Г.Түвдэндорж: Төр, хувийн хэвшил, олон нийт гурав ашигтай, сэтгэл ханамжтай байхаар тооцож хуулийн төсөл боловсруулсан

Салбар бүрийн төлөөлөл болсон чадварлаг боловсон хүчин оролцож өөрийн хуримтлуулсан туршлага, бүтээсэн мэдлэгийг хуваалцдаг INTERVIEW TODAY булангийн энэ удаагийн зочноор Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Гантөмөрийн Түвдэндорж уригдлаа. Тэрээр, хувийн хэвшлээс төрийн алба руу хөрвөх шийдвэрийг хэрхэн гаргасан болон санаачилсан Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль нийгэмд ямар ач холбогдолтой тухай дэлгэрэнгүй ярилаа. 

  • Та олон нийтэд тийм ч нээлттэй хүн биш. Манай сайтын зарим уншигчийн хувьд та шинэ зочин байж болох юм. Өөрийнхөө тухай танилцуулаач?
  • Миний хувьд Улаанбаатар хотын унаган хүүхэд. Айлын ууган хүү, хоёр дүүтэй. Нэгдүгээр арван жилд сурч байгаад дундуур нь Герман руу явж сурсан. 1998 онд дунд сургуулиа төгсөөд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд Олон улсын худалдаа, эдийн засгийн мэргэжлээр элсэж байлаа. 2002 онд их сургуулиа төгсөөд АНУ-ын Нью Йорк хотод Беркли коллежид бизнесийн удирдлага мэргэжлээр дахин бакалавраар суралцаад ирсэн. Бизнес, эдийн засгийн салбарт багаасаа сонирхолтой байсан учраас энэ чиглэлээр өдийг хүртэл явж байна. Манай гэр бүлд эдийн засгийн мэргэжилтэй хүн байхгүй л дээ. Манай аав хуульч, ээж их эмч. Хоёулаа төрийн албан хаагч байсан хүмүүс. Намайг дунд сургуулиа төгсөх үед манай улс зах зээлийн нийгэм рүү шилжээд удаагүй байсан учраас бие даасан бизнестээ болох, баялаг бүтээх тал руу илүү ач холбогдол өгсөн байж болох юм. 
  • Гадаад улсад боловсрол эзэмшиж ирээд ямар ажил хийсэн бэ? Ажлын гараа залуу хүний хувьд амьдралын суурь шахуу зүйл болдог шүү дээ?
  • 2006 оны 07 сард сургуулиа төгсөөд Америкаас эх орондоо ирсэн л дээ. Жил орчим хугацаанд ямар нэгэн дорвитой алхам хийгээгүй. Яг юу хийж эхэлсэн нь дээр вэ гэдгээ бодсон гэх үү дээ. Бизнес хийнэ гэдэг ерөнхий ойлголт байсан хэдий ч хаанаас эхлэх талаар нарийн төлөвлөгөөгүй байсан. Тухайн үед одоогийнх шиг мэдлэгийн эдийн засаг, технологи, хиймэл оюун ухаан ярих боломж хараахан бүрдээгүй. Тиймдээ ч цаг үеийн нөхцөл байдал болон өөрийн эзэмшсэн мэргэжлийн давуу талыг ашиглаад уул уурхайн бизнес эхлүүлье гэж шийдсэн. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайн салбараар дамжин ихээр нэмэгдэж байсан юм. Хийе бүтээе гэсэн хүнд харьцангуй боломжтой. Нэлээдгүй олон хүн энэ салбар луу орж өөрийгөө сорьсон байх гэж боддог. Миний хувьд “Өндөрбаянцогт” нэртэй компани үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь 2016 он хүртэл арван жил тасралтгүй ажилласан. Энэ хооронд хувийн хэвшилд тохиолддог жижиг том янз бүрийн сорилт, алдаа оноотой нүүр тулж байгаа юм. Хувийн хэвшлийн гал тогоо ямар байдгийг өөрийн биеэр мэдэрч, төсөөлснөөс тэс ондоо нөхцөл байдалд ажилласан нь чамгүй туршлага болсон байх. Улмаар 2008 онд дэлхий эдийн засагт хямралтай нүүр тулж эхэлсэн. Үүнтэй холбоотой гадаадын хөрөнгө оруулалт удаашралтай болсон нь уул уурхайн бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд том сорилтын үе л дээ. Харин 2009 оны 10 дугаар сарын 06-нд Оюутолгойн гэрээ байгуулагдсантай холбоотой гадаадын хөрөнгө оруулалт буцаад эрчимтэй сэргэж эхэлсэн. Тухайн үеийн нийгэм, эдийн засгийн тогтворгүй нөхцөлд хувийн хэвшлийн салбарт олон сорилттой нүүр тулж  ажиллаж байсандаа талархдаг. 
