ жижигхэн алдаатай үйлдэлд уурлаж цухалдах эхэлсэн. Нэг л мэдэхэд ууртай ээж болсон. Нэг удаа усанд орж байхдаа “Би ийм удаан усанд орох ямар шаардлагатай юм. Үүний оронд гарч хүүхдэдээ ном уншиж өгье” гэсэн бодол орж ирэх тэр мөчид өөрөө өөрийгөө гайхсан. Миний тархи нэг л өөр ажиллаад байгааг анзаарч өөрийгөө ойлгохыг хичээв. Өөрөө өөрийгөө анзаарах, үйлдлээ хянах тусам өөртөө цухалдаж эргэн тойрныхоо бүх хүмүүст бухимдах болсон. Надад, миний амьдралд юу болоод, юу болохгүй байгааг ойлгоогүй. Ингээд сэтгэл зүйч дээр очиж хоёр удаагийн хоёр цагийн уулзалт, сэтгэл зүйн зөвлөгөө авсны дараа аз жаргалтай ээж, аз жаргалтай гэр бүр, аз жаргалтай хүүхдийн үндэс гэдгийг ойлгож авсан. Бүгдийг хүүхдийнхээ төлөө зориулах чадамжтай ээж эхлээд өөрөө бие махбод, сэтгэл зүйн хувьд бүтэн, эрүүл байх ёстойг ойлгосон” хэмээн өөрт тулгарсан сэтгэл зүйн асуудлаа уудлан ярих бүсгүй бол 32 настай, нэг охины ээж Н.Сувдаа.
Дахин нэг түүх өгүүлье. Мөн л бусдын сайн сайхны төлөө өөрийн асуудлыг олонд сургамж болгон ярьсан хүн.
25, 26 жил амьдарсан ханиасаа салах хэмжээнд хүрээд, өөрийн босгосон хамтын амьдралаасаа хөндийрөөд, өсгөж хүмүүжүүлсэн аав, ээжийнхээ нүүрийг харах эрхгүй болоод “гудамжны амьдрал”-аар амьдарч буйгаа сошиал орчинд бичлэг болгон оруулж олны анхаарлыг саяхан татсан нэгэн бол алдарт “Сүнс” хамтлагийн дуучин Ж.Замилан байв. Тэрбээр энэхүү амьдарч буйгаа тайлбарлахдаа “Би залуучуудад сургамж өгье гэж бодсон. Энэ архи, дарс бол дэмий хэрэглээ шүү. Маш хэрэггүй зүйл, эцсийн мөчид над шиг болно. Нэг бол буудлын өрөөнд, нэг бол гудамжинд хэвтээд л явж байна. Гэр бүлийн маргаанаас болоод гэрээсээ гарсан. Нэг л мэдэхэд архины цагаан солио болчихсон явж байна” хэмээн ярьсан билээ.
Дээрх гурван хүний түүх хүн ямар боловсролтой, нийгмийн байр суурьтай байхаас үл хамааран нийгэм технологийн хөгжил, хүн хоорондын харилцаанаас хамааран сэтгэцийн эрүүл мэндийн болоод сэтгэл зүйн асуудалд өртөх боломжтойг илтгэж байна. Манай улсын хувьд хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь анхаарал татахаар ноцтой түвшинд хүрсэн талаар тоо баримтыг дурдъя.
2024 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсыын Ерөнхийлөгчийн санаачилгаар төрийн ордонд “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдвийн дор үндэсний хэмжээний зөвлөгөөн болсон. Энэхүү зөвлөгөөн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал илтгэлийг танилцуулахдаа “Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2020 онд 23.064, 2021 онд 25.429, 2022 онд 35.340, 2023 онд 35.574 болж нэмэгдсэн. Гэр бүлийн салалт 2020 онд 3316, 2021 онд 3391, 2022 онд 4553, 2023 онд 4776 болж мөн адил өссөн байна. Энэ нь манай улсын нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал өндөр байгаагийн илрэл.
