Б.ТАМИР: ЧИНИЙ БИЗНЕС САНАА БИЕЛЛЭЭ ОЛОХОД ДЭД БҮТЭЦ НЬ БЭЛЭН ҮҮ

Эерэг яриа булангийн энэ удаагийн зочноор “ITOOLS” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Тамир уригдлаа. Түүний карьер болон ажиллах арга барил, мэдээлэл технологийн салбарын тухай ярилцлаа.

– Хүн бүрд ажлын гараа чухал байдаг. Таны хувьд Itools компанийн гүйцэтгэх захирал болох хүртлээ ямар, ямар замыг туулсан бэ?

– Ажлын байран дээр гараад буюу өөрөөнхөө карьерыг эхлүүлээд 10 жил болсон байна. Харин мэдээлэл технологийн салбарт гэвэл Татварын ерөнхий газрын дэргэдэх НӨАТ-ын төсөл дээр ажиллаж эхэлж байлаа. Itools бол миний ажиллаж байгаа гурав дахь мэдээлэл технологийн компани.

Би Монгол Туркийн хамтарсан сургуулийг төгссөн. Дараа нь МУИС-д Хятад соёл судлаач мэргэжлээр элссэн. Ерөнхийдөө Хятад хэлний багш орчуулагч, соёл судлаач мэргэжилтэй. Их сургуулийн дөрөвдүгээр курст байхад багш нар Туркийн хөрөнгө оруулалттай компани нээж байгаа. Тэнд захиралын туслахаар ажиллах уу гэдэг санал тавьсан нь миний ажлын гараа байсан л даа. Тэр компанидаа хоёр жил ажилласны дараа Туркэд улс төрийн удирдлагаар магистарын зэргээ хамгаалаад Монголдоо ирсэн. Ирснийхээ дараа Улаанбаатар Элит дээд сургуульд нягтлангаар ажиллаж байсан. Оройгоор сураад санхүүгийн боловсрол олоод авчихсан болохоор няглтан хийх боломж нээлттэй байсан гэх үү дээ. Түүний дараа манай найз эдийн засаг, татварын саарал орчныг байхгүй болгох зорилготой “и баримт” гээд шинэ төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Сонгон шалгаруулалтад нь ороод үзээч гэж санал тавихад нь судалгааны ажилтнаар бүртгүүлээд тэнцэж байсан. Тэр төсөл дээр хоёр жил ажиллахдаа санхүүч, судалгааны ажилтан, олон нийттэй харилцах ажилтан гээд олон зүйл хийж үзсэн байна. Төсөл дуусаад удаагүй байтал Microsoft-ийн хамтрагч компани Empasoft-оос IT-ийн сургалт хариуцсан менежерээр ирж ажиллаач гэсэн санал ирснийг хүлээж аваад хоёр жил ажилласан. Энэ хугацаанд 500 гаруй IT-ийн мэргэжилтнийг сургалтад хамруулж, олон улсын сертификаттай болоход хувь нэмрээ оруулж байлаа. Дараа нь Itools компанид гүйцэтгэх захиралаар ажиллах урилга аваад гурав дахь жилдээ ажиллаж байна.

– Та төгссөн мэргэжлээсээ тэс ондоо салбарт ажиллаж байна. Таны хувьдаа баримталж явдаг гол арга барил юу вэ?

– Нэгдүгээрт, барьж авсан ажлаа заавал дуусгахыг хичээдэг. Ямар нэгэн шалтаг, тайлбар, шалтгаан хэлэхгүйгээр гүйцэтгэх. Болохгүй байсан ч болгох аргыг нь олох хүртлээ тууштай хийхийг зорьдог. Хоёрдугаарт, нээлттэй, илэн далангүй байх буюу харилцааны ур чадвартай байх нь миний ажлын гол арга барил гэж хэлж болно. Бусдыг сонсож, ямар ч хүнтэй ойлголцож чадах нь ажлын бүтээмжинд илт нөлөөлдөг. Гуравдугаарт, би өөрийгөө ёс зүйтэй гэж боддог. Ямар ч газар, ямар ч албан тушаал дээр байсан хүнд худал ярьж, төвөг удахыг хүсдэггүй. Хүний ажлыг хойш татаж, баг “алахыг” огтхон ч хүсдэггүй. Энэ гурван зарчмыг арга барил болгоод ажилладаг юм болов уу. Өмнө нь бодож байгаагүй зүйл байна.

