Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Хурим найрын дэг ёсны судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Хурим найрын дэг ёсны судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.
Цаатнууд овог дотроосоо ураг холбохыг хатуу хориглодог.
Цаатнууд овог дотроосоо ураг холбохыг хатуу хориглодог. Рашид Ад Дины “Шашдирын чуулган”-д цаатан урианхай хүмүүс уулын үхэр (цаа буга) адгуулан ой тайгын тагтад аж төрөх ба, охин хүүхдээ уулын бэл дэх малчин айлд бэр болгож өгнө гэж айлгах буюу хошигнодог байсан тухай тэмдэглэсэн байдаг.
Цаатнууд бэр гуйхдаа хүүгийн эцэг юм уу, түүний ойр төрлийн хүмүүс охины эцгийнд очиж, эцэгт хадаг, онгонд нь сүү, цагаан идээ, будааны дээж, гал голомтонд арц тос өргөж:
Үрийн жаргал
Хан төрийн найрамдал
Өрх өсөж, сум сунах болтугай!
гэж хэлээд үүнийг тогтоож авна уу хэмээн барихад өрхийн тэргүүн ёсыг дагаж үг хэлдэггүй. Тэгэхлээр нь эхэд нь барихад:
Адуу унгалдаж танилцана
Хүн зугаалж танилцана
Манай хоёр хошууны улс
Ингэж танилцлаа
гэж хариулаад уул бэлгийг онгондоо өргөж, ирсэн зочдыг цай идээ, нарийн хоолоор (гурилтай хоол) дайлж, жилийн дараа охиноо өгөхөөр тохиролцоно. Энэ хугацаанд хүүгийн тал сүй бэлэг зэхдэг. Хүүхний тал охиныхоо өмсөх хувцас хэрэглэл, урцыг төхөөрнө.
Хуримын ёс
Жил өнгөрмөгц болзсон өдөр хүү эцгийнхээ хамт ирж, хадмуудтайгаа хамт урцаа бүрж дуусгана. Энэ нь баруун монгол ястнуудын гэр бүрэлгэний ёстой адил байгаа биз?
Урцны үүдийг хуш модоор чимж, хадаг самбай уяна.
Тэгээд өндөр өсгөлүүн биетэй, цог золбоотой, ахмад хүнээр гал асаалгадаг. Харин галаа заавал хэт цахиураар асаах ёстой. Гал голомтоо ийнхүү бадраасны дараа нь хүү заринд мордон, ангийн буугаа үүрч анч нохойгоо дагуулан, ах дүүсийн хамт хадмындаа очно. Хүргэнийг очиход охины эцэг барьсан урцныхаа үүдэнд шилмүүстэй гурван хуш. (гол мод) баглан босгож тус бүрээс хадаг уясан байна. Цаатны хуримд эхийн эрхт ёсны үлдэгдэл бололтой, урцыг охины тал гаргадаг аж. Цаатнууд хэрэв чинээлэг бол охиндоо урцыг бүрээстэй нь төхөөрнө, бэл нимгэн бол урцны бүрээсийг хүүгийн эцэг нэмэрлэдэг. Үзүүрийг нь зулах буюу огт гар хүрэлгүй бөх сураар боож бэлдсэн байдаг. Бэр болох бүсгүйг бэргэд сугадан урцнаас гаргахын өмнө эх нь охиныхоо үсийг хоёр салаа гөрж үзүүрт нь хадаг уяж өгсөн байдаг. Ийнхүү бэр болоход бэлэн болсон бүсгүйд асаме гэх хүргэн өөрөө цаанд мордуулан шинэ урцыг нар зөв гурав тойруулсны дараа эх болон бэргэд шинэ урцанд нь хөтлөн оруулж нөхрийнх нь доор суулгана. Ингээд идээ зоог өрж хурим эхэлдэг. Үдэш найр тарж, бэргэд хос залуусын орыг зассаны дараа бүсгүйн эхийн талын эмгэн ирж эхлээд хүргэнийг дараа нь бүсгүйг хэвтүүлж өгөөд өөрөө орных нь өмнүүр унтана. Маргааш өглөө нь эмгэн хоёр хүүхэд нэг урцанд дэр нийлүүлэн эв найртай өрх айл болох юм байна хэмээн айлдахад хүргэний тал:
1. Буу (бэрийн нурууны ясыг төлөөлүүлж)
2. Тогоо (Толгойн ясыг төлөөлүүлж)
3. Хэт, бэл (Сүүжний яс ташааг төлөөлүүлж), (Охины сүнс урцандаа мөнхөд оршиж гал голомтоо манаж байх гэсэн утгатай)
4. Саалийн цаа (Эхийн хөхний сүүг хаана гэх буюу бүсгүйн хөхний сүүг төлөөлүүлж буй аж) гэх мэт 4 зүйлийг бүсгүйн эцэгт сүй бэлэг болгон барьдаг ажээ.
Сүй өгснөөр охиныг эцэг эхээс нь бүрмөсөн арилжиж авсанд тооцогддог. Хүргэний талын бэл хөрөнгөнөөс шалтгаалан сүйнд цаа, мал, торго бөс, цай зэрэг 100 цааны хөлтэй тэнцэх хөрөнгө өгдөг ёстой байжээ.
Хүргэн хадмынхаа гадаа шинэ урцандаа 3 хоноод өөрийнхөө нутаг ус өөд нүүдэг ёстой. Бэрийг ургийн газарт ирэхэд шинэ урц барьж угтана. 3 хоногийн дараа шинэ бэр хадам эцэгтээ мөргөх ба энэ ёсыг бэр мөргүүлэх гэнэ. Бэр мөргөөд хадам эцэгтээ хадаг, онгонд хадаг юм уу, ам цагаан эд, галд нь тос өргөж урцны зүүн талд хадам эхийнхээ доор сууна. Бэр мөргөсний дараа бэрийг цай зоогоор дайлна.
Бэр ургийн газар ирснээс хойш 3 жилийн дараа эхнэр нөхөр хоёр төрхөмчилнө. Охин хүргэн хоёроо төрхөмчлөөд буцахад эцэг нь охиндоо инж тасалж өгөх ба, 50-60 цаатай дундаж цаатан айл арваас доошгүйг нь бэлэглэнэ. Охин төрхөмчлөн инжээ авснаар цаатан хуримын зан үйл төгсдөг.
Эх сурвалж: “Хурим найрын дэг ёсны судар” ном