Өвлийн Улаанбаатарт нэгэн шинэ өглөө эхэллээ. Гэхдээ шинэ өглөө гэхээсээ илүү “утаатай өглөө” гэвэл илүү зохих юм байна. Учир нь алсад байх уул толгод, байшин барилга битгий хэл арваадхан алхмын цаадах газар үл харагддаг юм манай утаатай хотод. Би хэтрүүлээгүй шүү. Бодит байдал нь л энэ.
Мэдээж утаа гарч ирэхтэй зэрэгцэн эмнэлэг ачааллаа дийлэхээ больж, иргэд эмнэлгийн шалаар зулж, эмийн сангийн оочир дийлдэхээ больдог. Эдгээр асуудлыг бид нийгмийн сүлжээнд бичиж, шийдвэр гаргагчид зуух тараадгаараа тарааж, маш их хэмжээний мөнгө зарцуулдаг ч нөхцөл байдал дээрдэлгүй дараагийн өвөлтэй золгодог нь худлаа биш.
Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ утаа иргэдийн санхүүд ямар нөлөө үзүүлдэг талаар хөндөх болно. Учир нь утаа зөвхөн харагдаж, үнэртдэг хорт бодисоос гадна өрх бүрийн эдийн засагт далд дарамт учруулдаг хүчин зүйлийн нэг юм.
“International Journal of Environmental Research and Public Health” сэтгүүлд 2019 онд нийтлэгдсэн судалгаагаар, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний эмчилгээний зардал өрхийн нийт орлогын 8–10 хувийг эзэлдэг байна.
Энэ нь дундаж орлоготой айлын хувьд өвлийн улиралд зөвхөн эм, эмчилгээний зардалд сарын хүнсний мөнгөтэй дүйцэх хэмжээний мөнгө гаргаж байна гэсэн үг. Мэдээж зөвхөн эм, эмчилгээний зардлаар үл тогтоно.
ХӨСҮТ-ийн 2024 оны мэдээллээр амьсгалын замын өвчлөл өвлийн улиралд 3 дахин өсөж, 0–5 насны хүүхдийн дунд хамгийн өндөр түвшинд хүрдэг байна. Ингээд өвдсөн хүүхдээ асрахын тулд эцэг эх ажлаасаа чөлөө авч, цалингаасаа хасуулах хэрэг гарна. Гэвч агаарын бохирдолтой хотод амьдардаг хүүхдийн ханиад хурдан эдгэх, эдгэхээрээ дахихгүй байх боломжгүй. Яахав, ханиад хүрсэн хүүхдээ асраад, эдгээгээд ажилдаа орсон ч өөр нэг вирус аваад, дахиад л өвдөнө. Үнэхээр ажлаа сонгох уу, хүүхдээ сонгох уу дээрээ тулдаг нь дэндүү гачлантай. Харин нөгөө талд ажил олгогч талд ч хүндрэл үүсэх нь гарцаагүй шүү дээ. Яг л чөтгөрийн тойрог.
Ямар ч утга уянгагүйгээр өрхийн санхүүг тухайлан авч үзье л дээ. Жишээ нь, амьсгалын замын хүнд халдвартай хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэхэд дунджаар 250–400 мянган төгрөгийн шууд зардал гардаг бөгөөд эмийн нэмэлт зардал, хяналтын үзлэгүүдтэй нийлбэл нэг хүүхдийн өвлийн улирлын дундаж эмчилгээний зардал 600–800 мянган төгрөгт хүрдэг гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тооцоонд дурдсан байдаг. Харин нэг гэр бүлд хоёр хүүхэд өвдвөл энэ дүн шууд нэг сая төгрөгөөс давна. Үүн дээр түлш, цахилгаан, хоол хүнсний үнийн өсөлт нэмэгдэхэд дундаж өрхийн санхүүгийн тэнцвэр бүрэн алдагддаг.
Улаанбаатар хотод амьдардаг таван хүүхэд тутмын нэг нь жил бүр амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хэвтдэг.
Ингэхээр бид утааны улмаас эрүүл мэндээ алдаад зогсохгүй, ажлын бүтээмжээ, орлогоо, эдийн засгийн өсөлтөө шууд болон шууд бусаар алдсаар байна. Аливаа улсын хамгийн чухал хэсэг болох хөдөлмөрийн чадвартай насныхны дунд өвчлөл нэмэгдэх нь дан ганц тухайн ажилтанд нөлөө үзүүлээд зогсохгүй бүтээмжийн бууралтаар дамжин улсын эдийн засгийн идэвхийг ч сааруулдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
Дээрх жишээ, судалгаа бол “УТАА”-ны хор хөнөөлийн зөвхөн эдийн засаг дахь сөрөг нөлөө буюу эрүүл мэнд, байгаль орчин дахь алдагдлыг дурдаагүй байгаа нь. Харин гэнэт л гараад ирчхээгүй энэ “УТАА”-ны эсрэг Монголын төр юу хийсэн бэ?
Жил дараалан утааг бууруулах нэрийн дор төсөв бүрд “агаарын бохирдлын эсрэг” гэсэн мөр нэмэгддэг. Гэхдээ үр дүнд нь айл өрхийн эмийн зардал буураагүй, эмнэлгийн ачаалал багасаагүй, харин эсрэгээрээ утааны түвшин ДЭМБ-ын зөвлөмжөөс 10–20 дахин өндөр хэвээр байна. Өөрөөр хэлбэл, төрийн утааг бууруулах бодлогын үр дүнгүй байдлын балгийг улс нь төсвөөрөө, иргэд нь эрүүл мэндээрээ төлж байна.
Угтаа утааг бууруулахад зарцуулсан нэг ам.доллар бүр 4.8 ам.долларын эдийн засгийн өгөөж өгдөг гэж дүгнэсэн байдаг. Энэ нь агаарын бохирдолтой тэмцэх нь төсвийн зардал биш, харин эрүүл иргэн, өндөр бүтээмж, тогтвортой өсөлтөд чиглэсэн ухаалаг хөрөнгө оруулалт гэдгийг харуулж байна.