– Зарим хүн төгссөн мэргэжлээ өөрийн зорилго гэж бодоод бүх цаг хугацаагаа зориулдаг. Зарим нь өөрийнхөө хүссэн зүйлийг зорилгоо болгоод зүтгэдэг. Таны хувьд мэргэжлээсээ өөр салбарт ажиллаж, дуртай зүйлээ хийж байна. Тэнд л очно гээд зорьчихсон цэг, алсын хараа чинь хаана вэ?

– Дурсах үнэнтэй, нийгэмд эерэг өөрчлөлт бүтээсэн байхыг зорьж байна. Нийгэмд эерэг өөрчлөлт авчрахын тулд ямар салбарт, аль төсөл хөтөлбөрт, ямар хүмүүстэй нэг баг болж ажиллах вэ гэдэг чухал. Тиймдээ ч мэдээлэл технологийн салбарыг сонгосон. Олон хүний цагийг хэмнэж, илүү олон хүнийг аз жаргалтай байлгах, бухимдалгүй асуудлыг нь шийдэх гэсэн зорилго минь явсаар мэдээлэл технологийн салбартай холбогдсон юм болов уу. Миний зорилго анхнаасаа л тодорхой байсан. Нийгэмд эерэг зүйл бүтээсэн, нийгэмдээ хэрэгтэй хүн болно оо гэж. Үүнийгээ биелүүлэхээр иргэдэд мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр боловсрол олгох дараагийн таван жилийн төлөвлөгөөгөө гаргачхаад явж байна.

– Та мэдээлэл технологийн салбарын хөгжлийг өөрийн өнцгөөс тодорхойлбол?

– Мэдээлэл технологи бол миний харж байгаагаар салбар гэхээсээ илүү бүх зүйлийн суурь, дэд бүтэц. Энэ дэд бүтэц байхгүй бол зөвхөн монголчууд гэлтгүй дэлхий нийтээрээ цааш хөгжих боломжгүй болно. Бүх салбар мэдээллийн технологитой холбогдож байгаа болохоор үүнийг салбар гэж хэлэхгүй байгаа юм. Байшингаар ярьвал суурь хундаам нь гэсэн үг. Энэ суурь Монголд хэр бат бөх байна вэ гэвэл миний бодлоор өдөр ирэх тусам чанаржиж байна. Маш ширүүн өрсөлдөөн байна. Энэ дундаас зөв шийдвэр гаргалт, чанартай бүтээгдэхүүн гарна гэж найддаг. Өнөөдөр муу байсан зүйл маргааш шууд сайн болохгүй. Тийм болохоор бид алхам алхмаар сайжирч байна.

Магадгүй бид бүх зүйл дээр хэрэглэгч орон боловч зарим тал дээр нэг гараанаас эхэлж байгаа. Тухайлбал, блокчэйн, үүлэн технологи зэрэг дээр амжилт үзүүлэх хангалттай боломж байна.

– Сүүлийн үед бүхий л салбарт маш олон старт ап шинээр төрж байна. Магадгүй тань дээр 20 гаруйхан настай залуу мэдээлэл технологийн компани нээлээ гээд орж ирвэл та юу гэж зөвлөх вэ?