  • Арван жил компани авч явах амар биш болов уу. Хувийн хэвшил ээлгүй байв уу, төрийн алба руу хөрвөсөн шалтгаан тань юу вэ?
  • Анх төрд ажиллах санал ирэхэд нь залуу хүний хувьд карьер хөөх боломж гэдэг талаас нь харсан л даа. Юутай ч оролдоод үзье. Гаднаас нь харж дүгнэхээс илүү дотор нь ороод ажиллавал илүү алдаа оноог нь мэднэ шүү дээ. Хуулийн дагуу төрийн албаны шалгалт өгч тэнцээд, тангараг өргөөд ажлаа авсан. Бизнес хийж байхдаа ямар ч тохиолдолд төрийн албанд орж ажиллахгүй гэж боддог байсан юм. Хувийн хэвшил ажиллахад сонирхолтой, өөрийн бүтээсэн бүхэндээ сэтгэл ханамжтай байдаг. Гэтэл тухайн үед Сангийн яаманд орж ажиллах санал ирсэн. Хүлээж байсан аятай шууд зөвшөөрөөгүй л дээ. Багагүй хугацаанд бодож үзээд залуу хүний хувьд өөрчлөлт хийх боломж гэж харсан хэрэг. Сангийн яам бол Монгол Улсын төсвийн бодлогыг барьдаг бодлогын томоохон институт. Энэ яаманд орж ажиллаад олон зүйл сурч, туршлага хуримтлуулсан. Миний хувьд анх 2016 онд Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын даргаар томилогдож байсан. 2018-2022 оны хооронд Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажилласан. 2022 оны нэгдүгээр сараас Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайдаар жил ажиллаад, 2023 оны нэгдүгээр сард Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилогдон ажиллаж байна. 
  • Төрийн алба таны төсөөлснөөс ондоо байв уу, харамссан үе бий юу?
  • Төрийн албанд ажилласандаа харамсаж, шантарч байсан удаагүй. Эсрэгээрээ тухтай бүсээс өөрийгөө чөлөөлж, шинэ ажид ур чадвараа сорьсондоо сэтгэл хангалуун байдаг. Өмнө нь зөвхөн өөрийнхөө төлөө, өөрийнхөө компанийн төлөө ажилладаг байж л дээ. Харин төрийн албанд ороод аливаа асуудлыг улсын хэмжээнд томоор харж, олон нийтийн эрх ашгийн үүднээс хандах шаардлага үүсэж байгаа юм. Энэ нь миний хувьд томоохон сорилтуудын нэг. Сангийн яам бол боловсон хүчин сайтай. Олон улсад боловсрол эзэмшсэн чадварлаг залуус ажилладаг. Карьерын хувьд ч өсөн дэвжих, өөрийгөө хөгжүүлэх том суурь болж чаддаг. Чадварлаг боловсон хүчин болсон залуусын дунд эрүүл өрсөлдөөнд орж өөрийгөө хөгжүүлэх нь миний хувьд том боломж байсан. Ажил хийхээр очсон газраа өөрийнхөө сонирхолд нийцүүлэх гэж оролдохоос илүү өөрт ямар боломж өгч байгааг харж чадсан хүн өөрийгөө хөгжүүлж, ур чадвартай болдог байх. 
  • Сангийн яаманд байхдаа хийж гүйцэтгэсэн ажлаасаа дурдвал?
