REVIEW | Манжийн боол байсан ноёдтой “төрийн ордны” элч нар төстэй юм

Сэрчмаа, би чамайг ирэх намрын дунд сард Чойжил ноёнд хадаг барьж гуйна аа. Сэцэн хааны нутагт уулс ус нь тэгширсэн сайхан хөндий байдаг юм. Хэрлэнгийн усаар үсийг чинь угааж өгье … 

МОНГОЛ ХАЙР

Хүрээний “болзоо” иймэрхүү үнэр, өнгө будагтай байсан болов уу гэж итгэхээр дүр зураг. Зүрх булгилаад л явчихсан. Яг ийм романсын эзэн байхсан гэж хүсэх шиг .. “Монгол” киноны гол дүрийн бүсгүй үзэгчдийн унагасан нүдээр тэрлэг хийж гоёсон ч болохоор гоо үзэсгэлэнтэй ажээ. Ижилхэн эмэгтэй хүн хэдий ч харцаа салгаж үл чадна. Ноёны ганц охин гэсэн шиг танхи, нуруу хөнгөн байгаа нь илхэн. Үнэн хайр сэтгэлтэй эр нь сураггүй болоод жил гаран болсны дараа Сэнгийн тавьсан хадгаар эхнэр болсон түүний төрх “ачаатай” харагдаж байв. Түүний нүднээс сэтгэлгүй хүнийхээ өвөрт сартай ярилцаж хоносон шөнүүд нь тодхон харагдана. Кино эхлэхэд инээж байсан бүсгүйн ааль алга. Өнөө л бидний дунд үл ялиг инээмсэглэн алхдаг Монгол ээжүүдтэй ижилхэн ч юм шиг. Яаж тэгж хувирсан юм бол гэмээр сэтгэл хөдөлгөнө. Эмэгтэй хүний амьдралын хоёр өнгийг ямар ч үггүйгээр харуулжээ.

МОНГОЛ ААВ

Энэхүү кинон дээр хоёр янзын Монгол аавыг харуулдаг. Жаахан хэтрүүлэгтэй хэлвэл эрт цагийн Монгол аав, өнөө цагийн Монгол аав хоёрын хүн ёсны зааг ялгааг элдэв чимэггүй эрээн бараантай нь үзүүлнэ. Яг үнэндээ өнөөдрийн нийгэм Чойжил ноёны дүр шиг ааваар бөөстчихсөн гэдэг нь үнэн. Харин Банди гуай бол бидний сэтгэлдээ шүтэж явдаг эгэл аавын дүр. Үрээ гэсэн сэтгэлийнх нь хажууд хүрээний гудамжинд өлсөж үхэх нэг амины гарлага төдий. Чойжил ноён охиноо Манжийн төрийн боолд зарж, Ван цолны араас зууралдахдаа моринд чирүүлж үхдэг. Атал Банди хөгшин дээрэмчин нэр зүүж, үхсэн амьд нь үл мэдэгдэх хүүгийнхээ үргэлжлэлд “хонх” үлдээгээд нүд анидаг. 

Сэтгүүлчийн үг - Аавын ухаан богино аваас үрийн амь үнэгүй ... 

Монгол эрийн “мода” эргэх нь .. 

Тансаг сүрчиг, брэнд хослол, тас хар бензтэй залуус байдаг л нэг барааны саван шиг санагдчихлаа. Жүжигчин Б.Амарсайханы найруулсан Монгол кинон дээр адуу туудаг ширүүхэн төрхтэй харчуулыг хараад тэр шүү дээ. Морин дэл дээр ханхалзах гүндүүгүй “эрчүүд” эл киног чимэхийн дээдээр чимжээ. Сорви, хумсны хир, ноорхой дээл. Огтхон ч онцгүй харагдсангүй. Харин ч сэтгэл татна. Дөрөө нийлэн давхих агшин бүрд дотроос халуу дүүгэж, огшиж, өөрийн эрхгүй гараа зангидаж сууснаа нуух юун. Магад энэ киноны дараахан Бүрзгэр Бадамын дүр шиг эрс “мода” болох шинжтэй. Зориг зүрх нь ил, хэлбэр маяггүй, шулуун шударга … 

ӨРИЙН ДЭВТЭР

Өрнийнхөө оронд өгсөн 2000 эм хонь танай хотонд хоёр жил байсан болохоор 2000 хургатай болсон байж таарна гэж хүү нэхэх нь Манжийн пүүсийн эзний түмэн зөв. Өнгөн талаасаа Манжийн өмхий санаа гэж хараамаар мэт боловч одоо цагаас харвал байдаг л бизнесийн дүрэм. Түрээсээ цагтаа төлөхгүй бол хүүгээс хүү боддогтой л ижил. Жарантав гуайн бүтээсэн дүр ам нээх бүрдээ монголчуудын байгаа царайг нүүр улайтал хэлнэ. Зун намаржин найрлана аа, өвөл болохыг мартана аа. Мөнгө зээлж өдтэй малгай, хөөрөг авна аа, эргүүлж төлөхөө мартана аа гээд л. Зах зээл нь байгаа тохиолдолд аль сийрэг толгойтой, хэн хөдөлж чадсан нь ашиг олж хөлжинө. Үүнд Манж байна уу, Монгол байна уу хамаагүй. Үүнийг л монголчууд ойлгох ёстой. “Ирээдүйдээ өр тавьж өнөө маргаашаа аргалж яваа шүү та нар ..” гэх агуулга яваад байх шиг.  

Танай ноёдын тавьсан өр энэ дэвтэрт халхын заяа болоод орсон шүү … 

Киноны хэсгээс эш татав.

ШҮГЭЛДДЭГ БООЛ

Монгол кинон дээр эрх ямба бүхий Монгол ноёд гардаг хэдий ч эмээж болохоор нэг ч дүр байсангүй. Хүч байсангүй. Одоогийнхоор бол хурган дарга нар л харийн эздийн гар хөл болж, энгийн иргэдээ туйлдуулж байгаа зураглал. Байдаг л нэг шүгэлддэг боолууд гэлтэй. Ван цол өгвөл, хошуу ноён болгочихвол … Киноны энэ хэсэг өрнөх тоолонд одоо цагийн сайд, гишүүн, дарга нар сананд орно. Тэдний дунд шунал, мунхагаа дараад Манжийн эсрэг босоод ирэх хүн хэн байж болох вэ. Яагаад энэ киног үзэх тусам одоогийн улс төрийн ялзарсан байдал улам илүү толгойд эргэлдээд байгаа юм бол. Тэртээ Манжийн үед байсан юм үзээгүй өлөн ноёдын дүр одоо костюм өмсчихөөд Төрийн ордонд ханхалзаж суугаа юм биш гэсэн бодлууд дараастай. 

Манай өнөөгийн төрийн ноёд жүжигчин Амараагийн Монгол киног үзэнгүүтээ “Yesss, өрөө төлөхийн оронд хүүхдээ өгч болох юм байна” гээд ойлгочихвий дээ.

Сэтгүүлчийн үг

МОНГОЛ АМАРАА

 Энэ хууль цааз чинь ноёд та нарыг хамгаалдаг юмуу. Шударга үнэнийг хамгаалдаг юмуу. Чиний нүд чинь сохор, гар чинь мухар байна ...

Энэ үгийг аавынхаа өрний оронд Бээжин рүү барьцаанд явж байгаа агь хүүд жүжигчин Б.Амарсайхан буюу Монгол хэлдэг. Боддог хүнд бол олон зүйлийн зангилааг тайлсан хариулт. Урласан бүтээл дээрээ түүний дүр Манжийг ялдаггүй ч итгэл найдвар тээгээд дүүжлүүлдэг. Өөр ч аргагүй. Ар монголын толгой ноёд нь Манжийн боол би гээд сөхөрч байхад энгийн нэгэн Хүрээний эр гарч ирээд бүгдийг хядаж, ялалт авчирвал кино үхнэ. Кино гэхээрээ л жаргалтай төгсдөг жишгийг эвдэж, бодит амьдралаас зөрүүлээгүй нь түүнийг дахин хүндлэх том шалтгаан байв. Сүүлийн үед хөгжилтэй, насанд хүрэгчдийн, хайрын сэдэвтэй кино ихээр бүтээгдэж байгаа болов уу. Энэ дунд “Монгол” сэдвийг сонгож олны анхаарлыг татсанд татаж чадсан жүжигчин Б.Амарсайхан бол жинхэнэ Монгол Амараа …

Сар бүр л шинэ кино нээлт хийж, үзэгчдийг теартын дэлгэцийн өмнө суулгадаг. Бүгд л алга ташдаг. Магтдаг. Мартдаг. Сэтгүүлч миний бие ч тэдгээр үзэгчдийн нэг. Харин “Монгол” киног үзээд монголоос явсан ч мартаж чадхааргүй гүн орчихлоо, зүрх сэтгэлд. Итгэл найдвар хэзээ ч ялагддаггүй юм. 

Нийтлэлийн гэрэл зураг болон зурагт хуудсуудыг Монгол киноны албан ёсны цахим хуудсаас авав. Линк – https://www.facebook.com/mongolusk

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *