Гэрийн уур амьсгал гэдэг хамгийн чухал зүйлийн нэг байдаг бөгөөд бидний эерэг энерги, эрч хүчээр цэнэглэдэг байх ёстой. Тэгвэл үргэлж эерэг өөдрөг, эрч хүчээр дүүрэн байдаг хүмүүсийн хувьд гэртээ цэвэрлэгээ хийж, гэрийнхээ энергийг сэргээдэг байна. Ингээд гэрийн сөрөг энергийг арилгаж, танд тав тухтай таатай байдлыг мэдрэхэд туслах хялбар 15 зөвлөмжийг хүргэе.
- Энергийг цэвэрлэх
- Гадна шатыг шүүрдэх
- Гэртээ “утаа” тавих
- Хэрэггүй зүйлсээ хая
- Хималайн давс
- Гэрийн үүдэнд давстай ус цацах
- Сөрөг энерги танай гэрээс гарч байгаа мэт төсөөл
- Тасалгааны ургамал
- Талстууд
- Эфирийн тос
- Дуулах, залбирах, тарни унших
- Толь
- “Сөрөг” зүйлийг устгах
- Тавилгынхаа байрыг өөрчлөх
- Долоо хоног бүр гэрийнхээ энергийн урсгалыг цэвэрлэх
Энергийг цэвэрлэх
Эхний ээлжид өөрөөсөө эхлэх хэрэгтэй бөгөөд давстай усанд орох, усны ойролцоо зугаалах, эсвэл бясалгал хийх гэх мэт аргаас сонгож болно. Энэ бүхэн нь энергийн урсгалыг цэвэрлэж, хөнгөн таатай мэдрэмжийг төрүүлнэ.
Гадна шатыг шүүрдэх
Гэрийнхээ үүдний шатыг үргэлж цэвэр байлгах нь эерэг энергийн эх үүсвэрийг тавина. Өглөө босоод үүдээ шүүрдэх нь тоос төдийгүй, сөрөг энергийг ч шүүрддэг юм. Дорнын орнуудад үүд цэвэрхэн байх нь гэрт амжилтыг дагуулдаг гэж үздэг байна.
Гэртээ “утаа” тавих
Эерэг энергитэй хүмүүс гэртээ лаа асаах болон бусад төрлийн ургамлыг асааж, утаа тавьдаг. Гал, утаа зэрэг нь орчны бохирдлыг арилгаж, сөрөг энергийг устгаж, гэрт тайван уур амьсгалыг бүрдүүлнэ.
Хэрэггүй зүйлсээ хая
Айл бүрд л дараа нь хэрэглэнэ гэсэн зүйлс багагүй байдаг болов уу. Тэгвэл хэрвээ та эдгээр зүйлсийг ойрын хугацаанд хэрэглэхээр төлөвлөөгүй л бол хаях нь зүйтэй. Гэрийн булан тохойд байх тэр нэгэн хайрцаг сөрөг энергийн эх үүсвэр болно гэдгийг санаарай. Ийнхүү булан тохойгоо цэвэрлэж, цонх нээсний дараа таны гэрийн энерги шинэчлэгдэж, таатай мэдрэмжийг төрүүлнэ.
Хималайн давс
Хималайн давс агуулсан гэрэл, лааны суурь зэрэг нь агаар болон энергийг цэвэршүүлдэг.
Гэрийн үүдэнд давстай ус цацах
Усанд давс уусгаад гэрийнхээ үүд хэсэгт цацаарай. Олон зууны туршид давс нь сөрөг зүйлээс хамгаалах хамгаалалт болж, үр дүнгээ ч сайн өгдөг байсан шүү дээ.
Сөрөг энерги танай гэрээс гарч байгаа мэт төсөөл
Өөртөө тухтай, эвтэйхэн байдлаар сууж, намуун хөгжим тавиад гэрээс сөрөг бүх зүйл гарч байгаа мэтээр төсөөл. Энэ бол ид шид биш бөгөөд харин бодлын хүч юм.
Тасалгааны ургамал
Тасалгааны ургамал нь нүд баясгаад зогсохгүй, агаар болон энергийг цэвэршүүлдэг. Гэрийн тань жижигхэн булан л цэцэгтэй байхад уур амьсгал гайхалтай байх болно.
Талстууд
Сүүн чулуу болон нягт ягаан кварц нь энергийг цэвэрлэхэд гайхалтай тусалдаг чулуунууд юм. Эдгээр чулууг гэрийнхээ бүх буланд тавьснаар та ялгааг удахгүй мэдрэх болно.
Эфирийн тос
Эфирийн тосыг гэртээ ууршуулах нь сэтгэл санааг сэргээгээд зогсохгүй, сөрөг энергийг устгахад тусална.
Дуулах, залбирах, тарни унших
Эерэг энергитэй хүмүүс дуу дуулж, залбирч, тарни уншиж өөрийнхөө дотоод сэтгэлийг төдийгүй байгаа орчноо сөрөг зүйлээс цэвэрлэж чаддаг.
Толь
Толь нь гэрийн засал чимэглэлийн нэг хэсэг төдийгүй энергийн эх үүсвэр байдаг. Тиймээс толины эсрэг талд эерэг зүйлийг тавих хэрэгтэй.
“Сөрөг” зүйлийг устгах
Таагүй дурсамж агуулсан зүйлсийг аль болохоор устгаж байгаарай. Үүнд: эксийн бэлэг, хагарч эмтэрсэн аяга, гунигтай зураг гэх мэт багтана. Энэ бүх зүйлийг устгаснаар та гэр тань хэчнээн тухтай болсныг мэдэрнэ.
Тавилгынхаа байрыг өөрчлөх
Тавилгынхаа байрыг өөрчилснөөр энергийн урсгалыг сэргээх боломжтой. Хамгийн гол нь тавилгуудын хооронд хангалттай хэмжээний зай байх хэрэгтэй гэдгийг санаарай.
Долоо хоног бүр гэрийнхээ энергийн урсгалыг цэвэрлэх
Долоо хоног бүр гэрээ цэвэрлэж, энергийн урсгалыг нээгээрэй. Энэ нь заавал их цэвэрлэгээ биш бөгөөд эмх цэгцтэй байдлыг хангахад л болно. Цэвэрхэн гэрт суух хэчнээн таатай байдаг гэдгийг та мэдэж байгаа шүү дээ.