  • Бодлогын яаманд ажиллаж байх үедээ өөрийнхөө хувьд тодорхой хэмжээний шинэчлэлт санаачилж, түүний хүрээнд шаардлагатай ажлуудыг гүйцэтгэсэн туршлагатай. 

Нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалтын газар Монгол Улсын нэг жилд хэрэглэж байгаа төсвийн төслийг боловсруулж байв. Засгийн газраас улсын төсвөө өргөн барьж, УИХ дээр төсвөө батлуулж, төсвөөр дамжуулан зөв бодлого хэрэгжүүлэх ажилд гар бие оролцож байлаа. Намайг ажиллаж байх хугацаанд төсвийн зарлагад шинэчлэлт хийх хэрэгцээ шаардлага байсан. Үүний хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтыг ил тод болгохоос ажлаа эхэлсэн.

Анх төсвийн төсөл боловсруулж байх үед аймаг орон нутгаас, салбар яамдуудаас арав гаруй мянган санал ирүүлдэг байв. Хэдэн их наядаар хэмжигдэх санал. Тэдгээр ирүүлсэн материал дээр үндэслэн хэрэгцээт газар төсөв тавьж, үр дүнд хүргэж ажиллах цахим систем боловсруулж байгаа юм. 

Анх их хэмжээний цаасан материал дээр ажиллахад хүндрэлтэй. Үүнийг яаралтай шинэчлэх шаардлагатай гэж үзээд хөрөнгө оруулалтын цахим системийг санаачилж бүтээсэн. Тэр системээр яамдууд, Засгийн газрын харьяа байгууллага болон бүх агентлаг, аймаг тэргүүтэй төрийн байгууллагаас ирж байгаа саналыг цахим системээр хүлээж авдаг. Тухайн систем нь өөрөө материалын бүрдэлтэй, зураг төсөвтэй, газар нь шийдсэн төсөл хэрэгжүүлэхэд бэлэн төслүүдийг авдаг. Ингэхдээ, 17 мянган санал ирлээ гэж бодоход шаардлага хангасан 1000 гаруй төслийг хэрэгжүүлэх боломжтой байдаг. Энэ цахим системтэй хамт нэмэлт хөрөнгө оруулалтын аргачлал боловсруулсан. Хөрөнгө оруулалтын аргачлал нь орон нутагт байгаа хүн ам, эрэлт хэрэгцээнд үндэслэн ажилладаг. Жишээ нь, дэд бүтцийн салбарт голчлон хөрөнгө оруулалт хийгдсэн аймаг байлаа гэхэд нөгөө талдаа нийгмийн салбар орхигдсон байх магадлалтай. Ийм тохиолдолд сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихад хөрөнгө оруулалтыг чиглүүлэх. Зарим аймагт нийгмийн асуудал нь шийдэгдсэн байхад дэд бүтэц байхгүй. Замгүй, эрчим хүч татаагүй. Энэ тохиолдолд дэд бүтэц татах хөрөнгө оруулалтын аргачлалыг боловсруулсан гэсэн үг. Тэгэхээр төрийн байгууллагуудаас ирсэн санал дээр цахим систем боловсруулалт хийж эрэмбэлээд хамгийн сайн төслүүдийг шүүнэ. Нөгөө талдаа хэрэгжиж буй төслийн санхүүжилтийг ил тод болгосон. Санхүүжилт авсан компани нэхэмжлэлээ цахим системд тогтмол оруулаад явдаг. Мянга гаруй төслийн өдөр тутам хийгдэж байгаа гүйлгээг ямар компани аль санхүүжилтийн хүрээнд хийж байгааг Төсвийн хөрөнгө оруулалт гар утасны аппликэйшн ашиглаад харах боломжтой. Өмнө нь санхүүжилт авахад маш олон үе дамжлагатай. Удаашралтай. Үүнтэй холбоотой хэл ам их гардаг байсныг олон нийт мэднэ. Харин цахим систем ашигладаг болсноор төслийн санхүүжилт аль байгууллагын хэн гэдэг ажилтан дээр удаашраад байгааг хянах бололцоогоор хангасан. Төсвийн зарлага, санхүүжилт бүгд олон нийтэд ил тод, нээлттэй. Энэ нь төсвийн зарлагын реформтой уялдаж байгаа юм. Энэ ажлыг хийснээр манай улс адил төстэй хөгжиж байгаа орнуудын төвшинд хоёр үе шатаар илүү урагшилсан гэдэг үнэлгээг ОУВС-аас өгч байсан удаатай. 

