ОЦА | Ардчилсан нам сөрөг хүчин байж чадсан бол баяр хүргэхгүй юу, тийм ээ?

11 минут уншина

Ардчилсан нам байгуулагдсаны 35 жилийн ой өнөөдөр /2025.04.07/ тохиож байгаа юм гэнэ ээ. Саарал ордны улсууд баяр хүргээд сүйд. Цахим орчноор дүүрэн сүр дуулиантай ая дэвссэн бичлэг, зангиатай гэрэл зураг, мөр холбосон мэндчилгээнүүд айсуй. Ардчилалд алга ташив уу, Ардчилсан намд баяр хүргэв үү гэдэг нь сонин…

Ерээд оны дундуур мэндэлсэн болохоор ардчилал гэдэг зүйлийг Хонхны дуугаар төсөөлж, Сүхбаатарын талбай дээр хүний эрхийг дээдэлсэн хэсэг залуус эрх мэдэлтнүүдийг өмнө үзэл санаагаараа шударга бусыг эсэргүүцэж нэгдэж чаджээ л гэж ойлгодог. Энэ дундаа Санжаасүрэнгийн Зориг гэж хүнээр ардчиллыг төлөөлүүлэн бодож, түүний үйл хэргийг сонирхон уншдагаа нуух юун. Түүний 1991 оны зургаадугаар сард сэтгүүлч Б.Оюунчимэгтэй ярилцсан нэвтрүүлгийн нэг хэсэг нь санаанаас огт гардаггүй. Тэр таван минутын яриа бол жинхэнэ улс төрч хүний, сөрөг хүчний үг байсан гэвэл буруудахгүй болов уу. 

С.Зориг: Хамгийн ихээр санаа зовоож байгаа зүйл бол дараагийн хэдэн сард манай улс ямар дүр төрхтэй болох вэ. Зүг чигээ олж чадах нь уу, үгүй юу гэдэг асуудал. Сая хүртэл бид сонгууль явуулаад, хууль тогтоох шинэ байгууллагаа сонгоод, шинэ Засгийн газраа байгуулсан. Тэрэндээ итгэл найдвар тавиад, мэдээж зах зээлд шилжих зоримог алхмууд хийх болов уу гэж найдаж байсан. Энэ үүднээс бид нар шинээр байгуулсан засгаа хараад улс төрийн тогтвортой байдлыг хангах бодлыг өвөрлөөд явж байсан. Гэтэл сүүлийн үеийн улс орны байдлыг аваад үзэхэд, цаашдын төлөвийг дүгнэхэд нэлээн хүнд байдалд орох зураглал харагдаж байна. Манай Засгийн газар маань хийх ёстой ажлаа бүрэн хэмжээнд хийж чадахгүй байна. Зах зээлд шилжинэ гээд зарлачихсан. Тэрийгээ хийж чадахгүй байна. Манайд нэг хэллэг бий. Их ч барьсан өмхий, бага ч барьсан өмхий. Нэгмөсөн зоримог зах зээлд шилжихгүй юм бол тэртээ тэргүй эдийн засгийн байдал муудах хандлага илэрч байна. Энэ асуудлаар өмнө нь Засгийн газрынхантай уулзаж санал бодол солилцож байсан. Ялангуяа Засгийн газрын гишүүд, зарим хүнтэй. Юу гэх юм бэ дээ. Миний толгойг сайхан эргүүлээд л гаргачихаж байсан. Болно, бүтнэ гээд л. Болохгүй байгаа юм бишүү, хэцүү юм биш үү гэхээр бид арга хэмжээ авч байгаа, хийж байгаа, болдог юм, бүтдэг юм гэсэн. Одоо ингээд нэлээн олон хүнтэй зөвлөлдөөд харахнээ, ялангуяа дэлхийн зарим сайн эдийн засагчтай яриад үзэхээр манай Засгийн газар сая зөвхөн гал унтраах маягийн арга хэмжээ эхлүүлсэн. Тэрнээс биш эдийн засгийн дээд хэмжээний, Засгийн газрын хийж чадах арга хэмжээг хийж чадахгүй байсан. Нялуунаас шулуун нь дээр. Миний ойлгож байгаагаар Засгийн газрын зарим гишүүд зах зээл, эдийн засаг гэдгийг мэдэхгүй байна. 

