Монгол улс 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээснээс өнөөг хүртэл давхардсан тоогоор 22 мянга гаруй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ. Тэгвэл Монголын энхийг сахиулагчдын хамгийн их явдаг Судан улсад одоогоор юу тохиолдож байна вэ.
2023 оны дөрөвдүгээр сараас хойш Суданд гарсан зэвсэгт мөргөлдөөн улс орныг гамшигт хүргээд байна. Арми болон хүчирхэг хөлсний цэргийн бүлэглэл болох дэмжих хүчин (RSF) хоёрын хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэл хяналтаас гарч, өлсгөлөн, дүрвэлт, геноцидын шинжтэй халдлагуудыг дагуулжээ.
НҮБ-ын мэдээлснээр, 150 мянга гаруй хүн амиа алдаж, 12 сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн нь дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хямрал болоод байна.

Иргэний дайн яагаад эхэлсэн бэ?
2019 онд 30 орчим жил төр барьсан Омар аль-Баширийг арми огцруулсны дараа улс төрийн тогтворгүй байдал эхэлжээ. Түүнийг огцруулсны дараа арми болон иргэний төлөөллөөс бүрдсэн хамтарсан засгийн газар байгуулагдсан ч 2021 оны аравдугаар сард дахин төрийн эргэлт гарч, эрх мэдлийг армийн тэргүүн генерал Абдел Фаттах аль-Бурхан, түүний орлогч RSF-ийн удирдагч генерал Мохамед Хамдан Дагало (“Хемедти”) нар авчээ.
Гэвч хоёр генерал улс орны ирээдүйн чиглэл, ялангуяа RSF-ийг үндэсний армид нэгтгэх асуудлаар зөрчилдөж, 2023 оны 4 дүгээр сарын 15-нд буудалцаан эхэлсэн байна.
RSF нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Дарфурын дайны үед олонд танигдсан Жанжауид хэмээх хөлсний бүлэглэлээс үүсэлтэй. Энэхүү бүлэглэл өмнө нь нутгийн хар арьст иргэдийг устгах, аллага, хүчингийн хэрэгт холбогдож байв.
Хемедти Суданы алтны уурхайнуудыг хянадаг бөгөөд алтыг Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) -руу хууль бусаар гаргадаг гэх хардлага бий. Арми АНЭУ-ыг RSF-ийг дэмжиж, Суданд нисгэгчгүй онгоцны цохилт өгсөн гэж буруутгасан ч АНЭУ үүнийг няцаасан.
2025 оны зун RSF Суданы хойд хэсэг, Ливи болон Египетийн хил дагуу нутгийг эзэлж, 10-р сард Дарфурын хамгийн чухал хот Эл-Фашерыг эзэлсэн нь тус бүс нутгийн бараг бүх хэсгийг хяналтдаа авсныг илтгэж байна.
Армийн хяналтанд байгаа бүсүүд
Арми улс орны хойд болон зүүн хэсгийг, тэр дундаа Улаан тэнгисийн эргийн Порт Судан хотыг хянаж байна. Гэвч тус хот ч аюулгүй биш. RSF 2025 оны 3-р сард тэнд нисгэгчгүй онгоцны цохилт өгсөн.
Хартум хотыг бараг хоёр жилийн тулааны дараа, 2025 оны 3-р сард арми эргүүлэн авч, ерөнхийлөгч Бурхан “Хартум чөлөөлөгдлөө” хэмээн зарласан ч хот сүйдсэн, эмнэлэг, банк, төрийн байшингууд шатаж устжээ.

Арми мөн өмнө нь алдаж байсан Гезира мужийг буцаан эзэлсэн ч Дарфурын сүүлийн түшиц газар болох Эл-Фашер 10-р сарын сүүлчээр RSF-ийн гарт орсон байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “RSF болон холбоотнууд тодорхой угсаатны бүлгийн эрэгтэй, хөвгүүдийг системтэй хөнөөж, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байна” хэмээн мэдэгджээ.
Судан АНЭУ-ыг геноцидийг санхүүжүүлсэн гэж буруутган Олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргасан ч, шүүх хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Энх тайвны хэлэлцээ
Саудын Араб, Бахрейн зэрэг оронд хэд хэдэн удаа энхийн хэлэлцээ болсон ч үр дүнд хүрээгүй. Олон улсын байгууллагууд “дипломат хүчин чармайлт сул, дэлхийн анхаарал хангалтгүй” гэж шүүмжилж байна.
НҮБ-ын мэдээлснээр, 24 сая гаруй хүн өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа бөгөөд хүнсний тусламжийн 80 хувь зогсжээ. Суданы дайныг олон хүн “дэлхийн мартсан дайн” хэмээн нэрлэж байна.
Суданы тухай товчхон
Судан бол Африкийн хойд зүүн хэсэгт орших, 1.9 сая км² газар нутагтай том улс бөгөөд Египет, Эфиоп, Өмнөд Судан зэрэг долоон улстай хиллэдэг. Улирлын Нил мөрөн тус улсаар урсдаг тул стратегийн чухал байрлалтай.
46 сая орчим хүнтэй, голчлон ислам шашинтай улс бөгөөд алтны баялаг ордтой ч иргэний дайн, авлигаас болж дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг хэвээр байна.
2022 онд нэг хүнд ногдох дундаж орлого 750 ам.доллар байсан бол 2024 онд улсын төсвийн орлого 80 хувь буурсан гэж Сангийн яам мэдээлжээ.
Эх сурвалж: BBC news
