ӨВ СОЁЛОО ДЭЛГЭРҮҮЛЬЕ | Дарьганга хуримын ёсон

10 минут уншина

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Хурим найрын дэг ёсны судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Хурим найрын дэг ёсны судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

ДАРЬГАНГА ХУРИМЫН ЁСОН

Дарь овоо, Ганга нуураар нэршсэн өвөрмөц нэгэн угсаатан бол Манжийн хааны сүрэгчин хошуунаас үүссэн дарьгангачууд билээ. Уран дархчуудаараа Халх өвөрлөгч даяар цуутай дарьганга эхнэрийн хувцас гоёл мянган лан шингээдэг гэж үздэг байв.

Дарьганга хуримын зан үйл үндсэн хоёр үе шаттай байдаг. Эхний үе нь бэр буулгах сайн өдрийг саатан товлосны дараа хүүгийн тал охины эцгийнд талд очиж “тахил тавих” ёслол буюу “Тахилын хурим” хийдэг. Энэ нь хүргэн эхлээд хадмынхаа гадаа буудаг монгол угсаатны хуримын нэг зан үйлтэй төстэй заншил юм. Хүргэнийг үе тэнгийнх нь залуус, ах дүүсийнх нь хамт садангийнх нь нэгэн ахмад хүн тэргүүлэн хадмынх руу нь очно. Хүргэний талынхан бэр болох охины эцгийн гэрийн гадаа acap майхнуудаа шааж буудаллана. Баян чинээлэг айл бол бэрийн эцэгт хүрэн буйлтай цагаан тэмээ, хар булган молцогтой цагаан морь болон, хонь юм уу үхрээр зум хийж, идээ, архи дарс, амттан бүхний дээжээр бэлэг барьдаг байна. Хүүгийн талынхныг очиход хүмүүс гэрийн үүдийг ацтай баганаар хөндлөн дараад:

Ахлагч ах дүү нарын

Амар мэндийг асуун эрье

Унаа морьд чинь зүдэрсэнгүй

Уршиг барцад тохиолдсонгүй

Амь бие чинь сульдсангүй

Амархан морилж ирэв үү?

Үхэр мал хотноосоо гараагүй

Хүн амьтан ор дэвсгэрээсээ босоогүй

Үүрийн харанхуй бүрэнхийгээр

Яаран сандран ирдгийн

Явдал учир юу вэ? гэж ам асууна.

Хүүгийн талын ахлагч:

Сайн морь зүдэрсэнгүй

Саад явдал тохиолдсонгүй

Садан ургийн газартаа

Сайн явж ирлээ

Энх цацрал төгс бүрдсэн

Арван ах, дөрвөн хүүгээ дагуулж

Эрхэм сайхан хүргэн чинь

Асар их оронд чинь бараалхаж

Зуу шүтээнд чинь мөргөж

Зул хүж өргөхөөр ирэхэд

Байцааж асуугаад оруулахгүй

Баганаар үүдээ дардгийн учир юу вэ?

гэхэд охины талаас бас хариу үг шүлэглэн хэлж хэдэнтээ цэц булаацалдсаны эцэст хүргэний авчирсан бэлгийн дотор юу юу байгааг нэрлүүлээд гэрт оруулна. Хүргэн болох хүү хадмынхаа бурхан шүтээнд нь зул хүж өргөж мөргөөд, авчирсан сархадын дээжээс мөнгөн аяганд хийж хадам эцэгтээ хадагтай хамт барьдаг.

Хадам эцэг идээний дээжийг аваад бэлгэ дэмбэрэлтэй ерөөл хайрлан идээний дээжийг уул хангайдаа өргөөд тогтооно.

Ийнхүү хурим найр эхэлмүй.

Найрын төгсгөлд хонины чанасан хүзүүний махыг шулж, хөшиглөөд ястай нь хамт таваглаад зочдод хишиг түгээдэг. Хүзүүний махыг идэж дуусгахад гийчид ясыг булаалдан наадна. Хүзүүний яс хамгийн бат бэх хэлхээтэй байдаг тул хүзүүний ясаар хоёр тал хэзээ ч салшгүй ургийн холбоо тогтоосныг бэлгэддэг ёс ажээ.