Хоёрдугаарт, концессын асуудал. Монгол Улс төсвөөс гадуурх олон төсөвтэй болчихлоо гэж шүүмжлүүлдэг. Улсын төсөвт багтаагүй төсвөө концесс руу оруулчихдаг жишиг тогтсон байсан. Концессын хүрээнд хийгдсэн төслийн санхүүжилтийг улсын төсвөөс төлдөг. Ямар ч тооцоо, судалгаагүй. Яг л мөрөөдлийн жагсаалт шиг. Засгийн газар батлахаар өнөөх төслүүдийг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлдэг. Концессоор хэрэгжүүлж байгаа төслүүдээс хамааран төсөв дээр эрсдэл үүсэж эхэлнэ. Хэрэв засаж сайжруулахгүй бол алсдаа бол аюулын хонх цохих эрсдэлтэй байсан гэхэд болно. Концессын гэрээнүүдийг цэгцлэх ажил нэн түрүүнд эрэмбэлэгдэнэ. Тиймээс Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг санаачлан, хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт батлуулаад, эцсийн байдлаар УИХ-д өргөн барьж байсан удаатай. Засгийн газрын санаачилсан хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг миний бие ахалж ажилласан юм.

Энэ хууль батлагдсанаар замбараагүй байсан концессын асуудлыг цэгцлэх алхам тавигдсан. Нийт 60 төслийг концессоор хэрэгжүүлэх гэрээ байгуулсан байсан.

Үүнийг үнийн дүнгээр нь аваад үзвэл есөн тэрбум америк доллар. Ингээд бодоод үзэхээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувьтай тэнцэх томоохон төслүүд. Хэрэв ямар нэгэн байдлаар алдаа дутагдал гарлаа гэхэд төсөл амжилтгүй болж, олон улсын арбитрын шүүх дээр манай Засгийн газар өр төлбөртэй үлдэж нэхэмжлэхээр дуудагдах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Концессын гэрээг байгуулахдаа тооцоо судалгааг нарийвчлан хийж, ТЭЗҮ боловсруулж, өндөр ач холбогдолтой сайн төслийг дэмжих ёстой. Энэ тал дээр яаж ажиллахыг Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиар зохицуулж өгсөн. Төрийн хүлээх чиг үүрэг, хариуцлага, оролцоо нь тодорхой. Аль байгууллага ямар асуудалд хэрхэн оролцох вэ гэдгийг нарийн заасан. Хувийн хэвшлийн чиг үүрэг, хариуцлага нь мөн адил тодорхой. Тухайн төсөл дээр гарах эрсдэлийг ижил тэнцүү хуваарилсан гэх мэт. Өмнө нь концессын гэрээгээр хүлээх эрсдэлийг 100 хувь шахуу төр даах зохицуулалттай байлаа. Санхүүжилтийг ч төр даадаг буруу жишигтэй байсан. Одоо бол хувийн хэвшил өөрсдийн санаачилга дээр тулгуурлах боломжийг нээж өгч байгаа. Энэ нь хувийн хэвшилд урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах маш том зах зээлийг нээж өгч байгаа хэрэг юм. Нөгөө талаараа төр өөрөө бүх ажлыг хийхээр зүтгэхийн оронд үйлчилгээний, ахуйн ажлыг хувийн хэвшлээр хийлгэдэг болох явдал. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. 

  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 2024.01.01-ээс хүчин төгөлдөр хэрэгжинэ. Энэ хуулийн гол ач холбогдол нь юу вэ?
