HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ӨВ СОЁЛОО ДЭЛГЭРҮҮЛЬЕ | Урианхай хуримын ёсон

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 06

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Хурим найрын дэг ёсны судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Хурим найрын дэг ёсны судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

“Аман үг” хүргэснээс хойш хүүгийн тал бэр гуйхад бэлтгэж эхэлдэг.

Хорьдугаар зууны эхэн үед Алтайн урианхайчуудын хуримын зан үйлд нь монгол угсаатны нийтлэг ёс заншлаас ялгагдах нэлээд өвөрмөц дэг ёс тогтоод байв. Урианхай заншилд “Аман үг хүргэнэ” гэж сонгож авсан охины гэрт элч илгээн хэнийхээс охиныг нь бэрээ болгож авахаар гуйх гэж байгаа, тэгж очиж болох эсэх зөвшөөрлийн үг айлтгаж хэл хүргүүлдэг. Аман үг хэлэхээр хүүгийн талаас эцэг, эсвэл авга нараас хэн нэгэн хүн очих ба, хүүд авга талын хүн үгүй бол нутгийн сайн таньдаг, нэр хүндтэй, тохитой, томоотой хүнийг дагуулж явдаг.

“Аман үг” хүргэснээс хойш хүүгийн тал бэр гуйхад бэлтгэж эхэлдэг. Бэр гуйхыг урианхайчууд баруун Монголын бусад ястантай ижил “Зус хадаг тавих” гэдэг. Урианхайчууд найраа “Баян цагаан нутаг”, “Хан уулын орой”, “Гурван зүгтээ сантай гурвалжин их Алтай”, “Үлэмж баян нутаг” зэрэг дуугаар эхэлдэг заншилтай. Найрын эхний дууг хүүгийн талын урьж авчирсан дуучин эхэлж, гэрт цугларсан олон түрж дуулдаг. Эхний 2-3 дууг дуулсны дараа хүүгийн эцэг сөн нийлье! гэхэд:

-Сөн нийлье ээ! хэмээн охины эцэг зөвшөөрч хоёр тал архиа нэг саванд нийлүүлж, сүүгээ ч нэг саванд нэгтгэн юүлнэ. Ингэж сөн нийлсний дараа гэрийн зүүн талаар суусан охины талынхнаас эрчүүд нь баруун талд очиж, хүүгийн талын эрчүүдтэй нийлж, насныхаа эрэмбийг барьж сууна. Тэгэхэд баруун талд суусан хүүгийн талын эмэгтэйчүүд ч босож гэрийн зүүн талд сууж байсан эмэгтэйчүүдтэй нийлж насныхаа эрэмбээр суудаг. Хүү охины эхчүүд ч бас ойрхон сууна. Хурим найрын үед ингэж эрэгтэйчүүд нь гэрийн баруун талаар насныхаа эрэмбээр суудаг ёс боржигин халхад байсныг угсаатны зүйн доктор С.Бадамхатан тэмдэглэсэн байдаг. Хүргэний тал “Зус хадаг” тавихаар ирэхдээ хонио амьдаар нь авчирдаггүй, заавал төхөөрч махыг нь чанаж авчирдаг.

Чанаж авчирсан шүүсийг сэвгэрийн тал хүлээн авч тэвшинд өрөхдөө хүзүү дөрвөн шийрний гурвыг нь аваад нэгийг нь саванд үлдээдэг байжээ. Хэрвээ шийрийг бүгдийг нь авбал бэр нь төрхөм өөдөө гүймтгий болдог гэж үздэг. “Зус хадаг тавих” найр удаан үргэлжлэх боловч тэр өдөртөө багтаад харьдаг. Найрын дунд үед хоёр талын эцэг эхчүүд нь хуримаа хийх өдөр сарыг товлон тохирдог. “Зус хадаг” тавьсны дараа гэрлэх залуугийн эрэгтэй дүү нь “хуйх өгөх” гэдэг ёс үйлддэг. Тэрээр охины эцгийн гэрт ирж, эцэг, эхийнх нь өмнө дотоод хормойгоо дэвсэж сөхрөн суугаад, баруун гараараа малгайгаа дарж, урагш бөхийж гурван удаа мөргөдөг. Энэ нь “Үсний хуйх шиг бат бөх байцгаая, танай охиныг үнэн сэтгэлээрээ эргэлт буцалтгүй авч байна” гэсэн санааг илэрхийлсэн хэрэг аж.

