Монголын эдийн засаг энэ оны эхний долоон сарын байдлаар 7.6 хувиар өсөж, экспорт 12 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгдсэн талаар УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны төсвийн тодотгол хэлэлцэх ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолжээ. Энэ бол макро эдийн засгийн хувьд эерэг үзүүлэлт. Гэхдээ эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн хүрч байна вэ гэдэг нь өөр асуудал юм. УИХ-ын дарга ч үүнийг хүлээн зөвшөөрч, “Энэхүү өсөлтийн үр өгөөж иргэдийн амьдралд дэм болж, ахиц дэвшил нь айл өрхийн үүдээр орлого болж орох нь чухал” хэмээн хэлсэн байна.
Гэвч үүнийхээ дараа тэрбээр улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй “бодит хүндрэл, нөхцөл байдал”-ыг тооцож, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарсныг дурджээ.
Эдийн засаг 7.6 хувиар өсөж, экспорт огцом нэмэгдсэн атлаа иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулахын тулд төсвөө яаралтай тодотгох шаардлагатай болсон бол эдийн засгийн өсөлтийн үр өгөөж яг хаана байна вэ. Мэдээж ДНБ 7.6 хувиар өссөн гэдэг нь өрх бүрийн орлого 7.6 хувиар нэмэгдсэн гэсэн үг биш. Харин эдийн засгийн өсөлтийг амжилт болгон ярьж байгаа бол тэр өсөлт ажлын байр, бодит орлого, худалдан авах чадвараар дамжин иргэдийн амьдралд хэрхэн хүрснийг хамтад нь ярих шаардлагатай.
Энэ удаагийн төсвийн тодотголоор хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, ахмад настны тэтгэвэр болон төрийн зарим албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр тусгасан талаар мөн хэлсэн. Гэвч эдгээр асуудлын ихэнх нь шинэ зүйл биш. Монголд өвөл болдог, өвлийн улиралд эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг. Шатахууны импортын хамаарал ч өнөөдөр бий болоогүй. Хүнсний үнэ, ахмадын тэтгэвэр, иргэдийн орлого амьжиргааны өртөгтэй хэр нийцэж байгаа асуудал ч сүүлийн хэдхэн долоо хоногт үүссэн асуудал биш. Тиймээс өнөөдөр “цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай” гэж ярихаас өмнө урьдчилан тооцож болох эдгээр эрсдэлийг жилийн үндсэн төсөв, эдийн засгийн бодлогодоо аль хэдийн тооцсон байх ёстой баймаар.
Төсвийн тодотгол хийх нь өөрөө буруу зүйл биш. Эдийн засгийн нөхцөл өөрчлөгдөж, урьдчилан тооцох боломжгүй эрсдэл бий болсон бол төр төсвөө өөрчилж, шаардлагатай арга хэмжээ авах ёстой. Харин урьдчилан мэдэж, тооцож болох асуудал хүндрэл болсны дараа төсвөөс нэмэлт хөрөнгө гаргаж шийдвэрлэж байгаа бол энэ нь зөвхөн тодотголын бус анхны төлөвлөлтийн асуудал болно. Төсөв гэдэг асуудал гарсны дараа мөнгө нэмж хуваарилдаг баримт бичиг биш, ирэх эрсдэлийг урьдчилан тооцож, төрийн бодлогын зорилтыг санхүүжүүлэх үндсэн хэрэгсэл билээ.
Тодотголын хүрээнд 435 мянган ахмадын дундаж тэтгэврийг 250 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 1.2 сая төгрөгт хүргэх, 149 мянган төрийн албан хаагчийн цалинг 20-50 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон бөгөөд ингэснээр 600 орчим мянган айл өрхийн орлогод шууд дэмжлэг болно гэж УИХ-ын дарга мэдэгдсэн. Цалин, тэтгэвэр нэмэгдэх нь тухайн өрхийн амьдралд нэмэртэй байж болох. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн үр өгөөж иргэдэд бүтээмж, тогтвортой ажлын байр, бодит цалингийн өсөлтөөр хүрэх ёстой юу, эсвэл төр төсвийн зарлагаа нэмэгдүүлж байж өрхийн орлогыг дэмжих ёстой юу.
Ялангуяа цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шийдвэрийг үнийн өсөлтөөс салгаж харах боломжгүй. УИХ-ын дарга өөрөө ч цалин, тэтгэвэр, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхдээ инфляцад үзүүлэх сөрөг нөлөө, төсвийн даац, эдийн засгийн бодит боломжтой нягт уялдуулах шаардлагатайг сануулсан байна. Өөрөөр хэлбэл төр нэг талаас иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн ч нөгөө талаас үнийн өсөлт тэр нэмэгдлийг нь залгичихвал бодит амьдрал дээр өрхийн худалдан авах чадвар сайжрахгүй. Тиймээс төрийн бодлогын үр дүнг хэдэн төгрөгийн цалин, тэтгэвэр нэмсэн бэ гэдгээр бус иргэний бодит орлого, худалдан авах чадвар сайжирсан уу гэдгээр хэмжих учиртай.
Эцсийн дүнд эдийн засаг 7.6 хувиар өссөн нь сайн мэдээ. Харин макро эдийн засгийн өсөлтийг улс төрийн амжилт болгон ярьж байгаа бол түүний үр өгөөж иргэдийн амьдралд хэрхэн хүрснийг ч адилхан хэмжих хэрэгтэй. Иргэдэд ДНБ хэдэн хувиар өссөнөөс илүү хүнсний үнэ хэд болсон, цалин нь сарын хэрэглээндээ хүрч байна уу, ажлын байр нь тогтвортой байна уу, сарын эцэст өрхийн орлогоос хэд үлдэж байна вэ гэдэг нь бодит амьдралын хэмжүүр.