Тэгвэл хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн нөхцөл байдлын хувьд ДЭМБ-ын 2020 оны судалгаагаар Монгол Улсын хүн амын 18.2 хувь нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн сэтгэцийн эмгэгтэй. Мөн 2019 оны судалгаагаар хүн амын дундах сэтгэл гутралын түвшин дэлхийн дундаж 2-6 хувь байсан бол манай улс 4.2 хувьтай гарсан байна. Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг тодорхойлдог хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол тухайн улс орны амиа хорлож нас барсан тохиолдол байдаг. Монгол Улсын хувьд 2019 оны ДЭМБ-аас гаргасан судалгаагаар гуравдугаарт буюу Өмнөд Солонгос, Япон улсуудын дараа орсон байгаа нь цөөхөн хүн амтай улсын хувьд анхаарал татахуйц үзүүлэлт” хэмээн танилцууллаа.
Мөн тус зөвлөгөөн дээр Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх: “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал гэдэг нь тухайн нийгэмд оршин байгаа хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэнд, харилцаа, хандлага, үнэт зүйлс, зан үйл зэрэгт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг хэлнэ” хэмээн илтгэлдээ тодорхойлсон. Эндээс үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэгийн танилцуулсан тоо баримт, судалгаа нь манай улсын хувьд хүн амын сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудалд дорвитой анхаарах, одоо хэрэгжиж байгаа хууль эрх зүйн орчин, бодлогын асуудлыг сайжруулах шаардлагатайг тодорхойлов. Тоо баримт, судалгаа ийм.
Тэгвэл нийгмийн асуудлыг нийгмийн үзэгдэл талаас нь энгийн нэгэн жишээгээр тайлбарлая. Монголчуудын хувьд интернэт, цахим орчны хэрэглээ өндөртэй улс орны тоонд ордог. Сүүлийн жилүүдэд үе үе цахим орчинд олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудын биед гэнэт халдах үйлчлүүлэгчдийн зураг, бичлэг мэдээлэл ихээр цацагдах болсон. Энэ бол хүн амын дунд сэтгэл зүйн асуудал, стресс, бухимдал түгээмэл байгаагийн илрэл билээ.
Өнөөгийн байдлаар хүн амын сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд 2013 онд шинэчлэн найруулсан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд зохицуулагдаж байгаа юм. Аливаа улс орны нийгмийн болоод нийгмийн харилцааны асуудлуудыг зохицуулж байдаг гол “зэвсэг” бол хууль байдаг. Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ тэр дундаа сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний хүртээмж яагаад муу байгаа, цаашид хэрхэн хүртээмжийг нэмэгдүүлэх, дэлхийн улс орнууд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хууль, эрх зүйн орчны хүрээнд асуудал, шийдлийг авч үзье.
Нэгдүгээрт, асуудал хаанаа байна вэ?
Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх: “Би 2024 онд Холбооны Бүгд Найрамдах Герман улсад очоод сэтгэл зүйн хүрээний асуудлын хууль, эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлсэн талаар судалгаа хийгээд ирлээ. Европын орнуудын хувьд 2020 оноос эхлээд хууль, эрх зүй болон сэтгэл судлалын мэргэжилтэн бэлтгэх боловсролын тогтолцоондоо өөрчлөлт хийгээд 2022 оноос мөрдөөд, хэрэгжүүлээд эхэлсэн байна. Тэнд багадаа 7.5 жил сурч сэтгэл зүйч сэтгэл засалчийн мэргэжил эзэмшээд улсын шалгалт өгч мэргэжлийн тусгай зөвшөөрөл авсан мэргэжилтнээс зөвшөөрөгдсөн хөтөлбөр, арга зүйгээр сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг иргэн авсан тохиолдолд яг биеэ эмчлүүлж байгаатай адил эрүүл мэндийн даатгалаас төлбөр нь төлөгддөг системд бүрэн шилжсэн байна.
Манайд энэ салбарын бодлогодоо нэг агуулгыг буруу ойлгоод байгаа. Тэр нь “сэтгэл засалч” гэхээр анагаахын сургуульд сурсан зөвхөн эмчийг хэлнэ гэж тодорхойлсон. Гэтэл эмч мэргэжилтэй хүн ч сэтгэл засалч болж болно, сэтгэл судлаач мэргэжилтэй хүн ч сэтгэл засалч болж болно. Гагцхүү ялгаа нь суурь эмч мэргэжилтэй хүн сэтгэл засалчаар мэргэшил ахиулан суралцаж клиник сэтгэл судлаач болсноор сэтгэцийн эмгэгтэй, хүнд хэлбэрийн өвчлөлтэй хүмүүстэй ажиллах эрхтэй. Энэ эмчилгээ үйлчилгээ нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг эмийн эмчилгээтэй хавсарч хийгдэхээрээ онцлог. Харин сэтгэл судлаач мэргэжилтэй хүн сэтгэл засалчаар мэргэшил ахиулан суралцаж сэтгэл зүйч сэтгэл засалч болсноор сэтгэл зүйн хямралтай, сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүстэй ажиллах эрхтэй. Энэ нь зөвхөн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл заслын арга, техникүүд ашиглан үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Энэ чиглэлийн мэргэжилтнүүд эм бичих, эмийн эмчилгээ үзүүлэх эрхгүй бөгөөд нөгөө талаас сэтгэл зүйн хямрал, сэтгэцийн тулгамдсан асуудалтай түвшний хүнд заавал эмийн эмчилгээ хийх шаардлагагүй байдаг” хэмээн салбарын нарийн, ойлголтын зөрөөтэй асуудлыг тайлбарлав.