Тахилын хурим хийж бэрээ аваачихаар хүүгийн талаас ирсэн хүмүүсийн майхан бүрд бэрийнхэн идээ цай, хонь, үхрийн мах шүүс өгдөг. Тахил тавих үеэр шинэ бэрийг нуудаг заншилтай. Өглөө нь хүргэн хүү нуугдсан сүйт охиноо олж авахдаа гоёлын бүрэн хувцсаа өмсч, нум агсааад, дээр дороо суулгах хоёр хүн, бэрийг булааж мордуулах үүрэгтэй хүч тэнхээтэй нэг залуу дагуулан хадам эцгийн гэрт очно. Хүргэн нум сумаа гэр дээр нь тавьж, хутгаа хуйтай нь бүснээсээ сугалж доош нь унжуулаад, дээр суух хүнээ түрүүндээ оруулж, өөрөө дараалан, дор суух хүнээ дагуулж орно. Тэднийг ороход, эхнэр болох бүсгүй нь гоёлын иж бүрэн хувцасаа өмсөөд битүү бүтээлэг дор сууж байх бөгөөд түүний үе тэнгийн хэдэн охин бие биеэсээ бүсээр хэлхэлдэн хүрээлсэн байдаг.

Хүргэний талынханд монгол ёсоор цай идээ, шүүс тавьж дайлна. Хүргэн хүү цай идээ амсаж, мах шүүс зооглохдоо мах огтлон хүнээр дамжуулж гэргийдээ өгдөг. Энэ нь үүнээс хойш гэргийтэйгээ насан турш нэг тогооноос хоол идэж хамтдаа аж төрөхийн эхлэлийг тавьж буй ёс юм. Хүргэн хоолоо зооглож дуусахад, дээр нь суусан ахмад хүн шаантны нарийн үзүүрийг сайн хөндөөд түүнд өгөхөд, эрхий хуруугаараа шагайг нь нуга даран мултлаад гутлынхаа баруун түрийнд хийдэг. Энэ нь хүргэн хүү хүч тэнхээгээ харуулж байгаа хэрэг. Хүүхний тал хүргэн хүүд аяганд сүү хийж нэг сумны хамт барихдаа сумаа магтан:

“Эрдэнийн цагаан энэ сумаа

Хүргэн хүү чамдаа өгье

Тэнхээтэй сайн эрхийнхээ

Тэмдэг болгож яваарай

Тэнэгэр сайхан жаргалынхаа

Бэлэг болгон хадгалаарай” хэмээн ерөөдөг.

Хүргэн хүү хадмын барьсан сүүг ууж, аягы нь өвөртлөөд сумыг авч хоёр дагуулынхаа хамт түрүүлж гараад, гэр дээр тавьсан нум сумаа агсаад мордоход бэлтгэнэ. Энэ үеэр түүний дагуул залуус бүсээрээ холбоотой бэрийн найз охидыг салгаж, хүүхнийг гэрээс гаргахад, толгойг нь бүтээлэгтэй хэвээр нь нэгэн морьтон дүүрч зугтдаг.

Ийнхүү бэр ирэхийн өмнөх өглөө эрт хүүгийн эцгийн гэрийн ард, бэрийн талаас ирсэн шинэ гэрийг барина. Тэгэхэд хүүгийн талаас хоёр цаваг, үүд дотуур бүслүүр, чагтага, багана, тулгын дөрвөн чулууг бэлтгэснээ өгдөг. Тийнхүү шинэ айлын гэрийн доторхи тавилга, гадна байх тайлүү (усны ган) тэрэг, чингэлэг тэрэг, бас бус тэрэг араг савар, хүрз жоотуу царил хүртэл цөм бэлэн болсон байдаг.

Хүүгийн талаас шинэ барьсан гэртээ хэт цахиж гал асаан цай чанаж, идээ зэхээд, гал дээр сүү хөөрүүлж байх үед хүү дагуулсан хүмүүстэйгээ хамт гэргийгээсээ түрүүлж ирдэг ёстой байжээ. Хүү, шинэ гэр дээрээ нум сумаа тавьж ороод зэхээстэй идээ цайг амсаж, хадмынхаасаа түрийлж ирсэн шагайгаа гарган орныхоо дэрэн дор хийнэ. Тэгээд малгайгаа дэрэн дээрээ тавиад аавындаа ордог.

Төрхөмөөс ирж буй бэрийг нэгэн сайн морьтой хүн тосохдоо цай, идээ, хонины болгосон толгой авч мордоно. Тосуулын хүн бэрийнхний өөдөөс идээ будаагаа цацчихаад хүүгийнх рүү зугтаж ирдэг. Энэ нь ариутгалын заншил ажээ.