– Чиний хийх гэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний суурь нь бэлэн үү гэж асуух байх. Хувийн хэвшил ч тэр, төрийн байгууллага ч тэр старт ап гэхээр гоё компьютер, оффистой, өндөр хурдны интернеттэй байвал болно гэж боддог. Гэтэл бодит байдал дээр тийм биш. Чиний санаа юун дээр тулгуурлаж ажиллах вэ, юу чиний санааны түүхий эд байх юм бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь, хүргэлтийн аппликэйшн хийж байгаа бол Google Map дээр хийх юм уу. Сар бүр, жил бүр ашиглалтын төлбөрөө төлж чадах уу. Хөрөнгө оруулагч чинь тэр төлбөрийг төлөхийг зөвшөөрөх үү. Монголд орон зай, газар зүйн мэдээллийн систем бий болсноор тэр хүний хүргэлтийн аппликэйшн амжилттай хөгжинө. Тэгэхгүйгээр олсон таван төгрөгөө гадны дэд бүтэц, платформ руу өгөөд ашигтай ажиллаж чадахгүй гэж би боддог. Старт ап компаниудын унаж байгаа дийлэнх шалтгаан нь тэр. Сайхан код бичиж байна, түүнийг хэрэглэх хүмүүс нь бэлэн байна. Гэхдээ чиний программ юун дээр ажиллах вэ, таван жилийн чи хаана байх вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Google өнөөдөр чамд гурван сарын эрх бэлэглэнэ. Дөрөв дэх сараас төлбөрөө нэхнэ, тав дах сараас үнэ нь нэмэгдэнэ, долларын ханш яаж өсч байгаа билээ. Бүгдийг нь л бодитоор тооцоолох хэрэгтэй.

– Та компанидаа шинэ ажилтан авахдаа ямар шалгуур тавьдаг вэ?

– Би өөрөө төгссөн мэргэжлээсээ тэс өөр салбарт ажиллаж байгаа хүн. Тийм болохоор надад мэргэжил гэдэг зүйл чухал байр суурь эзэлдэггүй. Ямарваа нэгэн иргэнийг ажилд авахдаа үнэт зүйл, зорилгыг нь асуудаг. Давхар хандлагыг нь харж, танддаг. Хандлагыг ажилд аваад ур чадварыг эзэмшүүл гэдэг шиг шинэ орж ирсэн ажилтнаа чадавхжуулах үүднээс компанийн зүгээс шаардлагатай бүх хөрөнгө оруулалтыг хийдэг.

Туршилтын хугацаа буюу гурван сар ажилласны дараа жинхлэх хурал хийдэг. Тэр үеэр чиний хүлээлтэд компани чинь нийцсэн үү, таалагдаж байгаа болон таалагдахгүй зүйл юу байна, үнэхээр чиний гал эрмэлзэлтэй манай компани нийцэхгүй байгаа бол жинхлэх хэрэггүй гэдгийг хатуухан хэлдэг. Хүний залуу нас шүү дээ. Ядрахаа мэдэхгүй ажиллаж, хийж бүтээдэг халуун үе. Гэхдээ тэгж хэлсний дараа танай компани таалагдсангүй гээд ажлаа өгсөн хүн одоогоор гарч ирээгүй байна.

– IT салбарт ажиллаж байгаа хүний нөөцийн дийлэнх нь эрэгтэйчүүд. Олон эрэгтэй хүнтэй хамт ажиллахад танд ямар нэгэн шинэ өөрчлөлт гарсан уу?

– Миний хувьд гарсан өөрчлөлт гэвэл аливаа зүйлийг илүү том зургаар нь хардаг болсон юм болов уу. Эмэгтэй хүн харьцангуй деталь зүйлүүд дээр анхаарлаа хандуулдаг. Энэ сандлын хөл яав, тэр хананы наана юун нүх гараад ирэв, засъя, янзалъя гээд л. Харин эрэгтэй хүмүүс энэ ханан дээрх хээ ямар утга учиртай юм бол гэх мэтээр өргөн хүрээтэй хардаг юм шиг санагддаг.

– Ажлын байран дээр бусадтай үл ойлголцож бухимдвал яаж тайвширдаг вэ?