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн зорилт нь “Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар төрөөс баримтлах бодлого, зарчмыг тодорхойлох, сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалах, нийгэм, эдийн засгийн харилцаанд оролцох, бие даасан байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн тусламж авах нөхцөлийг хангахад иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг өргөн хүрээнд хамруулан зохицуулахаар тусгагдсан байгаа боловч хуулийн доторх нэр томьёоны зөрүүтэй ойлголт байдаг талаар Сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор, сэтгэл зүйч Д.Цогзолмаа: “Манай улсын хувьд сэтгэл зүйн асуудал, энэ салбар өөрөө шинэ учраас сэтгэл зүйтэй холбоотой сэтгэл судалтай холбоотой бүх ойлголтыг сэтгэцийн эрүүл мэндийн хүрээнд авч үзээд байгаа. Үнэндээ сэтгэл зүй, сэтгэцийн асуудлыг бодлогынхоо түвшинд ч ялгаж, салгаж харж чадахгүй байна. Үүний нэг жишээ нь: Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.18 дахь хэсэгт “сэтгэл засалч” гэж сэтгэл заслаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн сэтгэцийн эмчийг хэлнэ, 3.1.17 дахь хэсэгт “эмнэл зүйн сэтгэл зүйч” гэж эмнэл зүйн сэтгэл зүйгээр төрөлжсөн мэргэшил эзэмшсэн сэтгэцийн эмчийг хэлнэ гэж заасан нь өөрөө хүн амын дундах сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний хүртээмжийг бууруулах, иргэдийн энэ чиглэлийн төрийн үйлчилгээ авах боломжийг багасгасан эрх зүйн нөхцөл болоод байдаг” гэв.
Хоёрдугаарт, Орхигдсон хэсэг…
Сэтгэл бол эрхтэн юм. Сэтгэл гэдэг эрхтэн гарт баригдаж, нүдэнд харагдахгүй ч хүний бие махбодын эрхтэн тогтолцоо, хүний зан үйл, харилцаа хандлагад шууд нөлөөлөн илэрч байдаг чухлаас чухал ойлголт мөн. Гэвч нөгөө талдаа сэтгэл судлал, сэтгэцийн эрүүл мэндийн шинжлэх ухааны ойлголтууд нь уялдаа холбоотой боловч асар хол зааг ялгаатай нарийн төвөгтэй сэдэв аж. Ахин нэг мэргэжлийн ойлголтын зөрөөг тайлбарлан уншигч таныг залхаая.
Хүний сэтгэцийн байдлыг ерөнхийд нь гурван түвшинд ангилдаг. Нэгд, сэтгэцийн хувьд эрүүл, хоёрт, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, гуравт, сэтгэцийн өвчлөлтэй гэж ангилаад тухайн хүнд илэрч байгаа шинж тэмдэг, нөхцөл байдлаас нь хамааран мэргэжлийн сорил, асуулгын дагуу онош тавьж тодорхойлдог байна. Манай улсын хувьд нийт хүн амын дунд хамгийн сүүлд 2013 онд улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа хийсэн. Тухайн үед нийт хүн амын 25 орчим хувь буюу дөрвөн хүний нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж гарсан. Эндээс үзвэл хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн хувьд хамгийн их хувийг эзэлж байгаа хэсэг нь завсрын буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс байгаа юм.