  • Энэ хууль бүх салбарт хэрэгжих боломжтой. Тэр дундаа бүтээн байгуулалтын салбарын ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийж болно. Энэ хууль өмнөх концессоос ялгаатай нь төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр хийлгүүлэх боломжийг нээж байгаа юм. Төрийн албан хаагчдын тоо 200 мянга давчихлаа. Дийлэнх нь төрийн үйлчилгээний ажилтан. Оффис цэвэрлэгээ, харуул хамгаалалтаа хүртэл төр өөрөө хийдэг. Үүнийг олон улсын жишигт нийцүүлээд хувийн компаниар хийлгэдэг болох боломжтой. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн таван сургуулийн менежментийн үйл ажиллагааг нэг хувийн компани улстай 20 жилийн хугацаатай гэрээ хийгээд гүйцэтгэх боломжтой. Бизнесийн байгууллага ашигтай, урт хугацаанд ажиллахын тулд чанаргүй, нүд хуурсан нэг удаагийн зүйл хийхгүй. Цаашлаад харуул хамгаалалт, хоол, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ зэрэг аж ахуйн ажлыг төр хийхийн оронд хувийн хэвшил хийгээд явдаг систем рүү орвол илүү үр дүнтэй. Улсын сургуульд жил бүр засвар хийдэг. Зарим аймагт шинээр ашиглалтад орсон сургууль гурван жил болоод цууралт өгч, анги хүлээж авах боломжгүй болж байна. Тэр хэмжээний чанаргүй, стандартгүй барьж байгаа хэрэг. Жил бүр засахаас хойш гэсэн сэтгэлгүй хандлага. Харин аймгийн бүх сургуулийн засварыг нэг хувийн компанид өгвөл тэр хоёр гурван ажил хийхгүй. Хувийн хэвшил чанаргүй ажил хийж өөрсдөөсөө зардал гаргахыг хүсэхгүй шүү дээ. Аж ахуйн ажлыг чаддаг хувийн хэвшил нь гүйцэтгээд, харин төр боловсролын чанар дээр анхаарч, сайн багш бэлдэх ёстой. Энэ хуулийн гол зорилго нь иргэд чанартай төрийн үйлчилгээ авах. Төрийн үйлчилгээний ажлыг хувийн хэвшилд чанартай үзүүлэх. Төр бүх ачааг нуруун дээрээ үүрэхийн оронд хувийн хэвшилтэй хамтрах. Эдгээр хамтралын хүрээнд төсвийн хэмнэлт гарах ач холбогдолтой. Төр, хувийн хэвшил, иргэд олон нийт гээд гурван талд бүгдэд нь ашигтай, сэтгэл ханамжтай байх зарчим барьж боловсруулсан хууль. 
  • Олон нийтийн дунд Эдийн засаг, хөгжлийн яам шинэ байгууллага гэж ойлгогдож байгаа. Яам зохиогоод сайд тавьчихлаа гэх шүүмжлэл ч бий. Хэзээ байгуулагдсан, ямар ач холбогдолтой яам юм бэ?
  • Анх 2013 онд Эдийн засгийн хөгжлийн яам гэж байгуулагдаад хоёр жил ажиллаад татан буугдсан юм билээ. Сая 2022 оны Засгийн газрын шийдвэрээр дахин байгуулагдсан. Миний хувьд 2023 онд ажлаа авсан. Анхны дэд сайд нь биш л дээ. Олон нийтийн дунд Эдийн засаг, хөгжлийн яам нь Сангийн яамнаас юугаараа ялгаатай вэ. Нэг чиг үүрэгтэй, нэг функцтэй яам байгууллаа гэсэн ойлголт байдаг. Сангийн яам бол төсвийн  бодлого барьдаг. Өрийн удирдлагын менежментийг зохицуулах чиг үүрэгтэй. Төсвийн харилцаа бол нийгмийн асуудал руу голчлон оролцдог. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, халамжийн бодлогыг авч явдаг. Эдийн засаг, хөгжлийн яам бол Монгол Улсын нийт макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж ажиллана. Үүнийг олон нийт ялгаж салгаж ойлгоосой. Эдийн засаг, хөгжлийн яам урт, дунд, богино хөгжлийн төлөвлөлтийг хийдэг. Улсын хөгжлийн бүх бодлогын уялдааг хангаж ажилладаг. Бүс, орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулна. Мөн гадаадын хөрөнгө оруулагч нарыг дэмжиж ажиллана. Сангийн яамнаас ялгаатай нь хувийн хэвшил, бизнесийг дэмжих, зах зээлийг өргөтгөх, эдийн засгийг тэлэх төрөлжүүлэх, санхүүгийн салбарын эх үүсвэрийг нэмэгдүүлэх тал дээр чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг. 
  • Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслийн орлого зарлага, захиран зарцуулалт, гүйцэтгэл дээр аль яам хяналт тавьж ажилладаг юм бэ?

-Аль ч яам байсан тухайн салбарынхаа үйл ажиллагааг хянах ёстой. Санхүүжилт, гүйцэтгэл, чанар гээд цогцоор нь. Харин төсвийн харилцаанд бол салбар яамдыг хянах үүргийг Сангийн яам хүлээдэг. Хуулийн дагуу байгаа эсэх, бүрдүүлэх материал, гүйцэтгэл, чанар зэргийг Сангийн яам давхар хянасны үндсэн дээр санхүүжилт олгодог. 

Аливаа бизнесийг зах зээлийн зарчмаар нь нээлттэй ажиллах боломжоор хангаж байж улс хөгждөг. 
  • Гадаадын хөрөнгө оруулалтад олон нийт тийм ч таатай ханддаггүй. Магадгүй энэ талын мэдээлэл дутмаг байж болох юм. Таны хувьд гадаадын хөрөнгө оруулагч нартай хамтрах цаг үе гэсэн агуулгыг ярьдаг. Тэгвэл гадаад хөрөнгө оруулалтын ач холбогдол нь юу вэ. Бид ямар өнцгөөс харж чадвал илүү боломж ирэх вэ?
  • Дэлхийн улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө уралддаг. Хөгжиж байгаа бүү хэл хэзээний хөгжингүй орнууд ч гадаадын хөрөнгө оруулалт авахын тулд өрсөлддөг. Америк, Европын орнууд, БНХАУ, Япон, БНСУ, Сингапур .. Гадаад зах зээл нээлттэй байгаа цагт хөгжлийн явц түргэсэж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхана гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Бид гадаадынханд хаалттай. Дотроо болоод байгаа мэт яваад л байвал яваад л байна. Мал аж ахуй, газар тариалангаа эрхлээд хаалттай орон байж болно. Тэглээ гээд бидэнд хөгжил ирэхгүй. Түүний оронд бүхий л салбар дээр гадаадын хөрөнгө оруулалтыг авчрах ёстой. Монгол бол Азийн цээжин дээр байрлалтай, ардчилсан эрх чөлөөтэй, байгалийн баялагтай, уудам газар нутагтай, залуучууд давамгайлсан орон. Хүссэн улс руугаа аялж болох гадаад харилцаатай. Бизнес санаа нь бэлэн бол хэрэгжүүлэх зах зээл нь нээлттэй. Харьцангуй боломж ихтэй гэсэн үг. Тиймээс өөрсдийн давуу талаа ашиглаад, боловсролын түвшинд судалгаа шинжилгээг нарийн хийж, гадаад хөрөнгө оруулагч нартай хамтран ажилласан цагт хөгжлийн гарц нээгдэнэ гэж боддог. Хаалттай орнуудыг аваад үзье л дээ. Хойд солонгос, Дундад ази, Африк болон Латин америкийн зарим орон. Бид тэдэн шиг байх аргагүй. Дэлхийн зах зээлийн хоёр дах том эдийн засагтай оронтой хил залгадаг. Хоёр том зах зээлийн дунд оршиж байгаа Ардчилсан орон учраас зах зээлээ чөлөөтэй орхиж, барууны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Хөрөнгө оруулагч нар ч гэсэн энэ өнцгөөр л биднийг хардаг. Гэтэл бид хэт үндсэрхэг үзэл гаргаж, манай улсыг булааж авах гэж байгаа мэтээр хандаж болохгүй л дээ. Баялгийг хамт бүтээсэн, гаднаас санхүүжилтийн капиталыг татаж хөгжсөн сайн жишээ дэлхийд олон байдаг. Үүний нэг жишээ нь БНСУ байна. 1970 оноос хойш Япон, АНУ-ын хөрөнгө оруулалтыг маш сайн татсан. Үр дүнд нь өнөөдөр азийн бар гэгдэх хөгжилтэй орон болсон байна. Сингапур улс жижиг газар нутагтай, ядуу орон байсан. Гэтэл санхүүгийн бодлогыг чөлөөтэй явуулсан. Зах зээлийн оновчтой бодлого барьж чадсан учраас өнөөдрийн хөгжилд хүрсэн байх жишээтэй. Хонг Конг, Вьетнам, Чили гээд бүгд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж хөгжсөн. Тиймээс манай улс ч гэсэн зөв бодлогоор богино хугацаанд хөгжих боломжтой гэж хардаг. 
