Өнгөрөгч долоодугаар сард инфляц 13 хувьд хүрсэн. Харин хүнсний үнэ жилийн өмнөхөөс 25.5 хувиар, мах, махан бүтээгдэхүүний үнэ 52.4 хувиар өссөн.
Гэхдээ хүнсний үнэ өснө гэдэг зөвхөн өнөөдрийн хоолны асуудал биш бөгөөд боловсрол, эрүүл мэндтэй шууд хамааралтай. Яагаад гэдгийг одоо тайлбарлая.
Эдийн засагт “Энгелийн хууль” гэх ойлголт бий. Энэ нь хүнсний үнэ огцом өсөхөд эсвэл өрхийн орлого буурах үед иргэд орлогынхоо дийлэнх хэсгийг зөвхөн амьд үлдэх буюу хоол хүнсэндээ зарцуулж эхэлдэг зүй тогтлыг хэлдэг. Жишээ нь, сарын хоёр сая төгрөгийн орлоготой нэг өрх байлаа гэж бодъё. Хүнсэндээ сар бүр 800 мянган төгрөг зарцуулдаг байж. Гэтэл хүнсний үнэ өсөж, өмнө нь 800 мянгаар авдаг байсан хүнс нь нэг сая төгрөг боллоо.
Цалин нэмэгдээгүй учраас тэр 200 мянган төгрөгийг өрх өөр зардлаасаа хасахаас өөр аргагүйд хүрнэ. Мэдээж түрээс, тог, дулаан зэрэг зардлаас танах боломжгүй учир хүүхдийн сургалт, дугуйлан зэрэг боловсролын зардлаа танахаас өөр аргагүйд хүрнэ. Цаашлаад гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн үзлэг оношилгоо хүртэл хойшлогдох бөгөөд хуримтлал бол 29 дэх асуудал болдог оо гэсэн үг.
Товчхондоо өрх хүнс, хоолондоо илүү их мөнгө зарцуулах тусам боловсрол, эрүүл мэнд, хөгжилд зарцуулах мөнгө нь багасдаг аа гэсэн үг. Ер нь тэгээд бензиний үнэ нь өсчихсөн, нэмээд хомсдолтой энэ үед юмны үнэ буухгүй нь тодорхой.