Бэрийг хадмындаа хүрэлцэн ирэхэд шинэ гэрийн үүдэнд ам цагаан эсгий дэвсэж дээр нь будаагаар хас хээ дүрсэлсэн байдаг. Бэрийг тэр цагаан эсгий дээр эмээлтэй нь буулгаж гэрт оруулахын өмнө сүү амсуулдаг. Бэрийг толгой нь бүтээлэгтэй хэвээр шинэ

гэрт оруулж, зүүн талд нь буруу харуулж суулгана. Тэгээд бэлдсэн рашаанаар ураглаж буй залуу хосын гарыг угаалгаж, идээ цай амсуулна. Бэрийг хоёр бэргэн хадмын гал голомт, бурхан шүтээн, хадам эцэг, эх бусад ахмад настанд мөргүүлэхээр очиход, хуримын ахлагч нь гэрийн үүдийг ацтай баганаар дараад:

Ахлагч ах дүү нараас

Та бүгдийн амрыг эрж

Агаар тэнгэрээс салхигүй

Агт морь эцэж зүдэрсэнгүй

Амь биес чинь сульдсангүй

Ах дүү нартаа

Асар хурмастаас хургүй

Амархан морилж ирэв үү?

гэх зэргээр асуухад бэрийн тал:

Хурмаст тэнгэрээс хур орсонгүй

Хурдан морьд зүдэрсэнгүй

Хувьтай явдал саатсангүй

Худ ургийн газраа

Хурдан бараалхаж ирэв ээ

гэхчлэн цэцэн билэгт үгсээр хариулахад,

Хүргэний тал:

Ураг худ гэтэл

Уршиг таримаар улс байна.

Анчин гөрөөчин гэтэл

Нум саадаг чинь хаа байна.

Аргалчин түлээчин гэтэл

Араг савар чинь хаа байна? гэхэд

Бэрийн тал:

Могой цаг нь өнгөрлөө

Морин цаг нь боллоо

Улсын өмнө бөглөө болсон

Ургийн өмнө чигжээ болсон

Урагшгүй харчуул зайлцгаа.

гээд өврөөсөө 50 лангийн ембүү гаргаж:

Тавин лангийн ембүүг

Таж торгон хадагтай

Танд өгье гэсэн

Та даахгүй гэр хазна

гээд, түүнийгээ гэр дээр нь тавиад ордог. Бэрийг хадмын гал, бурхан, хадам эцэг эх, болон настнуудад мөргөсний дараа шинэ гэрт нь оруулж, эхнэр хувцас толгойн боолт, хавчаар, зүүсгэл зэргийг өмсүүлж зүүлгэсний дараа бэрийн толгойн бүтээлгийг нь авч буруу харуулж суулгана.

Ийнхүү бэр мөргөх ёслол болж байхад охины талынхан майхнуудаа босгож, их хуримын дараачийн үе эхлэхэд бэлэн болно. Уригдаж ирсэн ерөөлч найр эхлэхийн өмнө хуримын гийчид, гэрлэж байгаа хос, аав ээжид нь хүртэл аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөл хэлээд, хундагатай сархадаасаа тэнгэр, хангай дэлхийдээ цавдаад тогтооход, зочид ч архиа ууж цэнгэлдэж эхэлдэг.

Хуримын дараа охиныг хүргэж ирсэн хүмүүс хүргэнийд орж идээ амсаад бошго дэлбэлэх үг хэмээх ерөөл хэлж урагласан залуусын амьдралд ашдын сайхныг хүсэн, шинэ гэрийг нь яруу сайхнаар магтан ерөөдөг. Төрхөмийнхөн буцахдаа бэрийг гэрт нь буруу харуулан суулгаад, хормой дээр нь сүх чулуу тавьж бөхөлдөг заншилтай байсан нь монголын бусад ястнуудтай нийтлэг ёс аж.

Ийнхүү хурим өндөрлөснөөс гурав хоногийн дараа бэрийн ээж бүтэн хонины мах чанаж шүүс, идээ цагаа сархад авчран ураг холбосны бэлэг болгон барьж, хэд хоног хүргэнийдээ байж охиндоо сургааль хайрлаад буцна.

Хуримаас хойш сарын дараа бэр төрхөмчилнө. Хүргэн хоёр гурав хоноод буцахад бэр төрхөмдөө нэг сар үлдэж айлчлаад буцахдаа инжээ авч харьдаг байна.

Эх сурвалж: “Хурим найрын дэг ёсны судар” ном

TAGGED:
Түгээх