Алдарт дуучин Рианна болон түүний бяцхан охин Роки Айриш Мэйерс нар Францын тансаг зэрэглэлийн “Dior” брэндийн домогт “Lady Dior” гар цүнхний шинэ сурталчилгаанд тогложээ. “Dior” брэндийн элч төлөөлөгч Рианна болон түүний охины зургийг тус брэндийн дизайнер Жонатан Андерсоны бүтээлч удирдлага дор гэрэл зурагчин Сэм Рок буулгажээ.
Энэ нь ээж, охин хоёрын хувьд энэ онд “Dior”-той хамтран ажиллаж буй хоёр дахь томоохон төсөл юм. Тэд өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард “W” сэтгүүлийн нүүрэнд хамтдаа гарч байв. Тухайн үед Рианна “Dior”-ын “haute couture” даашинзаар гоёсон бол бяцхан Роки охин Жонатан Андерсоны зөвхөн түүнд зориулан урласан “Dior”-ын тусгай загварын живх болон цэцгэн толгойн гоёлоор гангарч, загварын ертөнцийнхний анхаарлыг татаж байсан юм.


