Дөрвөн жилд нэг удаа “сонгууль” гэж нэг сүртэй юм болдог доо. Цалин мөнгө нэмнэ, гэрийн чинь үүдэнд автобусны буудал барина, тэтгэвэр нэмнэ, хүүхдийн мөнгө нэмнэ, маргааш сургууль барина, нөгөөдөр цэцэрлэг босгоно.. Нэмнэ, нэмнэ, өгнө, өгнө. Бараг л таны жинг хасна, хугарсан хөл гар ургуулна гэх нь холгүй нэр дэвшигчид гарч ирдэг. УИХ-ын гишүүн болохын тулд байж болох бүх эерэг амлалтыг ирээдүй цаг дээр өгч, дөрөвхөн жилийн дотор дэлхийн шилдэг улс болох аятай “хөөрцөглөдөг”. Яс юман дээр УИХ-ын гишүүн дээрх амлалтын алийг ч биелүүлж чадахгүй л дээ. Үүрэг нь ч биш. Үүнийг тэд өөрсдөө ч хамгийн ихээр мэдэж байгаа. УИХ-ын гишүүн үндэсний эрх ашгийг хамгаалсан хууль санаачилж, түүнийг нь парламент хэлэлцэн баталдаг.
Өөрөөр хэлбэл таны санал өгсөн хүн гишүүн болбол хууль санаачилна, үзэл баримтлалаа батлуулна, УИХ-ын даргад “Энэ хууль манай улсад хэрэгтэй байна аа. Хэлэлцэж өгнө үү” гээд өргөн барина. Эсвэл чуулганаар орж ирсэн хуулийн төслийг уншаад, өөрийн оюунт тархиндаа зажилж, ард түмний амьдралд хэрэгтэй эсэхийг дэнслээд, кнопоо дарна. Гишүүний ажил ерөөсөө л энэ.
Энэ удаагийн парламент 126 гишүүнтэй. Тэдгээрийн 61,9 хувь буюу 78 гишүүн нэгдэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш хуулийн төсөл дээр ажиллаад, “Эдийн засгийн аргаар тамхины зах зээлийг зохицуулах шаардлага байна. Хэлэлцэж өгнө үү” хэмээн 2025 оны есдүгээр сарын 19-ний баасан гарагт тухайн үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан байна. Атал одоог хүртэл УИХ хэлэлцээгүй байгаа бөгөөд УИХ-ын гишүүн О.Номинчимэг хаврын чуулганаар яаралтай хэлэлцэж өгөхийг гуйгаад зогсож байв, төрийн ордонд. Харин өнөөдөр Төсвийн байнгын хороонд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна. Улаан хэрүүл, тодорхойгүй байдал, ажлаа мэдэхгүй хүмүүс.
Манай улсад Тамхины хяналтын хууль анх 1993 онд батлагдсан бөгөөд 2005 оноос шинэчлэгдэж, нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт хийж байжээ.
Манай улсын хилээр бүр төрлийн тамхи ямар ч тусгай зөвшөөрөлгүй орж ирдэг гэнэ ээ. Дал гаруй иргэн, аж ахуй нэгж байдгаас 95 хувь нь БНХАУ-аас оруулж ирдэг. Өөрөөр хэлбэл хэн хүссэн нь эх орны хилээр электрон болон янжуур тамхи оруулж ирээд, дэлгүүрийн лангуун дээр өрдөг гэсэн үг. Үүний уршгаар манай улс янжуур тамхины хамгийн хямд үнэтэй орнуудын нэг болж, тамхины зах зээлийн “диваажин” болж хувирчээ. Монголд жил бүр 4300 орчим, өөрөөр хэлбэл өдөрт дунджаар 12 иргэн тамхитай холбоотой шалтгаанаар амь насаа алдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ нь нийт нас баралтын 17 хувийг эзэлж буй. Мөн тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал жил бүр 801 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувийг эзэлдэг гэнэ.