– Хүн хоорондын үл ойлголцол гарвал хувь хүн талаасаа надад маш хүчтэй цохилт болдог. Ажилтандаа ширүүхэн үг хэлээд унтахад маргааш нь гурван цагаан үс зоолттой гараад ирнэ. Ерөнхийдөө асуудал гаргасан хүнтэй л тулж ажиллахыг хичээдэг дээ. Би бодол уншигч биш учраас чамайг юу бодож байгааг мэдэхгүй. Чи ч гэсэн намайг юу бодож байгааг мэдэхгүй. Тиймээс хоёулаа сайн ярилцаж байж ойлголцоно гээд нүүр нүүрээ харж суугаад ярилцдаг. Тэгээд учраа олоод тэврэлдээд салах үед л бүх нерв арилна. Тэрнээс наана яагаад ч хэвийн болдоггүй. Гаднаа инээж байгаа ч гэсэн дотроо шаналсаар байдаг. Би яагаад энэ хүнд буруу сэтгэгдэл төрүүлэв, гомдоов гээд л боддог. Ер нь хамгийн хэцүү ажил бол хүнтэй харилцах юм байна. Хүн удирдана гэдэг үнэхээр чадвар шаардсан ажил. Бид нар хүнтэй харилцах чадвараа л сайжруулахгүй бол хурдацтай явж байгаа дижитал шилжилтэд хүний өөр чадвар тийм ч шаардлагатай биш. Хүн бусдаас ялгарч, дараагийн хувьсгалд тэсч үлдэхийн тулд хүнийг ойлгож, сонсож, харилцах чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.

Хүн байх чадвар нь өөрөө аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд биднийг тогтоож авч үлдэнэ. Хэрэв чи хүн байж чадахгүй бол уучлаарай, чиний хийхийг робот, хиймэл оюун ухаан, компьютер хийнэ.

– Би чамд цалин өгч байна. Чи миний хэлснийг хий гэдэг хандлагатай удирдлага мэр сэр байдаг. Таны хувьд ажилтнуудаа хэрхэн  зохион байгуулж ажилладаг вэ. Бүтээмжийг нь яаж үнэлдэг вэ?

– Би бизнес удирдаж байгаа хүн учраас аль аль талууд ашигтай ажиллах ёстой гэж боддог. Ажлын байран дээр би ажилтантайгаа, төлөөлөн удирдах зөвлөл надтай гээд харилцан хожих нөхцөлтэй байж энэ бизнес удаан тогтвортой оршино гэж боддог. Өнөөдөр хүний залуу насыг авч байгаа бол цалинг нь өгөх л ёстой. Энэ хүмүүс цалингаа авч л байгаа бол ажлаа тултал хийдэг байх хэрэгтэй. Ажилтан хайрлуулж л байгаа бол эргээд компанидаа сэтгэл гаргах нь зүйтэй. Энэ мэтчилэн харилцан ашигтай байх зарчмыг баримталдаг. Тэрнээс ямар нэгэн дарангуйлагч, дарамт шахалт үзүүлэгч байхыг хүсдэггүй.

– Та хэр завгүй хүн бэ. Өдрийн аль цагт илүү бүтээмжтэй байдаг вэ?

– Би төлөвлөдөг. Улирлаар, жилээр нь төлөвлөдөг. Багаараа энэ дадалд суралцаж байна. Сүүлд нь төлөвлөсөн ажлынхаа гүйцэтгэлийг дүгнэнэ, хянана, илүү сайжруулна. Яг л ISO-ийн стантартын дагуу ажилладаг. Бүх зүйл төлөвлөгөөтэй болохоор өдрийн цагаар тайван суугаад кофе уух зав гаргаж чаддаг. Яг хувьцаат компани гэдэг утгаараа би маш завгүй байдаг л даа. Гэхдээ цагийн менежемэнт сайн болохоор өөртөө цаг гаргаж чаддаг. Хүн машин биш учраас ярьж, амарч, тархиа амраах хэрэгтэй. Би өмнө нь өглөө 06.00 цагт босдог байсан. Харин одоо 04.30-05.00 хооронд босдог. Хүн биологийн амьтан учраас нар мандаж л байгаа бол босох хэрэгтэй гэж боддог. Заримдаа хэцүү байдаг ч гэсэн нойроо дийлж босоод 07.00 гэхэд ажил дээрээ ирдэг. 09.00 цаг хүртэл тухайн өдрийн шийдвэр гаргах чухал ажлууд дээрээ анализ хийнэ. Тэгээд л гүйцэтгэх захиралын үндсэн ажилдаа ордог доо. Орой 18.00 цагт тарна. Ээжийн, гэрийн эзэгтэйн ажлаа хийнэ. Өмнө нь би шөнийн хүн байсан. Одоо эсэргээрээ өглөөний хүн болохоор зорьж байна.