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх – https://www.youtube.com/watch?v=fsFMJRVhgZg&t=434s

Энэ яриаг сонсоход тэртээ 32 жилийн өмнө ч манай Засгийн газар үндсэн үүрэг даалгавраа биелүүлж чаддаггүй байжээ. Нэмээд зах зээл, эдийн засгийн мэдлэггүй сайд нар мэргэжлийн, өсөж яваа залуу үедээ суудлаа тавьж өгдөггүй байсан бололтой. Сайшаалтай нь гэвэл тэр үед улс орны бодит нөхцөл байдлыг үнэн мөнөөр нь гадаа сууж байгаад ний нуугүй хэвлэлд яриад өгчихдөг сөрөг хүчинтэй байж. Харин тэр үеэс илүү дордсон зүйл нь гэвэл, Засгийн газраас яамдын тоог 22 болгон нэмж, сиймхий гарвал дэд сайд томилж, олон нийтийн шүүмжлэлд өртвөл татан буулгаж, ТӨХК-иудыг асар их мөнгөөр тэтгэж, тэдэнд бүтээмжийн менежер томилж өндөр цалин урамшуулал өгч байгаа явдал юм. Шулуухан хэлэхэд манай улс дарга суудлын эх орон болсон билээ. 

С.Зориг агсны яриаг тодотгон сөхсөн нь учиртай. Сөрөг хүчин байжээ, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй тод дуу хоолой. Мэргэжлийн, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг мэддэг хүн байжээ гэдэг нь түүнээс үлдсэн цөөн ярилцлагаас илхэн. Түүний хандлага, биеийн хэлэмж, ярианы логик зэрэг нь итгэл төрүүлэхүйц байхын дээр боловсролтой. Нөгөө талаараа ардчилал эд хүчээ авч байх үед  Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан хүн. Түүний араас Монголын Парламентын бүлгэмийн дарга, УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн бөгөөд УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын Хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын Хорооны дарга зэрэг албан тушаалыг хашиж байжээ. Хамгийн гол нь улс төрийн хүрээнд жинхэнэ утгаараа сөрөг хүчин болж чадсан болохоор олон нийтийн итгэлийг цуглуулж явсан бололтой. Тиймдээ ч “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн үг нь одоог хүртэл залуусын итгэл үнэмшилд жижигхэн ч болов оч асаасаар яваа биз. Тэгсэн хэрнээ 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр тэрээр бусдын гарт амь насаа алдсан. Манай төр эл хэргийн учрыг бүрэн тайлж чадаагүй хэрнээ одоог хүртэл түүний үхлээр улс төр хийж, түүнийг алсан гэж зарласан алуурчидаа айл бүрийн цэнхэр дэлгэцээр гаргаад амжсан нь шившигтэй. Энэ дунд намын нөхөд нь чимээгүй, төвийг барих нэрээр хэлээ хазаж суусныг бүгд мэднэ. Харин өнөөдөр… Өнөөдөр Ардчилсан нам байгуулагдсаны 35 жилийн ой тохиож байгаа энэ өдөр Ардчилсан нам сөрөг хүчин байхаа болиод, ардчиллыг авчрахад гар бие оролцсон гавьяатай улсынхаа үнэ цэн, хийсэн бүтээснийг одоогийн байдлаар огт дурсаагүй байна. /2025.04.07 өдөр, 14.24 цаг/

АРДЧИЛСАН НАМ МЭДСЭН БОЛОВ УУ #1 

Монгол Улс ардчилсан орон мөн үү. Сүүлийн үед амтай болгон дарангуйлалд шилжлээ гэж халаглах болов. Хүний эрх, эдийн засаг, хэвлэлийн эрх чөлөөний бодит байдлаа харахаар хэн ч байсан “Ардчилсан орон биш” гээд хариулчихмаар. Харин үүний хариуд Ардчилсан намын нөлөө бүхий эрхмүүд “Засгийн газартай хамтарч мега төсөл хэрэгжүүлэх гээд байна. Ажил хийх гээд байхад олон нийт ойлгохгүй байна” гэж гомдоллодог болов. Үнэхээр л даацтай шийдвэр гаргаж ажиллах юм болов уу гэж харсаар хагас жилийн нүүр үзлээ. Хурдтай хөгжлийн зориг – Хамтарсан Засгийн газрын гэрээг 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр УИХ-д суудал авсан намын дарга нар үзэглэсэн ч гэлээ нийгмийн амьдралд маажих төдий өөрчлөлт ч ороогүй байна. 

Арай ч манай улс ардчиллаасаа ухраагүй байлгүй гэж итгэхийг хүсэвч бодит байдал дордсоор байгааг 35 жилийн ойгоо тэмдэглэж буй Ардчилсан намын хүндэт гишүүн, зарим сайд дарга нарт дахин сануулъя.

Бидний ардчиллын үзүүлэлт гаднын улсын нүдээр ийм байна. Энэ аюул биш үү. Чөлөөт эдийн засагтай гэх боловч хувийн бизнесүүд үүдээ барьж байна. Төр л хамгийн их мөнгөтэй. Төртэй ойр улсууд л хамгийн өндөр цалинтай. Сөрөг хүчин байсан бол хүч зузаатгаж байгаад шийдвэр гартал нь дугараад өгөх байсан биз…

АРДЧИЛСАН НАМ МЭДСЭН БОЛОВ УУ #2

Сэтгүүлчээр ажиллаад арван жил ч хүрээгүй байхдаа мэргэжил нэгтнээ шоронд суухыг үзэв. Яагаад гэдэг асуултад тодорхой хариулт ирдэггүй сонин хэрэг л дээ. Улсын нууц гэж халхлаад, учиртай болоод л ялласан гэж итгүүлээд өнгөрсөн гэхэд болно. Хамгийн нөлөө бүхий сэтгүүлчийг хорьсон эл үйл явдал сэтгүүл зүйн салбарын хувьд, тэр дундаа залуу сэтгүүлчдийн дунд “айдас” чигээрээ үлдсэн. Юу ч тодорхой биш юм чинь аргагүй шүү дээ. Энэ нийтлэлийг хянаж дуусаад “нийтлэх товч” дарахдаа араас нь утас дугарч, ямар ч хамаагүй хэргээр мэдүүлэг өгөхөөр дуудагдахвий гэсэн айдас энүүхэнд байна. Учир нь саяхан Ноорог мэдиагийн залуусыг прокурорын зөвшөөрөлгүй баривчилж, шөнөжин байцааж, хэвлэн нийтлэх үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг нь хураасан шүү дээ. Хачирхалтай нь, баривчилсны маргааш өглөө Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн заалтаар шалгасан гэснээ үдээс хойш, орой, маргааш нь үндэслэл өөрчлөгдөж, сүүлдээ Ноорогт ажилладаг мөрийтэй тоглоомтой холбоотой хүнийг барих байсан гэж мэлзсэн. Одоо ч тодорхой зүйл нэг ч байхгүй нь түгшүүртэй. Хамгийн сонин өнцөг нь, Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд нь өөрийн биеэр гарч ирж мэдэгдэл хийж, хариулцлага хүлээнэ гэж ам гарах дээрээ тулсан явдал. Хэрэв энэ тохиолдолд Ардчиллыг хамгаалж, хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө бат зогсох “сөрөг хүчин” байсансан бол залуус дуу нэгтэй хандах байлаа. 

Уг үйл явдалтай холбон Дэлхий даяар хэвлэл мэдээллийн байгууллагыг цензурдэхэд түгээмэл ашигладаг найман төрлийн хууль эрх зүйн арга хэрэгслийг танилцуулж байна. 

Төр данхайж, иргэд туйлдаж, нийгэм талцаж, улсын хөгжил уруудаж буйг эдийн засгийн тодорхой тоо, судалгаа, олон улсын байгууллагын тайлан харуулсаар. Гэтэл байж болох хамгийн хүчтэй сөрөг хүчин буюу Ардчилсан нам нь эрх баригчидтай хамтарчихлаа. Мега төсөл хэрэгжүүлэх гээд байна гэж хошуугаа унжуулахаа л мэдэхээс иргэд хавдраар үхэж, өрөндөө баригдаж, үргүйдэл нүүрлэж, хүүхдүүд өвчилж байгааг тэд анзаарсангүй. Одоо ч очих нүх сүв бүрдээ очоод, хэсэгтээ идэх хоолоосоо зуураад авсан улсад юу ч гээд нэмэргүй биз дээ. Уг нь биднийг төлөөлсөн сайн сөрөг хүчин байгаад өгөөрэй гээд багагүй санал өгсөнсөн, Ардчилсан намд. Даанч тэд сөрж зогсохын оронд хамтарч хэвтэхийг сонгож орхилоо. Одоо иргэд өөрсдөө л хэрсүү, ухаалаг, хашир байхгүй бол улсаараа улам бүр уруудсаар дарангуйлалдаа дасахвий. Бидний өмнөөс дугарч, шүүмжилж, ардчиллыг өмөөрч хамгаалах “сөрөг хүчин” байхгүй шүү дээ. Төр томорч, хяналтгүй болох тусам иргэдийн үүрэх ачаа хүндэрнэ. Нийгэмд зааг ялгаа үүснэ. Үүнийг сэтгүүлч хэлээд байгаа юм биш. Таны амьсгалж буй агаар, авч буй цалин, төлж буй татвар, ходоод руугаа хийх хүнс, цагаа үрдэг түгжрэл, биед чинь нэвчсэн өвчний эс, үг хэлээд цагдаад дуудагдсан мэдээ, зурагтаар чинь гарч буй дарга нарын ирээдүй цагийн яриа өдөр бүр мэдрүүлж буйг тунгаан санахаа мартуузай. 

ШИНЭ ҮЕИЙН МЭРГЭН УХААН

HUMANZ РЕДАКЦ

TAGGED:
Түгээх