Хятад улсад электрон тамхи хэрэглэхийг бүрэн хориглосон ч гадны зах зээлд худалдах зориулалтаар дотооддоо үйлдвэрлэдэг. Сүүлийн жилүүдэд энэхүү үйлдвэрлэлийг бодитоор дэмжин, тогтмол худалдан авалт хийж буй цөөн орны нэг нь Монгол юм. Электрон тамхи нь зөвхөн никотины хэрэглээ байхаа больж, мансууруулах бодис дамжуулах шинэ хэрэгсэл болж хувирчээ. Манай улсад ч энэ төрлийн 20 орчим гэмт хэрэг бүртгэгдлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2021 онд гаргасан “Электрон тамхи ба эрүүл мэнд” тайланд эдгээр бүтээгдэхүүнүүд нь амьсгалын замын үрэвсэл үүсгэх, зүрх судасны системд сөргөөр нөлөөлөх, никотинд донтох эрсдэл өндөртэй болохыг онцолсон. Мөн энэхүү тайланд “электрон тамхи нь тамхинаас гарах хэрэгсэл биш бөгөөд өсвөр үеийнхэн, залууст донтох шинэ зам болж байгааг анхаарах шаардлагатай” хэмээн дурджээ.
Дэлхийн 200 гаран орны 46 нь электрон тамхины хэрэглээг бүрэн хориглодог бөгөөд дараа дараагийн донтолтын зам болж, нийгмийн эрүүл мэндэд эрсдэл учруулна гэж үзжээ. Харин 80 гаруй оронд хуулийн зохицуулалттай. Бүтээгдэхүүн зах зээл дээр байж болох ч гэлээ зар сурталчилгааг хэрхэн хийх үү, хүүхдэд борлуулах уу, никитоны агууламжийг хэрхэн хянах уу, татвар хураамжийг хэрхэн оногдуулах уу зэргийг нэг бүрчлэн хуулийн заалтаар зохицуулжээ. Тэр бүү хэл 20 орчим оронд электрон тамхины үнэр, амтыг хязгаарладаг. Тэр гоё гүзээлзгэнэ, тарвас, шоколадны амт хүүхдийн сонирхлыг татах замаар дараагийн тамхины үеийг бэлдэж байна гэж үзжээ. Дэлхий дээр электрон тамхийг хуулиар огт зохицуулаагүй орон гэвэл Африк болон Өмнөд Америкийн цөөн хэдэн улс ба манайх л үлджээ.
Тамхи бол ашигтай бизнес. Гаалийн таван хувийн татвараас бусад мөнгө нь тухайн бизнес эрхлэгчийн халаасанд ордог. НӨАТ төлдөг гэж ойлгож болох ч тэр мөнгө нь иргэдийн халааснаас гардаг. Хортой бүтээгдэхүүнээс огцом ашиг олдог схемтэй бизнес. Уг нь төрийн зүгээс хүний эрүүл мэндэд хортой, донтуулдаг бүтээгдэхүүнээс өндөр татвар авч, түүгээрээ тамхидалттай тэмцэх зохицуулалттай. Гэвч одоог хүртэл манай улс юу ч хийж чадахгүй байна. Нийгмийн эрүүл мэндтэй шууд холбоотой хууль явж өгөхгүй дуншиж байгаа нь нөлөөлөгч хүчин зүйлтэй, засаглалын хувьд тогтворгүй, хууль батлах явц ашиг сонирхолд автдаг гэдгийн илрэл болов уу. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банкнаас манай улсад татварын бодлогоор нийгмийн эрүүл мэндээ хамгаалах тухай зөвлөмжийг тогтмол өгдөг. Даанч нохой хуцсан чинээ тоохгүй өдий хүрчээ.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдээлэл цацагдсаны дараа манай редакц УИХ-ын гишүүн О.Номинчимэгийг урьсан юм. Тухайн үед олон нийтийн дунд “Төрөөс хувь хүний тамхи татах эрхийг зөрчлөө, хорьж хаах гэлээ, янжуур тамхины зах зээлийг хамгаалж электрон тамхийг хорих гэж байна, гишүүдэд өөр хийх ажил алга уу” зэрэг шүүмжлэл эрчээ авч байсан юм.