  • Таны хувьд хувийн хэвшлээс төрийн алба руу шилжээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Ажлаа хийхэд төвөгтэй, саадтай зүйл байв уу. Улс төрийн гал тогоонд харьцангуй шинэ хүн шүү дээ?
  • Эдийн засгийн хөгжлийн дэд сайдын ажлыг авахдаа өөрчлөлт хийх боломж гэж харсан тухайгаа өмнө нь хэлсэн. Миний хамгийн том зорилт бол Монгол Улсын бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох. Хувийн хэвшлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх. Үүнтэй манай яамны чиг үүрэг нийцдэг. Тиймээс улс төр хийх, ямар нэгэн хувь хүн рүү чиглэсэн дайралт, саад бэрхшээл харьцангуй бага санагддаг. Үндсэн чиг үүргийнхээ хүрээнд бодлогын түвшинд ажиллаж байна. Манай улсад асуудалтай зүйл олон бий. Тэглээ гээд нэг амьсгаагаар өргөс авах мэт шийдэх боломжгүй. Шат дараатай, оновчтой бодлогоор зөв голдиролд нь механизмд оруулах боломж бий. Сангийн яаманд зургаан жил ажиллах хугацаандаа асуудлын гүнийг тэмтрэх гэж нэлээн оролдсон л доо. Нийслэлийн иргэдийн ихэнх нь аж төрж буй гэр хороолол, утаа, хөрсний бохирдол. Яг л 18 дугаар зууны хэв маягаараа одоог хүртэл амьдарч байгаа юм. Амьдрах орчин огт сайжраагүй, улам бүр дордож байгаа нь иргэн хүний хувьд ч сэтгэлд эмзэглүүштэй. Хөгжих гэж яарч том зүйл ярихын өмнө ядаж л гэрээсээ гарч таван минут алхаад автобусанд суух боломжтой, нийтийн тээврийн шийдэлтэй болсон нь олон нийтэд тустай байна шүү дээ. Энэ болгоныг залуу хүний үүднээс харж, шийдэл эрж хайх тал дээр анхаардгаас улс төр хийх, аль нэг тал руу туйлшрах хэрэггүй гэж боддог. 
  • Төрийн өндөр албан тушаалд байгаа хүний хувьд залуу үетэй хэрхэн хамтарч ажиллах вэ. Төлөвлөгөө бий юу?
  • Монгол бол залуусын орон. Төрийн зүгээс тэдэнд зориулж нэн шаардлагатай үзүүлэх үйлчилгээ бол чанартай боловсрол. Боловсролтой залуу хүн эрүүлээр сэтгэж, улс эх орны хөгжилд хувь нэмрээ оруулна. Боловсролын систем, хүртээмж болон хот хөдөөгийн ялгамжтай байдлыг арилгах ёстой. Түүний тулд залуустай л хамтарна. Тэд асуудлаа мэднэ, шийдэл санал болгоно. Түүний үндсэн дээр төрийн зүгээс ямар арга хэмжээ авч болох тал дээр бодлогын түвшинд хамтарч ажиллах төлөвлөгөө байна. Эхнээсээ ажил хэрэг болгосон цөөнгүй ажил бий. Хамгийн гол нь залуу үе улс төрөөс дөлөхийн оронд үзэл бодлоо хуваалцаж, өөрчлөлт хийх итгэл үнэмшилтэй байх ёстой. Арав хорин жилийн дараа бүрэлдэх нийгмийн төлөө өнөөдөр бид ажиллаж, алдаж онож байна шүү дээ. 
Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *