Сүүлийн жилүүдэд олон хүүхэд, өсвөр үеийнхэн сошиалд бичлэг хийж, олон дагагчтай болохыг мөрөөддөг болсон гэхэд хилсдэхгүй. Том болоод юүтүбэр болно гэж хариулдаг хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Магадгүй энэ бол шинэ үеийнхний бүтээлч байдлын хэлбэр мөн өөрийгөө илэрхийлэх боломж биз. Гэхдээ яагаад ингэтлээ лайк, дагагч цуглуулахыг хүсээд байна вэ?
Үүний шалтгаан олон талтай. Өмнө нь хүмүүсийн нийгмийн байр суурь хөрөнгө, боловсрол, албан тушаалаар хэмжигддэг байсан бол сошиал медиа гарснаар энэ ойлголт өөрчлөгдөж, лайк болон дагагчийн тоо шинэ төрлийн “нийтийн капитал” болж хувирсан. Өнөөдөр хүмүүсийн хувьд бусдын өмнө өөрийгөө үнэлүүлэх нэг гол хэмжүүр нь сошиал дахь үзүүлэлт болжээ.
Өсвөр насны хүүхдүүд бусдаас ялгарч, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг нь тэдний онцлог. Сэтгэл судлалд үүнийг “social comparison theory” гэж нэрлэдэг бөгөөд үеийнхэн нь олон дагагчтай, алдартай байхад өөрөө ч тэр түвшинд хүрэхийг хүсэх нь энгийн үзэгдэл. Нөгөө талаар олон лайк авах нь тархинд шууд нөлөөлж “допамин” ялгаруулснаар богино хугацааны таашаал өгдөг. Энэ мэдрэмж нь хүнийг дахин дахин үйлдэл хийхэд хүргэдэг.
Гэхдээ үүнийг уншиж буй дүү нартаа гэж хэлэхэд бүгд инфлүүнсэр болох албагүй бас чадахгүй. Өөрөөр хэлбэл түр зуурын лайк, дагагчийн тоо ирээдүйд тогтвортой амьдрал, бат бөх байр суурь өгөхгүй. Харин боловсрол, мэдлэг, мэргэжил бол хэзээ ч үнэ цэнээ алддаггүй үнэт хөрөнгө юм.
World Bank-наас хийсэн судалгаагаар боловсролд хийсэн хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөжтэйд тооцогддог. Жишээлбэл, нэг жил илүү сурсан хүн хөдөлмөрийн зах зээл дээрх орлогоо дунджаар 9 хувиар нэмэгдүүлдэг байна.
Мэдээж инфлүүнсэр болох хэрэггүй гэсэн үг биш л дээ. Инфлүүнсэрүүд олон нийтийн анхаарлыг татаж, хүрээлэл бий болгож чаддаг хүмүүс. Тэд бүтээгчид болон хэрэглэгчдийн гүүр нь болдог. Зөвхөн мэдээлэл түгээхээс гадна шинэ чиг хандлагыг бий болгож, хүмүүсийн сонголт, зан төлөвт нөлөөлдөг. Энэ чиглэлд ч бас нийгмийн тодорхой хэрэгцээ бий.
Гэхдээ бүгд юүтүбэр, инфлүүнсэр болчихвол хэн барилга байшин барьж, гүүр зам тавих вэ? Бидний нийгмийн суурь тогтолцоо олон төрлийн мэргэжил, мэдлэг, хөдөлмөрийн нийлбэрээр оршин тогтнодог. Бид инженерийн бүтээсэн гүүрээр алхаж, чадварлаг эмч нарын буянд эрүүл байж, хуульчийн боловсруулсан хуулиар хамгаалуулж, малчны хөдөлмөрөөр хүнсээ бэлтгэж, тариаланчийн үр шимээр талх, будаагаа иддэг шүү дээ. Энэ дундаас харин өөрийнхөө дуртай, хийж чадах зүйлээ олох л чухал.
Магадгүй та хэзээ нэгэн цагт дүн чухал биш гэж хэн нэгний ярихыг сонссон байх. Нээрээ ч учиргүй дүнгээр ажилд ороод, дүнгээр цалингаа тооцуулаад байдаггүй. Дэлгүүрээс талх авахад математикийн томьёо ч шаарддаггүй. Гэхдээ хичээл хийх, суралцах процесс өөрөө үнэ цэнтэй.
Тэгэхээр математикийн бодлого бодож, томьёо цээжлэх нь талх худалдаж авахад хэрэг болохгүй байж болох ч таны логик сэтгэлгээг хөгжүүлж, асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чадварт сургадаг. Уран зохиол, монгол хэлний хичээлийн өгүүллэгийн гол санааг тайлбарлана гэдэг ирээдүйд бусдын үгийг сонсож ойлгох, өөрийгөө тодорхой илэрхийлэх гээд олон чадварт нөлөөлдөг.
Өөрөөр хэлбэл бид хичээл бүрээс олж авсан мэдлэгийг өдөр тутамдаа шууд хэрэглэхгүй ч тэндээс сурсан сэтгэх арга барил, асуудлыг шийдэх ур чадвар, шүүмжлэлтэй хандах сэтгэлгээ зэргийг насан туршдаа ашигладаг гэсэн үг.
Иймээс дүү нартаа хэлэхэд мөрөөдлөө бүү орхи, бичлэгээ хий, өөрийгөө илэрхийл, туршиж үз. Гэхдээ зөвхөн лайк, дагагчийн төлөө бүхнээ зориулах хэрэггүй. Өөрийн дуртай зүйлээ олж, тэр чиглэлээрээ мэргэшиж, мэдлэгээ хуримтлуул. Боловсрол, мэдлэг гэдэг бол бат бөх байшингийн суурь, хундаам л гэсэн үг. Байшингийн суурь хэдий чинээ бат бөх байна төдий чинээ тав тух, аюулгүйн баталгаа хангагддаг шиг боловсрол, мэдлэгийг олж авснаар ирээдүйн ажил, амьдрал нь тогтвортой, бат бөх байна. Мөн зөвхөн тархин дахь боловсролоосоо гадна зүрх сэтгэлийн боловсрол чухал гэдгийг санаарай. Бусдыг хайрлах, хүндэтгэх, зөв хандлагатай байх нь аливаа мэргэжил, мэдлэгээс дутахааргүй үнэ цэнийг бий болгодог. Ингэж чадвал чи зөвхөн амжилттай хүн бус, сайн хүн болж төлөвшинө гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Psacharopoulos & Patrinos, World Bank (2020)