Нэвтрүүлгийг бүрэн үзэх линк – https://www.youtube.com/watch?v=SdmPpBCUhik&t=1256s
Тэрбээр, “Янжуур тамхины тал, электрон тамхины тал гэж хуваагдмал дүр үзүүлдэг ч Монголд битгий хэл дэлхийд нэг тал. Нэг гараараа янжуур тамхи үйлдвэрлэдэг, нөгөө гараараа электрон тамхи үйлдвэрлэдэг нэг хүн. Хоорондоо байлдаж байгаа мэт дүр үзүүлдэг. Манай улсад хоёр том янжуурын импортлогч байна. Хоёр том электрон тамхины импортлогч байна. Хоорондоо найзууд. Зах зээлээ хуваагаад авчихсан, бүх зүйлээ тохирчихдог. Бас нэг асуудал нь хамгийн чанаргүй, хямд тамхи монголд орж ирдэг. Дэлгүүрийн лангуун дээр 3500-4000 төгрөгөөр зарагдаж байгаа хайрцаг тамхи монголын хилээр 700-800 төгрөгөөр л орж ирдэг. Бид дотооддоо тамхины навч тариалдаггүй. Бүх түүхий эдээ гаднаас оруулж ирээд савлаад зардаг. Өөрөөр хэлбэл манай улсын тамхины зах зээл импортоос хамааралтай. Саяхан манай улс Евразийн түр хэлэлцээрт элссэнээр Беларус, Армени, Орос, Казакстан, Киркиз гэсэн таван орноос татваргүй тамхи орж ирэхээр болж байна. Тамхины хяналтын тухай хууль бүтээгдэхүүнийг хааж боох, хувь хүний эрхэнд халдах зорилгогүй. Эдийн засгийн аргаар тамхины зах зээлд хяналт тавих, зохицуулах шийдлийг л санал болгож байна” гэдэг байр суурь илэрхийлсэн юм.
Дашрамд дурдахад, манай улсын хилээр 2020 онд 47 мянган ширхэг электрон тамхи орж ирсэн бол 2024 онд 8,2 сая болж 175 дахин нэмэгджээ.
Бодоод байхнээ, нэг л мэдэхэд олон нийтийн арга хэмжээ, нийтийн тээвэр, хоолны газар, хурал цуглаан гээд хаа сайгүй утаа суунаглаж, нялуун үнэр сэнхийх болсон. Хүүхдүүд “вэйп” булаацалдаж, угжны хурга шиг тамхи “хөхөж” явдагийг анзаараагүй хүн ховор болов уу. Нийгмийн эрүүл мэндэд нэн шаардлагатай хуулийн төслийг иргэдийн төлөөллийн 78 гишүүн өргөн барьчихаад байхад хэлэлцэхгүй удааширч байгаа нь тамхины зах зээлийн боссууд нэлээн нөлөөтэй бололтой.
Вэйпээр олон хүн баяжиж буй нь тодорхой. Янжуураар ч хэсэг бүлэг хүмүүс чинээлэг амьдралд хүрч, түүндээ амташсан нь ойлгомжтой. Хэн ч өөрийн орлогын эх үүсвэрээс салахыг хүсэхгүй. Тэрний оронд УИХ-ын гишүүдийг эд мөнгөөр лоббидоод, өөрсдийн талд үйлчлүүлэх нь хялбар шүү дээ. Гэтэл үүнийг тоож байгаа хүн алга. Гишүүд нь ч тамхины зах зээлийг цэгцэлж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хүсэлгүй байна. Ямар ч хяналтгүй хилээр нэвтрүүлж, хүүхдээр нь дамжуулан эцэг эхийн халаасыг “утаагаар” сэгсэрч, хүүхдүүдийн уушгийг хордуулж буй янжуур тамхины зах зээлийг энэ чигээр нь хараад суух уу. Энэ хуулийг тоохгүй өнгөрөөж, ирээдүй хойч үеэ цахилгаан тамхины донтолтод хаяж өгөх юмуу, иргэд ээ?