“Зус хадаг” тавьснаас хойш нэг удаа хүүгийн талаас охиныд “худ хүргэн” очдог ёс байжээ. “Худ хүргэн” болж ирж байгаа хүмүүс нь хүүгийн ах эгч, төрөл садангийн их ойрын төрөл хүмүүс байх ба эмэгтэй нь үйлэнд уран, эрчүүд нь дуулж, ерөөл хэлж чаддаг хүмүүс байх ёстой. Тэд эрэгтэй, эмэгтэй хүний дээл хийх торго, дурдан даавуу, мөн хазаартай морь, нэг үнэгний арьс заавал авчирдаг ёстой аж.

Бэр хадмынхаа хотонд ирээд мориноосоо буулгүй нар зөв гурав тойроод шинэ гэрийнхээ өмнө зогсоход, хадмын тал нь цагаан ширдэг дэвсэж байгаад, хадам ээж нь өөрөө бэрээ угтан авна. Бэргэд мориноосоо бууж, охиныг сугадан цагаан ширдэг дээр буулгана. Хүүгийн эх шинэ бэрдээ сүү барихад охин сүүг хоёр гардан авч амсаад аягаа эргүүлж өгнө. Хүүгийн эх бэртэй хамт ирсэн бүх хүнд сүү амсуулна. Энэ үед хуримлагч хос залуус хамтдаа ширдэг дээр зэрэгцэн зогсоно. Тэр ширдэг дээр тариа цувуулан асгаж “Өлзий” зурсан байдаг. Бүх хүн сүү амсаж дуусахад хүү, бэр хоёр шинэ гэрийнхээ үүд рүү хараад ширдэг дээрээ зэрэгцэн сөхөрч сууна. Баруун талд хүү, зүүн талд нь бэр сууна. Тэр хоёрт мөлжсөн шагайт чөмгийг бүдүүн талаар нь хүүд, нарийн талаар нь бэрд атгуулна. Тэр хоёрын ард бэргэд зогсоод:

Шар наранд мөргөнө үү?

Шагайт чөмгөнд мөргөнө үү?

Дөрдөн аав ээжийн заяа сахиусанд мөргөнө үү? гэж чангаар хэлээд хоёр гараараа залуусын толгойг урагш зөөлөн дарахад тэд урагш бөхийн дөрвөнтөө мөргөдөг. Залуус мөргөж дуусмагц бие биенийхээ гараас өрсөж шагайт чөмгийг мулталж авах ёстой. Хэрвээ бэр өрсөөд авчихвал авхаалж самбаатай сайн бэрд тооцогдоно. Хос хоёрын хэн нэг нь шагайт чөмгийг мултлан авмагц уралдаж босоод гэрт орно. Хүү түрүүлэх ёстой боловч, хэрэв бэр түрүүлж босоод гэрт орвол хүүг авхаалжгүй, муухан эр гэдгээ харууллаа гэж үздэг. Шагайт чөмөг атгах ёслолын дараа ийнхүү инээдэм наадам наргиан болдог байжээ. Бэр шинэ гэртээ ороод эхэлж галдаа мөргөдөг. Бүсгүй тулганыхаа зүүн талд гарч гал голомт өөдөө харан сөхөрч суухад бэргэд шар тос, арц хоёрыг гарт нь бариулна. Бэр эхлээд шар тосоо галд хийж галаа бадраагаад арцаа хийдэг. Арц шатаж гэрт анхилуун үнэр түгэхэд бэр урагш бөхийж галдаа гурван удаа мөргөдөг. Ийнхүү бэрийг галд мөргөж байхад гэрийн зүүн хойморт суусан хүүгийн эцэг:

Мөргөсөн толгой чинь мөнхрөх болтугай

Мөнхийн цэцэг шиг дэлгэрэх болтугай

Үүл нэвт Алтайн таван тэнгэр өршөөж явах болтугай

Үүд нэвт дөрвөн ээж, аавын тань заяа сахиус харж явах болтугай гэж ерөөдөг.

Эцгийн гэртээ “Гэзэг буулгах” ёсоо хийсэн бэр мөргөж дуусаад шууд цай чанана. Цайгаа буцлахад хүүгийн эх босож шанаганыхаа ишинд хадаг уяад хоёр гараараа бэрдээ гардуулж өгнө. Бэр чанасан цайныхаа дээжийг эхлээд хадам аавдаа, дараа нь хадам эх болон гэрт байгаа бүх хүмүүст аягалан барина. Цай аягалж дуусахад хүү архи сөгнөж аав, ээждээ бариад, гэрт ирсэн гийчинд өргөнө.

Хуримласан залуус өглөө босоод шинэ гэрийнхээ анхны галыг хамтдаа асаадаг сайхан уламжлал ураинхайн ёсонд байдаг. Ингэхдээ хүүгийн эцгийн хэтийг цахиж галаа асаадаг.

Алтайн урианхайчууд:

Хэтийн гал шиг бадарч

Хэцийн ус шиг оргилж яваарай гэж ерөөдөг нь шинэ гэрийн гал хэтийн гал шиг унтралгүй он удаан асаж, залуус өөрсдөө хэцийн ус шиг ариун тунгалаг, тасралтгүй ундарч, баяр жаргалтай баян тансаг байхыг ерөөсөн үг билээ. Найр хичнээн хөл хөдөлгөөнтэй, элбэг хангалуун болсон ч тэр өдөртөө багтаад тардаг уламжлалтай.

Найр тарж бэрийн эцэг, эх гэдэргээ буцахад охин нь ээж ааваа үдэхээр гарч болдоггүй ёс бий. Эцэг эхийгээ буцахад бэр гэртээ суудалдаа суусаар үлддэг. Харин эх нь охиныхоо хойд хормой дээр нутгаасаа авч ирсэн хар, цагаан өнгийн хоёр чулуу тавиад гардаг байжээ. Энэ нь охиндоо “Шинэ гэртээ суудал баттай, жаргалтай амьдрах болтугай!” гэсэн санаагаа илэрхийлж буй ёс байв. Шинэ бэрийн хормой дээр чулуу тавьж бөхөлдөг ёс нь монгол туургатны эртний заншил байсан аж.

Ийнхүү бэр хадмынд ирж, хөшиг тайлснаас хойш барагцаалбал жилийн дараа залуу хос эцгийн голомтонд мөргөнө гэж эхнэрийнхээ төрхөмд айлчлан очдог. Алтайн урианхайчуудын хурим нь ингэж олон үе шаттай дуу наргиан наадам цэнгэл ихтэй болж ураглаж буй залуусын амьдралд мартагдашгүй баярт үйл явдал болон үлддэг байсан ажээ. Урианхай хуримын ёсонд байх “Өвчүү цохих”, “Толгой хаях”, “Таваг цохих”, “Сээр нугалах” зэрэг олон цэнгээнт тоглоом нь өнөө үед ч уламжлан авч болохоор зугаатай цэнгээнтэй ёс байжээ.

Эх сурвалж: “Хурим найрын дэг ёсны судар” ном

Малчдад зориулсан хандивын барилдааны цахим бүртгэл эхэллээ
ХӨНДӨХ СЭДЭВ: Жил бүрийн төсөвт “агаарын бохирдлын эсрэг” гэсэн мөр нэмэгддэг ч…
Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 570 иргэн бүртгүүлээд байна
Цаг агаар | Энэ долоо хоногийн эцсээр хүйтний эрч чангарна
Сувилахуйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах төлөвлөгөөг боловсруулна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?