Хиймэл оюун ухааны хөгжил сүүлийн жилүүдэд урьд өмнө байгаагүй хурдаар урагшилж байна. ChatGPT, Claude, Gemini зэрэг системүүд гарч ирснээр хиймэл оюун ухаан зөвхөн технологийн салбарынхны ойлгодог лабораторийн туршилт биш, харин бодит амьдралд ашиглагдаж эхэлсэн технологи болсныг дэлхий нийтээрээ мэдэрч эхэллээ.
Гэвч энэ өөрчлөлтийн цаана илүү том асуулт гарч ирж байна.
Хэрэв хиймэл оюун ухаан хүнээс ухаантай түвшинд хүрвэл юу болох вэ?
Америкийн хиймэл оюун ухааны лаборатори Anthropic-ийн гүйцэтгэх захирал, Claude системийг хөгжүүлэгч Дарио Амодей (Dario Amodei) болон Израилийн түүхч, философич Юваль Ноа Харрари (Yuval Noah Harari) нарын байр суурь энэ асуулт бодитой асуудал бөгөөд энэхүү хөгжилд бид тун удахгүй хүрхээс гадна үүнийг дагаж ирэх аюулуудыг анхааруулж байгаа юм.
Амодей хиймэл оюун ухааны өнөөгийн үеийг technology adolescence, өөрөөр хэлбэл технологийн өсвөр нас гэж тодорхойлсон.
Түүний тайлбарласнаар хүн төрөлхтөн тун удахгүй урьд өмнө байгаагүй асар их хүчийг гартаа авах гэж байна. Гэвч нийгэм, улс төрийн системүүд ийм хүчийг удирдах хэмжээнд хүрсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
“Humanity is about to be handed almost unimaginable power.”
Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухааны дараагийн шат гарч ирэх үед технологийн боломж асар их тэлэх боловч хүн төрөлхтөн өөрөө тэр хүчийг хариуцлагатайгаар удирдах чадвартай эсэх нь эргэлзээтэй гэж Амодей үзэж байна.
Амодейн энэ тухай бичсэн 50 нүүр эсээнд хамгийн их ишлэгддэг санаануудын нэг бол хиймэл оюун ухааны дата төвүүдийн ирээдүйн тухай таамаг юм. Түүний үзэж байгаагаар ойрын жилүүдэд дата төвүүдэд “суут ухаантнуудын улс” шиг системүүд бий болж магадгүй.
“We may soon have something like a genius nation inside a data center.”
Энэ нь хэдэн сая AI агентууд нэг дор ажиллаж, шинжлэх ухааны нээлт хийх, шинэ эм боловсруулах, программ бичих, робот системүүдийг удирдах зэрэг оюуны өндөр чадвар шаардсан ажлуудыг гүйцэтгэх боломжтой болно гэсэн үг юм.
Ийм системүүд бий болбол технологийн хөгжил хэдэн арван жилээр бус, сар жилээр хэмжигдэх хурдтай өөрчлөгдөх магадлалтай.
Харрари: AI бол зүгээр нэг багаж (tool) биш
Израилийн түүхч, философич Юваль Ноа Харрари хиймэл оюун ухааныг өөр өнцгөөс тайлбарладаг. Түүний үзэж байгаагаар AI бол зүгээр нэг технологийн хэрэгсэл биш, харин бие даасан шийдвэр гаргах чадвартай шинэ төрлийн “агент” юм.
Харраригийн хэлснээр хиймэл оюун ухааны хамгийн том аюул нь робот бослого биш, харин мэдээллийн системийг хянах чадвар юм. AI нь асар их хэмжээний худал мэдээлэл үйлдвэрлэх, хүний зан төлөв, сэтгэл зүйг датагаар удирдах, улмаар мэдээллийн орчныг хяналттай систем болгон хувиргах боломжтой.
Түүний тайлбарласнаар AI бол мэдээлэл боловсруулах машин бөгөөд мэдээллийг хянасан хүн нийгмийн хүчийг хянадаг. Тиймээс хиймэл оюун ухаан зөвхөн технологийн асуудал биш, харин ардчиллын ирээдүйтэй холбоотой асуудал болж байна.
AI-ийн шинэ геополитик
Хиймэл оюун ухааны хөгжил зөвхөн технологийн салбарын асуудал биш болжээ. Энэ нь аль хэдийн геополитикийн өрсөлдөөн болж хувирсан.
Өнөөдөр AI-ийн хөгжлийн гол тоглогчид бол АНУ болон Хятад юм. Эдгээр хоёр улс суперкомпьютер, AI чип үйлдвэрлэл, мөн дата гэсэн гурван үндсэн нөөц дээр өрсөлдөж байна.
Хэрэв супер оюун ухаан бий болбол кибер дайн, санхүүгийн систем, цэргийн стратеги, мэдээллийн орчин зэрэг олон салбар хиймэл оюун ухааны шийдвэр гаргалтаас хамаарах боломжтой болно. Иймээс зарим судлаачид хиймэл оюун ухааныг 21-р зууны цөмийн технологитой адил стратегийн ач холбогдолтой гэж үзэж эхэлжээ. Энэ нь өөрөө бусад улс орнуудад аюул заналхийлэл учруулах бодитой эрсдэл болж магадгүй юм. Учир нь энэ салбарт маш хүчтэй хоёр тоглогч л байна.
Ирээдүйн хамгийн чухал асуулт
Artificial Super Intelligence буюу хүнээс ухаантай AI хэзээ бий болох нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Гэвч технологийн хөгжлийн хурдыг харвал энэ асуудал хэдэн зууны дараах зүйл биш, харин ойрын арван жилд яригдах бодит асуудал болж байна.
Амодейн анхааруулга технологийн хүчний тухай бол Харраригийн анхааруулга хүний нийгмийн сул талын тухай юм.
AI бидний төсөөлж байснаас илүү хурдан хөгжиж магадгүй. Гэвч хамгийн том эрсдэл нь технологи биш, харин технологийг удирдах нийгмийн чадвар юм.
Тиймээс ирээдүйн асуулт нь:
Хиймэл оюун ухаан хүнээс ухаантай болох уу? гэдэг биш. Харин хүнээс ухаантай AI-тэй ертөнцийг хүн төрөлхтөн үнэхээр хянаж чадах болов уу? гэдэг асуулт юм.
