Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1000 шонг шилжүүлсэн бөгөөд зам талбайн нөхөн сэргээлтийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Энэ онд үлдсэн гэрэлтүүлгийн 650 шонг шилжүүлнэ.
Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг нийт 18 аж ахуйн нэгж байгууллага байдаг. Эдгээр байгууллагын 2025 онд хийсэн судалгаагаар нийслэлийн хэмжээнд явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр гэрэлтүүлгийн 1650 шон байршуулсан байсныг тогтоосон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас уг гэрэлтүүлгийн шонгуудыг чөлөөлж эхэлсэн юм. Ингэхдээ түр хугацаанд тухайн орчмын зам, талбайг хучиж орхисон бөгөөд урин дулаан эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдрөөс нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлж байна. Ингэснээр иргэд явган хүний замаар аюулгүй, чөлөөтэй зорчих боломж бүрдэж байгаа юм” гэв.
“Төгс гэрэлтүүлэг” ХХК-ийн цахилгааны техникч А.Амартүвшин “Манай байгууллагын хувьд Баянгол дүүргийн хэмжээнд гэр хороолол болон төв зам дагуух явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай дээр байршуулсан гэрэлтүүлгийн 227 шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлсөн” гэлээ.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