– Удирдах түвшний ажил хийхэд биеийн гэхээсээ илүү оюуны ачаалал ихээр авдаг юм шиг. Байнга бодно, эргэлзэнэ. Та тархины ядаргаагаа яаж тайлдаг вэ?

– Сүүлийн үед ууланд алхахыг хоббигоо болгож байна. Эхлээд хүчээр хийдэг байсан. Би өглөөний цагийг үр дүнтэй өнгөрүүлэх ёстой, хөдөлгөөн хийх хэрэгтэй гээд л. Хэд хэдэн удаа ууланд алхсны дараа бүр дурлачихсан. Мягмар гараг бүр хоёр цаг ууланд гардаг. Хүмүүс ээлжийн амралтаа аваад хөдөө явахыг би маш зөв гэж боддог. Зүгээр л ээлжийн амралт гээд хэн нэгэн зохиогоогүй. Энэ бол судалгаатай, үндэслэлтэй шийдвэр. Тэдэн жил ажилласан ийм насны хүн энэ хугацаанд амрах хэрэгтэй юм байна гээд гаргасан амралт учраас бүтэн эдлэх ёстой. Миний хувьд сүүлийн гурван жил ямар ч амралтгүй ажиллаж байна. Тархи амрах, бие амрах хоёр өөр л даа. Яалт ч үгүй хөдөө яваад, агаар салхинд гэр бүлтэйгээ чанартай цагийг өнгөрөөх нь бидний хэрэгцээ.

– Та хэр эрсдэл даах чадвартай хүн бэ?

Би эрсдэлд дуртай. Магадгүй өнөөдөр Itools компанийн гүйцэтгэх захиралыг хийж байгаа нь ч гэсэн эрсдэлд дуртай болохоороо л сонгосон зам байх. Хувьцаат компани удирдахаас айгаагүй, хийж байсан ажлаа орхихоос айгаагүй.

– Эцэг эхчүүд хүүхдээ IT-ийн мэргэжилтэй болгох сонирхол их байна. Хүн бүр энэ салбар луу шуурч байна. Та зөвхөн энэ мэргэжлийн тухай үзэл бодлоо хуваалцаач?

– IT судлах гэж байгаа хүүхдүүдэд гэж хэлэхэд математикаа сайн судла. Тоондоо дуртай хүүхэд аливаа зүйлийг системтэйгээр харж чаддаг. Эцэг эхчүүд яагаад дижитал шилжилтийн үед хүүхдээ энэ мэргэжлээр сур гээд байгаа вэ гэвэл системтэй сэтгэж, төлөвлөж сураасай гэсэндээ байх. Харин шууд хүүхдээ программист, IT инженер бол гэж шахаж байвал би үгүй гэж хэлнэ. Хүн болгоны зорилго тэмүүлэл өөр. Хүүхдээ сонсох хэрэгтэй. Хүүхэд нь жүжигчин болохыг хүсч байхад инженер бол гэж шахаад ямар ч нэмэргүй. Хүн хүссэн зүйлээ хийж байж л амжилт гаргадаг гэж би боддог. Та хүүхдээ дипломтой болоосой гэж хүсч байна уу, ирээдүйд хөрвөх чадвартай боловсон хүчин болоосой гэж хүсч байна уу гэдэг сонголт. Мэдээж IT-ийн мэргэжил цалин ихтэй, хүссэн цагтаа ажилладаг, нийгэмд том өөрчлөлт авчирдаг, олон янзын зүйл дээр төвлөрдөг гээд эерэг тал олон. Ганцхан код бичээд хэдэн зуун хүнийг банкинд дараалалд зогсохгүй байх боломжийг бүрдүүлж чадна. Нэг дор дэлхий даяарх бүх хүн хэрэглэдэг аппликэйшн бүтээсэн ч болно.

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *