Дэлхийн цаг уурын өдрийг энэ жил “Өнөөдрийг ажиглаж, Маргаашийг хамгаална” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Ус, цаг уур, орчны шинжилгээ бол дэлхийн агаар мандал, усан мандал, газрын хөрсийг бүхэлд нь хиймэл оюун ухааны технологи, хиймэл дагуул, автомат төхөөрөмж, хүний нүдээр хийх ажиглалт, судалгаа, шинжилгээг зэрэг ашиглаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих өндөр ач тустай цогц үйл ажиллагаа байдаг.
Ус, цаг уурын анхан шатны мэдээ, мэдээлэл нь урьдчилсан мэдээний үндэс болж цасан болон шороон шуурга, үер, ган гачиг, зуд, зэрэг байгалийн гамшигт үзэгдлээс эрт сэрэмжүүлж, гамшиг тохиолдохоос өмнө арга хэмжээ авах, нийгэм-эдийн засаг, ард иргэдэд учрах хохиролыг бууруулах боломжийг олгодог.
Анхны багажийн шинжилгээний ажиглалтыг 1869-1909 онуудад Өргөөд 2-3 жилийн завсарлагаатай, 1879-1880 онуудад мөн Улиастайд түр станц ,1895-1897 онуудад Ховдод түр станц байгуулан тус тус ажиллаж байсан гэх түүхэн баримт сэлт байдаг.
2025 онд ус цаг уурын салбар ажиглалт, боловсруулалтын системийг шинэчлэхэд онцгой анхаарч, радарын тоог нэмэх санхүүжилтыг шийдэж, агаарын бохирдлын автомат багажийг аймгийн төвүүдэд суурилуулав. Үүний зэрэгцээ шинэ үеийн өндөр хурдны HPC тооцоолох машиныг шуурхай ажилдаа нэвтрүүлж, цаг агаарын богино, дунд хугацааны прогнозыг 10 хоногоор гаргадаг болсон ба цасан болон шороон шуурга, ган, зудын нөлөөллийн прогнозын шинэ технологийг хөгжүүлсэн.
2026 онд Монгол улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал COP17-той холбогдуулан Цөлжилтийн атлас боловсруулах, ган болон шороон шуурганы эх үүсвэр, түүний нөлөөллийн бүсийг тогтоосон судалгааны ажлууд хийгдэж байна.
Үндэсний ус, цаг уурын салбарын судалгаа, шинжилгээний үр дүн, технологиор дамжуулан нийгмийн сайн сайхан аюулгүй байдал, тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалалд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчилан таниулах, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих нь чухал ач холбогдолтой юм.