Одоогийн хууль, эрх зүйн орчны дагуу хүн амын сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хариуцсан төрийн бодлогын чиг үүргийн байгууллага СЭМҮТ нь хүн амын энэ хэсэгт ямар үйлчилгээ үзүүлдэг талаар СЭМҮТ-ийн Сэтгэц, нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн Е.Гүлжанат: “СЭМҮТ-ийн үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлон баталсан Эрүүл мэндийн сайдын 2023 оны тушаал байдаг. Энэхүү тушаалд СЭМҮТ нь хүн амыг сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах чиг үүрэг тусгагдсан. Энэ үүднээс манай төв нь төсвийн санхүүжилт болон Олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгуулах, сурталчлан таниулах чиглэлийн ажлууд хийгддэг. Мөн сэтгэцийн эмгэгийн өмнөх хэсэг буюу сэтгэцийн эмгэгтэй хүн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сэтгэл засалч эмчийн орон тоо амбулаторийн хэсэгт 1-2 байгаа” гэв.
Дээр дурдсанчлан 2013 оны тархалтын судалгаагаар хүн амын 25 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж тодорхойлогдсон. Гэтэл энэ хэсэгт төрийн үйлчилгээ үзүүлэх гуравдугаар шатлалын эмнэлэг нь батлагдсан 1-2 эмчийн орон тоотой. Эдгээр хүмүүсийг төрийн бодлого, төрийн үйлчилгээнээс “орхигдсон” хэсэг гэж нэрлэе.
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд “сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” гэж нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байдлыг хэлнэ гэж тодорхойлжээ. Тэгвэл энэ хэсгийн хүмүүст ямар үйлчилгээ шаардлагатай талаар Сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор, сэтгэл зүйч Д.Цогзолмаа: “Өнгөрсөн жил БНСУ-д очоод энэ сэтгэл зүйн салбарын тогтолцоо, үйл ажиллагааг судалсан. Их, дээд сургуулиуд дээр мэргэжилтэн бэлтгэж байгаа тогтолцоо, сэтгэцийн эмнэлэг, тусгай сургууль, хувийн сэтгэл зүйн төвүүд гээд салбарын байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцаж үзлээ. Гэтэл тэнд хамгийн их анхаарч байгаа хэсэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж оношлогдсон хэсэгт сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж байсан. Манайд бол энэ тогтолцоонд илүү анхаармаар санагдсан. 20 гаран жил энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд битүүхэн атаархаж л явлаа” хэмээн санаашрав.
Нөхцөл байдал нэгэнт ийм. Аливаа зүйл муугаасаа сайн руу, хуучнаасаа шинэ рүү тэмүүлж, хөгжиж байх хэрэгцээ, шаардлагыг нийгэм өөрөө нэхэж, шаардаж байдаг нь жам. Хүн амын дунд амьдрах орчин, амьдралын чанар, нийгэм, эдийн засгийн хөгжил, үзүүлэлтээс хамаарсан стресс, бухимдал, нойргүйдэл, донтолт нэмэгдсээр байгаа нь үнэн. Нөгөө талд иргэдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг сайжирсан. Тэд өөрсдөө шаардлагатай гэж үзвэл сэтгэл зүйн төвөөс сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ авах, сэтгэл заслын олон төрлийн ажилд хамрагддаг болчихсон. Товчхондоо нийгэмд хэрэгцээ, эрэлт бий болчихсон.
Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг төв 200-300 байдаг гэсэн албан бус тоо байна. Эдгээр төвүүдийн үйлчилгээний нэг цагийн буюу нэг уулзалтын төлбөр дунджаа 300 мянган төгрөг. Нэг л байгууллагын хувьд 2024 онд 286 шинэ ганцаарчилсан үйлчлүүлэгч ирсэн бол гэр бүл, хосууд 22 шинээр ирж үйлчилгээ авсан гэв. Ашгийн төлөө, арилжааны боловч иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангаад ажиллаж байгааг үгүйсгэх аргагүй.
Гагцхүү “орхигдсон” хэсэгтээ дэлхийн улс орнуудын жишгийн дагуу сэтгэл зүйн мэргэшсэн зөвлөгөө өгөх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар хоорондын асуудал болсон мэргэжлийн нэр томьёо, ойлголтуудыг цэгцлэх уялдаа холбоо, зааг ялгааг тусган тодорхойлсон “Сэтгэл зүйн тусламж үйлчилгээний тухай” хуулиа манай улс гаргах цаг нэгэнт болжээ.
С.Өлзийхишиг